УИХ-ын гишүүн, Хөдөө аж ахуйн сайд, Хотын ерөнхий менежер зэрэг албан тушаал хашиж байсан, МАН-ын “нууц ноёнтон” гэж зарим хэвлэлд бичдэг Т.Бадамжунайг хил даван зугтсан гэдгийг олон эх сурвалж баталж байна. Тэрбээр 10 гаруй хоногийн өмнө урд хилийн Замын-Үүд боомтоор “УАЗ-469” машинаар хил гарсан гэнэ. Тус боомтоор жирийн наймаачдын ачаа бараагаа татдаг “УАЗ-469”- өөр хил давсан нь зугтсаны илрэл болов уу гэж үзэх эх сурвалж олон.
ЖДҮХС, “Мах, сүүний анхдугаар аян”-ы хөрөнгөөс нэлээд олон тэрбум төгрөг авсан байж болзошгүй хэрэгт түүнийг шалгахын өмнөхөн ийнхүү хил давсан бололтой. Түүнийг үнэхээр хилээр гарч зугтсан, эсэхийг тодруулахаар ХХЕГ-ынханд хандахад тус газрынхан ихэд нууцалж, “Хувь хүнтэй холбоотой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Т.Бадамжунай тэргүүтэй хүмүүсийг 2012 онд хуучнаар УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ЖДҮХС-гаас 500 гаруй сая төгрөг завшиж, үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байсан бөгөөд тэр хэрэг хэрхсэн нь тодорхойгүй дарагдсан юм. Харин энэ удаад нэгэн аж ахуйн нэгжид их хэмжээний зээл авахад нь Т.Бадамжунай нөлөөлсөн хэмээн АТГ-ынханд дуудагдах болоод байж.
Үүнээс гадна тэрбээр хил давахаасаа хэд хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Алтай констракшн” компанийн оффис болох “Twin tower” барилгад байдаг өрөөндөө хоёр сая гаруй ам.доллароо бэлтгэсэн гэх мэдээлэл бий. Тэр талаарх баримт хууль сахиулагчдын гарт орсон нь Т.Бадамжунайгийн хил давж зугтах нэг шалтгаан болсон ч байж магадгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй энэ олон мэдээлэл үнэн, эсэхийг батлах хүн нь “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ бололтой.