Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар нийтийн тээврийн дизель хөдөлгүүртэй автобуснуудад шүүлтүүр суурилуулж эхэлжээ. Японы ЖАЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар уг ажлыг хэрэгжүүлж буй юм байна. Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын мэргэжилтэн Д.Пүрэвбаяраас тодрууллаа.
-Хэчнээн автобусанд шүүлтүүр суурилуулсан бэ?
-Одоогоор гурван автобусанд DPF гэх япон шүүлтүүр суурилуулсан. Нийт 24 автобусанд суулгаж туршина. ЖАЙКА-гийн буцалтгүй тусламжийн хүрээнд үүнээс гадна автобус баазуудад шүүлтүүр цэвэрлэх төхөөрөмж байршуулах юм.
Эхний ээлжинд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн нэгдүгээр баазыг ийм төхөөрөмжтэй болголоо. Цаашид “Сутайн буянт”, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн гуравдугаар баазад байршуулахаар төлөвлөсөн. Уг ажлыг энэ сарын 15 гэхэд дуусгана.
-Цаашид бүх автобус шүүлтүүртэй болох уу?
-Туршилтад хамруулсан 24 автобусыг ирэх өвөл ажиглаж, үр дүнг судална. Өмнө нь нэг шүүлтүүр Японоос авчирч туршихад дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортгийг 100 хувь устгасан. Үнэр ч гардаггүй юм билээ. Бүх автобусанд суурилуулах, эсэх нь Засгийн газрын шийдвэр, дэмжлэгээс шалтгаална.
Улаанбаатарт өдөрт 19 аж ахуйн нэгжийн 930 гаруй автобус үйлчилгээнд гардаг. Олонх нь хөө, тортог хаядаг, хуучин тээврийн хэрэгсэл. Тиймээс дизель хөдөлгүүртэй автобуснуудад уг шүүлтүүрийг суурилуулах зайлшгүй шаардлагатай.