БНСУ-д энэ сар гарснаас хойш эрс хүйтэрч, зургаан хүн осгож үхжээ. Мөн 48 хүн эмнэлгийн тусламж авахад хүрсэн тухай тус улсын Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс мэдээлсэн байна.
Нийслэл Сөүл болон Кенги, Чунчон-Пукто, Чолла-Намдо, Кёнсан-Пукто аймгийн оршин суугчид цаг агаарын хүйтрэлд бусдаас их нэрвэгдсэн аж. Өнгөрсөн долоо хоногт алслагдмал нутгаар агаарын температур -12 градус болтлоо буурчээ.
Зарим мужийн оршин суугчдад хүйтний эрч эрс чангарахыг эрх баригчид нь урьдчилан анхааруулсан аж. БНСУ-д арванхоёрдугаар сард шөнийн температур дунджаар -4 градус орчим байдаг гэнэ. Гэтэл Японд энэ сарын эхээр температурын дээд амжилт тогтоож, 25-27 градус дулаан байсныг NHK телевиз мэдээлэв.