Өмнөд солонгосчууд эх орныхоо тусын тулд алтан эдлэл, хэрэглэлээ Төвбанкандаа тушаасан бахархам түүхийг бид ярих дуртай. Зүүн Азид 1997 онд санхүүгийн хямрал тохиосон удаатай. Эл хямралд Индонез, Тайланд, Өмнөд Солонгос улс хамгийн ихээр нэрвэгдсэн. Ам.доллар тухайн орноос “зугтаж”, үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш огцом суларсан уг ээдрээт үеийг “Зүүн Азийн валютын хямрал” гэж нэрлэх нь ч бий. Товчхондоо, Зүүн Азийн орнууд гадаад валютын хомсдолд орж, төлбөрийн тэнцлийн алдагдлаа хааж чадахаа болиод, улмаар энэ нь санхүүгийн хямрал болж хувирсан хэрэг.
Тухайлбал, БНСУ-ын воны ам.доллартой харьцах ханш 800 гаруй байсан бол богино хугацаанд 1700-д хүрч, хоёр дахин өссөн байдаг. Тухайн үед Өмнөд Солонгос Олон улсын валютын санд эдийн засгаа сэргээхийн тулд 58 тэрбум ам.долларын өр тавьсан байлаа. Ингээд төр засгийн удирдлага нь гадаад валютын хомсдолоос гарах, цаашлаад өрөө дарахын тулд иргэдээ алтан эдлэл, хэрэглэлээ Төвбанкандаа тушаахыг уриалсан. Эх орныхоо эдийн засгийг хөл дээр нь босгохын төлөө тэмүүлсэн солонгосчууд нэг өдөрт 200 гаруй тонн алт тушаасан гэдэг. Энэ нь тухайн үеийн ханшаар гурван тэрбум ам.доллар болсон гэдэг юм билээ.
Монгол гадаад валютын хомсдолд үргэлж ордог улс. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар манай улсын төлбөрийн тэнцэл 475 сая ам.долларын алдагдалтай байна. Манайд хоёр тэрбум ам.долларын төлбөрийн тэнцлийн алдагдал хүлээж байсан үе ч бий. Энгийнээр хэлбэл, гадаадаас орж ирж буй валютаас манайхаас хил давж байгаа нь дээрх хэмжээгээр илүү байна гэсэн үг. Тэгэхээр дутаж буй валютаа ямар нэг аргаар нөхөх учиртай. Бонд гаргаж, зээл авч нөхөж болно. Энэ бол валютын дутагдлаа нөхөх хамгийн муу арга. Зээл бол өр. Өрөө хэзээ нэгэн цагт эргүүлэн төлөх учиртай. Манай Засгийн газрын өр 20 гаруй их наяд төгрөгөөр хэмжигдэх болсон. Энэ нь өнөөгийн ханшаар найм орчим тэрбум “ногоон” юм. Нэмж өр тавиад байвал эргүүлэн төлөхөд бэрхшээлтэй. Тиймээс валютын дутагдлаа нөхөхийн тулд их хэмжээний бүтээгдэхүүн экспортлох, ажил үйлчилгээгээ худалдах гэх мэт дотоодын нөөц бололцоогоо дайчлах шаардлагатай. Өнөөгийн нөхцөлд манай улс эскпортын хэмжээгээ өсгөх, ажил үйлчилгээ, технологи гадаадад зарах боломж алга.
Дотоодын нөөц бололцоогоо дайчлах өнөөгийн хамгийн боломжит хувилбар бол алт худалдан авахаа нэмэгдүүлэх юм. Монголбанк алт худалдан авах тусам төдийчинээ валют “үйлдвэрлэж” чадна гэсэн үг. Учир нь алт ямар ч гадаад валютад саадгүй хөрвөх чадвартай металл. Энэ жил Монголбанк 22 тонн алт худалдан авна гэж тооцож байгаа. Энэ нь дэлхийн зах зээлийн ханшаас хамаараад ойролцоогоор 700-800 сая ам.доллар болно. Оны эцэст төлбөрийн тэнцлийн алдагдал хэдэн сая “ногоон” болж нэмэгдэхийг одоо баримжаалахад эрт. Гэхдээ эдийн засгийн нөхцөлөөс алдагдал нэмэгдэх нь тодорхой байгаа. Юутай ч Төвбанк төлбөрийн тэнцлийн алдагдлаа хаах хэмжээний алт худалдаад авчих бололтой.
Алт нь валютын нөөцийг нэмэгдүүлдэг. Монгол Улсын валютын албан нөөц гурван тэрбум даваад байгаа нь сүүлийн жилүүдэд алт тушаах нь олон дахин нэмэгдсэнтэй холбоотой. Монголбанк өнгөрсөн жил 20, 2016 онд 18.3, 2015 онд 15.1 тонн алт худалдан авсан. Сүүлийн гурван жилд ойролцоогоор хоёр тэрбум ам.долларын алт авсан үг. Ийм хэмжээний ам.доллар төлбөрийн тэнцлийн алдагдлыг хааж, валютын нөөцийг нэмэгдүүлэн, цаашлаад ам.долларын ханшийг тогтворжуулахад чамгүй үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой. Монголбанк хойшид жилд 30-40 тонн алт худалдан авдаг болбол эдийн засагт илүү эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй. Иймээс ч Засгийн газраас “Алт-2” хөтөлбөр боловсруулж, олборлогч компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүллээ. “Урт нэртэй” хуулийн хязгаарлалтын бүсэд орсон ашиглалтын талбайг нь чөлөөлөв. Монголбанк “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа тушаая” аян өрнүүллээ. Их хэмжээний алт худалдан авах нь эдийн засагт аминдэм адил тустайг төрийн бодлогын түвшинд хүлээн зөвшөөрсний илэрхийлэл энэ.
Алтны ханш дэлхийн зах зээлд огцом өссөн буюу 2006 онд УИХ гэнэтийн ашгийн татвар 68 хувиар тооцож авах хууль баталсан. Ингэснээр алтны худалдаа хууль бус сүлжээнд шилжиж, нууцаар хил давах болсон юм. Монголбанк 2005 онд 15 тонн алт худалдан авч байсан бол энэ хэмжээ огцом буурав. Төвбанк 2010 онд 2.1 тонн алт худалдан авсан байдаг. Ийнхүү “ёроол”-доо хүрсэн шалтгаан хэт өндөр буюу 68 хувийн татвар байлаа. Алдаагаа ойлгосон УИХ 2011 онд гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хуулийг цуцалсан. Гэсэн ч алт тушаах нь төдийлөн нэмэгдээгүй. Олборлогчид Төвбанканд 2011 онд 3.3 тонн, дараа жил нь мөн адил хэмжээний алт тушаасан юм. Харин 2013 онд зургаан тонн алт тушаасан. Олборлож буй хэмжээтэй харьцуулахад энэ нь чамлалтай дүн байв. Өөрөөр хэлбэл, гэнэтийн ашгийн татварыг тэглэсэн ч олборлогчид, ченжүүд алтаа нууцаар хил давуулсаар байсан гэсэн үг.
Монголбанк, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны санаачилгаар 2014 онд алтнаас авдаг ашигт малтмалын нөөц ашигласны татварыг хоёр дахин бууруулж, 2.5 хувь болгосон. Өсөн нэмэгдэх татварыг нь тэглэсэн. Ингэснээр Монголбанк тухайн жил 12.7 тонн алт худалдан авч, тушаалт сэргэсэн билээ. Уг хөнгөлөлтийг олборлогчдод таван жилийн хугацаатай эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Ирэх жилээс алтны татварын хууль хуучин хэвээр дахин хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, татвар өснө гэсэн үг. Татвар нэмэгдсэнээр алтны худалдаа далд байдалд шилжих магадлал бий. Тиймээс татварын хөнгөлөлтийн бодлогоо үргэлжлүүлэх хэрэгтэй. Монголбанкнаас алтны татварын хөнгөлөлтийг дахин таван жилээр сунгах санал гаргахаар зэхэж буй. Алтны татварыг хөнгөлсөн нь эдийн засагт үр дүнгээ өгсөн бодлого. Төсөвт хэдэн төгрөг илүү хураах зорилгоор татварыг нь өсгөж, алтны худалдааг нууц байдалд оруулбал нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон хэрэг болно. Ингэвэл төсөвт орлого орох ч макро эдийн засагтаа хохиролтой. Үр дүнгээ өгч буй бодлогыг үргэлжлүүлэх хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Хэдийгээр татварыг нь хөнгөлсөн, тушаалт нэмэгдсэн ч алт хууль бусаар хил давуулах явдал байсаар байгаа гэж Монголбанк хийгээд хууль хяналтын байгууллагынхан харддаг. Хятад улс алтныхаа нөөцийг нэмэгдүүлэх далд сонирхолтой. Тиймээс хилээр нь алт оруулж ирсэн тохиолдолд хатуу хариуцлага тооцдоггүй, толгойг нь илээд өнгөрөөдөг хуультай. Мөн урд хөршид алтыг дэлхийн зах зээлийнхээс 15-20 хувиар өндөр үнэтэй худалдаж авдаг нь нотлогджээ. Ийм нөхцөлд алт бага хэмжээгээр боловч хууль бусаар хил давуулж буйг үгүйсгэж боломжгүй.
Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийнхөн хамтран 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул, Баянхонгор аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээ бий болгосон. Дээрх хоёр аймагт хувиараа алт олборлогч олон учраас сонгосон хэрэг. Их хэмжээний алт олборлодог аймагт сорьц тогтоох, худалдан авах цэг байгуулснаар ченжийн дамжлага буурч, гарал үүсэл нь тодорхой болон нууцаар хил давуулах явдал багасна гэж Төвбанкныхан тооцож буй. Тэгэхээр орон нутаг нэг цэгийн үйлчилгээ байгуулсан нь худалдан авах алтны хэмжээг нэмэгдүүлэх “ажиллагаа” гэж ойлгож болох нь. Монголбанк жилд 25-аас доошгүй тонн алт худалдан авах зорилт тавиад байгаа билээ.
Алтны олборлолтыг дагасан хийдэл, завхрал газар авсан нь нууц биш. Хууль бусаар алт олборлогчид газар онгиччихоод нөхөн сэргээлт хийхгүй хаядаг. Тэд хэдий хэмжээний газар нутаг сүйтгэснийг хэн ч тооцож гаргаагүй байна. Хариуцлагагүй компаниуд гол ус бохирдуулах нь хэрээс хэтэрсэн. Ерөнхийдөө алтны олборлолт хариуцлагагүйн “зуд”-д нэрвэгдээд буй. Монголбанканд тушаасан алтны талаас илүүг иргэд худалджээ. Томоохон компаниуд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 25 хувиар тооцон төлөхөөс зугтаж, иргэдээр алтаа тушаалгаж байгаа юм. Аж ахуйн нэгжийн орлого гурван тэрбум төгрөгөөс давбал 25 хувиар тооцож татвар хураадаг хуультай. Энэ бол хуулийн “цоорхой” ашиглаж буй шударга бус явдал. Алтаа байгаль орчинд ээлтэйгээр олборлуулах, татвараа шударгаар хураах гэм мэт шийдвэл зохих асуудал энэ салбарт бий.
Гэхдээ эх орноосоо олборлосон алтаа нэг цэн, ланг ч гээхгүйгээр Төвбанкандаа тушаах шаардлагатай нь эргэлзээгүй. Үүнийгээ эх орондоо, эдийн засагтаа оруулж буй хувь нэмэр гэж ойлгох хэрэгтэй. Засгийн газар, Монголбанк алт худалдан авалтаа нэмэгдүүлэхээр ажиллаж буй нь нөхцөл байдал нь өөр ч, зарчмын хувьд Өмнөд солонгосчуудтай агаар нэг бодлого баримталж байгаа хэрэг.