“Шарилжгүй Улаанбаатар-3’’ аяныг нийслэлийн хэмжээнд өрнүүлж буй.
Үүний хүрээнд дүүргүүдийн холбогдох албаныхан хариуцсан бүсийнхээ шарилжийг тогтмол зулгааж, цэвэрлэж байгаа аж. Баянзүрх дүүргийнхэн гэхэд энэ сарын 23-наас өчигдрийг хүртэлх хугацаанд IX, XVII хорооны нутаг дэвсгэр дэх үерийн далан, Хужирбулан, Улиастайн гүүрнээс Гачууртын эцэс хүртэл, Улиастайн шинэ тойргоос Улиастайн шинэ эцэс болон Жанжин клуб орчмын зам дагуух нийт 319 915 ам метр талбайн хөл газрын ургамлыг цэвэрлэжээ.
Нийт 6.4 тонн хогийн ургамлыг зориулалтын дагуу устгасан байна. Иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор уг ажлыг зуны турш зохион байгуулах гэнэ.