Сүүлийн жилүүдэд Монголын эмэгтэй сагсан бөмбөгчдийн ур чадвар, амжилт мэдэгдэхүйц сайжирч байгаа. Тэд өнгөрсөн жил Азийн наадамд шилдэг наймд шалгарч, өмнөх амжилтаа давтсан нь үүний илрэл. Ур чадвараараа олны хараанд өртөн, хүндлэл хүлээсэн цөөнгүй тамирчин манай улсад бий.
Тэдний нэг нь Үндэсний шигшээ баг, “Бизнесийн чөтгөрүүд” багийн тоглогч Баттогтохын Өнөрзаяа. Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, 25 настай тэрбээр өнгөрсөн долоо хоногт дууссан “Гоё” дээд лигт “Бизнесийн чөтгөрүүд” багт тоглон, түрүүлсэн юм. Түүнтэй ярилцлаа.
-Юуны өмнө дээд лигийн аварга болсон танд баяр хүргэе. Лигийн дараа Баянхонгор аймагт зохион байгуулсан тэмцээнд оролцсон гэж дуулсан. “Гоё” лиг дуусангуут тийшээ явсан юм уу?
-Тэгсэн. Бид Баянхонгор аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд урилгаар оролцон, түрүүлээд өнөөдөр (өчигдөр) Улаанбаатарт ирлээ. Би тус тэмцээний шилдэг холбогчоор шалгарсан.
-Дараалан тэмцээнд өрсөлджээ, хэр ядрав?
-Гайгүй ээ. Байнгын бэлтгэлтэй болохоор хурдан сэргэчихдэг.
-Та өмнө нь дээд лигээс хоёр удаа мөнгөн медаль хүртсэн. Энэ удаа дутуугаа гүйцээлээ. Түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?
-Энэ жил дээд лигт олон шилдэг баг оролцсон, зохион байгуулалт сайтай, сайхан болсныг онцолъё. Түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Олон тоглолт хийсэн. Тэдгээрээс хүч хамгийн их шавхсан нь “Этүгэн ирвэсүүд”-тэй хийсэн тоглолт байлаа.
-Лигийн бэлгэдлийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан таван тоглогчийн нэг нь Та. Энэ улиралд хэдэн оноо, самбараас хэдэн бөмбөг авав?
-16 оноо, оновчтой дамжуулалт 10, бөмбөг таслалт тавыг дунджиллаа. Лигийн бэлгэдлийн таван тоглогчид манай багаас надаас гадна М.Булбул багтсан.
-Танай баг М.Булбул, Д.Баянжаргал нарын олон шилдэгтэй. Эл багт тоглох гарцыг хэрхэн олсон бэ?
-Оюутан байхдаа МУБИС, “Этүгэн ирвэсүүд” багт тоглож байлаа. “Этүгэн ирвэсүүд” багийнхан хоёр хуваагдаж, нэг хэсэг нь “Этүгэн ирвэсүүд”, зарим нь “Бизнесийн чөтгөрүүд” багт өрсөлдөх болсон юм.
Би “Бизнесийн чөтгөрүүд” багт хоёр жил хүчин зүтгэж байна. Намайг үргэлж дэмждэг О.Баярцогт багш, “Бизнесийн чөтгөрүүд” багийнхан, С.Нямзагд захиралтай “Этүгэн” сургуулийн хамт олон, гэр бүлийнхэндээ баярлаж явдаг.
-Өнгөрсөн жил Азийн наадамд өрсөлдөхдөө бусдаас онцгойрч, олны хараанд өртсөн тамирдын нэг нь. Та бүхэнд амжилтаа ахиулах боломж хэр байв?
-Би өнгөрсөн жил эх орноо төлөөлөн Азийн наадамд анх удаа өрсөлдсөн. Шигшээ наймд шалгарсныгаа ахиулах боломж бидэнд байсан. Хонконгийн багтай тоглоход нэлээд сандарсан шүү. Манай багийнхан, дасгалжуулагчид тоглолт бүхэнд итгэлтэй өрсөлдөн, бүхнээ шавхсан. Хасагдах шатны тоглолтод бага зэргийн алдаа гаргасны улмаас хожигдсон юм.
-Багадаа жүдогоор хичээллэн, улсын аварга болж байсан гэсэн. Амжилтын үзүүрээс атгаад байхдаа сагсан бөмбөг рүү урвахад юу нөлөөлсөн бэ?
-Төрсөн ах Хангарьдаараа анх сагсан бөмбөг заалгаж байлаа, 2008 онд. Ах минь 105 дугаар сургуулийн биеийн тамирын багшаар ажилладаг. Мэргэжлийн түвшинд намайг бэлтгэсэн хүн бол О.Баярцогт дасгалжуулагч. Багшийнхаа удирдлагад 2015 оноос хойш бэлтгэл хийн, амжилтын төлөө зүтгэж явна.
Цаг хугацаа их хурдан өнгөрөх юм аа. Эл спортоор хичээллээд 11 жил болчихож. Өнгөрсөн хугацаанд дээд лигт нэг түрүүлж, хоёр удаа дэд аварга болсон. Оюутны УАШТ, универсиад наадмын аварга. Насанд хүрэгчдийн УАШТ, оюутны лигийн түрүүтэй.
-Жүдогоор ямар амжилт гаргаж байв?
-13 настайгаасаа хойш жүдогоор зургаан жил хичээллэхдээ УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль авсан. ОХУ, Лаост болсон олон улсын тэмцээний түрүүтэй, хүүхдийн “Монгол туургатан” наадмын хүрэл медальтай. Монгол, Японы хамтарсан “МЖ кап” тэмцээний аварга. Багадаа бэлтгэлээ Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа эгчтэй хийдэг байлаа. Чамгүй амжилт гаргасан ч жүдогоо сагсан бөмбөгөөр солихдоо эргэлзээгүй.
-Нэг тоглолтод хамгийн олондоо хэдэн оноо авсан бэ?
-Нэг удаа оюутны лигийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхдөө 31 оноо авсан.
-Өдий хүртэл хугацаанд дурсамжтай олон хийсэн байх. Тэдгээрээс хамгийн дурсамжтай нь аль бол?
-2018 онд Азийн наадамд Хонконгтой хийсэн тоглолт санаанаас ер гардаггүй юм. Тивийнхээ шилдгүүдтэй анх удаа өрсөлдөхөд сэтгэл их хөдөлсөн.
-Таны тоглолтын гол онцлог, давуу тал юу вэ?
-Бөмбөг залж явахдаа шууд шиддэг нь давуу давуу тал. Үүнийгээ бэлтгэл дээр үргэлж давтан, сайжруулахыг хичээдэг. Би холбогчийн байрлалд тоглодог. Багийнхныхаа тоглолтыг удирдан, бусдадаа довтлох боломж гаргаж өгөх юм болов уу. О.Баярцогт багшийнхаа зөвлөсний дагуу тоглохыг хичээдэг. Чухал мөчид юм уу торгуулийн шидэлт гүйцэтгэхдээ аль болох тайван байж, элдэв юм бодохгүйг хичээдэг.
-Чадмаг холбож, холын зайн шидэлтээрээ бусдаас ялгарч харагддаг. Анхнаасаа холбогчийн байрлалд тоглосон уу. Эсвэл хичээллэх явцад өөрийгөө ингэж хөгжүүлсэн үү?
-Юм юм л нөлөөлсөн байх. Багш нар холбогчийн байрлалд тоглохыг зөвлөсөн, би ч өөрийгөө энэ тал дээр хөгжүүлсэн.
-Та дундаж нуруутай. Үүнийгээ юугаар нөхдөг вэ?
-Хурд, хүчээрээ. Сагсан бөмбөгийн спортод өндөр нуруу чухал гэдэгтэй санал нийлдэггүй.
-Сагсан бөмбөг тоглохынхоо хажуугаар ажил хийдэг юм билээ. Яалт ч үгүй ажил давхцаад тэмцээнд оролцон, бэлтгэл хийж амжихгүй үе заримдаа гарах уу?
-Гаралгүй яах вэ, зөндөө. Хамгийн бэрхшээлтэй асуудлын нэг нь энэ. Ажил, спортоо аль болох зохицуулахыг хичээдэг. Ажлын хамт олон, дарга нар маань намайг ойлгож, дэмждэгт талархаж явдаг.
-Хэнээс үлгэрлэж, хүндэлж явдаг вэ?
-“Голден стэйт уорриорс” багийн Стифен Карри, “Хасын хүлгүүд”-ийн О.Сэргэлэн ахын тоглолтыг үзэх дуртай. Тэднээс үлгэрлэдэг. Би чөлөөт цагаараа NBA-ийн тоглолт үзэн, усанд сэлэх дуртай.
-“Голден стэйт уорриорс” гэснээс таны таамгаар энэ жил NBA-д ямар баг түрүүлэх бол?
-Би “Голден стэйт уорриорс”-ын хөгжөөн дэмжигч. Тэд энэ жил ээлжит түрүүгээ хүртэх байх.
-Гадаадын багаас тамирчнаа болгох санал танд ирдэг үү?
-Одоохондоо хараахан ирээгүй байна.
-Манай улсад сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөл хэр хөгжиж байна вэ. Улам хөгжүүлэхэд хамгийн чухал зүйл юу вэ?
-Богино хугацаанд эрчээ аван хөгжиж байна. Цаашид улсын дэмжлэг, зөв бодлого чухал. Бусад орон шиг тамирчдаа тогтмол бэлтгэл хийлгэн, улсаас дэмжвэл өндөр амжилт гаргахад ойрхон байгаа.
-Азийн АШТ-д оролцох Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг тодруулахад нь Та багтсан. Олимпын эрх олгох тус тэмцээний бэлтгэлээ хэрхэн хийх вэ?
-Энэ талаар сайн мэдэхгүй байна. Шигшээ багт дуудсан тамирчдын бэлтгэл удахгүй эхлэх байх. Ажлаа зохицуулж байгаад л бэлтгэлээ хийнэ дээ.
-Хамгийн том зорилгоосоо хуваалцаж болох уу?
-Олон улсын тэмцээнд амжилт гаргахыг хүсдэг. Бас Монголынхоо сагсан бөмбөгийн спортод хувь нэмрээ оруулахуйц ур чадвартай, тод мөртэй дасгалжуулагч болж, олон шавь бэлтгэхийг хүсдэг.
-Өнөө цагт Монголоос л явж байвал хаана ч хамаагүй амьдрах, сурах хүсэлтэй залуус олшроод байх шиг. Энэ талаар ямар бодолтой явдаг бол?
-Эх орондоо сайхан амьдрах боломж хүн бүхэнд бий. Төр, засгийн буруу шийдвэр, ард түмнээ дэмжихгүй байгаагийн улмаас иргэд гадаадын орныг зорьж байгаа болов уу.
-Таныхаар орчин үед эмэгтэй хүн ямар байх ёстой бол?
-Ухаалаг, биеэ зөв авч явдаг, ханьдаа үнэнч байвал хамгийн чухал нь тэр шүү дээ. Өнөөгийн залуус зорилгоо зөв тодорхойлж, түүнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг байгаасай. Архи, дарс мэтийн элдэв муу зуршлаас хол байх нь чухал.
-Амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр юу вэ. Тэр нь таны амьдралыг хэрхэн өөрчлөв?
-МУБИС-д сурч байхдаа сургуулиа сольж, “Этүгэн”-д элсэн, О.Баярцогт багшийн удирдлагад бэлтгэл хийсэн минь намайг тамирчны төдийгүй хувь хүний хувьд бүх талаар өөрчил сөн.
-Спорт залуу насны ажил. Ойрын хугацаанд Монголдоо юм уу, гадаадад сурах бодол бий юү?
-Байгаа. Би нягтлан бодогч мэргэжилтэй. Өмнө нь биеийн тамирын багш мэргэжлээр суралцаж байсан. Ирэх жилээс МУБИС-д дасгалжуулагчийн чиглэлээр үргэлжлүүлэх сурахаар төлөвлөсөн.