Алдарт дасгалжуулагч тус багийг удахгүй орхих тухай яриа хэдийнээс явагдсан аж. Үргэлж давшиж гоё тогололт үзүүлдэг "Манчестер Юнайтед"-ын тактик хамгаалалтын хэлбэр рүү шилжсэн нь хөгжөөн дэмжигчдийнх нь урамыг хугалж буй бололтой.
“Манчестер Юнайтед” клубын удирдлага дасгалжуулагчаа халсан тухайгаа “Энэ улирлыг дуустал багтай дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгч ажиллах бөгөөд энэ хооронд бид шинэ дасгалжуулагчийг олж томилох ажлыг хийх болно. Тус клуб Жозед хамтарч ажилласанд талархаж цаашдын ажилд нь амжилт хүсэж байна” гэж мэдэгджээ.
“Манчестер Юнайтед” энэ улирлын 17 тоглолтоос 26 оноо авч 1990 оноос хойш хамгийн муу үзүүлэлт гаргаад байгаа аж. Одоогийн байдлаар тус баг тэргүүлж буй “Ливерпуль”-ээс 19 оноогоор хоцорч ердөө зургадугаар байрыг эзэлж байна. Тэмцээнд амжилтгүй үзүүлэлт гаргахаас гадна ерөнхий дасгалжуулагч болон багийн шилдэг тоглогчдын хоорондох харилцаа муудсан нь Жозег халах бас нэг шалтгаан болсон биз. Ялангуяа багийн хагас хамгаалагч Поль Погватай Жозе хэл амаа ололцохоо болиод удсан аж. Энд клуб тус хамгаалагчийг 113,0 сая доллараар худалдаж авсан гэдгийг дурьдах нь зүйтэй байх. Өнгөрсөн ням гаригт “Манчестер Юнайтед” баг “Ливерпуль”-тай тоглоод хожигдохыг Погва орлон тоглочийн сандал дээрээс харж байсан билээ. Өнгөрсөн есдүгээр сард тус баг “Вулверхэмптон Уондерерс” багтай тэмцэхэд Погва багаа ядаж талбайдаа довтлох арга барилаар тоглохыг хармаар байгаагаа мэдэгдсэн билээ. Үүний хариуд дасгалжуулагч Моуриунью түүнийг багийн хоёрдугаар ахмадаас болиулсан аж. Португаль дасгалжуулагчийг өнгөрсөн аравдугаар сард халж магадгүй байсан боловч "Ньюкасл Юнайтед" багтай тоглохдоо 0-2 хожигдож байгаад 3-2 болгож багаа ялалтанд хүргэсэн явдал түүнд сүүлчийн боломж олгосон бололтой. Жозе Моуринью нэг багт ерөнхий дасгалжуулагчаар бүтэн дөрвөн улирал ажиллаж үзээгүй нэгэн аж. Одоо "Манчестер Юнайтед" багийн ерөнхий дасгалжуулагчаар хэн ирэх бол гэсэн яриа хөл бөмбөгийн ертөнцийн гол яриа болоод байгаа нь ойлгожмтой. Хамгийн магадлалтай нэр дэвшигчээр “Реал” багийн дасгалжуулагч асан Зинадин Зидан яригдаж байгаа аж. Түүнийг Испанийн багаас явсан даруйд л "Манчестер Юнайтед" клуб урьж эхэлсэн байна.