Дэлхийн хөлбөмбөгт шинэ од гялалзан тодорч байна. Жейдон Санчо хэмээх залуу 18-хан настай атлаа Германы Бундес лигийн супер од болон мандаж байгаа. Тэрбээр Дортмунд хотын “Боруссия” клубтээ энэ улиралд 16 тоглолт хийж 5 гоол оруулж, оновчтой 8 дамжуулалт өгчээ. Өнөө цагийн залуу од Килиан Мбаппегийн адил хэв маягаар тоглодог тэрбээр тэсрэлттэй хурд, өндөр ур чадварынхаа ачаар шилдэг хууралтуудыг хийдэг нь том багуудын арааны шүлсийг асгаруулж байна. Харин “Манчестер Сити” клуб амаа барьж байна.
Учир нь чухам тус баг 2017 оны зун Санчог “Боруссия”-д 10 сая еврогоор худалдсан юм. Өдгөө түүнийг “Реал” хамгийн их сонирхож байна. Роналдугаа явуулснаар супер одын гачигдалд ороод байгаа испаничууд англи залууг өрсөлдөгчгүйгээр өөрийн болгохын тулд 70 сая еврог Германы багт бүтнээр нь төлөх аварга саналыг тавих гэж байна. Хэрэв энэ наймаа биеллээ олох юм бол 19-өөс доош настнуудын хувьд Жейдон Санчогийн наймаа нэгэн дээд амжилт тогтоох юм.
Энэ мэдээг сонссон “Манчестер Сити” түүнд онцгой анхаарал хандуулж эхэллээ. Баттай мэдээлэл байхгүй ч англи сэтгүүлчдийн таамаглаж байгаагаар “Манчестер Сити” баг Санчог “Боруссия”-д худалдах гэрээг байгуулахдаа буцаан худалдаж авах заалтыг тусгасан байх магадлалтай гэнэ. Хэрэв ийм тохиолдолд англи залуу Англи руугаа эргэн очих боломж нээгдэнэ.
Удахгүй өөр нэгэн залуугийн нэр дуулдах нь дажгүй юм. Тэрбээр Санчогийн адилаар Англи улсын иргэншилтэй. Мөн Германы багт харьяалагддаг. Бас л гарамгай сайн тоглож байгаа.