“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд энэ жил цөөнгүй үйлчилгээ нэвтрүүлнэ. Тодруулбал, нийслэлийн байгууллагуудын үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж эхэлжээ. Энэ талаар нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын мэргэжилтан Э.Баярбямбаас тодрууллаа.
-Энэ онд иргэд цахимаар ямар шинэ үйлчилгээ авах вэ?
-Тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй утсаар холбогдох үйлчилгээ, ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл харах, авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах, жуулчин тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл авах, ачаа тээвэрлэх эрх бүхий EC зөвшөөрөл авах зэрэг таван төрлийн үйлчилгээ нэмж нэвтрүүлэхээр ажиллаж байна.
-Цахимаар татвар төлсний дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрээ тамга дарж баталгаажуулах шаардлагатай юу?
Цахим гэрчилгээний загвар батлах тухай Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/75 дугаар тушаал гарсан. Тэр тушаалаар батлагдсан QR кодтой загвар бүхий авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөр төлсөн цахим гэрчилгээг иргэний и-мэйл хаягаар хүргэж буй.
Тухайн баримтыг хэвлэн авч тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хавсаргаснаар татварын улсын байцаагчийн татвар төлсөн тэмдгийг бүрэн орлох боломжтой.
-Цахим тогтолцоогоор үйлчилгээ үзүүлэхийн давуу тал болон иргэдийн хандалт хэрбайна вэ?
-Нийслэлийн иргэдээс гадна орон нутгийн иргэд https://smartcar.mn/-ыг хэрэглэдэг. Вэб суурьтай системээс гадна IOS, андроид утсанд зориулсан аппликэйшнтэй учраас тээврийн хэрэгслийн мэдээллээ хянах, татвар хуурамж болон тээврийн хэрэгсэлтэй холбоотой бусад үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон.
Иргэдийн цаг завыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулах, цахим хэрэглээг нэмэгдүүлэх ач холбогдолтой. “Smart car” системийн цахим хуудсанд 1 376 605 хэрэглэгч хандсан байдаг бол, ухаалаг гар утасны аппликэйшнтэй хувилбарыг нийт 106 460 тээврийн хэрэгсэл эзэмшигч гар гар утсандаа суулган ашиглаж байна. Мөн 33 397 иргэн 2.8 тэрбум төгрөгийг тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний системээр дамжуулан улсын төсөвт төвлөрүүлсэн.
-Танай системийн аюулгүй байдал ямар түвшинд хангагдсан бэ?
Манай систем Үндэсний дата төвд байршдаг тул олон улсын түвшинд хэвийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдсан. Мөн төрийн мэдээлэл солилцооны ХУР болон ДАН зэрэг системүүдтэй мэдээлэл солилцон ажилладаг.