Нийслэлд 1990 оноос хойш анх удаагаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг ирэх сарын 24-26-нд зохион байгуулах гэж байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяртай ярилцлаа.
-Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг хийх болсон шалтгаан юу вэ?
-Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн ЗДТГ-тай хамтран ирэх сарын 24-26-нд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт зохион байгуулах гэж байна. Үүнийг зохион байгуулах хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, сүүлийн жилүүдэд Монгол орны, ялангуяа Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсээр байна.
Энэ нь Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэнгээс гаргаж буй тоо баримтаас тодорхой харагдана. Тус хүрээлэнгээс гаргасан хоёр жилийн өмнөх судалгаанаас үзэхэд, газар хөдлөлтийн давтамж арван жилийн өмнөх дүнгээс 10 дахин нэмэгдсэн.
Мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг дүүргүүдээр хувааж үзвэл хөрсний бүтэц болон бусад хүчин зүйлээс хамаарч газар хөдлөх магадлал бүх цэгт нэг баллаар өссөн байна. Өөрөөр хэлбэл, зургаан баллын хүчтэй газар хөдлөх магадлалтай цэгт долоо, долоо нь найм болж нэмэгдсэн нь идэвхжил өндөр байгааг харуулж буй юм.
Хоёрдугаарт, Улаанбаатар хот бол стратегийн ач холбогдол бүхий байршил. Дэд бүтэц, цахилгаан, дулаан, зам, гүүр, орон сууцны барилга, байгууламж, үйлдвэр, үйлчилгээ гээд бүгд төвлөрсөн газар. Нөгөөтээгүүр, манай улсын хүн амын 40 гаруй хувь амьдардаг, орон нутгаас ирж, очих иргэдийг нэмбэл үүнээс ч олон хүн төвлөрч байна.
Хэрвээ нийслэлд дээр дурдсанчлан 8-9 баллын хүчтэй газар хөдөлбөл эдийн засгийн асар их хохирол учрах эрсдэлтэй. Жишээлбэл, 2011 онд Бүгд Найрамдах Хаити Улсад болсон газар хөдлөлтөд Ерөнхийлөгчийн ордон нь нурж, Засгийн газар нь удирдлагаа хэрэгжүүлж чадахгүй болсон.
200-300 мянган хүний амь эрсдэж, төдий тооны хүн бэртэж гэмтсэн баримт бий. Хаити улс одоо болтол эдийн засгийн хувьд хөл дээрээ босож чадахгүй байгаа. Энэ жишээнээс харахад манай улсад ийм гамшиг нүүрлэхэд ямар хохирол учрах нь нүдэнд илхэн харагдаж буй байх. Байшин, барилгууд нь зай завсаргүй шавааралдсан, авто замын хөдөлгөөн нь түгжрэлтэй гэх мэт олон асуудал бий.
Муугаар ярихад, газар хөдлөлтийн уршгаар нэг дулааны цахилгаан станц нурвал хотын бүх барилга байгууламж, үйлдвэр үйлчилгээ, зарим аймаг ч цахилгаангүй болно. Хэрвээ эл гамшиг өвөл тохиолдлоо гэхэд бүгд дулаангүй болно гэх мэтийн эрсдэл бий.
-Эл сургалтыг хамгийн сүүлд хэзээ хийсэн бэ?
-1990 оноос хойш ийм том хэмжээний сургуулилалт хийгээгүй. Би Иргэний хамгаалалтын байгууллага гэж байх үеэс ажилласан хүн. 1990 оноос өмнө Иргэний хамгаалалтын байгууллагынхан салбар салбарт нь тохирсон иргэний хамгаалалтын үзүүлэх сургалтууд зохион байгуулдаг байсан.
Аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэд маш идэвхтэй оролцдог байлаа. Тэр үед иргэний хамгаалалтын үзүүлэх сургуулилалт цөмийн зэвсэг, хөнөөх хэрэгслээс хамгаалах дадлага ч хийдэг байлаа шүү дээ. Түүнээс хойш бараг 30 жилийн дараа ийм том сургуулилалт болох гэж байна. Гэхдээ орон нутгуудад уг иж бүрэн сургуулилалтыг олон хийсэн. Заримд нь бүр гурван ч удаа хийлээ.
-Япон эрдэмтдийн хийсэн судалгаагаар илрүүлсэн, Улаанбаатарыг дайран өнгөрөх 50 км “шинэ хагарал”-ыг манай эрдэмтэд үргэлжлүүлэн судалж байгаа юу. Үүнээс шалтгаалж газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байна гэж ойлгож болох уу?
-Долоо дахь хагарлын талаар Японы Нагоягийн их сургуулийн эрдэмтэд, манай Одон орон, геофизикийн хүрээлэнгийнхэнтэй хамтран судалж буй юм билээ. Судалгааны ажил нь дуусаагүй учраас нарийн хэлэхэд хүндрэлтэй. Дуусахаараа бодит байдлыг албан ёсоор тайлагнах байх.
Газар хөдлөлтийн идэвхжлийг зөвхөн үүнтэй холбож болохгүй. Улаанбаатарыг тойрсон зургаан том хагарал бий. Мөн дэлхийд тохиолдсон хүчтэй газар хөдлөлтийн тоо баримт дунд Монголынх байдаг шүү дээ. Тодруулбал, 1905, 1907, 1957, 1967 онд болсон газар хөдлөлтүүд дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.
1957 онд Говь-Алтай аймагт болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр 240 гаруй км урт хагарал үүссэн. Үүнээс Монгол Улс газар хөдлөлтийн асар идэвхтэй бүсэд оршдог нь харагдаж буй юм. Тухайн үед манай улсын хүн ам цөөн, таруу суурьшдаг, байшин барилга ховор байсан нь аз болсон. Гэхдээ л олон мянган мал үхэж, хүний амь эрсэдсэн.
2018 оноос хойш жил гаруйхан хугацаанд манай улсад нийт 42 мянга гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн. Энэ он гарснаас хойш 3.5 магнитудаас дээш буюу хүнд мэдрэгдэхүйц хүчтэй газар хөдлөлт улсын хэмжээнд 17 удаа тохиолдлоо. Энэ нь Монгол Улс газар хөдлөлтийн тайван бүс нутаг биш гэдгийг баталж буй юм.
-Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох газар хөдлөлтөд тодорхой давтамж бий юү. Эрдэмтдийн хийсэн судалгаа байдаг уу?
-Саяхан ОХУ-ын хэвлэлд гарсан мэдээллээр Байгал нуураас хойш Сибирийн бүс нутагт газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсэн гэсэн байсан. Энэ нь бидэнд ч дохио өгч буй. Манай улсын хувьд баруун аймаг буюу уулархаг бүс нутгаар газар хөдлөлтийн идэвхжил өндөр.
Үүнээс цаашлаад уулархаг орнууд болох Казахстан, Афганистанд газар их хөдөлдөг. Газар хөдлөлт 50, 100, 200 жилийн давтамжтай гэсэн судалгаа бий. Манай улсад хамгийн сүүлд газар хүчтэй хөдөлснөөс хойш 52 жил өнгөрсөн байна. Жижиг чичирхийлэл зогсоо зайгүй мэдрэгдээд байгаа нь томоохон газар хөдлөлт болох цаг нь ойртсоны дохио гэж таамаглаж буй.
-Иж бүрэн дадлага, сургуулилалт гурав хоног үргэлжилнэ гэсэн. Энэ хугацаанд ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ?
-Засгийн газрын маргаашийн хуралдаанаар нийслэлд иж бүрэн сургуулилалт зохион байгуулах тухай тогтоолыг танилцуулж, батлуулна. Холбогдох яамдаас санал авахад бүгд дэмжсэн. Иж бүрэн сургуулилалтад нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаас гадна бүх яам, агентлагийн төлөөллийг оролцуулахаар төлөвлөж байна.
Мөн төрийн цэрэг, төрийн бус, олон улсын байгууллагууд оролцох юм. НҮБ-ын харьяа 11 газрыг төлөөлж хоёр, хоёр хүн оролцоно. Урьдчилсан байдлаар 1000 орчим удирдах албан тушаалтан, холбогдох мэргэжилтэн оролцох тооцоо гарсан. Сургуулилалтын үеэр Улаанбаатар хотод хүчтэй газар хөдөлсөн мэт түгшүүр зарлаж, танай байгууллага болон та яг юу хийх вэ гэдэг сургуулилалт зохион байгуулах юм.
Тухайлбал, Төрийн ордон нурсан тохиолдолд Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газрынхан хаана ажиллах вэ. Төр, засгийн үйл ажиллагааг хэрхэн тогтвортой үргэлжлүүлэх вэ. Энэ бүхэн ямар төлөвлөгөөнд тусгагдсан бэ гэдэгт хариулт авна. Нийслэлд газар хөдлөлтийн төлөвлөгөө бий, эсэхийг шалгаж, түүнд юу тусгасныг тодруулна.
Нийслэлийн Засаг даргаас эхлээд хороонд амьдарч буй иргэн ямар үүрэгтэй вэ зэргийг нэгбүрчлэн асуух юм. Үүнд хугацаа их шаардагдах учраас 72 цагийн турш амрахгүй ажиллана. Эдгээрийг бүгдийг нь нэгтгэж, цэгцлэхгүй бол бүх зүйл эмх замбараагүй байна.
-Улаанбаатар хотод болзошгүй аюул тохиолдсон үед иргэд түр орогнох хэдэн байршил байдаг юм бэ?
-Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 94 дүгээр тогтоол бий. Үүнд болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг тогтоох тухай заасан байдаг. Яг үүний дагуу иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулилалт хийнэ.
Энэ тогтоолд заасан аюулгүйн 111 цэг талбайд Улаанбаатар хот дахь орон сууцны бүх иргэнийг цуглуулж, нийслэлийг тойрсон 30 цэгт нүүлгэн, шилжүүлэх дадлага хийнэ. Засгийн газрын тогтоол гарсны дараа Зам, тээврийн хөгжлийн сайдаас зөвшөөрөл авч, ирэх сарын 25-нд 07.00-10.00 цагт замын хөдөлгөөнд оролцож буй бүх машин, техникийг зогсоож, дадлага хийнэ. Улаанбаатарын орох, гарах машинуудыг ч хамруулна.
Түүнчлэн тухайн өдөр сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудыг 10.00 цагт ажлаа эхлүүлэхээр зохицуулах юм. Ингээд 08.00 цагт дохио өгч, нэг цаг 30 минутын үйл ажиллагаанд иргэдийг хамруулж, дохионы дагуу орон сууцнаасаа гарч, өөрт ойрхон цэгт цугларах ёстой.
Эндээс бид Улаанбаатарын иргэд 111 цэгт багтах, эсэхийг харах, мөн хүн бүр өөртөө ойрхон ямар цэг байгааг мэдэж авах ач холбогдолтой. Харин гэр хорооллын иргэд бүгд гудамжиндаа гарч зогсох ёстой.
-Албан байгууллага, ялангуяа эмнэлгүүдийн бэлэн байдал хэр байдаг юм бол?
-Сургуулилалтын үеэр Цэргийн болон Улсын I, II, III төв эмнэлэг, ГССҮТ, ХӨСҮТ, СЭМҮТ зэрэг томоохон эмнэлгүүдийг нүүлгэн шилжүүлж үзэх төлөвлөгөөтэй. Өнгөрсөн долоо хоногт эмнэлгүүдийн удирдлагуудтай уулзлаа. Бодит байдал дээр эмнэлэг нурчихсан үед аваад явах ор, багаж тоног төхөөрөмж, нөөц огт байхгүйг удирдлагууд нь хэлсэн.
Сургуулилалтаар хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн орыг хээрийн эмнэлэгт ашиглана гэнэ. Энэ бол эмгэнэл. Болзошгүй аюул тулгарсан үед тэр том ор, суурилуулсан тоног төхөөрөмжөө аваад явж чадахгүй шүү дээ. Уг нь ийм үед бэлтгэсэн нөөц байх ёстой. Зэвсэгт хүчинд тусламжаар ирсэн ганц хээрийн эмнэлэг байдаг.
Улсын хэмжээнд өөр хээрийн ор, багаж, тоног төхөөрөмжтэй эмнэлэг алга. Тэр ч бүү хэл нийслэлийн ИТХ-аас гаргасан тогтоолд хээрийн эмнэлэг дэлгэх байршил байхгүй. Энэ мэт цогц арга хэмжээг зохион байгуулж, бодит байдалтайгаа танилцан, цаашид анхаарах зүйлсээ мэдэж авах юм.
-Улаанбаатарт дуут дохио дуугаргахад зарим хүн сонссонгүй гэж шүүмжилсэн. Яагаад ийм шүүмжлэл гарах болов?
-Нийслэлийн хэмжээнд дуут дохионы 60 цамхаг бий. Өнгөрсөн долоо хоногт байнгын ажиллагаатай зөвлөл хуралдахад Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нийслэлийн удирдлагуудад дуут цамхгийнхаа тоог 20-иор нэмэх үүрэг өгсөн. Одоо байгаа цамхгийн дуу зарим газарт сонсогдохгүй байх шиг байна.
-Болзошгүй аюул тулгарсан үед хоол хүнс, усны нөөц хүрэлцэх үү?
-Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Улсын нөөцийн газарт тодорхой хэмжээний хоол хүнсний нөөц байдаг. Энэ нь Засгийн газрын тогтоолтой, нууцын зэрэглэлд хамаардаг зүйл. Гэхдээ уг нөөц маш хязгаарлагдмал.
-Улаанбаатарын энэ олон барилга, байгууламжаас хэд нь найман баллаас дээш газар хөдлөлтөд тэсэж үлдэх боломжтой вэ?
-Яг барилгын норм, стандартын дагуу барьсан бол тэсвэрлэх ёстой. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас судалгаа гаргаж, эрсдэлийн үнэлгээ тооцож, танилцуулсан. Засгийн газрын нууц тогтоол ч бий. Үүний дагуу зарим барилгыг нурааж, шинээр барьж байна.
Үүнд ихэвчлэн хуучин барилгыг хамруулсан. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжид илүү анхаарч байгаа. Цаашид ч хийх ажлын жагсаалт бий. Үүний дагуу хөрөнгө мөнгөний боломжоороо шинэчлэх, заримыг нь хүчитгэх арга хэмжээ авна.
-Иргэд амьдарч байгаа орон сууцаа аюулгүй, эсэхийг хэрхэн мэдэх вэ. Барилгыг паспортжуулах ажил ямар шатандаа явна вэ?
-Иргэд Мэргэжлийн хяналтын газар, Одон орон, геофизикийн хүрээлэнгээс гаргасан тайлангуудтай танилцаж болно. Барилга паспортжуулах ажил хөрөнгө мөнгөнөөс шалтгаалаад удааширсан юм билээ.
-Гадаадад, ялангуяа байгалийн гамшиг их тохиолддог улсын иргэд болзошгүй аюул тохиолдсон үед өөр өөрсдийн үүргээ маш сайн мэддэг. Монголчуудад тийм зохион байгуулалтад орсон байгууллага, үүргээ мэддэг иргэн бий юү?
-Яг үнэнийг хэлэхэд манайд энэ талаар мэдэж байгаа нэг ч хүн алга. Яриад, заагаад өгье гэхэд сурах хүн ч олдохгүй. Манайханд тийм ухамсар суугаагүй байна. Гэтэл Японд гамшгийн соёл гэдэг зүйл бий болчихлоо.
Жишээлбэл, гамшиг тохиолдсон үед түүнд өртөж, гэр оронгүй болсон иргэдэд цэвэр ус тараахад дугаарлаж зогсож байгаад л авна. Хүрээгүй бол уучлал гуйгаад өнгөрдөг. Гэтэл манайхан яаж дайрч, булаацалдах бол. Энэ бол соёл шүү дээ.