Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийнхээ зэрлэг балмад үйлдлээрээ алдартай газар бол Латин Америк. Тэр дундаа Аргентиний фанатууд цуутай. Аргентин дотроо “Бока Хуниорс”, “Ривер Плейт” багуудын хөгжөөн дэмжигчид он удаан жилийн турш өстөн дайсан мэтээр явж ирсэн тул цаг ямагт өөр хоорондоо элдэв гэмт өдөөдөг.
Нийслэл Буэнос Айрес хотод байрладаг багууд атлаа хөгжөөн дэмжигчид нь ийнхүү хоёр хуваагдсан. Гэтэл Хөлбөмбөгийн олон улсын холбоодын сэтгэлийг зовниулдаг фанатуудтай багууд Латин Америкийн хамгийн том тэмцээний аваргын төлөөх шатанд учраа таарсан нь нэгэн том бэрхшээлийг үүсгээд байна.
Либертадоресын цом бол тухайн эх газартаа бол Европын тивийн Аваргуудын лигийн дайны том тэмцээн. Тус тэмцээний шигшээ шатны эхний тоглолтоо багууд “Бока Хуниорс”-ын цэнгэлдэх “Бомбонера”-д хэл амгүй хийж 2:2-ын харьцаагаар өндөрлөсөн. Хариу тоглолт өнгөрөгч амралтын өдөр “Ривер Плейт”-ийн “Монументал” цэнгэлдэхэд болох учиртай байлаа.
Гэтэл тоглолтоо хийхээр цэнгэлдэх рүү явж байсан “Бока Хуниорс” клубийн хөлбөмбөгчдийн автобус рүү “Ривер Плейт”-ийн дэмжигчид мод, чулууг нүүр нүдгүй нүүлгэснээс болж цөөнгүй тоглогчид хүнд, хөнгөн гэмтсэн. Үүний улмаас хоёр ч тоглогчийн нүд гэмтэж мэс засалд оржээ. Уг хэрэг явдлаас үүдэн хөлбөмбөгийн ертөнцөд том хэрэг мандаад буй бөгөөд гэмт этгээдүүдийг хэрхэн цээрлүүлэх, тоглолтыг явуулах эсэх талаар маргалдаж байна.
“Бока Хуниорс” багийн удирдлага болоод тоглогчид аюулгүй байдлыг хангаж чадаагүй хэмээн Латин Америкийн хөлбөмбөгийн холбоог буруутгаж байгаа бол “Ривер Плейт”-ийн тал Аргентиний Засгийн газарт асуулга тавьж байна. Тиймээс уг асуудалд Олон улсын хөлбөмбөгийн холбоо нөлөөлөхөөс өөр аргагүй болоод байна.
Ямартай ч Либертадоресын цомын 2018 оны аварга багийг тодруулах учиртай тул цуцдагдсан тоглолтыг хэрхэн зохион байгуулах, хаана явуулах тал дээр Олон улсын холбоод толгойгоо гашилгаж байна. КОНМЕБОЛ буюу Латин Америкийн хөлбөмбөгийн холбоо тоглолтыг Аргентиний нутаг дэвсгэрийн гадна зохиох саналтай байгаа тул хэд, хэдэн улсын нэрийг дэвшүүлж байна.
Тэдгээрээс Парагвай улсын Асунсьон, Бразилийн Бразил, АНУ-ын Майами хотууд хүчтэй яригдаж байна. Тэгвэл хамгийн сүүлд Арабын Нэгдсэн Эмират улсын Доха хотод явуулах хувилбар гарч ирлээ. Энэ оны 12-р сард тус хотод клубүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох бөгөөд Либертадоресын цомын ялагч баг түүнд Латин Америкийн оролцох юм. Тиймээс газар зүйн ач холбогдлын хувьд уг хот сонгогдох магадлал өндөр байна.