Сүхбаатар дүүргийн нутагт байрлах “Шангри-Ла” олон улсын сүлжээ зочид буудлын нэг өрөөнд буудалласан АНУ-ын иргэн боомилж нас барсан байсныг уржигдар тэндэхийн үйлчилгээний ажилтнууд олжээ.
Зочны өрөөг цэвэрлэхээр үйлчлэгч орох үедээ нас барсан байхыг нь хараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн хэргийн газарт үзлэг хийж, тухайн өрөөнөөс шар айрагны хоёр лонх, флаш, гар утсыг нь эд мөрийн баримт болгон хураан авчээ.
Талийгаач нь АНУ-ын иргэн, 34 настай М.К.Стюарт гэх эр байсан бөгөөд АНУ-ын тагнуулын байгууллагын тусгай ажилтан гэх мэдээлэл зарим цахим хуудсанд бичиж буй. Цагдаагийнхан үүнийг нарийвчлан шалгаж буй бөгөөд одоогоор тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм.
Магадгүй АНУ-ын тагнуулын байгууллагын ажилтан амиа хорлосон мэт харагдахуйц байдлаар хорлогдсон байж болзошгүй гэж үзэж буйгаас мэдээллийг нууцалж байгаа бололтой.
Г.Равжаа