Швед улсын Ерөнхий прокурорын орлогч Ева-Мари Перссон WikiLeaks-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг саатуулан хорих хүсэлтийг Уппсала хотын шүүхэд хүргүүлжээ. Прокурор 2010 онд Ассанжийн эсрэг нээсэн хүчингийн хэргийг өнгөрсөн долоо хоногт дахин сэргээсэнтэй холбогдуулан саатуулан хорихыг шаардсан байна. “Би Ассанжийг хүчингийн хэрэгт сэжиглэгдэж байгаа үндэслэлээр саатуулан хорих хүсэлт дүүргийн шүүхэд тавилаа. Хэрэв шүүх зөвшөөрөх юм бол би Ассажийг баривчлах Европын тушаал гаргаж түүнийг Шведэд хүлээлгэн өгөхийг шаардах болно” гэж прокурор мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна. Хүчингийн хэрэг нь Шведын хоёр эмэгтэйн гаргасан гомдлын дагуу 2010 онд нээгджээ. Мөрдөн шалгах ажлын хувилбараар WikiLeaks-ийг үүсгэн байгуулагч дээрх хоёр эмэгтэйн нэгтэй нь бэлгэвчгүйгээр бэлгийн харьцаанд оржээ. Ингэхдээ эл эмэгтэй бэлгэвчгүй хавьтах дургүй байсан гэнэ. Ийм үйлдэл Шведэд хүчингийн хэрэгт тооцогддог ажээ.