2008 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” болгон зарласан. Энэ өдрөөс хойш 70 гаруй орон жил бүр энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Гэсэн хэдий ч бохир гараас үүдэлтэй халдварт өвчнүүд ихээр гарч хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчирсаар байгаа юм. Жил бүр бохир гарын улмаас тав хүртэлх насны 3.5 сая хүүхэд суулгалт, амьсгалын замын халдварт өвчнөөр нас бардаг гэсэн судалгаа гарчээ. Мөн өндөр орлоготой орнууд бага, дунд орлоготой орнуудын иргэдээс илүү их хувиар гараа угаадаг болох нь тогтоогджээ.