Хүйтний улирал эхэлж, агаарын бохирдол ихсэхийн хэрээр ханиад томуу, томуу төст өвчний вирус улам идэвхиждэг. Тухайлбал, томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байгаа бол нийслэлийн хэмжээнд амбулаторийн 61.887 үзлэг хийгдсэн байсан. Үүнээс томуу, томуу төст өвчтэй 3118 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар бага байгаа хэмээн салбарын яам онцоллоо. Харин нийт өвчлөгсдийн 42.7 хувийг 0-1 нас, 25.6 хувийг 2-4, 13.3 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 2007 дуудлага ирснээс 57.6 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Хэдийгээр амбулаторийн үзлэгийн хувь бага байгаа боловч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдол их байгааг Эрүүл мэндийн яамны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн 2239 орон дээр 2272 хүн хэвтэн эмчлүүлж, нийт орны ачаалал 1.5 хувь, хүүхдийн орны ачаалал 42.0 хувиар тус, тус нэмэгджээ. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 90.4 хувийг амьсгалын замын өвчтэй хүүхэд эзэлж байна. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт 1019 хүүхэд ирж үйлчлүүлж, 234 тохиолдол буюу 35.1 хувь нь хэвтэн эмчлүүлсэн байна. Дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-аар 234 хүүхэд үйлчлүүлсэн бол, зөвлөх утсанд 82 хүн ханджээ.
Ялангуяа сүүлийн 10 хоногт хүндрэл ихтэй А хүрээний вирус гарч байгаа аж. Уг вирус нь бага насны хүүхдэд хатгалгаа болох магадлал өндөртэй байдаг. Иймд урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
- Вакцин хийлгэх - Томуугийн эсрэг вакцин тариулахад 1 жилийн турш дархлаа тогтон, томуу өвчнөөс сэргийлнэ.
- Ханиалгах, найтаахдаа алчуур хэрэглэх - Амны алчуур хэрэглэж хэвшсэнээр вирус орчинд тархах, гар дээр үлдэж бусдад халдварлахаас сэргийлнэ.
- Гараа тогтмол угаах - Гараа савандаж угаах нь халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн, үр дүнтэй арга юм.
- Нүд, хамар, амандаа бохир гараар хүрэхгүй байх - Өвчин үүсгэгч вирус нүд, хамар, амаар дамжин хүний биед ордог.
- А, С аминдэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх
- Гэр, ажлын өрөө тасалгаандаа зориулалтын агаар шүүгч хэрэглэх, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх хэрэгтэй.
Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
- Товлолын дагуу вакцинуудыг хүүхэддээ тогтмол хийлгэж байх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдлийг бууруулдаг. Мөн хатгалгааны эсрэг пневмококкийн вакцин нь уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
- Гэрийнхээ хаалга, цонхыг ойр ойрхон нээж, өдрийн цагаар цэвэр агаар оруулж байгаарай. Дотоод орчны агаарыг сэлгэж, нян бактерыг зайлуулах нь тун чухал. Хүүхдийн орчинд тамхи бүү тат. Элдэв резин, хуванцар, хог түлж шатаах нь биеийн эрхтэн системийг хордуулж хорт хавдар, амьсгалын замын хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Тиймээс гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах үүднээс ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хэрэглэх нь зүйтэй.
- Эцэг эхчүүд хүүхдээ асарч, хооллох болон бие зассаны дараа гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр хатгалгаа өвчнөөс сэргийлэх боломжтой.
- Антибиотикийн хамаарлаас сэргийлэх - олон улсын нэршил нь нэг боловч үйлдвэрлэгч байгууллагуудын өөр өөр нэршилтэй эмийг олон дахин авах, хүүхдэдээ өгөх явдал гарч байна. Тиймээс хүүхдийг 38.5 ба түүнээс дээш хэмээр халуурвал эмчийн зөвлөснөөр халуун бууруулах эм өгөх нь зүйтэй. Томуугийн үед хавсарсан эмгэггүй хүүхдийн дархлааг дэмжсэнээр эмчлэгддэг тул ямар нэг антибиотик өгөх шаардлагагүй хэмээн эмч нар зөвлөж байна.
- Мөн томуугийн эмчилгээ 5-7 хоног хийгдэж байгаа бөгөөд энэ хугацаанд бүрэн эдгэрсэн гэж үзэх нь буруу гэлээ. Эмчилгээ хийлгэсний дараагаар олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, дулаан хувцаслах, амин дэмээр баялаг хүнс хэрэглэж байхыг эмч нар зөвлөж байлаа. Харин эмчилгээ хийлгэсний дараагаар хүүхдэд амьсгаадах, цээж хонхолзох зэрэг шинж тэмдгүүд илэрвэл даруй эмнэлэгт хандах ёстой.
Хатгалгаа өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга:
- Ханиалгах
- Халуурах
- Нус гоожих
- Тайван бус болох
- Хоолонд дургүй болох
- Заримдаа амьсгаадах
- Цээж шуугих зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд үүнийг ХАНИАД ШУУХИНАА гэж үздэг.
Дээрх шинжээс гадна амьсгал олширох, цээж хонхолзох эсвэл амьсгал саадтай болох шинж тэмдэг ажиглагдвал УУШГИНЫ ХАТГАЛГАА гэж үзнэ. Хатгалгаа нь хүүхдийн нас, биеийн онцлог, өвчин үүсгэгч нянгаас хамаарч хүүхэд бүрт өөр өөрөөр илэрдэг тул эрүүл мэндийн байгууллагад хандаарай.
Хүүхдийн амьсгалыг хэрхэн тоолох вэ?
Хүүхдийн амьсгалын тоо нэг минутад хэвийн үеийнхээсээ олон болохыг АМЬСГАЛ ОЛШИРОХ гэнэ. Үүнд:
- 2 сар хүрээгүй хүүхдэд 60 ба түүнээс олон
- 2-12 сар хүртэлх хүүхдэд 50 ба түүнээс олон
- 12 сараас 5 нас хүртэлх хүүхдэд 40 ба түүнээс олон болно.
- Та хүүхдээ уйлаагүй, хөхүүлээгүй, тайван үед амьсгалыг нь 1 минутын турш тоолоорой. Унтаж байхад нь тоолбол бүр сайн.
- Секундын зүүтэй юмуу эсвэл электрон цаг ашиглана.
- Хүүхдийн хэвлий дээр гараа зөөлөн тавьж үзээрэй. Амьсгал авахад нь хэвлий төмбийж, гаргах үед нь цааш болох бөгөөд үүнийг 1 амьсгал гэж тоолохыг анхаарах хэрэгтэй.
Цээж хонхолзох гэдэг нь амьсгал авах үед хэвлий төмбийж байхад өрцний хэсгээр цааш хонхойхыг хэлнэ. Хэрэв хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт ЯАРАЛТАЙ хандаарай.
Ханиадыг гэртээ яаж эмчлэх вэ?
Хүүхэд хатгалгаагүй, ханиадтай байвал дараахи эмчилгээг хийнэ.
- Ханиалга намдаах зөөлөн чанарын эм бэлдмэл /аньсны ханд, читамон, чигатуссин зэрэг/ уулгаарай.
- Хөлөргөхгүй, дулаан хувцаслах нь зүйтэй.
- Хамар нь битүүрч байвал ойр ойрхон цэвэрлэх хэрэгтэй. Хамрын хоёр нүхэнд зэрэг хөвөн хийж болохгүй. Хөвөнгөө сайтар имэрч, хамрын нүхэнд эргүүлэх хөдөлгөөнөөр оруулан зөөлөн татаж авна. Эм дусааж болохгүй.
- Ханиад шуухинаа даамжирч, хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглаарай.
Хүүхэд өвчилсөн үед:
- Хүүхдээ сайтар хооллох хэрэгтэй. Эх хүүхдийн ягаан дэвтэр дэх зааврын дагуу хоолыг бэлдэж, бага хэмжээгээр ойр ойрхон хооллоорой.
- Халуун бүлээн шингэн сайн уулгана. Халуурах, амьсгаадах зэргээс улбаалан шингэн дутагддаг.
- Хүүхдээ өвчтэй үед сайтар анхаарч, асарч сувилаарай.
ДАРААХИ ШИНЖ ТЭМДГИЙГ АЖИГЛААРАЙ
- Хүүхэд амьсгалж чадахгүй, ойр ойрхон амьсгаадах
- Нойрмоглох, сэрээхэд хэцүү болох, эсвэл сэрэхгүй байх
- Бөөлжих
- Шингэн зүйл уухдаа дургүй буюу ууж чадахгүй байх зэрэг санаа зовоосон асуудал гарах
- Халууныг зургаан цаг тутамд хэмжиж, 38.5 градус буюу түүнээс дээш байвал эмчийн зааврын дагуу халуун буулгах эм уулгана.
- ЗӨВХӨН хатгалгаа өвчний үед антибиотик буюу амоксициллиныг эмчийн зааврын дагуу уулгах хэрэгтэй.
- Гэр орон тань хотын төвөөс зайдуу бол парацетамол, амоксициллин, шингэн сэлбэх давс зэрэг эмийн нөөцтэй байх бөгөөд хугацаа алдалгүй тусламж хүргэхэд тустай.
- Гэрээр эмчлэх эхний аргуудын дараа биеийн байдал дээрдэхгүй бол эмнэлэгт яаралтай хандаарай.
- Бага насны хүүхэдтэй айл бүр халууны шилтэй байх ёстой.