Тайванийн Тайпэй дахь Тамканг их сургуулийн Ирээдүй судлалын төвийн захирал, доктор, профессор Мэймэй Сонг Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын төрийн албан хаагчдад зориулан зохион байгуулсан “Ирээдүйн стратегич сэтгэлгээ, алсын хараа бүхий хөгжлийн төлөвлөлт” сэдэвт бүтэн өдрийн сургалтыг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт удирдсан.
Мөн лхагва гарагт “Ирээдүйч сэтгэлгээ, алсын хараа” сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр түүнтэй ирээдүй судлалын шинжлэх ухааны талаар ярилцлаа. Сүүлийн жилүүдэд улс орон, албан байгууллагууд ирээдүйч сэтгэлгээний аргачлалаар хөгжлийн зураглалаа гаргадаг болжээ.
-Та ирээдүйч сэтгэлгээний тухай яагаад судалдаг вэ. Энэ талаар ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Ирээдүй судлалын төвийг манай сургуулийн салбар сургууль гэж ойлгож болно. Би Тамкангийн их сургуульд ажиллахаасаа өмнө ирээдүй судлалыг сонирхож эхэлсэн. Уг нь би боловсролын бодлого чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалсан хүн.
Тамкангийн их сургуульд ирээдүй судлалын талаар хэлэлцүүлэг, лекц олныг зохион байгуулдаг. Хэлэлцүүлэгт нь очиж суудаг байлаа. Ингээд ирээдүйч сэтгэлгээний талаар бие даан судалж эхэлсэн юм. Ирээдүй судлал гэхээр хүмүүс ирээдүйг судалдаг гэж ойлгодог. Харин бид хүмүүс ирээдүйн тухай юу гэж бодож буйг судалдаг.
Хүмүүс ирээдүйн тухай юу гэж боддогийг олж мэдсэнээр ямар аргачлалаар, бүтээлчээр ирээдүйг төлөвлөж болох вэ гэдгийг тодорхойлдог.
-Ирээдүй бол үнэтэй хөрөнгө гэж ирээдүй судлаачид ярьдаг. Тэгэхээр тэр хөрөнгийг үр ашигтай зарцуулах талаар судалдаг шинжлэх ухаан гэж ойлгож болох уу?
-Тийм. Энгийнээр тайлбарласан зөв ойлголт байна. Бидэнд бэрхшээл тулгарахаар ямар нэгэн шийдэл гаргах хэрэгтэй болдог. Тэгээд одоо цагийнхаа нөхцөлд тулгуурлаж шийдвэр гаргадаг. Асуудлыг даван туулах туршлага хуваалцахын тулд олонх хүн түүх судалдаг. Ингэж арга шийдэл олохыг хичээдэг юм.
Олон хүн ирээдүйгээс суралцах боломж байгааг олж хардаггүй. Ирээдүй ямар байх вэ гэсэн төсөөллөөсөө хүмүүс суралцаж болно. Ирээдүй ийм байна гэж төсөөлбөл тухайн өнцгөөс харж асуудлаа шийдэж болно гэсэн санаа. Өнгөрсөн, одоог өөрчилж болохгүй. Харин ирээдүйг өөрчлөх боломжтой.
Хүмүүс өөрийн мэддэг сэдэв, чаддаг зүйлийнхээ тухай ярих дуртай байдаг. Харин мэддэггүй сэдэв, чаддаггүй зүйлээ оролдохоос зайлсхийдэг. Бүх л сэдвээр оролдон, ашиглаж байж ирээдүйгээ өөрчлөх, тулгарсан бэрхшээлээ давах арга замыг олно. Олон хүн ирээдүйнхээ тухай боддог. Гэхдээ ямар аргачлалаар зорилгодоо хүрэхээ мэддэггүй.
Миний судалж буй шинжлэх ухаан хүн ард, улс орныг ирээдүйгээ төлөвлөх аргачлалаар “зэвсэглэж” өгдгөөрөө онцлогтой. Аргачлалаа мэдэж буй хүн, төр, засаг төлөвлөгөө, төсөөлөл, зураглалаа гаргаад түүндээ чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Ингэхээр төөрөлдөж, самуурахгүйгээр амжилтад хүрнэ.
-Тэгэхээр ирээдүйгээ төлөвлөж, амжилтад хүрэхийн тулд аргачлал чухал байх нь.
-Мэдээж хэрэг аргачлал чухал. Бас сонирхолтой санаанууд гаргах хэрэгтэй. Бид сургалтаараа аргачлалыг нь заадаг юм. Аргачлалаа сурчихвал хүмүүс болон байгууллага, цаашлаад улс орон хүсэж буй ирээдүйнхээ зураглалыг гаргаж чадна. Чи ирээдүйд ийм амжилтад хүрэх ёстой гэж хэлэхээс илүү төлөвлөх аргыг нь заадаг.
-Ирээдүйгээ төлөвлөх аргачлалыг ашиглаад амжилтад хүрсэн жишээ ярьж өгөөч. Судалгааны явцад бодит жишээ тохиолдсон болов уу?
-Би гэр бүлийнхээ жишээнд тулгуурлаж бодитоор туршсан аргаа ярья. Хүн бүр гэр бүлтэй. Тэдэнд ч ийм тохиолдол тулгарсан гэж бодож байна. Тухайн үед ууган хүү минь 12 настай байлаа. Нөхөр бид хоёр “Хүү минь 18 нас хүрээд гэрээсээ явна. Тэр үед ямар хүн болж төлөвшсөн байх бол.
Ирээдүйд хүүгээ ямар хүн болгож төлөвшөөсэй гэж хүсэж байна вэ” хэмээн ярилцсан. Ингэхдээ аль сургуульд оруулах, ямар мэргэжил эзэмшүүлэх тухай яриагүй. Гол нь ямар ааш араншин, зан чанартай хүн болж төлөвшүүлэх вэ гэж төсөөлж ярилцсан.
Ингээд эрдэм боловсролтой, өндөр ёс суртахуунтай хүн болгохын тулд ямар дутагдлыг нь засах вэ, яаж дэмжих вэ, бид алдааг нь ухааруулж чадаж байна уу гэж өөрсдөдөө шүүмжлэлтэй хандав. Хүү минь тухайн үед мөнгийг зөв зүйтэй зарцуулж чаддаггүй байлаа. Бид хүүдээ долоо хоног бүр халаасны мөнгө өгдөг байсан.
Өгсөн мөнгөөр долоо хоногт худалдаж авсан зүйлийнхээ жагсаалтыг бичиж өгөхийг хүүгээсээ хүслээ. Хэрэв жагсаалт бичиж өгөхгүй бол дараагийн долоо хоногт халаасны мөнгө өгөхгүй гэсэн юм л даа. Бас өөртөө арчаатай байх тал дээр учир дутагдалтай байгааг нь анзаараад өөрөө хувцсаа угаадаг бол гэсэн.
Харин яаж угаах аргачлалыг нь зааж өглөө. Худалдаж авсан зүйлсийг нь хараад мөнгөө зөв зүйлд, хэрхэн зарцуулахыг зөвлөв. Гэр бүлийн түвшинд ийм жишээ ярьж болж байна.
-Улс орны түвшинд сонирхолтой жишээ байна уу. Тайланд улс бодлого боловсруулахдаа ирээдүйч сэтгэлгээний аргыг ихээхэн хэрэгжүүлдэг гэж сонссон.
-Би Финландын жишээг ярих дуртай. Финландын Засгийн газар олон жилийн өмнөөс ирээдүйч сэтгэлгээг хөгжилдөө хэрэгжүүлж ирсэн. Одоо үр дүнг нь харах боломжтой болсноороо онцлогтой. Зөвхөн яам нь ч юм уу, аль нэг салбар нь ирээдүйч сэтгэлгээний арга, хандлагыг ашиглаагүй. Улс даяараа ирээдүйч сэтгэлгээний арга, хандлагаар бодлогоо боловсруулдаг. ЗХУ 1990-ээд онд нуран унасан.
Тухайн үед Финланд тус улсаас ихээхэн хамааралтай байж. Тэгээд түшиж байсан улс нь нураад унахаар хэрхэн хөгжих вэ гэж бодсон хэрэг л дээ. Ингээд хэн нэгэн нь ирээдүйч сэтгэлгээний хандлагаар хандаж, ирээдүйн зорилтоо тавиад түүнээсээ нааш одоо цаг руу хөгжлийнхөө бодлогыг зурагласан байдаг. Би Финландад олон удаа очдог.
Тэнд манай нэг хөтөлбөр хэрэгждэг юм. Иргэдтэй нь ирээдүйч сэтгэлгээний тухай ярихад маш амархан ойлгож хүлээж авдаг. Тэд үндэстнээрээ ирээдүйч сэтгэлгээний өгөгдөлтэй юм билээ. Их, дээд сургуулиуд нь оюутнууддаа ирээдүйч сэтгэлгээний тухай заавал заадаг. Төрийн албан хаагчдадаа ирээдүйч сэтгэлгээний талаар сургалт явуулдаг системтэй улс. Бас байгууллага ирээдүйч сэтгэлгээг хэрхэн ашигладаг талаар жишээ ярья.
Би нэг удаа химийн салбарт ажилладаг, хувийн хэвшлийн томоохон компанийн захирлуудад хичээл заасан юм. Хичээл эхлэнгүүт тус компанийн захирлууд “Залуу ажилтнууд маань цаг барьдаггүй, ажлын бүтээмж муутай байна” гэж “ховлож” гарсан. Эхний өдрийн хичээлийн төгсгөл рүү захирлууд нь тэднийг өөрчлөх гэж бухимдаж байхаар өөрсдөө өөрчлөгдөх хэрэгтэй юм байна гэж ярилцаж эхэлсэн.
Тэд энэ компани ажилтнуудын гарт байгаа юм байна, хөгжүүлэн цэцэглүүлэх хүмүүс нь залуус юм байна гэдгийг ухамсарласан юм. Мөн тэд өөрсдийн сэтгэлгээг өөрчилж байж, бусдыгаа өөрчлөх юм байна гэдгийг ойлгосон. Ажилчдаа муулж байснаа хуучин сэтгэлгээгээр хандаад байж гэж ухаарсан. Хоёр дахь өдрийн сургалтын дараа компаниа яаж өөрчилбөл амжилтад хүрэх вэ гэдэг талаар залуусаасаа зөвлөгөө авах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд тэд хүрсэн. Ирээдүйч сэтгэлгээний аргачлал бол зөвхөн бодлогын баримт бичиг боловсруулахтай холбоотой зүйл биш. Хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөхтэй ч холбоотой зүйл.
-Улс орон бүр ирээдүйгээ төлөвлөдөг. Манай улс 10 гаруй жилийн өмнө Үндэсний хөгжлийн цогц бодлого гэж ирээдүйд хүрэх зорилтоо дэвшүүлсэн бодлого боловсруулсан. Төлөвлөгөө ёсоор өдийд манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн найман мянган ам.долларт хүрэх байлаа. Гэвч улстөрчид энэ бодлогыг хэрэгжүүлээгүй. Ирээдүйч сэтгэлгээгээр гаргасан зорилтдоо хүрэхийн төлөө хичээх хэрэгтэй байх, тийм үү?
-Ирээдүйч сэтгэлгээний аргачлалыг заасны дараа бодлогын баримт бичгийг хэрхэн хэрэгжүүлэх арга барилыг бид заадаг. Улс төрийн өмнөх лидерүүдийн гаргасан бодлогыг өнөөгийн төрийн албан хаагчид хэрэгжүүлэх үүрэг хүлээх нь зүй. Гэхдээ тэд бодлого хэрэгжүүлэх явцдаа ирээдүйн тодорхой төсөөлөлтэй болчихсон байвал сайн.
Амжилттай хэрэгжүүлэхийн тулд оролцооны аргыг хэрэгжүүлбэл тустай. Энэ нь бүх талуудыг ширээ тойруулж суулгаад, ирээдүйн сайн сайхны төлөө нэгдсэн төсөөллийг гаргаж ирэх арга юм. Оролцоог хангасны дараа энэ бодлого бидэнд ч хамааралтай, хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн сэтгэлгээ давамгайлдаг. Хэн нэгэн, хаана ч юм боловсруулсан бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэсэн хандлагаар биш, харин ухамсарласан байдлаар хэрэгжүүлдэг болно гэсэн үг.
-Таны хариулт монголчуудад сайхан ирээдүйг бүтээх санаа байдаг ч арга барилгүй юм байна гэсэн ойлголт төрүүллээ.
-Соёл нь стратегийг өглөөний хоолондоо идчихдэг гэдэг үг бий. Аливаа стратегийг боловсруулахдаа улс орныхоо соёл, уламжлалд үндэслэхгүй бол амжилт олохгүй. Харин ирээдүйч сэтгэлгээгээр бодлого боловсруулахдаа хэрхэн соёл, уламжлалдаа үндэслэхийг бид зааж өгч болно. Соёл, уламжлалаасаа хамаараад хүмүүс нь юу хүсэж байна вэ, юунаас эмээж байгаа бол гэдэг нь харилцан адилгүй байдаг. Түүнд нь үндэслэн бодлого боловсруулах хэрэгтэй.
-Одоо улс орнууд хөгжилдөө ирээдүйч сэтгэлгээгээр хандвал мэдээллийн технологи гэдэг зүйлийг нэлээд голлох шаардлагатай болов уу. Мэдээллийн технологийн салбар аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг эхлүүлсэн. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Бодлого боловсруулахдаа соёл, уламжлалаас гадна олон хүчин зүйлийг авч үзэх ёстой гэж зөвлөдөг. Мэдээллийн технологийн хөгжил амьдралын хэвшилд хүчтэй нөлөөлж байгаа нь мэдээж. Гэхдээ ирээдүйг эдийн засаг, улс төр, боловсрол гээд олон өнцгөөс хамтад нь харах хэрэгтэй.
Шинэ технологи нэвтрэхэд, түүнийг дагасан шийдвэрлэх асуудлууд ч гарч ирдэг. Мөн шинэ соёл бий болдог. Хойч үеийнхний маань соёл өөрчлөгдөнө гэж бодож байна. Хэрэв цаг хугацааны машин байдаг бол суугаад аялбал технологийн хөгжлийн үе шатыг дагаад соёл хэрхэн өөрчлөгдсөн нь харагдах биз.
-Монголд ирээдүйч сэтгэлгээгээр хандаад сайн сайхан зүйл бүтээе гэхээр энэ бүтэхгүй гээд элдэв муугаар хэлж “унтраадаг” тохиолдол түгээмэл. Энэ ямар сэтгэлгээ вэ?
-Зөвхөн Монголд ч биш, хаана ч ингэдэг юм. Хүн угаасаа ийм зан чанартай амьтан. Тийм ч учраас ирээдүйн талаар ярих нь зүйтэй. Өнөө цагийн тухай яривал олон хүн ам уралдуулаад, тохой тохойгоо хавиралдуулаад чихэлдэнэ.
Харин ирээдүйн талаар ярих хүн цөөн байдаг учраас “сэлүүхэн” байдаг. Ирээдүйн тухай ярихаар одоогийн асуудлаас зай авчихдаг. Ирээдүйд юу болох талаар хэн ч мэдэхгүй. Тиймээс буруу зөрүү ярилаа гэдэггүй. Ирээдүйн тухай бодож эхэлбэл янз бүрийн санал санаачилга аяндаа төрдөг.
-Монголчууд хэр ирээдүйч сэтгэлгээтэй хүмүүс гэж санагдсан бэ?
-Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Өнгөрсөн жил ирэхдээ Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт ажилладаг хүмүүст ирээдүйч сэтгэлгээний сургалт хийсэн. Энэ сургалтын дараа монголчууд юу хүсэн хүлээж, юунаас эмээдэг вэ гэсэн анхны төсөөлөл бүрдсэн.
Гэхдээ маш хязгаарлагдмал хүрээнд шүү дээ. Бид дэлхийн олон оронд сургалт хийдэг. Би очсон орныхоо соёлыг дор нь мэдэрдэг юм. Миний ойлгосноор монголчууд ирээдүйч сэтгэлээ сайтай хүмүүс. Малчид цаг агаар хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй. Иймээс ирээдүйд учрах бэрхшээлийг давах бэлтгэлээ дулааны улиралд сайтар хангадаг байх жишээтэй.
Монголчууд тэнгэрийн хаяа, мод шарлах зэрэг байгалийн өөрчлөлтийг хараад урт хугацааны цаг агаарын төлөвийг тодорхойлдог гэсэн. Тэгэхээр нэлээд алсын хараатай хүмүүс гэж ойлгосон. Ирээдүйч сэтгэлгээний тухай ярихад хүмүүс нь маш сайн ойлгож хүлээн авч байна.
Монголчууд сүүлийн 30 жилд маш олон өөрчлөлтийг даван туулж байгаа. Тиймээс монголчууд өөрчлөлтөөс айдаггүй, бэлэн байдаг. Тэгэхээр Монгол Улсад олон боломж бий. Дэлхийн загвар улс болтол хөгжиж болох боломж бий гэж би бодож байна.