Бельгийн нийслэл хотод НҮБ-ын олон улсын шилжих хөдөлгөөний тухай гэрээг эсэргүүцэн мянга мянган жагсагчид гудамжинд гарчээ. Олон улсын шилжих хөдөлгөөний тухай гэрээнд НҮБ-ын 164 гишүүн орон өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан аж. Уг эсэргүүцлийг Бельгийн барууны үзэлт намууд зохион байгуулжээ. Эсэргүүцлийг дэмжин Фландын тусгаар тогтнолын төлөөх “Vlaams Belang” намын төлөөлөгчид ч жагссан тухай “BBC” агентлаг мэдээллээ.
Эсэргүүцлийн жагсаалд 5500 хүн оролцсон бөгөөд тэдний эсэрг цагдаа нар усан буу болон нулимс асгаруулагч хэрэглэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Бельгийн эрх баригч эвслийн хамгийн том гишүүн “N-VA” (Фламандын шинэ холбоо) нам дэлхийн шилжих хөдөлгөөний талаар ондоо байр суурьтай байгаагаа илэрхийлэн тус эвслийг орхиж гарчээ.
Мөн тус намын төлөөлөл болох Бельгийн Засгийн газрын гишүүд Ерөнхий сайд Шарлем Мишелийг НҮБ-ын дээрх гэрээнд гарын үсэг зурсныг эсэргүүцэн огцрох өргөдлөө өгсөн байна.
Дэлхийн шилжих хөдөлгөөний тухай НҮБ-ын гэрээг нь заавал мөрдөх ёстой хуульт зүйн баримт бус бөгөөд шилжих хөдөлгөөнийн явцыг арай хялбар агаад аюулгүй, нэгдмэл стандарттай болгох зорилготой баримт аж. Уг гэрээ цагаачлалын давалгааг улам ихэсгэж магадгүй хэмээн болгоомжлон хэд хэдэн оронд эсэргүүцэж байгаа аж. Уг гэрээнд АНУ, Унгар, Итали, Польш,Чех, Словаг зэрэг улс гарын үсэг зураагүй байна.
Брюсселийн эсэргүүцлийн хөдөлгөөний оролцогчид маш олон үр дагавартай уг гэрээнд Засгийн газар ард түмнээсээ асуулгүй ардчилсан бус аргаар гарын үсэг зурлаа хэмээн үзэж байгаа аж.
Зүүний үзлийхэн уг жагсаалыг эсэргүүцэн хотын төвд мөн өөрсдийн цуглааныг зохион байгуулжээ. Эл цуглаан харьцангуй цөөхөн хүнтэй байв. “Шилжих хөдөлгөөнийг эсэргүүцэх жагсаалыг бүлэг фашистууд зохион байгуулж байгааг ард түмэн ойлгоосой гэж бид хүсэж байна. Тэд үзэн ядалт, ялгаварлан гадуурхах үзэл рүү ард түмнийг уриалж байна. Өөр үзэл бодол байгааг бид үзүүлэх ёстой” гэж зүүний цуглаанд оролцогчид “BBC” агентлагийн сэтгүүлчдэд ярьжээ.