Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ. Тухайлбал, Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулахыг холбогдох сайд нарт даалгав. “Нарийнсухайтын төмөр зам” компанитай хамтарсан, төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой “Шивээхүрэн төмөр зам” компани байгуулж, тус компанийн нийт хувьцааны төрд ногдох 51-ээс доошгүй хувийг “Монголын төмөр зам” компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Боомтын зориулалттай, 13 км төмөр замын суурь бүтцийн ажлыг гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр боллоо. Шивээхүрэн-Сэхэ чиглэлд төмөр зам барьснаар Нарийнсухайтаас уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломж бүрдэнэ. Ингэснээр нүүрсний экспортын зах зээл өргөжин, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээврийн өртөг буурна гэж тооцоолж буй. Уг боомтоор хүнд даацын автомашинаар жилд 10-15 сая тонн нүүрс тээвэрлэдэг бол төмөр зам барьснаар энэ нь 25 сая тоннд хүрэх боломж бүрдэх юм.
ИННОВАЦЫН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГОТОЙ БОЛОВ
Эл бодлогын зорилгыг “Эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт хөрөнгө, нөөцийг төвлөрүүлэн инновацын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр эдийн засгийг төрөлжүүлж, иргэдийн амьдралыг дээшлүүлнэ” хэмээн тодорхойлжээ. Үүний хүрээнд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн инновацад чиглэсэн ажлыг дэмжиж, аж ахуйн нэгжийн инновацыг хөгжүүлэн, дэвшилт технологийг
төрийн үйлчилгээнд нэвтрүүлж, орчин үеийн аж үйлдвэр, өндөр технологийн салбарт байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай технологи хөгжүүлэх юм. Найман жилийн хугацаатай хэрэгжүүлэх уг бодлогын эхний шат буюу 2018-2021 онд эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт хөрөнгө, нөөц төвлөрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Хоёр дахь шатанд (2022-2025 он) эдийн засаг, аж үйлдвэр, мэдээллийн технологийн тэргүүлэх салбаруудын өрсөлдөх чадварыг сайжруулж, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавихаар төлөвлөжээ. Шаардагдах хөрөнгийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, хандив, тусламжаас бүрдүүлэх юм.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ УЧИРСАН ХОХИРЛЫГ АРИЛГАХАД ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГИЙГ ГАРГАЛАА
Баян-Өлгий аймагт долдугаар сар гарснаас усархаг аадар бороо дөрвөн удаа орсны улмаас Өлгий сумын долоон багийн 530 айлын 2500 гаруй хүн гамшигт нэрвэгдсэн. Гурван иргэн бэртэж гэмтэн, 287 байшин бүрэн нурж, гэр, хашаа, байшин усанд автсан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комиссыг зарлан хуралдуулж, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсон, холбогдох хүмүүст үүрэг, чиглэл өгч шийдвэр гаргасан юм.
Үүний дагуу тус аймагт 80 гэр, ус тээвэрлэгч, бохирын болон түргэн тусламжийн автомашин, дугуйт ачигч зэрэг техникийг Улсын нөөцөөс гаргасан бол “Дэлхийн зөн-Монгол”, МУЗН, АDRA, “Каритас” олон улсын хүмүүнлэгийн байгууллага 115 мянган ам.долларын үнэ бүхий тусламж үзүүлжээ. Өлгий суманд учирсан хохирлын хэмжээ 15.6 тэрбум төгрөг гэж урьдчилан тооцоод байна. Засгийн газрын зүгээс шаардагдах
540 гаруй сая төгрөгийн 468 саяыг Засгийн газрын үлдэх хэсгийг нь аймаг, сумын нөөц сангаас гаргах нь зүйтэй гэж үзжээ. Мөн Өлгий сумын үерийн хамгаалалтын даланг шинэчлэх ажлаа шуурхайлахыг аймгийн Засаг даргад үүрэг болгов. Үүнээс гадна Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймагт нийт 116 км урт авто зам, замын байгууламж үерт автаж, эвдэрсэн.
Эдгээрийг сэргээн засахад шаардагдах нэг тэрбум 300 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв. Түүнчлэн цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд дуу цахилгаантай, усархаг бороо орох мэдээлэл ирүүлж байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат шатандаа авч, цаашид гамшгийн эрсдэлийн бэлэн байдлыг бүх түвшинд хангах, ард иргэдийг даатгалд хамруулах асуудалд анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болгосон байна.
АЖИЛЛАХ, АМРАХ ВИЗИЙН ТАЛААР АВСТРАЛИ УЛСТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛНА
Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол, Австрали улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг хэлэлцэн дэмжив. Уг санамж бичигт ажиллах, амрах виз олгох, нэвтрэх, оршин суух, хөдөлмөр эрхлэх нөхцөл, бичиг баримт шаардах, иргэдийг буцаан шилжүүлэх, түдгэлзүүлэх, маргаан шийдвэрлэх зэргийг тусгасан байна. Визийн ангилалд хамрагдах хүсэлтэй иргэн нь дээд боловсролтой, эсвэл дээд сургуульд хамгийн багадаа хоёр жил суралцсан, англи хэлний IELTS-ийн 4.5 оноотой, онгоцны ирэх, буцах тийз болон санхүүгийн баталгаатай байх ёстой юм байна.
Бэлтгэсэн: Б.Уран