Дэлхийн кино урлагт тодоор дуурсагддаг олон дүрийг бүтээсэн Холливудын жүжигчин Том Хэнкс шүтэн бишрэгч олонтой тул явсан газар бүртээ хүмүүсээр хүрээлүүлж байдаг. Бүр үдийн хоол идэхэд нь хүртэл хүмүүс дэргэд нь зогсч байдаг. Тэгвэл энэ явдал нэгэн түргэн хоолны газар давтагдав. Том Хэнкс SoCal In-N-Out Burger ресторанд ортол тэнд байсан улс бүгд түүнийг таньсан төдийгүй гарын үсгийг нь авч, зургаа авахуулахаар бүчин авчээ.
Нэрт жүжигчин тэвчээртэй нь аргагүй зогсч хүн бүрийн хүслийг гүйцэлдүүлсэн байна. Хамгийн сонирхолтой нь, уг явдлын дараагаар тэрбээр рестораны бүх хоолыг өөрийн мөнгөөр захиалан авч цугласан олныг дайлсан нь Америкийн топ телевизүүдийн толгой мэдээллийн нэг болов. Хэнкс өөрөө бургер захиалан авч шүтэн бишрэгчдийнхээ дунд таатай нь аргагүй ундлаад ажлынхаа зүг жолоо мушгисан байна.