Д.Сэдбазарын хань Г.Долгор
Үргэлжлэл. Түрүүч нь өмнөх дугаарт
1945 оны наймдугаар сарын 10-ны 01.40 цагт БНМАУ Японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг ариун дайн зарласнаа мэдэгдэж, энэ тухай маршал Х.Чойбалсан Монголын ард түмэнд радиогоор дуулгасан байдаг. Манай цэргүүд наймдугаар сарын сарын 9-нд улсын хил давсан тул зарим түүхч “БНМАУ дайн зарлалгүй цэргээ хөдөлгөсөн” хэмээн бичдэг билээ. Зарлаагүй дайнд мордож, онцгой гавьяа байгуулсан ч нэр нь тодроогүй үлдсэн баатруудын нэгний тухай олж мэдсэнээ хуваалцаж байна. Энэ бол нисээд ирсэн гранатыг нүцгэн гараараа шүүрч, буцаан шидсэн Д.Сэдбазар.
Д.НЯНТАЙСҮРЭН БААТАР Д.СЭДБАЗАРЫГ УЛСЫН БААТАР ЦОЛ АВАХ ЁСТОЙ ХҮН ХЭМЭЭН ТОДОРХОЙЛЖ БАЙЖЭЭ
Чөлөөлөх дайнаас зургаан баатар төрсний гуравт нь буюу Л.Аюуш, С.Дампил, Д.Данзанваанчиг нарт 1945 оны есдүгээр сарын 26-ны АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Улсын баатар цол олгосон. Дайн манай ялалтаар төгсөхөд маршал X.Чойбалсан армийн нийт дайчдад баяр хүргэж, талархал илэрхийлэн үг хэлэхдээ “Тулалдаанд гарамгай амжилт гаргасан хурандаа Д.Нянтайсүрэнгийн командалсан мотомеханикжуулсан хуягт бригадаас БНМАУ-ын баатар гурав төрсөн нь хангалтгүй байна.
Илүү олон баатар энэ ангиас төрөн гарах ёстой. Үүнийг сайн судалж, дахин нягталж үзээд, баатар тодруулах үйл ажиллагааг үргэлжлүүлэх хэрэгтэй” хэмээсэн гэдэг. Үүнээс хойш хурандаа Д.Нянтайсүрэнд 1971 онд, дайны талбарт амь эрсэдсэн холбоочин М.Жанчивт 1975 онд (нэхэн), Д.Сэдбазарыг гранат шүүрч, буцаан шидэхэд “Амийг минь аварлаа” хэмээн тэвэрч, үнсэж байсан салаан дарга Т.Дүүдэйд чөлөөлөх дайны 40 жилийн ойгоор (1985 онд) БНМАУ-ын баатар цол хүртээжээ.
Д.Сэдбазарын хувьд дайсны шидсэн гранатыг дэлбэрэхээс урьтаж буцаан, тасаг, салааны байлдагчдыг аюулаас хамгаалсан гавьяаг нь орхигдуулж, тасаг командалж, сайн тулалдсаныг нь үнэлэн Алтангадас одонгоор шагнуулахаар удирдлага нь тодорхойлсон байна.
Тодруулбал, 1945 оны наймдугаар сарын 19-23-нд болсон байлдаанд гавьяа байгуулсан офицер, түрүүч, байлдагчдыг улсын дээд шагналаар шагнуулахыг хүсэж, мэдүүлсэн тодорхойлолтын 299 дүгээрт “Тасгын дарга Дагвын Сэдбазар намын гишүүн, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын IV багийн харьяат. Байлдаанд өөрийн тасгийг дайсны ширүүн галын өмнөөс биеийг хувьсган далдалж давшуулах талаар дадлагатай бөгөөд зоригтойгоор ажилласан.
Мөн тасгийн хөнгөн пулемётод үүрэг тавьж, дайсны ширүүн галыг даран, ардын цэргийг урагш давших боломжоор хангасан учир...” хэмээжээ. Харин төр, засгийн тэргүүнүүд Д.Сэдбазарыг цэргийн байгууллагаас гаргасан тодорхойлолтоос давуулан үнэлж, Цусан гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.
Түүнээс хойш дайнд гавьяа байгуулсан дайчдын баатарлаг үйлсийг нэхэн хэлэлцэж, Улсын баатар цол олгох талаар яригдах үед чөлөөлөх дайнд мөр зэрэгцэн тулалдаж явсан нөхөд нь Д.Сэдбазарыг энэ цолыг авах ёстой хүмүүсийн нэг хэмээн нэрлэж, дурсамж, тэмдэглэлдээ олонтаа бичсэн байдаг.
Улсын баатар Д.Нянтайсүрэн, Т.Дүүдэй нар цэргийн нөхрийн хувиар ч, дарга, удирдлагын хувиар ч ширүүн тулалдаанд ялахад Д.Сэдбазарын гаргасан хүчин зүтгэл, хувь нэмрийн талаар, гранат буцааж шидсэн тухай нь гэрчлэн өгүүлсэн нь ном сонинд хэвлэгджээ. Жанчхүүгийн давааны бэхлэлтийг эзлэх амь өрссөн ширүүн тулалдаанд мотомеханикжуулсан хуягт бригадыг командалж явсан Д.Нянтайсүрэн баатар Д.Сэдбазарыг Улсын баатар цол авах ёстой хүн хэмээн тодорхойлсон нь архивт хадгалагдаж буй.
БАЙГУУЛСАН ГАВЬЯАНЫХ НЬ ДЭРГЭД БАГАДСАН ШАЛТАГ БААТАР ЦОЛ ХҮРТЭХЭД СААД БОЛОВ
Маршал Х.Чойбалсан байлдагчдын гавьяаг өргөж, алдаршуулах, орхигдуулахгүй үнэлэхийг үүрэг болгосон атал, байгуулсан гавьяа, дарга, цэргийнх нь тодорхойлолт бэлхэн байхад яагаад Д.Сэдбазарт баатар цол олгоогүй юм бол. Түүний насны хань, 50 гаруй жилийг хамтдаа үдсэн Г.Долгор гуайн хэлснээр Д.Сэдбазар агсан тун ялихгүй шалтгаанаар энэ цолноос сугарч үлдсэн гэнэ.
Тэр цэргийн албанаас халагдаж, ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа хоёр удаа шийтгэл хүлээсэн нь ийн дарагдах хангалттай шалтаг болжээ. Ял шийтгүүлсэн шалтгаан нь албан журмын ноос тушаахдаа 10 кг-аар нэмж бичсэн гэх мэтийн яль шальгүй зүйл байх нь одоо сонсоход итгэмээргүй. Гэвч энэ бол бодит явдал.
Яасныг тодруулбал, дайснаа дарж, дархан цолоо мандуулсан бага дарга Д.Сэдбазар 1946 оны аравдугаар сард цэргийн албанаас халагдаж, нутагтаа очжээ. Өнгөрсөн зууны эхний хагаст Монголын хөдөөд бичиг үсэгт тайлагдсан хүн дажгүй боловсролтой тооцогддог байсан хойно. Бичиг үсэгтэйгээр барахгүй бага даргын зургаан сарын курс дүүргэж, цэргийн албаа сайн хаагаад ирсэн, дайнд бага биш гавьяа байгуулсны
илэрхийлэл болох Цусан гавьяаны улаан тугийн одон тэргүүтэй одон, медалиар энгэрээ чимсэн жавхаалаг эрийг нутгийнхан нь баатрын дайтай хүндлэн угтжээ. Түүнийг ганц сар амраагаад л багийн даргын ажилд томилов. Яриа ухуулга хийх, нэгдэлд элсүүлэх, ноос үсний төлөвлөгөө норм биелүүлэх гээд амсхийх завгүй явдаг үед тэр багийн даргаар ажиллажээ. 12 жил ийн шогшоод ажлаа солихоор шийдсэн нь 1959 онд нэгдлийн гишүүдийн амины малыг нийгэмчлэх ажил амжилттай дуусаж, нэгдэлжих хөдөлгөөн ялсныг зарласантай холбоотой. Амины хэдэн малаа нийгэмчилсэн түүнд нэгдлийн “ялтай мал” малласнаас мод бэлтгэж, хөрөө рамтай зууралдсан нь дээр санагджээ.
Баянхонгор аймгийн төв Хонгор хайрхны өврөөс Номгон уулын ар, Түйн голын хөвөөнд дөнгөж нүүж ирээд байсан үе. Тэнд төвхнөж, байшин барилга барих их ажил ундарч байлаа. Барилгын ажилд хэрэглэх мод, модон материалыг бэлтгэх үүрэгтэй Хошигын рам (уулнаас мод бэлтгэн, банз, дүнз хийдэг) гэгчийг байгуулж, “Аймгийн анхны нэгдэл дундын үйлдвэрт залуус ажилд авна, бүтээн байгуулалтад оролцох сайхан боломж шүү” хэмээн залуусыг уриалж байсан тул тийшээ явахаар шийдсэнээ эхнэртээ нэг өдөр дуулгав.
Удалгүй Д.Сэдбазар багийн даргын ажлаа өгч, гэрээ ачаалаад Хошигын рам руу гарч өглөө. Хөлсаяын давааны арын хар модон дунд хөрөө рамчнаар ажилласан жилүүдэд Д.Сэдбазарынхан ёстой л жаргажээ. Сайхан байгальд, сэтгэл тайван, санаа амар аж төрж суутал гэнэт Д.Сэдбазарыг алдаа дутагдал гаргасан хэмээн аймаг, сумаас дуудаж, амар заяаг нь үзүүлэхээ болив. Шалтгаан нь дээр дурдсан 10 кг ноос.
Социализмын материал, техникийн бааз байгуулна, нийгмийн өмчийг бүтээнэ хэмээн хамаг л нөөц, боломжоо шавхаж, төсөв, төлөвлөгөөг байж болох хамгийн дээд хэмээнээс ч дээгүүр тавьж байсан тэр үед шүү дээ. Б.Баабар нэгэн нийтлэлдээ “Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар Сталинтай уулзжээ... Монголын малын тоо толгойг ойрын хугацаанд 200 сая хүргэх даалгавар өгөв... Дагалдаад 1940 ондоо багтааж монголчууд хонины 30 мянган тонн, тэмээний нэг мянган тонн ноос, ямааны ноолуур мөн нэг мянган тонныг бэлтгэж, ЗХУ-д худалдах үүрэг нэмэгдлээ.
Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар жилийн хугацаанд хонины ноос 40 мянган тонныг тушааж, энэхүү дааж давшгүй захиалгыг давуулан биелүүлэхээр амлах нь тэр... Малын тоог 200 саяд хүргэж, эхний жилдээ 40 мянган тонн ноос цуглуулах нь амархан ажил гэж үзлээ. Гол нь сайн л шахах хэрэгтэй... Малчдыг сайтар шахахын тулд эм мал болгоноо төллүүлсэн гэж тооцоод мах ноос, ноолуурын татвар нэхнэ.
Өгч чадахгүй бол шууд л шорон... Үүний тулд “Ноос бол алт” гэсэн хөдөлгөөн улс даяар өрнүүлэв... Жилийн дараа гэхэд Монголын бүх малчин дааж давшгүй өрөнд орлоо. Яаж ч хяргаад төрөөгүй малын мах, ноосыг олж чадахгүй. Ингэхээр гэрийн бүрээс эсгийгээ задалж эргэж ноосорхуу юм болгоно. Дээл, өмднийхөө үсийг юу ч үгүй хяргаж хусна. Нохойгоо ч зүгээр байлгахгүй ноос ноолуурыг нь хяргаж хачирлана. Тэгээд ч дутна. Улсын даалгавар биелүүлээгүй хэргээр малчид бөөнөөрөө шорон явах болов. Энэ үед “ялтай мал” гэсэн нэршил гарчээ. Ноос дутаасан 10 мянган малчин Монголын шоронг хахаав” хэмээн бичсэн нь бий.
Чухам энэ үед л албан журмаа гүйцээгээгүй гэсэн зэм сонсохоос эмээсэн Д.Сэдбазар өөрийнхөө нэр дээр 10 кг ноос нэмж бичээд, гарын үсэг зурчихаж. Түүнийг нэг нь илрүүлж, ажлын үзүүлэлтээ дээшлүүлээ биз. Ингээд “Хариуцлагатай алба хашиж байсан, юмны учир мэдэх хүн байж улсын хөгжилд саад болох юм хийлээ” хэмээн буруутгаж, 1.5 жилийн ял оноочих нь тэр. Тухайн үед 10 кг ноосны асуудал маш том хэрэг, уучилж, өршөөж болшгүй зүйл байжээ.
Түүнийг 1.5 жил болоод хэцүү нэртийнхээс гарч ирэхэд эхнэр, хоёр хүүхэд нь аймгийн төв бараадсан байв. Д.Сэдбазарынх ингэж аймгийн төвийн айл боллоо. Өмнө нь багийн дарга гэсэн сэтэртэй ч хөдөө хөхөрч, гадаа гандаж, хэдэн малынхаа тоосонд явсан, мэргэжил, боловсролгүй түүнд төв суурин газарт хийх ажил ховор. Хайж хайж жижиг мухлагийн худалдагчийн ажилд оров.
Тэнд 2-3 жил ажиллаж байтал улсын хөрөнгөнөөс 6000 төгрөг дутаасан хэрэг мандаж, дахиад 1.5 жилийн ял сонслоо. Хэзээ, яагаад ийм их мөнгө дутаачихснаа өөрөө ч мэдээгүй гэсэн. Тэгэхээр худалдаа, тооцооны ажлын дөргүй, цэргийн алба хааснаас өөрөөр малын дэргэдээс холдоогүй хүнд хөл, толгойгүй баахан бараа хүлээлгэж өгөөд, нөгөөх нь хөдөөх эрийн цүл пал зангаар хайнга хандаж, өрөнд орсон бололтой юм билээ.
Ингэж золгүй гэмээр, цаг үеийнхээ золиос ч гэж болохоор тохиолоор хоёр ч удаа ял шийтгүүлсэн нь түүний намтарт давтан гэмт хэрэг үйлдсэн, хүмүүжлийн доголдолтой, хатуухан хэлэхэд засрашгүй нөхөр гэсэн хар тамга дарж орхиж. Тэгээд л Улсын баатар цолны босгыг давахгүй бүдэрсэн хэрэг. Улсын баатраас бусад шагнал, тодруулбал, Цусан гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одон түүний энгэрт байжээ.
Тэрбээр 1971 оноос хойш Баянхонгор аймгийн арван жилийн II сургуульд жижүүр, мужаан, сантехникч гээд бүх л хар бор ажлыг нь хийж явсаар өндөр насны тэтгэвэрт гарсан аж. Тэнд ажиллаж байхдаа ахмад дайчдын уулзалтыг сургууль дээрээ зохион байгуулдаг, уран зохиолын хичээлээр “Аюуш” туужид гардаг явдлыг бодитоор ярьж өгдөг, сурагчдын хайртай өвөө байсан тухай дурсах хүн олон юм билээ.
Ахмад дайчдын уулзалт байнга зохион байгуулдаг байсан тэр үед “Дайсны гранатыг буцааж шидсэн Баянхонгорын Д.Сэдбазар” гээд хүмүүс анддаггүй байсан гэсэн. Харин одоо дайны галын тэргүүн эгнээнд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт амь биеэ үл хайрлан тэмцэж явсан, авхаалж, самбаагаараа бусдаасаа тодорсон эрэлхэг эрсийн талаар мэддэг, тэдний алдар гавьяаг сонирхдог хүн улам цөөрсөөр буй нь харамсалтай.