Шайбтай хоккейн “Asian challenge cup-2019” тэмцээнд хоёр дахиа түрүүлсэн Монголын шигшээ багийн тамирчин И.Гэрэлттэй ярилцлаа. “Хангарьд” спорт хороонд харьяалагддаг, 21 настай тэрбээр энэ жил тус тэмцээний шилдэг довтлогчоор шалгарсан юм.
-Аварга болох амархан, хамгаалах хэцүү гэдэг. Тиймээс өмнөх жилүүдээс илүү хариуцлагатай байсан нь мэдээж. Та бүхэн “Asian challenge cup” тэмцээний өмнөх бэлтгэлээ хэрхэн хийв?
-Юу юунаас илүү аваргаа хамгаалах нь чухал байлаа. Энэ жил “Asian challenge cup” тэмцээн өмнөх онуудынхаас эрт болсон. Тиймээс Монголд мөс хайлаагүй, эх орондоо бэлтгэл хийх боломжтой байсан нь амжилтад их нөлөөллөө. Манай багийнхан тэмцээний өмнөх бэлтгэлээ “Говь ресорт”-д 10 хоног базаасан.
-Хамгийн ширүүн өрсөлдсөн нь аль орны тамирчид байсэн бэ?
-Бүгд л эн тэнцүү өрсөлдсөн. Аль нэгийг нь онцлохын аргагүй. Гэхдээ аваргын төлөө Филиппиний хоккейчидтой хийсэн тоглолт амаргүй байлаа.
-Өнгөрсөн жил тэдэнд хожигдсон бил үү?
-Тэгсэн, тойргийн тоглолтод. Энэ удаа тэднийг 6:3-аар хожиж, даагаа нэхлээ. Тоглолт үнэхээр хүч шавхсан, өрсөлдөөнтэй болсон.
-Шилдэг довтлогочоор шалгарна гэх багцаа танд байсан уу. Өөртөө хэр итгэлтэй байв?
-Би үндэсний шигшээ багтаа тав дахь жилдээ зүтгэж байна. Хоккейн спортод хөл тавихдаа шилдэг довтлогч болохыг мөрөөдсөн. Энэ жил “Asian challenge cup”-д оролцоод зорьсондоо хүрлээ.
Эх орондоо ирснийхээ дараа Эрдэнэтийн багт тоглодог хоёр найзынхаа хамт спортын мастер болсон.
-Малайзын багийн эсрэг тоглолтод Та долоон гоол оруулсан. Ер нь түүнээс олон шайб өрсөлдөгчийнхөө хаалганд хийж байв уу?
-Хоккейчны замналдаа хамгийн олон гоол оруулсан нь тэр тоглолт. Бид малайзчуудыг 12:6-гаар хожсон.
-Бусад орны тамирчид биднээс юугаараа дутуу, бас илүү байна вэ?
-Биенээ ойлгож, нөхөн, ямар нэгэн асуудал тулгарахад хамтдаа давж, зангидсан гар мэт байдаг нь бидний давуу тал. Монгол хоккейчид талбай дээр төдийгүй амьдралд нэг нэгнээ түшдэг. Түүнийхээ хүчээр эл тэмцээнд хоёр дахиа түрүүллээ. Бусад орныхон бэлтгэлийн орчин, улсын дэмжлэг, техник гэх мэт олон зүйлээр биднээс илүү.
-“Asian challenge cup”-т өнгөрсөн жил оролцохдоо бэртсэн. Мөрнийх нь бэртэл бүрэн эдгэсэн үү?
-Филиппиний багтай тоглож байхад өрсөлдөгч багийн тамирчин хүчтэй мөргөсний улмаас мөр мултарсан. Тиймээс аваргын төлөө Тайландтай хийсэн тоглолтод оролцож чадаагүй. Чухал өрсөлдөөнийг үзэгчийн суудлаас үзэх хэцүү юм билээ.
Тухайн үед би “Дараа жил аваргаа хамгаална. Тэгэхэд нь багтаа заавал нэмэр болно” гэж өөртөө амласан юм. Өнгөрсөн жил Монголд ирснийхээ дараа мөрний бэртлээ сайтар эмчлүүлсэн. Одоо ямар нэгэн зовиур байхгүй.
-17 насандаа шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан юм билээ. Хоккейн спортод хөл тавихад юу нөлөөлөв?
-Би хоккейчин болохыг багаасаа мөрөөдсөн. Тэгэхэд нөлөөлсөн хүн, анхны дасгалжуулагч бол яахын аргагүй аав минь. Бэлтгэл хийх, тэмцээнд оролцох бүрт нь хамт очин, мөсөн дээр өнждөг байлаа. Аав минь одоо ч хоккей тоглодог, спортын мастер цолтой. Цохиураа хэрхэн барих, довтлохоос авхуулаад бүх зүйлийг заан, хоккейн спортын сайхныг надад мэдрүүлсэн.
-Одоогоор гаргаад буй амжилтаасаа сонирхуулна уу?
-Би “Хангарьд” клубт харьяалагддаг, лигийн дөрвөн түрүүтэй. Энэ жил Бүх ард түмний спартакиадад хоккейн төрөл анх удаа багтахад нь алтан медаль хүртсэн. Шигшээ багт таван жил зүтгэхдээ “Asian challenge cup” тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль аваад байна. Он гарснаас хойш гурван том тэмцээнд түрүүлж, амжилтаар дүүрэн явна.
-Хамгийн дурсамжтай нь аль тэмцээн бэ?
-Анхны УАШТ. Туршлагагүй байсан болоод ч тэр үү, олон тамирчинтай тоглохдоо их сандарсан шүү.
-Хоёр жилийн өмнө бэнди (бөмбөгтэй хоккей)-гийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Түүхэн амжилтын эзэн болох мөчид юу болов?
-Тэр мөч одоо ч санаанаас гардаггүй. Өчигдөр болсон мэт тод санаж байна. Тэгэхэд багийнхнаараа үнэхээр их бахархаж, өөрийн эрхгүй уйлсан. Бид нөхцөл боломж тааруу, төрөөс дэмждэггүй гэж хойш суулгүй тууштай зүтгэснийхээ үр шимийг хүртсэн. Багийн спортод биенээ ойлгох, өрсөлдөгчөө ялна, дийлнэ гэх сэтгэл зүй их чухал.
Бид хүрэл медалийн төлөө Японы хоккейчидтой тоглосон. Тэднийг хэсэгтээ хожсон болохоор “Өмнө нь 7:0-ээр дийлсэн. Тиймээс яагаад дахин хожиж болохгүй гэж” хэмээн биенээ хурцалж билээ. Хэрвээ дахиад дийлдвэл медалиас мултарч, 2016 оных шиг сэтгэл гонсгор буцна гэж бодохоор нэлээд сандарч, догдолсон шүү.
-Та бүхэн зардлаа хэмнэхийн тулд эх орноосоо машинтай гарч ОХУ-ын Эрхүү хотод хүрч, тэндээсээ Швед рүү ниссэн гэж сонссон. Замдаа их ядарна, техникийн саатал гараад, тэмцээнээсээ хоцрох ч эрсдэлтэй. Энэ шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?
-Замын зардал дутаад, мөнгөний гачигдалд орох үед хүн янз бүрийн арга эрэлхийлдэг юм билээ. Хэрвээ ганцхан хүн байсан бол нэг их чанарын ялгаа гарахгүй. Багаараа, 24-үүлээ явсан болохоор эндээс машинаар Эрхүү орж, тэндээс Швед рүү нисээд, буцаж ирэхэд 30 сая төгрөг хэмнэх боломжтой.
Тиймээс “Пруис” маркийн гурван автомашин, нэг “Probox”, дунд гарын жипээр явлаа. Эндээс дөнгөж хөдөлж явахад жолоо барьж явсан манай нэг тоглогч торгуулахад нь их бэлгэшээн “Барцад ариллаа. Медаль баараггүй байх аа” хэмээн наргиа хийж байсан маань айсуй ялалт, түүхэн амжилтыг зөгнөж байжээ.
-Улаанбаатараас Эрхүү хүртэл автомашинаар явах амаргүй. Замдаа ямар саад, бэрхшээлтэй тулгарсан уу?
-Алтан шар зам ивээлээ хайрлан, саатаагүй. Улаанбаатараас Эрхүү хот ороход нэг талдаа 1024 км. Бүтэн гурван өдөр шахам -42 градусын хүйтэнд давхисаар байгаад очсон. “Приус” ч үнэхээр бөх унаа юм билээ (инээв).
-Шайбтай, бөмбөгтэй хоккейн алинд нь илүү дуртай вэ?
-Хоёулаа гоё. Аль нэгийг нь онцолж чадахгүй нь.
-Гадаадын лиг, багаас тамирчнаа болгох санал танд ирдэг үү?
-Одоохондоо ирээгүй байна.
-Бусад орны лигт хүчин зүтгэх бодол бий юү?
-Байлгүй яах вэ. Багийн спортын тамирчин бүхэн тэгэхийг хүсдэг болов уу. Манай холбооныхон сайн ажиллаж байгаа болохоор тийм санал ирэх байх. Хэрвээ бусад орны багаас надад санал тавибал шууд зөвшөөрнө.
-Одоогоор танд төдийгүй монгол хоккейчдод тулгамдаж буй хамгийн том бэрхшээл юу вэ?
-Бэлтгэлийн орчин, битүү дээвэртэй ордон. Бид хүйтний улиралд л мөсөн дээр бэлтгэл хийдэг, Монголдоо тэмцээнд оролцдог. Гадаа -35 градусын хүйтэн байлаа гэж бодоход бид тоглохоос өөр аргагүй. Монголын хоккейн холбооныхон гуравхан сарын дотор, урин дулаантай уралдан байж бүх насны ангиллын лиг, тэмцээнээ зохион байгуулдаг.
Дулааны улиралд тэмцээн хийх байтугай бэлтгэл базаах нөхцөл, боломж манай улсад одоогоор алга. Тиймээс сагсан бөмбөг, хөлбөмбөг тоглоод л өнгөрүүлдэг. Хүйтэрч, мөсөн талбай тавьтал бэлтгэлээ энэ зун хэрхэн хийх төлөвлөгөө гаргасан. Бид амжилт гарган, бусдад үлгэрлэхийг хүсдэг.
Төр, засгийнхан, спортод элэгтэй нэг ч болтугай хүн “Монголчууд өвлийн спортын төрлөөр амжилт гаргаж байна. Бэлтгэл хийх битүү ордон барьж өгөх юм сан, дэмжье” гэж бодвол том олз.
-Эрдэнэтэд амьдардаг юм билээ. Ямар ажил хийдэг вэ?
-Одоохондоо эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Хүйтний улиралд хоккей, дулаарахаар хөлбөмбөг тоглодог.
-Хоккей тоглохоос өөр авьяас бий юү?
-За, бараг байхгүй дээ. Хөлбөмбөгийн спортод их дуртай, хайртай.
-Хамгийн том зорилго тань юу вэ?
-Монгол Улс битүү дээвэртэй ордонгүйн улмаас бид хоккейн ДАШТ-ий урьдчилсан шатанд оролцож чаддаггүй. Тиймээс бусадтайгаа хамт зүтгэж байгаад улсдаа битүү дээвэртээ ордон бариулчих юм сан. Тэгвэл зөвхөн хоккейчид төдийгүй өвлийн спортын бүх төрлийн тамирчдад бэлтгэл хийх боломж бүрдэнэ. ДАШТ-д оролцон, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхийг хүсдэг.
-Таныг ивээн тэтгэж, дэмждэг байгууллага, компани бий юү?
-Тэмцээнд оролцоход “Хангарьд” спорт хорооныхон дэмждэг. Монгол хоккейчдыг дэмжиж, амжилт гаргах нөхцөл, боломжоор хангадаг БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, “Эрдэнэс MGL”, “Говь ресорт” компани, УИХ-ын гишүүн Б.Жавхлан ерөнхийлөгчтэй Монголын хоккейн холбооны хамт олон, гэр бүлийнхэндээ баярлаж явдаг.
-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцох вэ?
-Дулаарчихсан болохоор хүйтэртэл ямар нэгэн тэмцээн болохгүй. Тэгэхээр арваннэгдүгээр сар хүртэл цохиураа ханандаа өлгөнө гэсэн үг. Есдүгээр сард Хонконгод болох нээлттэй тэмцээнд өрсөлдөж магадгүй.