Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Буриад улсын биеийн тамир, соёлын гавьяат зүтгэлтэн, үндэсний сурын хүндэт мэргэн, нум, сум урладаг, цуглуулдаг Т.Батмөнхтэй ярилцлаа. Монголын үндэсний сурын холбооны дэд тэргүүн, тэргүүлэгч гишүүн асан тэрбээр Х.Болдбаатар, Б.Дашзэвэг тэргүүтэй 10-аад улсын мэргэнийг сурын алтан зурхайд хөл тавиулж, амжилтад хүргэсэн гавьяатан юм.
-Танай удамд уран гартай хүн цөөнгүй байсан гэдэг. Нум, сум урлах аргыг та хэнээр заалгав?
-Би гурав дахь үеийн уран хүн. Манай удамд Төрийн шагнал хүртсэн хүн ч бий. Ээдэмцрээс хуванцар гаргах санааг анх гаргасан Ж.Сандаг шүү дээ. Түүний урласан цааны ясан сийлбэртэй шатар Говь-Алтай аймагт бий. Би нэг их айхтар сийлдэггүй. МУБИС-д багшилж байхдаа улсын мэргэн Ядамсүрэн, Дашцэрэн нараар нум, сум хийх аргыг заалгасан.
Тэд тэгдэг, ингэдэг гээд ерөнхийд нь хэлнэ. Түүнийх нь дагуу хийсээр байгаад сурсан. Хамгийн хэцүү нь шөрмөс задлах байв. Бараг долоо хонож байж 100 гр шөрмөс задалж билээ. Одоо ч хэцүү хэвээрээ. Би бараг 10 гаруй цаг сууж байж чүү чамай 100 гр шөрмөс задалдаг юм шүү дээ. Нэг нуманд 200 гр шөрмөс орно, урлахад бүтэн жил зарцуулдаг. Нумаа наан, шөрмөсийг нь тавьснаас хойш зургаа юм уу долоон сарын дараа шөрмөслөж хатаана.
Тийм болохоор нумыг тэр бүр хүн хийж чаддаггүй. Нэг хэсэг олонх харваач А.Цэвээн гуайн урласан нумаар харвасан. Одоо ч түүний нум алдартай. Бид нумынхаа шөрмөсийг байрныхаа доод талын гараашид наан, бусдыг нь гэртээ хийдэг. Би үндэсний сурын УАШТ-ий олон медальтай, гэхдээ түрүүлж үзээгүй. Шилдэг ахмад харваач, шилдгийн шилдэг дасгалжуулагчаар олон удаа шалгарсан.
-Та ер нь багаасаа үндэсний сурын спортод хорхойссон уу?
-Үгүй ээ. Намайг багад Говь-Алтай аймагт үндэсний сур хөгжөөгүй, харвадаг хүн ч байсангүй. Багадаа инженер юм уу, математикийн багш болох мөрөөдөлтэй байв. Архангай аймгийн Багшийн дээд сургуулийг 1966 онд төгсөн, нутагтаа таван жил ажилласан. Тэр үеэс л харваж эхэлсэн юм. Тэгж яваад МУБИС-ийн газар зүй, түүхийн ангид урилгаар сурч, төгсөн, тэнд 20 гаруй жил багшилсан. Газар зүйн ангийнхантайгаа хээрээр үргэлж дадлага их хийнэ.
Шавь нартаа багшлахын хажуугаар зав л гарвал харвана, тэмцээнд оролцоно. Сургуулиас цалинтай чөлөө олгон, цай, хоолыг нь даадаг байлаа. Өнөө цагт байгууллагууд тэгэхээ больсон гэсэн. Харваачид бэлтгэл, ажлаа зохицуулах гэж нэлээд юм болдог. Би 1995 он хүртэл багшлахынхаа хажуугаар харваж, оюутнуудад үндэсний сур заасан.
Ажил, спорт хоёрыг хослуулж явсаар 1992 онд “Монгол сур” гэдэг пүүс байгуулж, гурван жилийн дараа хүрээг нь тэлж “Эрийн гурван наадам” компаниа байгуулан, өнөө хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Би 1995 онд багшийн ажлаа хүлээлгэн өгч, үндэсний сурын спортыг хөгжүүлэх, аль болох олон хүнийг нум, сумтай болгоход анхаарлаа хандуулсан юм.
...Би 1975 оноос өдий хүртэл 4000-аад нум урласан байх. Миний хийсэн нум 75 оронд, Антарктидаас бусад тивд бий. Монголчууд ихэвчлэн дулааны улиралд гадаа харвадаг. Тэгэхээр зуны халуунд олон удаа эвшээлгэхэд задрахгүй, хөшигдөхгүй байх нь чухал. Нумны шөрмөсийг аль болох олон давхарлаж, нимгэн тавьдаг. Тэгэхдээ амыг нь сайтар зөрүүлж наадаг юм. Онгоцны их биеийг бүтээхдээ үүнээс санаа авсан. Гурван талдаа өдтэй сумнаас санаа авч пуужингийн далавчийг хийсэн гэдэг...
-Танайх нум, сум урладаг Монголын анхны компани бил үү?
-Тийм ээ. Тухайн үед нум, сум урладаг гурав, дөрөвхөн хүн байсан шүү дээ. Ангийн үйлдвэрийн дэргэд Пүрэвээ 1970-аад, Гэнэн гэдэг хүн 1980-иад онд урладаг байсан гэнэ лээ. Хөдөлмөрийн баатар А.Цэвээн агсныг залгаж гарч ирсэн урлаачдын нэг нь би. Одоо ч нум, сум хийх аргыг бүрэн сураагүй, суралцсаар л байна. Мэдээж өөрийн гэсэн арга барилтай болсон. Би 1975 оноос өдий хүртэл 4000-аад нум урласан байх.
Миний хийсэн нум 75 оронд, Антарктидаас бусад тивд бий. Монголчууд ихэвчлэн дулааны улиралд гадаа харвадаг. Тэгэхээр зуны халуунд олон удаа эвшээлгэхэд задрахгүй, хөшигдөхгүй байх нь чухал. Нумны шөрмөсийг аль болох олон давхарлаж, нимгэн тавьдаг. Тэгэхдээ амыг нь сайтар зөрүүлж наадаг юм. Онгоцны их биеийг бүтээхдээ үүнээс санаа авсан. Гурван талдаа өдтэй сумнаас санаа авч пуужингийн далавчийг хийсэн гэдэг.
-Түүхий эдээ ихэвчлэн хаанаас авдаг вэ?
-Бусад орноос авах юм байхгүй ээ, бүгд Монголд бий. Нум, сум олноор нь, тогтмол урладаг хүн манай улсад 4-5-хан байгаа.
-Гэрийн тань хойморт олон нум, сум өрөөстэй байна. Эдгээрийг цуглуулах санаа танд хэрхэн төрөв?
-Нум, сум урлаж эхлэхэд л цуглуулах санаа төрсөн. Түүнээс хойш өдий хүртэл цуглуулсаар 10-аад нум, 30-аад сумтай болжээ. Нэгийг нь ч худалдаж аваагүй. Би жил бүр олон улсын үндэсний сур харваачдын чуулганд оролцдог. Тэгж явахдаа бусад орны харваачидтай нум, сумаа солилцдог юм. Надад 100 гаруй жилийн түүхтэй буриад, индиануудын модон нум ч бий.
Индиан нум бусад орныхоос хамаагүй урт, хоёр метр гаруй. Манжийн, дараа нь хэлмэгдүүлэлтийн үед Монголын нум, сум устах шахсан юм билээ. 1960-аад онд үндэсний сурын спортыг сэргээн хөгжүүлэх шийдвэр гартал харвах нум, сум Монголд байгаагүй гэдэг. Аргаа бараад Хятадаас гуйхад тэд манай улсын агуйд нуусан ганц нэг нумыг дуурайлган, 1500-г урлаж өгсний нэг нь надад бий. Сонин түүхтэй эд дээ.
Зөвхөн янгирын эврээр урласан, өөр ямар ч түүхий эд ороогүй нум ч байгаа. Үүнийг МУБИС-д хамт ажиллаж байсан Ядамжав багш бэлэглэсэн юм. За, тэгээд унгар, англи, япон, урианхай нум надад бий. Энэ айхтар матигар, цагираглаад нийлэх шахсан нь солонгос нум. Солонгосчууд биднээс хуурбарлаж хийсэн юм билээ. Яг Монголынх шиг гурван давхар. Бас надад галт, дуут, дөрвөн өдтэй, африк сум бий. Галт сумаар урагшаа харвавал давшихын, хойш нь харвавал ухрахын дохио байж.
-Дэлхийд ганц, зөвхөн танд байдаг нум бий юү?
-400 жилийн өмнөх монгол морин цэргийн хар нум надаас өөр хүнд байхгүй ээ. Үүнийг надад манай нутгийн хүн бэлэглэсэн юм. 1980-иад оны үед агуйгаас анх олоход хуяг, дуулга, нум, сум гээд иж бүрнээрээ байсан гэсэн. Харамсалтай нь, над руу илгээх замд тал нь алга болчихсон юм. Дээр үед монголчууд явган болон морин цэргийн гэсэн хоёр өөр нумаар харвадаг байсан гэдэг. Явган цэргийн нум урт, нөгөөх нь богино.
Нээрэн, “Мандухай сэцэн хатан”, “Цэц магнай” кинонд миний хийсэн нумыг ашигласан шүү дээ. “Мандухай сэцэн хатан” кинонд урдаа эвэртэй, дундаа модтой, ардаа цавуутай, шөрмөстэй нум 20-иод, дуураймал 1500-г хийлгэсэн. Тэдгээрийг би Ядамсүрэн багш, хүүхдийн зохиолч Дашдондогийн аав Жамбаа тэргүүтэй хүмүүстэй хамт жилийн хугацаанд урласан юм. Тэр 20-иод нумны нэгийг “Цэц магнай”-д дахин ашиглахаар нь би гуйгаад авчихсан. Хамгийн нандин цуглуулгийн минь нэг яах аргагүй мөн.
-“Цэц магнай” кинонд та тоглосон. Нум, сум урладаг хүн яг өөр шигээ дүр бүтээсэн нь ховор тохиолдол болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Улсын төсвөөр хийсэн хамгийн сүүлчийн кино бол “Цэц магнай”. Алдартай жүжигчдийг тоглуулах гэхээр өндөр хөлс нэхээд байсан юм уу даа. Тэгэхээр нь Ж.Бунтар гуай шавь нараа, таньдаг жүжигчдээ түлхүү тоглуулсан юм билээ. Би тус киноны зураг авалтад зунжингаа явсан.
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайн бүтээсэн Мөнхийн туслах, нум, сум урладаг хүний дүрд тоглосон юм. Нум, сум хийсэн болон байлдаж буй, тэмцээн явуулж буй, хуримын гээд нэлээд цөөнгүй хэсэгт миний дүр гардаг.
-Буриад улсын биеийн тамир, соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн тань сонирхол татаж байна. Монголын спортын салбарынхнаас тус улсын Гавьяат болсон хүн ховор шүү дээ.
-Хоёрхон байдгийн нэг нь би, нөгөө нь БТСГ-ын даргаар ажиллаж байсан, Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар. Нэг удаа Буриадын эрийн гурван наадмыг европын жуулчид үзжээ. Морины уралдаан, бөхийн барилдаан нь сайхан болж. Сур харвааны төрөл эхэлсэн чинь ганцхан өвгөн буриад, бусад нь байт харвааны нумаар харвасан юм билээ. Тэгэхэд өнөөх өвгөн “Бид үндэсний нумгүй юм уу. Байт харвааны тэмцээн боллоо.
Цаашид ийм байж болохгүй. Буриад сурын харваа устлаа” гэж бусдыгаа зэмлэсэн гэсэн. Сургамж авч, уламжлалаа гээж буйгаа ухаарсан буриадууд нумаа хийлгэхээр Монголд ирэн, нэлээд судалж байж надаар урлуулсан юм. Тэгж тэд үндэсний нумаа сэргээсэн. Их Монгол Улсыг байгуулсны 800 жилийн ойгоор Улаан-Үдэд “Алтаргана” наадам болоход намайг урьсан ч очиж амжаагүй. Уг нь тэр үеэр биеийн тамир, соёлын гавьяат зүтгэлтэн цолоо надад олгох гэж байсан юм билээ. Буриадын төлөөлөгчид дараа нь Монголд ирж, улсын наадмын үеэр намайг улсынхаа Гавьяат болгосон.
Тэр жил улсын наадамд шавь Х.Болдбаатар минь миний урласан нумаар онч сориод түрүүлэн, баяр дээр баяр нэмж билээ.
-Монголын шилдэг дасгалжуулагчийн нэг нь та. Хэчнээн шавьтай вэ?
-Өө, тоогоо алдсаан. Лав 300 хол давах байх. Хэдхэн хоногийн өмнө болсон нээлтийн харваанд оролцсон 500-гаад тамирчны 100 гаруй миний шавь байна лээ. Тэднээс хоёр нь мөнгө, хүрэл медаль хүртсэн. Хүрэл медаль авсан нь спортын мастер цолны болзол хангалаа. Баярчимэг, Батгэрэл, Болдбаатар, Дашзэвэг тэргүүтэй 10-аад шавь минь улсын наадамд түрүүлсэн. Би нутгийнхаа харваачидтай хамтран “Засагт хан” клубийг гурван жилийн өмнө байгуулж, одоо багийнхнаа ахалж байна.
Багийн УАШТ-ийг 30 гаруй жилийн дараа нутагтаа 2017 онд зохион байгууллаа. Клубтэй болсноос хойш манай харваачдын амжилт эрс ахисан. Өнгөрсөн жил УАШТ-ий цуваа харвааны төрөлд 30 гаруй багтай өрсөлдөөд хүрэл, Багануурт болсон харваанаас мөн хүрэл медаль хүртэн, улсын наадамд миний шавь Б.Дашзэвэг түрүүллээ. Говь-Алтай аймгийн үндэсний сурын холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, манай аймгийн Засаг даргын орлогч В.Рэнцэндорж нар харваачдаа их дэмжиж, тусладаг.
Тэд Нутгийн зөвлөлийнхөнтэйгөө ярилцаж байгаад Б.Дашзэвэгийг хоёр өрөө байраар шагнасанд баярлаж явдаг юм. Харваачдын амжилт, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлсэн сайхан үйл явдал болсонд олон хүн талархаж байна лээ. Шавийн минь цолны мялаалга наадамд Монголд анх удаа 1000 харваач цугларсан. Говь-Алтай аймгийн Бугат сумынхан гурван жилийн өмнө надаар үндэсний сурын харваа заалгасан юм. Халаалтгүй зааланд гал түлж байгаад хийсэн сургалтын үеэр би тэдэнд үндэсний сурын спортыг хөгжүүлэхэд зурхайтай болох чухал гэж зөвлөсөн юм.
Тэд үүний дагуу байгуулсан сурын талбай нь улсад тэргүүлсэн. Тэр бүхэн манай аймагт үндэсний сурын спорт хөгжихийн эхлэл байв. Өдгөө манай аймаг улсын мэргэнтэй, ямар ч томоохон тэмцээнд ганцаарчилсан, багийн төрөлд амжилт гаргах хэмжээний ур чадвартай олон харваачтай болсонд олзуурхдаг.
-Та үндэсний сурын спортыг хөгжүүлэхийн төлөө цаашид юу хийхээр төлөвлөв?
-Эл спортыг улам хөгжүүлж, ирээдүй хойчдоо өвлүүлэх нь зөвхөн харваачдын бус, монгол хүн бүрийн үүрэг. 40 гаруй жил нум, сум урлан, түүгээрээ монгол түмнээ төдийгүй монгол туургатнуудаа хангаж байна. Цаашид энэ үйлсээ үргэлжүүлнэ. Би нийслэлийн бүх дүүргийг үндэсний сурын багтай болгож, эл спортыг Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймагт хөгжүүлэхийн төлөө олон жил зүтгэсний үр дүн гарсаар байгаа. Үндэсний сурыг зөвхөн спорт бус, бүх нийтийн биеийн тамир талаас нь хөгжүүлэх чухал.
Ядамсүрэн багш надад “Үндэсний сурд өргөөшөө бяр, уртаашаа ухаан чухал. Наадам болтол эрхий хуруугаа амрааж болохгүй. Тэгж байж л амжилтад хүрнэ” гэж зөвлөдөг байлаа. Өнөөдөр Монголд хуруу дарам хүн нум, сум урлаж байна. Би аль болох олон хүнд заагаад өгчих юм сан гэж хэрэндээ л хичээдэг. Хэдхэн жилийн өмнө Монголоос нум, сум худалдан авч байсан ӨМӨЗО-д өдгөө үндэсний сурын харваа ямар хэмжээнд хөгжөөд байгаа билээ. Бид тэднээс суралцах хэрэгтэй.