Зочин З.ЭНХБОЛД
Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга
Уншигч-сурвалжлагч А.ЭНХЦЭЦЭГ
Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн Ажлын албаны дарга
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг УИХ-ын ээлжит бус чуулганы өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаар эцэслэн баталлаа. Уг хуульд 2005 оноос хойш 23 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.
Тэгвэл энэ удаагийн буюу 24 дэх удаагийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн Ажлын албаны дарга А.Энхцэцэг Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга З.Энхболдтой ярилцаж, уншигч-сурвалжлагчаар ажиллалаа.
Дээрх хуульд өөрчлөлт оруулах гол шаардлага нь тендер шалгаруулахад авлига, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхлын зөрчил үүсгэх, тэгш эрхтэйгээр өрсөлдөх боломжийг хязгаарлаж буйгаас үүдэлтэй гэж өмнө нь мэдээлж байв.
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө үү?
-Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д 2018 оны тавдугаар сарын 11-нд өргөн барьсан.
Төслийн гол агуулга нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, гомдол, маргаантай холбоотой асуудлыг шийдвэрлэх, цахим худалдан авах ажиллагаа, тендер шалгаруулалтыг ил тод болгох юм.
Мөн тендерт шалгарсан оролцогч гэрээний үүргээ биелүүлэхгүй, хангалтгүй, чанаргүй биелүүлбэл Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх (хар жагсаалт) журмыг Засгийн газраар батлуулах, ногоон болон урьдчилсан худалдах авах ажиллагаа зэргийг тусгасан.
-Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар ямар заалт оруулсан бол. Дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байж хүмүүс ажлын байртай болно. ОХУ тендерийн хуульдаа төсвийн мөнгөөр импортын бараа авахыг хориглосон.
Тэр дундаа дотоодын худалдан авалтын 15-аас доошгүй хувийг нь жижиг, дунд үйлдвэрээс авна гэж заасан. Монгол мөнгөөр тооцвол хоёр тэрбум төгрөг хүртэлх бараа бүтээгдэхүүнийг заавал жижиг, дунд үйлдэрлэл эрхлэгчдээс авна гэжээ. Гэтэл манайд энэ мэт дэмжлэг байдаггүй шүү дээ.
-Дотоодын үйлдвэрлэлийг дөрвөн чиглэлээр дэмжинэ гэж тусгасан. Нэгдүгээрт, чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодод үйлдвэрлэх боломжтой бол тендер шалгаруулалтад импортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх компани оролцуулахыг хориглож байгаа.
Үйлдвэрлэлийн асуудал хариуцсан яам нь дотоодоос худалдаж авах барааны жагсаалтыг гаргаж, Засгийн газраар жил бүр шинэчлэн батлуулж байхаар тусгасан. Хоёрдугаарт, өмнө нь мөрдөж байсан хуульд дотоодын аж ахуйн нэгжид давуу эрх олгох, эсэхийг захиалагч шийдэх агуулгатай байсан. Тэгвэл үүнийг “заавал олгоно” гэж өөрчилсөн. Гуравдугаарт, дотоодод үйлдвэрлэсэн барааг импортоор оруулж ирж буй бүтээгдэхүүнээс тусад нь багцална. Жишээлбэл, аль нэг байгууллага сандал, ширээ худалдаж авах боллоо гэж бодъё.
Дотоодын үйлдвэрлэгч ширээг нь хийдэг, сандал хийдэггүй импортоор авдаг байж болно шүү дээ. Тэгвэл худалдан авах нэг тендер зарлахдаа сандлыг нь нэг багц, ширээг нь нэг багц болгож зарлах юм. Нэг тендерийг хоёр багц болгож зарлана гэсэн үг. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэгч ширээ нийлүүлэхээр өрсөлдөнө.
Ингэж багцлахгүй бол дотоодын аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн нь импортын бараатай холилдоод, Монголын үйлдвэрлэгчдээ ялгаж чадахгүй байгаа. Тендер хэдэн ч багцтай байж болно. Энэ нь тендер шалгаруулалтыг амжилттай болгох зорилготой.
Цаашид аль бараа бүтээгдэхүүнийг хэр хэмжээгээр Монголд үйлдвэрлэж буй талаар судалгаа хийх юм. Түүнээс хараад дотоодод үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг тусад нь багц болгож тендер зарлах учиртай. Дөрөвдүгээрт, ерөнхий гэрээгээр дамжуулан дотоодын үйлдвэрлэлийг дэмжих заалт оруулсан. Жил бүр худалдаж авдаг бараа, үйлчилгээний тендерийг ерөнхий гэрээний дагуу зарлана. Нэг үгээр хэлбэл, нэгж үнийг нь тогтоож, барааны жагсаалт гаргах юм.
Ерөнхий гэрээг нэг удаа зарлаад хаачихгүй. Тухайн жилд хэд хэдэн удаа зарлаж, компаниудын бүтээгдэхүүний сонголтыг цахим дэлгүүрт нэмэх боломжтой тул ерөнхий гэрээг гурав хүртэлх жилээр байгуулах нь боломжийн хугацаа гэж ажлын хэсгийнхэн үзсэн. Ийм хугацаатай байгуулах нь олон улсын жишигтэй нийцэж байгаа.
Хуулийн төсөлд Худалдан авах ажиллагааны агентлагийг тусад нь байгуулахаар тусгасан. Өмнө нь Худалдан авах ажиллагааны газар гэж байсныг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай нэгтгэснээр чиг үүрэг, бүтэц нь хумигдсан. Агентлаг байгуулснаар ерөнхий гэрээний тендер шалгаруулалтыг зохион байгуулж байх юм.
Улмаар төрийн байгууллагууд жил бүр авдаг бараа бүтээгдэхүүнийхээ тендерийг зарладгаа больж, ерөнхий гэрээнд орсон барааг сонгон шалгаруулалтгүй авах боломж бүрдэнэ. Гэхдээ заавал нэг л компанийг шалгаруулах юм биш, хэчнээнийг ч болно. Шаардлага хангасан компаниудыг сонгож, бүгдийнх нь бүтээгдэхүүний мэдээллийг цахим дэлгүүрт байршуулна. Цахим дэлгүүрээс төрийн байгууллагууд жил бүр авдаг бараагаа авна гэсэн үг.
Гутал, хувцсаар жишээ авъя. Хүчний бүх байгууллага, ДЦС-ууд, уул уурхайн компаниуд жил бүр нормын гутал, хувцас худалдаж авдаг. Төрийн байгууллагууд гэхэд цаас, принтерийн хор зэргийг, бүх эмнэлэгт эм хэрэглэдэг. Тэд “Манай байгууллага энэ сард, эсвэл энэ жил ийм бараа бүтээгдэхүүн авна” гэдгээ илгээхэд шалгарсан компаниуд үнийн саналаа өгч, захиалагч талтай онлайнаар шууд харилцана гэсэн үг.
Жил бүр тендер зарлаж цаг алдах шаардлагагүй болно. Гурав хүртэлх жилийн хугацаатай буюу тогтвортой гэрээ байгуулах нь аж ахуйн нэгжүүд ажлын байраа тогтвортой хадгалж, бүтээгдэхүүнийхээ чанар, стандартыг хангах, орлогоо нэмэгдүүлж, шинэ техник, технологи нэвтрүүлэхэд ач холбогдолтой. Бусад нарийн асуудлыг гэрээнд тусгайлан заах боломжтой.
Төрийн байгууллагууд тендер зарлах зардлаа ч хэмнэх, зохион байгуулж буй төрийн албан хаагч авлигад өртөхөөс сэргийлэх зэрэг давуу талтай. Ерөнхий гэрээ нь Монгол Улсад шинэ тутам нэвтэрч байгаа. Үүнийг ТӨБЗГ-т 2017 оноос туршиж байна. Өнгөрсөн жил 16 төрлийн эмийг ерөнхий гэрээгээр худалдан авсан. Энэ жил дээрх тоо 20 гаруй болж, бараа бүтээгдэхүүний нэр, төрөл нэмэгдсэн. Дотоодод үйлдвэрлэсэн барааг ерөнхий гэрээний жагсаалтад оруулах ажлыг энэ онд багтаан хийнэ.
Сонгон шалгаруулсан компаниудын үйлдвэрлэж буй бүх бараа бүтээгдэхүүнийг цахим дэлгүүрт нэр, төрлөөр нь байршуулна. Технологийн шийдэл бүрэн бэлэн болсон, олон удаа туршиж үзэхэд ямар нэг асуудал гараагүй. Төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниуд бүгд тэндээс бараа, үйлчилгээгээ авна.
-Урьдчилан худалдан авах ажиллагааны талаар тодруулахгүй юу?
-Өмнөх хуулиар төсөв батлагдсаны дараа л худалдан авах ажиллагаа эхэлдэг байсан. Уг ажиллагаа нь төсөв нь батлагдаагүй байхад худалдан авах ажиллагааг эхлүүлэх боломж бүрдүүлэх юм. Худалдан авах ажиллагааг урьдчилж зохион байгуулаад, гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулаад, гэрээ байгуулахгүйгээр төсөв нь батлагдахыг хүлээнэ гэсэн үг.
Төсөв нь батлагдсаны дараа гэрээгээ байгуулж, ажлаа шууд эхлүүлэх нь тендер шалгаруулалтад алддаг хугацааг хэмнэх зорилготой. Тухайлбал, олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй төслүүдэд судалгаа хийхэд худалдан авах ажиллагааг урьдчилаад хийчихвэл зургаан сараас нэг жилийн хугацаа хэмнэх, захиргааны зардлыг багасгах боломжтой нь харагдсан.
Олон улсын байгууллагын зээл, тусламжаар төсөл хэрэгжүүлэхэд хэлэлцээр хийж, Засгийн газар, УИХ-аар соёрхон батлуулдаг. Үүнд хугацаа шаардлагатай. Энэ хооронд худалдан авах ажиллагааг нь эхлүүлж байя гэсэн санаа л даа.
-Худалдан авах ажиллагааны газрыг ТӨБЗГ-тай нэгтгэснийг дурдлаа. Одоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тусгай агентлагтай болох нь зүйтэй гэж үзэж буй нь ямар шалтгаантай вэ?
-Өмнө нь Худалдан авах ажиллагааны газар (ХААГ) байхад яамд тендер шалгаруулалт зарлах нь багассан. Үүнийг ТӨБЗГ-т 2016 онд нэгтгэсэн нь үр дүнгүй нь харагдаж байгаа. Яамд салбарынхаа бодлогыг тодорхойлохоос илүүтэй тендер шалгаруулалтад маш их хугацаа алддаг байсан гэхэд болно. Иймээс худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байгууллага байх нь үр дүнтэй гэж үзсэн.
-Тендер зарлаж буй байгууллагууд үйлдвэрлэгчдээс “Та нар юу үйлдвэрлэж байгаа юм бэ” гэж асуух нь бий. Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл “Made in Mongolia” цахим хуудас ажиллуулж, үндэсний бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаж байгаа. Үүнийг та бүхэн яаж ашиглах вэ?
-Та бүхэн тухайн асууудлаараа ХХААХҮЯ-тай уялдаатай ажиллах нь үр дүнтэй болов уу. Манайд ТББ олон бий. Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн нэрийг үл ялиг өөрчлөөд, танайхтай ойролцоо нэртэй ТББ гарч ирэхийг үгүйсгэхгүй.
Дахиад нэг цахим хуудас бий болгохыг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр ямар бараа бүтээгдэхүүнийг Монголын аль үйлдвэрүүд хийж байгаа вэ гэдэг албан ёсны мэдээллийг эрх бүхий байгууллагатай хамтраад гаргах нь илүү оновчтой байх.
-Хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны гишүүдийн 50-иас дээш хувийг мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгч, шинжлэх ухааны байгууллага, судлаач, эрдэмтдийн төлөөллөөс бүрдүүлээч гэдэг саналыг бид тавьсан. Тусгай агентлаг байгуулбал үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг ил тод, мэргэжлийн түвшинд ажиллахад чиглэсэн ямар ажил зохион байгуулах вэ?
-Үнэлгээний хорооны гишүүдийн хоёр, түүнээс олон нь мэргэжлийн холбоодын төлөөллөөс бүрдэх эрх нь нээлттэй. Үнэлгээний хороо байгуулах журмыг Сангийн сайдын тушаалаар баталдаг. Үүний хүрээнд мэргэжлийн холбоодтой ярилцаад үнэлгээний хороонд аль байгууллагын төлөөллийг оруулах, тэднийг ямар аргаар хэрхэн сонгох вэ гэдгээ хамтран ярилцана.
Мэргэжлийн холбоодын гишүүдийг бүртгэлжүүлж, мэдээллийг нь цахим санд оруулахаар төлөвлөсөн. Барилгын тендер зарлалаа гэхэд үүнд оролцож буй хүмүүсийн хамаарал бүхий ТББ-ын төлөөлөл үнэлгээний хороонд багтлаа гэж хардах тохиолдол гардаг. Тиймээс дээр дурдсан бүртгэл дэх хүмүүсээс цахим системээр, санамсаргүй байдлаар сонгоно.
-Одоо үнэлгээний хороонд хоёр гишүүнийг л мэргэжлийн холбоодоос авч байгаа. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол үнэлгээний хорооны бүрэлдэхүүний 50 хувийг мэргэжлийн холбоод, судлаач, эрдэмтэн, үйлдвэрлэгчдийн төлөөллөөс бүрдүүлье гэж ярьж байсан. Бид дээрх хувийг 50-иас дээш байлгах хүсэлтэй байна.
-Хуулиар хоёр гишүүн гэж доод хязгаарыг нь заасан, нэмээд явах бололцоотой. Ерөнхий гэрээ байгуулахдаа үнэлгээний хороонд тухайн чиглэлийн мэргэжлийн холбоодын төлөөллийг аль болох нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа. Гэхдээ үнэлгээний хороонд ТББ-ын төлөөллийг оруулснаар шалгаруулалт үр дүнтэй, нээлттэй болсон уу гэвэл үгүй.
Гэхдээ бид ТББ, мэргэжлийн холбоодын төлөөллийг хасна гээгүй. Одоо мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын талаарх хуулийн төслийг боловсруулж байгаа гэсэн. Цаашдаа хариуцлагын статус нь тодорхой болно гэж үзэж байна. Зарим ТББ сонирхлын зөрчил үүсгэх нь бий. Тухайлбал, хуралдаа ирэхгүй, ирсэн ч үнэлгээний материалд гарын үсэг зурахгүй байх зэргээр хүндрэл учруулдаг.
-Тендерт ялсан компанийн материалыг хараад шалгарсныг нь хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ?
-Гомдол гаргаж болно. Гэхдээ тендерийн баталгаагаа цуцлуулахгүй байх ёстой. Гаргасан гомдол нь үндэслэлгүй байвал тендерийн баталгаанаас нь тодорхой хувийг улсын орлого болгоно. Тухайн тендерт өрсөлдсөн компаниудын материалыг тэдэнд ил болгосноор үнэн зөв шалгаруулсан, эсэхийг хянах боломж бүрдлээ гэсэн үг. Хуульд гомдлоо хэрхэн гаргах, түүнийг яаж шийдвэрлэх талаар нарийвчлан тусгасан.
-Тендерийн хуулийг хэрэгжүүлсэн 14 жилийн хугацаанд олон нийт, үйлдвэрлэгчдийн дунд “Төрөөс төрсөн тэрбумтнууд тендерээс баяждаг. Төрийн мөнгөөр тендер зарлаад мэдээлэлд ойр, албан тушаалтай нь танил талаа шалгаруулдаг.
Дараа нь мэргэжлийн компаниар хийлгэдэг. Завсраас нь өөрсдөө ашиг унагаж тэрбумтан болдог” гэх ойлголт түгээмэл. Мөн тендерт шалгаруулснаараа оролцогчоос гүйцэтгэх ажил, нийлүүлэх бүтээгдэхүүний үнийн дүнгийн 20-30 хүртэлх хувьтай тэнцэх хахууль авдаг жишиг түгээмэл болчихсон.
Үүнийг таслан зогсоохын тулд нэмэлт, өөрчлөлтөд “Тухайн тендерт оролцож буй компани тэр чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг байх ёстой” гэж тусгах нь зүйтэй юм шиг. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Дурын хэн ч үнэлгээний хорооны гишүүдийг, тендерт оролцсон компаниудыг хараад, хоорондоо хамааралтай юу, үгүй юү гэдгийг дүгнэх боломжтой. Нөгөөтээгүүр, хуульд ил тод байдлын талаар тусгасан. Шалгаруулалтад оролцож буй компаниудын материалыг тэр хүрээнд нь ил болгосноор гомдол, маргаан үүсгэх асуудал багасна гэсэн хүлээлт бий.
Тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд нэг нэгнээ ерөнхийдөө мэднэ. Тэгэхээр хэний ч мэдэхгүй, “сураггүй” компани шалгарах бололцоо муутай шүү дээ. Тендер зарлахдаа захиалагч нь шалгаруулалтад оролцогч компани нь тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг туршлагатай байх гэсэн шалгуурыг байнга тавьж байгаа.
-Хуульд ийм заалт байхгүй учраас барилгын компани хувцас оёж, нийлүүлэх тендерт оролцдог шүү дээ.
-Энэ бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулах харилцаа биш. Уг хуулиар тендерийн баримт бичиг боловсруулахаас гэрээнд гарын үсэг зурах хүртэлх харилцааг зохицуулж байгаа.
Тэгэхээр тухайн асуудлыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулах ёстой байх.
“Тендерт туршлагагүй компани шалгарсан. Гүйцэтгэл нь муу байсан, хяналт тавиагүй” гэх нь бий. Үүнийг холбогдох байгууллагууд, захиалагч тал хянах ёстой. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд бүх зүйлийг хамаатуулах гээд байгаа.
Төсвийн, Барилгын болон Стандартын тухай гээд олон хууль бий. Тэдгээрийг хэрэгжүүлдэггүй атлаа сонгон шалгаруулалтыг л зохицуулсан хуульдаа “авчирч оруулах” гээд байна. Тухайлбал, Барилгын тухай хуулийн гуравдугаар бүлэгт барилгын зураг, төсөл, барих материал нь чанарын ямар шаардлага хангасан байх, ямар стандарт баримтлах ёстойг тусгасан.
Барилга барих явцад гэхэд гүйцэтгэгч, захиалагчаас гадна Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьдаг. Тэгэхээр хууль, журмын дагуу хянах эрх бүхий байгууллагууд хяналтаа холбогдох дүрэм, норм, стандартын дагуу тавивал чанаргүй барилга баригддаг гэх асуудал гайгүй болох байх.
-Монголд хууль, эрх зүйн зохицуулалт хангалттай ч хэрэгжүүлэхгүй байгаатай энэ нь холбоотой. Тэгэхээр хууль хэрэгжүүлдэггүй хүмүүст ямар арга хэмжээ авах вэ. Зөрчлийн тухай хуультай холбоотойгоор төрийн албан хаагчид хариуцлага ногдуулахгүй болчихсон гэж харагдаж байна л даа.
Өмнө нь тендерийн хуульд үүргээ биелүүлээгүй компаниудыг хар жагсаалтад оруулж, хариуцлагагүй ажилласан төрийн албан хаагчид эхний удаа торгууль ногдуулж, дараагийн удаа төрийн албанаас халах заалт байсан нь хүчингүй болоод байв. Төрийн албан хаагч хариуцлага алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар хуульд хэрхэн тусгасан бэ?
-Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болсноор тендерийн хуулийн 57 дугаар зүйлд тусгасан хариуцлагын заалтуудыг хүчингүйд тооцсон. Зөрчлийн тухай хуультай холбоотойгоор албан хаагч хариуцлага алдвал Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулах болсон.
Мөн албан хаагч хохирол учруулаагүй байлаа ч тухайн үйлдэл нь эрүүгийн чанартай байвал Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай болсон л доо. Түүнчлэн тендерт шалгарчихаад, гэрээний үүргээ биелүүлдэггүй, чанаргүй бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг, чанаргүй барилга барьдаг, тендерт оролцохдоо хуурамч материал бүрдүүлсэн нь тогтоогдвол компаниудыг хар жагсаалтад оруулдаг хариуцлагын заалт байсан нь хүчингүй болсон.
Тэгвэл одоогийн хуульд хар жагсаалт хөтлөх журмыг Засгийн газрын тогтоолоор батлах заалтыг оруулсныг дээр дурдсан. Мөн гэрээнд заасны дагуу алданги, торгууль тооцох юм.
-Хуульд техникийн шаардлага хангасан байх, хамгийн бага үнэтэй байх гэж хоёр тусдаа заасныг нэгтгэнэ гэж ойлгож байгаа. Одоо бол хамгийн бага үнэ санал болгосныг нь шалгаруулдаг гэсэн ойлголт бий шүү дээ.
-Сонгон шалгаруулалтад гурван компани оролцлоо гэхэд хамгийн хямд үнэ санал болгосныг нь “харанхуйгаар” сонгох явдал хаана ч байхгүй. Гурвуулаа тендерийн баримт бичигт заасан санхүүгийн, ажиллах хүчний, туршлагын, техникийн тодорхойлолтын зэрэг бүх шаардлагыг хангасан тохиолдолд харьцуулах үнэ гэсэн шалгуурыг хардаг.
Харьцуулах үнэ гэдэг нь тухайн компанийн шууд санал болгосон үнэ биш юм. Тендерийн цар хүрээнээс хамаарч тендерт оролцогчдод өөр өөр шалгуур тавьдаг. Дээрх шалгуурыг бүгдийг хангасан оролцогчдоос бага үнэ санал болгосныг нь сонгох зохицуулалт байгаа юм. Хүмүүс хуулийн нэг заалтыг салгаж уншаад, бусад уялдааг нь харахгүй байх нь бий.
Гэтэл бид хүнсний дэлгүүрт ороод яг адил цэвэр ус байлаа гэхэд аль хямдыг нь авдагтай ижил зарчим хэрэгжиж байгаа шүү дээ. Нөгөө талаас төсвийн хөрөнгө учраас аль болох хэмнэлттэй байх зарчим баримтлах ёстой. Бидний хэрэгцээг “Dell” компьютер хангаж байхад заавал “MacBook” авна гэж болохгүй шүү дээ. Энэ л зарчмын дагуу явагддаг.
Тэмдэглэсэн Ц.БОЛОРМАА