"Боловсрол" суваг телевизийн “Mongolia’s next top model 2018” реалити шоуны баг бүрэлдэхүүн нэвтрүүлгийн талаар мэдээлэл өнөөдөр хийлээ.
"Боловсрол” телевизийн ерөнхий продюсер Ч.Мядагмаа "Манай нэвтрүүлгийн хувьд, оролцогч охид болон загварын ертөнцийнхний хувьд нөхөж баршгүй том гарз тохиогоод байгаа. Оролцогч, шүүгчид, зохион байгуулагчдын хувьд 2-3 сар өдөр бүр хамт амьдарч ажиллаж нэвтрүүлгийг хийж байсан. Талийгаачийг нас барсныг сонсоод маш их сэтгэлийн шаналал, шоконд орсон. Харамсалтай явдал гарснаас хойш хэсэг хугацаанд бидний хувьд нэвтрүүлгээ түр хугацаанд зогсоосон. Цаашид үргэлжлүүлэх эсэхээ ч гэр бүлийнхэнтэй нь ярилцсан. Харин талийгаачийн ээж охиныхоо тэмдэглэлийн дэвтэр дээр "Миний хамгийн том мөрөөдөл бол Next top model болох" гэж бичсэн байсныг үзүүлэн охиныхоо дүрсийг хасалгүйгээр гаргаж өгөөч гэсэн. Ингээд бид нэвтрүүлгийг цацаж байгаа" хэмээв.
“Mongolia’s next top model" нэвтрүүлгийн шүүгч Д.Нора "Талийгаачийг нас барахад би БНХАУ-д ажилтай явж байсан. Намайг гадуур энд байгаад гэр бүлд нь очоогүй, эмгэнэл илэрхийлээгүй гэх ташаа мэдээлэл яваад байгаа. 49 хоногийнх нь өмнөхөн би Монголд ирсэн. Манай нэвтрүүлгийн хувьд өөрийн гэсэн бүтэц зохион байгуулалттай, дэлхийн хэмжээний контент. Манай удирдлагууд, ерөнхий продюсер, найруулагч, шүүгч Энхболд, Боловсрол телевизийн захирал биднийг төлөөлөн очиж эмгэнэл илэрхийлсэн. Мөн манай оролцогч руу их дайрч байна. Ялангуяа Э.Одонтунгалаг руу дайрч байна. Э.Одонтунгалаг талийгаачтай адилхан оролцогч. Тэд бие биенээ үзэн ядаж аминд нь хүрэх хэмжээний зүйл болоогүй. Э.Одонтунгалагийн хувьд маш хэцүү байгаа. Гэрээсээ гарч, хичээлдээ ч явж чадахгүй байгаа. Тэр ердөө 18-хан настай хүүхэд. Загварын ертөнц нэгнээ барьж идэхдээ тулаагүй байна. Загвар өмсөгч бүр биенээ таньдаг. Учир нь загварын ертөнц жижигхэн. Сошиал медиагаар явж буй энэхүү ташаа мэдээлэлд бүү итгээч. Үүнийг шүүж тогтоодог хуулийн байгууллага бий" хэмээв.
“Mongolia’s next top model" нэвтрүүлгийн шүүгч Э.Энхболд " Миний хувьд талийгаачтай нэг агентлагийн модель байсан тул сайн мэднэ. Ганцаардмал, гэнэн цайлган, ур чадвартай модель байлаа. Энэ харамсалтай үйл явдал бид бүхний хувьд ч хүнд цохилт болсон. Гэтэл зохион байгуулалттай юм уу гэж харагдахуйц шүүгч, оролцогч нар руу дайрсан, хэт нэг талыг барьсан мэдээлэл их тарж байгаад харамсаж байна.
Би талийгаачийг эмээтэйгээ амьдардаг гэдгийг мэддэг учир гэрт нь очиж эмгэнэл илэрхийлсэн. Харин ээж болон ахтай нь үл ойлголцол үүссэн. Түүнээс болж эмгэнэл илэрхийлээгүй гэсэн мэдээлэл гарч байна. Үүний дараагаар тэдэнтэй холбогдож, ойлголцсон. Тиймээс ямар нэгэн баримтгүйгээр, хэн нэгэн рүү дайрахаа зогсоогооч гэмээр байна" гэлээ.