Аавынхтайгаа хослуулаад ахиад нэг нэрийг овгоо болгосон хүмүүс ихэвчлэн олонд танигдсан, хийж бүтээсэн ажилтай, мундаг нэгэн байдаг. Тэдний нэг нь Дондогийн Зоригт. Түүний хоёр дахь “овог” нь цирк. Урлаг, спортын олон төрлийг хослуулдаг цирк хэмээх гайхамшигтай монголчууд танилцаад 78 жил болж буй. Үүнээс 47 жилд нь энэ салбарт ажиллахдаа Монголын цирк цэцэглэн хөгжиж байхдаа, уруудаж, гундахдаа ямар байсныг тэрбээр өөрийн биеэр мэдэрсэн. Энэ утгаараа олон үеийнх нь түүхийг бичилцсэн нэгэн юм. Циркийн төлөө бол хаана ч, хэзээ ч үгээ хүргэхийн төлөө явдаг Д.Зоригт найруулагч олон жилийн өмнөөс нэг ном гаргахаар “дуншсаныг” мэргэжил нэгт нөхөд нь мэднэ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт түүний “Монгол циркийн товчоон” нэртэй хоёр цуврал ном хэвлэлтээс гарчээ. Уг нь сонин, хэвлэлүүдэд гарсан Монголын циркийн талаарх материалыг багцлан нэг ном гаргахаар төлөвлөсөн ч орхиж боломгүй олон сайхан ярилцлага, сурвалжилга, асуудал хөндсөн нийтлэлийг цуглуулсаар байтал ийнхүү дараагийнх нь ботийг гаргахад хүрсэн гэж тэрбээр учирлав. Уг ном гарсан энэ цаг үед монгол циркчдийн сэтгэлд горьдлого төрүүлсэн нэгэн үйл явдал болсон. Энэ мэтээр цирк тойрсон зарим асуудлын талаар, циркчдийн эрх ашгийн тухай ярилцсан юм.
-Номоо гаргахаар хэдэн он дамнан “дуншчихав”, нэлээд олон жилийн өмнөөс л сураг сонссон?
-Миний амьдрал 1972 оноос хойш циркээс “уяатай” явна. Монголын циркийн тухай хэвлэлүүдэд нийтэлсэн материалуудыг би 2001 оноос цуглуулахдаа хаана ч, хэзээ ч үзүүлсэн хөдөлшгүй баримтат түүх гэж нэг талаар бодсон. Нөгөө талаар тэдгээрийг би биш, циркийнхэн ярьсан, сэтгүүлч, сурвалжлагч нар газар дээр нь очиж, үзсэн, мэдсэнээ бичсэн болохоор баталгаатай, олон эх сурвалж болно. Ингэж бодож цуглуулсан материалуудаа 2011 онд эмхэтгээд ном болгохыг хүссэн ч амжихгүй явсаар өдий хүрчихэж. Сонирхолтой нь, циркийн талаар “Өнөөдөр” сонин төдийгөөс өдийг хүртэл байнга дуугарч, бидний түүхийг хамтдаа бичилцсэн байх юм. Ер нь үргэлж дэмждэгийг нь мэддэг байсан ч ном гаргахдаа илүү мэдэрлээ. Юу гэхээр, ном маань хоёр хэсэг болж “үржих” шалтгаан нь “Өнөөдөр”-т нийтэлсэн материалууд дангаараа шахам нэг ном болсон. Ялангуяа 1990-ээд оноос өнөө үе хүртэлх түүхийг та бүхэн тасралтгүй бичсэн байх юм. Тиймээс үлдсэн материалуудаа хоёр дахь номдоо багтаасан. Циркийн үүслээс эхлээд, дунд үед, цаашлаад 1990-ээд оны эхээр нийгэм шилжих үед хэрхэн задарсан, аж ахуйн тооцоонд оруулж биеийг нь даалгаж байснаа төр буцааж авсан гээд олон түүхийг мэргэжлийн сэтгүүлчид баримтад тулгуурлан бичсэнийг энэ ном тодорхой өгүүлнэ. Мөн хэрхэн хувьчлагдсан, түүнээс хойш яаж явж ирсэн талаар ч тодорхой байгаа. Өөрөөр хэлбэл, циркийн түүхэн толь юм.
-Энэ ном түүхийн сонирхолтой, магадгүй эгзэгтэй үетэй давхцчихав уу гэж харж байна. 1990-ээд онд төрийн өмчит байгууллага, тэдгээрийн байшин, барилгын хувьчлал хуулийн хүрээнд явагдсан, эсэхийг эргэн харах талаар нэр бүхий хүмүүс ярьж байгаа шүү дээ. Энэ нь мэдээж, циркийн урлагийн төлөө бие, сэтгэлээ зориулсан бүх хүний анхаарлыг татсан болов уу. Та Монголын мэргэжлийн циркийн цөөхөн найруулагчийн нэгийн хувьд энэ талаар юу хэлэх вэ?
-Үнэхээр тийм шүү, хувьчлалаас хойш цирк ямар байгаа, циркчид уран бүтээлээ ямар нөхцөлд хэрхэн хийж, голомтоо унтраахгүйн төлөө яаж зүтгэж байгаа талаар дахин нэг дуугарах боломж ирэх нь гэж бид баярлаж л байна. 2000-гаад оны эхэн үеэс урлагийн байгууллагуудыг хувьчлах талаар ярьж эхэлсэн юм. Тэгж явсаар 2006 оны арванхоёрдугаар сард 70-аад жилийн түүхтэй, 200 шахам уран бүтээлч, ажилтан, ажилчинтай, 50 орчим амьтантай, бүхэл бүтэн гурван хөтөлбөртэй Улсын циркийг менежементийн хувьчлалд оруулсан. Нэг талаас манай мэргэжлийн циркчдийн баг хувьчлалд оролцсон ч ялагдсан. Тэгээд 2007 оноос үндсэндээ АСА циркт шилжсэн шүү дээ. 2014 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай “Циркийг менежементийн хувьчлалаар авсан баг зориулалтынх нь дагуу ашиглаагүй” зэрэг бодит дүгнэлт, шалтгааныг дурдаад циркийг төр эргүүлж авах боломжтой гэхэд энэ салбарынхан маань баярлаж, чуулганаа хийж, итгэсэн юм.
Харамсалтай нь, ажил хэрэг бололгүй, мөн л нам даруулчихсан. Ингээд төр, засагт итгэхэд хэцүүг улам мэдэрцгээлээ. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өмч хувьчлалыг эргэж харна гэхэд бид бас л баярлаад, чих тавиад л сууна. Энд нэг зүйл онцлоход, циркийн барилгыг буцааж чаддаггүй юм гэхэд төр, засаг циркчдээ ямар нэгэн харьяалал, хамааралтай болгоосой гэж хүсэж байна. Нэгэн үед улсын бодлогоор маш их хүч хаяж бэлдсэн мэргэжлийн циркчид өнөөдөр ямар нэг харьяалалгүй, хувиараа, чадлаараа явна. Тэглээ гээд уг нь муудсан зүйлгүй л дээ. Урьдын адил Монголынхоо нэрийг дэлхийд гарган, хаана ч очсон газардахгүй, харин ч эрэлттэй байж ирсэн. Хамгийн гол нь хэдий болтол хаягдсан хүүхдүүд шиг явах юм бэ.
-Уг нь циркчдийг нэгтгээд, урьдын адил харьяалдаг нэг дээвэртэй болгочихвол улсын халаасанд ч нэмэртэй санагдах юм. Бодлогоор зангидвал циркчид маань чамлахааргүй валют “босгоно” доо.
-Бид буюу циркийн дунд үеийнхэн ингээд “бадарчлаад” өнгөрчээ гэхэд хойчийг залгамжлагч залуу уран бүтээлчид маань тийм бүрхэг, бэрхшээлтэй тулна гэдэг харамсмаар. Тэднийг төр, засаг харж, Монголын урлагийн байгууллагын нэг хэсэг гэдгийг ухаарах цаг болсон. Үүнийг л циркчид маань хэлж байгаа юм. Тэрнээс биш, миний амьдрал болохоо больчихоод, хувийнхаа эрх ашгийн төлөө дуугарч байгаа юм биш. 2010 онд Монголын циркчдийн чуулганы үеэр би илтгэл тавьж, энэ салбарт төрийн бодлогогүй болсныг “Халин дүүлдэг бүргэд шиг байсан монгол цирк өнөөдөр будаа тоншдог тагтаа шиг болчихжээ” гэж хэлсэн. Нэгэнт эх орондоо хийж бүтээж, үзүүлэх нөхцөл боломж нь хумигдсан циркчид амьдрахын тулд наашаа гэсэн рүү нь гадаадыг зорино шүү дээ. Цирк бол ямар нэгэн хэлний бэрхшээлгүйгээр ойлголцдог, хүрээ хязгааргүй урлаг. Чадаж байвал дэлхий нээлттэй гэсэн үг.
1970-аад оны сүүлчээс 1990-ээд оны эхэн хүртэл Соёлын яамны уран бүтээлийн санхүүгийн бодлогын 70 орчим хувийг Монголын циркчдийн гадаадаас олсон валютаар бүрдүүлж байсан. Гэтэл өнөөдөр энэ салбарт санхүүгийн байтугай уран бүтээлийн бодлого алга. Гадаадын циркчин найз нар минь Монголд ирээд гайхдаг, ийм сайхан байр нь байхад циркчид нь тарчихсан, үзүүлэх зүйлгүй гэж.
-Өнөөдөр Монголын цирк, тарсан бутарсан циркчид маань ямар дүр, төрхтэй байна вэ?
-Манайд циркчдийн дөрвөн холбоо байна. Монголын нүүрийг тахалж яваа мундаг хамтлаг, продакшнууд тэдгээрт хуваагдан харьялагддаг, өөрсдийн итгэл үнэмшлээр л дээ. Циркийн дарга байсан Л.Чулуунбаатараар ахлуулсан Монголын циркчдийн холбоонд “Хадгаа циркус”, “Анжелс” төв, АСА цирк харьяалагддаг. Хуучнаар ХБК-ийн багш Х.Ганболдын тэргүүлдэг Мэргэжлийн циркчдийн холбоонд 10 гаруй хамтлагийн 600 гаруй уран бүтээлч бий. Өөрөөр хэлбэл, манай циркчдийн дийлэнх хувь нь буюу Монгол Улсын консерваторын Бүжиг, циркийн факультетийн өсвөрийн циркчид, “Шинэ цирк” төв, Циркийн хөгжлийн төв, “Х roses”, “Есөн өрлөг”, “Boys” болон Дундговийн Хүүхдийн театрын дэргэдэх “Тэмүүжин”, Орхон аймгийн уран нугаралтын, Дорнодын циркийн, морины үзүүлбэртэй “Харцага” хамтлаг, Намуунбаатар, Пүрэвжаргалаар ахлуулсан баг хамт олон, Ариунболд ахлагчтай жонглёрын багийнхан Мэргэжлийн циркчдийн холбооных.
Уучлаарай, энэ бүхэн дараа нь түүх болж үлдэх учраас нэгд нэгэнгүй нэрлэж байгаа юм шүү. Нэрийг нь дурдалгүй өнгөрч хүмүүсийг гомдоочих вий дээ. Яриагаа таслаад нэг зүйл хэлэхэд, би циркийн тухай нийтэлсэн материалуудаар ном хийсэн шиг үүнийг манай залуу уран бүтээлчид үргэлжлүүлэх юм. Би халаагаа “Есөн өрлөг”-ийн залуучууддаа шилжүүлсэн. Хариуцлагатайгаар гүйцэтгэж, дараагийн номыг гаргана гэсэн. Мэдээж, тодорхой хугацааны дараа.
Түрүүнийхээ яриаг үргэлжлүүлэхэд, гурав дахь холбоог ахмад циркчин Ж.Доржнамжил удирддаг. Энэ бол Монголын ахмад циркчдийн зүтгэлтнүүдийн холбоо, дөрөв дэх нь А.Энхтөр тэргүүнтэй Монголын залуу циркчдийн холбоо. 2006 оноос хойш өнгөрсөн 13 жилийн хугацаанд Монголын циркчид хэдийгээр олон хэсэг болж, тарсан ч өөр өөрсдийн чиглэлээр дэлхийн том уралдаануудын дээд шагналуудыг хүртсээр ирсэн. Энэ бол монгол циркийн суурь ямар байсныг, циркчдийнх нь чансаа, чадвар аль түвшнийх вэ гэдгийн том илэрхийлэл.
Циркийн хөгжилд нөлөөлдөг үндсэн гурван зүйл бий. Нэгдүгээрт, олон жил уламжилсан сургалт. Энэ нь манайд байгаа учраас циркчид маань өнөөдөр дэлхийн түвшинд, бүр манлайлагчдын эгнээнд яваад байгаа хэрэг. Цирк хөгжсөн олон орноос манай уран бүтээлчдэд санал ирдэг. Яагаад гэвэл, монгол циркийн сургалтын дэг жаяг буюу школ тийм гайхалтай байна. Харамсалтай нь, манай циркчид дотооддоо боломжгүй учраас гадаадын захиалгаар л уран бүтээл хийж байна. Бүр тодруулбал, монгол цирк бүрэн бүрэлдэхүүнээрээ хөгжиж чадахгүй байна.
Хоёрдугаарт, зориулалтын барилга, байгууламж. Агаарын, амьтны, тэнцвэрийн гээд орон зай шаарддаг үзүүлбэрийг цэлгэр, өндөр, зориулалтын байранд л үзүүлнэ шүү дээ. Гэтэл тийм байрыг нь авсан хүмүүс тэнд түрээсийн үйл ажиллагаа л явуулж байна. АСА циркт өнөөдөр уран бүтээлийн үйл явц явагдахгүй байна. Уран бүтээлийн үйл явц гэдгийг түрээсийн тоглолттой андуурч болохгүй. Жишээ нь, 1999 онд Бавуугийн Лхагвасүрэн гуайн зохиомжоор би найруулан “Хөх тэнгэрийн цирк” бүтэн хөтөлбөрийг бид Японы Осака хотод 45 хоног толилуулсан. Энэ бол монгол циркийг харуулсан бүх том үзүүлбэртэй, амьтны болон ардын урлагийн тоглолттой цогц бүтээл байсан. Түүн шиг том бүтээл хийх нөхцөл өнөөдөр бидэнд алга. Өнөөдөр монгол цирк алдарт Нарны циркийн хэмжээнд хөгжих бүрэн боломж, нөхцөлтэй, уг нь. Чадахгүй байгаа нь мөнөөх л зориулалтын барилгатай холбоотой.
Цирк хөгжихөд нөлөөлдөг өөр нэг үндсэн зүйл нь уран бүтээлчдийн бие бүрэлдэхүүн. Сүүлийн гурван жилийн судалгаагаар, Монголын циркийн 1000 орчим уран бүтээлч дэлхийгээр тархжээ. Тэдний талаас илүү хувь нь нугараач. Бүтэн үйл ажиллагаа, хөтөлбөртэй 200 хол давсан уран бүтээлч байна. 2017, 2018 онд Монголын циркчид эх орондоо уран бүтээлийнхээ 5-6 хувийг л толилуулсан. Үлдсэн хувийг нь дан гадаадад, тухайлбал, Америк, Европын орнууд, БНСУ, Турк, Хятадад үзүүлжээ. Үүнээс гадна гадаадад байгаа 200-гаад монгол циркчийн 50-60 нь хилийн чанадад суурин амьдардаг. Бусад нь ирэн, очин байна. Швейцар зэрэг улсын цирк манай акробатынхныг ажиллуулах дуртай. Байнга урьж, залдаг. Юу хэлэх гээд байна вэ гэхээр, бид гадаадад боловсон хүчин бэлтгэдэг л бааз болчихож. Уг нь сайн л даа. Гэхдээ энэ чинь өөрийн юмыг алдахад хүргэхгүй гэх баталгаа үгүй. Монголын уран нугараач олон хүн Америк, Европт сургууль, дамжаа нээжээ. Бас л сайхан мэдээ. Гэвч түрүүн хэлсэнчлэн манай школ, манайхны орон зай гаднынханд очиж байна л гэсэн үг шүү дээ.
-Тэгэхээр өнөөдөр Монголын циркийн залгамж халаа нь бэлтгэгдэж, боловсон хүчний нөөц хангалттай байна. Бодлого нь байвал эргээд сайхан цирктэй болох боломжтой гэж ойлгож болох уу?
-Бүрэн бий, боловсон хүчний хувьд ч, уран сайхан, урын сангийн бодлогын хувьд ч, хөтөлбөр, үзүүлбэрийн хувьд ч. 2007 онд цирк хувьчлагдах үед би урын сангийнхаа бүх жагсаалтыг гаргаад, хүлээлгэн өгсөн. Гэтэл АСА-гийнхан тордлого авах аргагүй болчихсон юм хүлээн авсан мэтээр ярьдаг. Харин ч тэд менежементийн хувьчлалаар авахдаа цалин хөлсийг төчнөөн хувь нэмнэ, уран бүтээлчдийн тоог өсгөнө гэсэн амлалтаа өнгөрсөн 12 жилд биелүүлсэн үү. Өсөх биш, эсрэгээрээ явсан. Тэдэнд цирк сонин байгаагүй, байшин хэрэгтэй байсан нь нотлогдсон. Ингээд яривал их зүйл бий. Энэ бүхний тухай “Монгол циркийн товчоон 1, 2” номд байгаа.
Эцэст нь хэлэхэд, цирк бол монголчуудын, тухайн улсын иргэдийн оюуны өмч, хөрөнгө оруулалт. Тийм ч учраас Казахстаны Ерөнхийлөгч ард түмэндээ циркийг нь эргүүлэн өгсөн. Өнөөдөр Монголд ч ийм боломж бүрдэнэ гэж найдаж байна. Тиймээс бид Засгийн газарт хүсэлт гаргаж, циркчдийг хариуцсан газартай болгооч гэдгээ уламжилна. Бид 78 жилийнхээ түүхийн сүүлийн 20 жил маш “донсолгоонтой” явлаа. Гэхдээ сөхрөөгүй. Цаашид илүү сайхан ирээдүйг хүсэж байна.