Энэ оны эхний хагас жилийн байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 91 хэрэгт 201 хүн холбогдон шалгуулав. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 40-өөр буюу 78.4 хувиар өссөн үзүүлэлт. Ийм төрлийн хэрэгт 18-35 насныхан голдуу холбогдож буй нь бидний ирээдүй мансуурлын далайд живж байгааг илтгэсэн хэрэг бус уу. Донтох эмгэгээ эмчлүүлж буй 15-хан настай охин эмнэлгийнхээ гадаа мансууруулах бодис хэрэглээд байж байгаа нь энэ “өвчин” эдгэхдээ удаан гэдгийг харуулж байна. СЭМҮТ-д донтох эмгэгээ эмчлүүлэхээр хэвтэгсэд тасрахгүй байна. Үүнийг статистик ч баталдаг. Тухайлбал, тус төвөөр 2015 онд мансууруулах эм, бодисын шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгээ эмчлүүлэхээр 29 хүн хэвтэж байсан бол 2016 онд 35, 2017 онд 49 болж өсжээ. СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн эмч Л.Мягмарсүрэн “Уг нь эмчлэгддэг өвчин гэж үздэг. Гэхдээ эмчилгээ нь урт хугацаа шаарддаг. Сэтгэл заслын эмчилгээ үүнд их чухал. Зан үйлд нь өөрчлөлт орчихдог учраас энэ бүхнийг нь шийдэж, засаж байж л мансууруулах бодисыг хэрэглэхээ больж, урт хугацаанд, хөрөнгө мөнгө зарцуулж байж эмчилдэг. Өсвөр насныхан бие биеэ уруу татаж мансууруулах бодис хэрэглээд байна. Түүнчлэн мансууруулах үйлчилгээтэй өвс Монголд ургадгийг хянах арга алга” хэмээн нэгэн ярилцлагадаа онцолсон байв.
ХАР ТАМХИНД УРУУ ТАТСАН ХҮНД НОГДУУЛАХ ЯЛЫГ ХӨНГӨРҮҮЛСЭН
Дэлхий даяар НҮБ-аас явуулсан судалгаагаар мансууруулах болон сэтгэц идэвхт эм, бодисын үйлдвэрлэл сүүлийн 15 жилд гурав дахин нэмэгджээ. Тэр дундаа нийлэг аргаар гаргаж авдаг мансууруулах бодисын үйлдвэрлэл улам нарийн болж, хил дамнуулан худалдах арга нь ч өөрчлөгдөөд байгаа билээ. Гэтэл мансууруулах бодис хэрэглэснээс үүдэн гарах хор хохирол, сүйрлээс дархлаажиж, ангижирсан нэг ч улс, үндэстэн, нийгэм, гэр бүл алга. Мансууруулах эм, бодис хэрэглэгчдийг эмчлэхэд дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд үр дүн нь ердөө тавхан хувьтай гарч, 95 нь ямар ч үр дүнгүй, шинэ технологи нэвтрүүлээд ч эмчлэгдээгүйг олон улсын байгууллагууд тайлан илтгэлдээ дурдсаар байгаа юм. Үүнээс үзэхэд хар тамхи, мансууруулах бодисоос ирээдүйгээ аврахын тулд урьдчилан сэргийлэх ажил хийх нь илүү үр дүнтэй байх нь. Гэхдээ дан ганц цагдаагийн, эсвэл СЭМҮТ-ийн эмч нарын хийх ажил биш. Бүх шатны сургалтын хөтөлбөрт донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох хичээл оруулснаар бага ч атугай үр дүнд хүрнэ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хууль, үндэсний хөтөлбөрт уг нь тусгасан ч хэрэгжүүлж буй ажил бага байгаа нь харамсалтай. Ерөнхий боловсролын сургуулиудад донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, хар тамхи, мансууруулах бодисын хор нөлөөг таниулсан хичээл ордог байсан бол дөнгөж сургуулиа төгсөөд буй, эсвэл ахлах ангийн сурагчид энэ төрлийн хэрэгт холбогдож, ялтан, гэмтэнд тооцогдох үйлдэл гаргахаасаа өмнө бодож тунгаах байсан нь лавтай.
Сурагчийн ширээнээс холдоод удаагүй залуус нийлж, зочид буудалд мансууруулах бодис хэрэглээд хэнэг ч үгүй хэвтэж байна. Баянзүрх дүүргийн XVIII хорооны нутаг буюу 13 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг нэгэн зочид буудалд тэдгээр залуус хоёр хоногийн өмнө мансуурч байгаад цагдаагийнханд баригдав. Зарим нь ийнхүү баригдаж хэргээс мултрах гэж эцэг, эхээ шаналган бөөн юм болж байгаа. Нэг хэсэг нь амиа алдаж ч байна. Өнгөрсөн аравдугаар сард Баянгол дүүргийн нутагт мансууруулах бодис хэрэглэсэн хүн өндрөөс үсэрч амиа хорлосныг (Загвар өмсөгч бүсгүй биш гэдгийг тодотгоё. Уг хэрэг явдлаас 1-2 хоногийн өмнө болсон) тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж буй юм.
Мансууруулах бодист хүүхэд, залуус донтож буй нь бусдад уруу татагддагтай холбоотойг мэргэжлийн хүмүүс удаа дараа хэлж байна. Гэвч 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд хар тамхинд уруу татсан хүнд ногдуулах ялыг хөнгөрүүлсэн нь хууль тогтоогчид ирээдүйгээ мансуурал руу улам л уруу татаж байна уу гэлтэй. ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Болор-Эрдэнийн “Цагдаа” сэтгүүлд бичсэн нийтлэлд “1986-2002 оны хооронд хэрэгжсэн Эрүүгийн хуульд хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар борлуулах хэрэгт хүүхэд оролцуулсан бол хүндрүүлэн үзэж, 10-25 жил хорих ял шийтгэх зохицуулалттай байсан. 1986-2017 оны долдугаар сарын 1 хүртэл мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэх төрийн бодлогод 18 хүртэлх насны хүмүүсийг хамгаалахаар хуульчлаад байсан билээ. Харин өдгөө мөрдөж буй Эрүүгийн хуульд бусдад өгөх, худалдах гэсэн хоёр нэр томьёо оруулсан нь бусдыг мансууралд уруу татаж, уг бодисыг санал болгосон нь хариу төлбөргүй өгөөгүй тохиолдолд худалдсан гэж тооцохгүй, тав хүртэлх жил хорих ял шийтгэхээр заасан нь өмнө үйлчилж байсан хуулиас даруй гурван жилээр багасгажээ. Энэ хуулийн үзэл баримтлалаар ял шийтгэлийг бууруулж байгаа нь буруу биш боловч хүүхэд, өсвөр насныхныг мансуурлаас хамгаалах бодлого дутагдаж байна. Эрүүгийн хуульд хүүхдийг гэмт хэрэг үйлдэх, согтуурах, мансуурах, донтох байдалд татан оролцуулах нь гэмт хэрэг гэж заасан ч насанд хүрээгүй хүнийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын наймаанд ашиглах үйлдэлд хамаарахгүй” хэмээн бичжээ.
МОНГОЛД АМЬДАРДАГ ГАДААДЫНХАН ХҮҮХЭД, ЗАЛУУСЫГ УРУУ ТАТАЖ БАЙНА
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт ял шийтгүүлэн хорих ял эдэлж буй хүмүүсийн дунд ЦЕГ, Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг, Монголын сурагчдын холбоо хамтран 2017 оны арваннэгдүгээр сард судалгааны ярилцлага хийхэд 16 хүмүүжигч өөрсдийнхөө үйлдсэн гэмт хэрэгт хүүхдүүдийг ашигласнаа үгүйсгээгүй, зарим нь насанд хүрээгүй хүнээр заруулснаа ч ярьсан байгаа юм.
Монгол залуус танил хүүхдүүдээрээ шөнийн цэнгээний газар, энд тэнд нууцаар мансууруулах бодис заруулдгаас гадна гадаадын иргэн ч манай хүүхэд залуусыг уруу татаж борлуулж байсан хэрэгт холбогдоод буй юм. Нидерландын иргэн Вандер Харст Фридтжоф нь эхнэр, манай улсын иргэн Г-тэй хамтран мансууруулах бодис Монгол Улсын хилээр нэвтрүүлэн, борлуулсан хэрэгт ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид яллагдагчаар татсан билээ. Тэд олон улсын шуудангаар ЛСД (LSD) хэмээх нэг төрлийн мансууруулах бодис оруулж ирэн борлуулдаг байсан хэрэгт холбогдсон юм. Уг бодисыг жирийн иргэд хараад хар тамхи гэж мэдэхгүй. Энэ нь шуудангийн марк хэлбэртэй байсан аж.
Вандер Харст Фридтжоф нарын худалдаж байсан “марк” нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтсан мансууруулах бодисын агууламжтай, энэ төрлийн үйлчилгээтэй, 100 ширхэг зурагтай цаас шиг зүйл хэмээн шинжээчид дүгнэжээ. Уг бодисыг 2017 оны аравдугаар сарын 2-нд Чингэлтэй дүүргийн II хорооны нутагт Б.Тэнгис, Э.Осорсүрэн зэрэг залууст ширхгийг нь 120 000 төгрөгөөр худалджээ. Мөн эхнэрээрээ дамжуулан өнгөрсөн оны аравдугаар сарын 3-нд дээрх ханшаар У.Наянтай, Т.Бархас нарт хууль бусаар худалдсан байгаа юм.
Ийнхүү гадаадын иргэн марк хэлбэртэй хар тамхи Монгол Улсын хилээр нэвтрүүлэн оруулж ирээд, манай залууст зарж байсан хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх саяхан урьдчилсан байдлаар хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай, эс тэгвээс монголчуудыг мансууруулах бодист уруу татсан зарим үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээхгүй, ял завших магадлалтай байсныг сануулж байв. Хилээр оруулж ирсэн үйлдлийг нь шүүхээс нарийвчлан тогтоох шаардлагатай, тэгэхгүй бол Эрүүгийн хуулийн 18.5-ын гурав дахь хэсэгт заасан “Хилээр эд зүйл хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтан, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол 10 000-40 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл заалтад заасан эрүүгийн хариуцлагаас мултарч болзошгүй байсан гэнэ.
Монголд амьдардаг гадаадын иргэн манай залуусыг мансууруулах бодист уруу татсан тохиолдол ганц энэ биш. Мансууруулах бодис бэлтгэж, хэрэглэх аргыг монгол залууст заадаг байж болзошгүй, Дима нэрээрээ манай мансуурах донтой залууст танигдсан Димитрий Николаевич Уткин гэх эрийг манай Хар тамхитай тэмцэх газрынхан баривчлан шалгаж, шүүх ял шийтгэж байсан билээ. 2010 онд манай улсаас хөөгдөн гарч, нууцаар орж ирсэн тэр эр ОХУ-даа орон байрны хулгай, мансууруулах бодис олж авч хадгалсан, цөмийн материал, цацраг идэвхт бодис хулгайлсан хэмээн ял шийтгүүлж байсан гэдэг.
Энэ мэтээр гадаад, дотоодын иргэд Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуусыг хар тамхинд донтуулж байхад УИХ нь хар тамхины хэрэгт холбогдогчдын ялыг хөнгөлөх хууль батлан толгойг нь илж суугаа нь эмгэнэлтэй.
Г.Равжаа