Баянгол дүүргийн 18 дугаар хороо. Үерийн далангийн хамгаалалтын зурваст автомашины зогсоол байгуулжээ
Энэ зуны хэдэн өдрийн, хэсэгхэн бороонд манай улс гамшигт хэр бэлтгэлтэй байгаагаа “шалгууллаа”. Хэдэн арван сум цахилгаангүй болж, хүний амь нас эрсдэн, хотын зарим хэсгийн авто зам “урсаж”, улс даяараа “барьц” алдсан. Зам, талбай үерт автан эвдэрч сүйдсэн шалтгааныг юун түрүүнд үерийн ам таглаж буусан иргэдээс хайх нь элбэг. Зөвшөөрөлгүй хашаа хатгаж, гэр, байшин барьсан айлуудын буруугаас энэ их хохирол учирлаа гэх. Гэтэл “зөвшөөрөлтэй” гэсэн бичгийн цаана ч аюул нуугдаж байна.
Баянгол дүүргийн 18 дугаар хороо, IV, X хорооллын дундах үерийн далан дагуу барилга баригдсаар олон жил өнгөрлөө. Зүүн дөрвөн замаас Улсын III төв эмнэлэг хүртэл гурав орчим км үргэлжлэх тус далан дагуу орон сууцны барилгууд шилээ даран баригдсаар байна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 102 дугаар тогтоолын Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын хамгаалалтын зурвас, засвар үйлчилгээний журмыг баталсан байдаг аж.
Уг журмын 2.2-т үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг барилга байгууламж, далан сувгийн гадаад ирмэгээс гадагш 10 метр, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын тэнхлэгээс таван метр зайд байхаар тогтооно хэмээн заасан байдаг гэнэ. Уг далан дагуух барилгууд бүгд л эл стандартыг хангасан аж. Өөрөөр хэлбэл, зураг төсөл, инженерийн байгууламж, архитектурын төлөвлөлт гээд баримт бичиг дээр ямар ч “өө” алга.
“Ариун-Очир” компанийн барьж буй зургаан давхар барилга
Гэтэл тэд барилгаас далан хүртэлх зайг дэмий “хаясангүй”. Хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол гээд нүх сүв үлдээхгүй ашиглаж буй нь аюул дагуулж мэдэхээр байна. Жишээлбэл, тус хорооны 86 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайг далангийн хаалтад тулган барьжээ. Дундаа 10 хүрэхгүй см зузаан цементэн хашлагаар тусгаарлагдсан л болохоос биш, тус байрны хүүхдүүд үерийн далан дотор тоглож байна гэж хэлэхэд хилсдэхгүй.
Энэ талаар нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн н.Оргодолоос тодруулахад “Тухайн байршлын орон сууцнууд бүгд зөвшөөрөлтэй баригдсан. Харин далантай зэрэгцүүлж барьсан хүүхдийн тоглоомын талбайг сүүлд, зөвшөөрөлгүйгээр байгуулсан байх” гэлээ. “Далангийн ирмэгээс 5-10 метрийн зайд барилга барьж болно” гэх бидний мөрддөг стандарт олон улсад ч хэрэгждэг аж. Гэсэн ч тэдэн дунд манайхан шиг иргэдийнхээ эрх ашиг, тэр дундаа хүүхдийн аюулгүй байдлыг “уландаа гишгэдэг” компаниуд цөөхөн биз.
Мөн тус хорооны далан дагуух байрны эзэд ихэвчлэн 25 дугаар эмийн сан, X хороолол, “ТБД андууд” дэлгүүрийн автобусны буудлаас суудаг гэнэ. Тиймээс тэд өдөр бүр далан дээгүүрх нэг хүн багтах хэмжээтэй гүүрэн гарцаар гардаг аж. Байрных нь орцны үүднээс тавхан алхмын зайд байрлах тус гүүрэн гарцанд хөндлөн гагнаж, будсан хэдэн төмөрнөөсөөр хамгаалалт байхгүй. Нэг үгээр хэлэхэд шөнө, орой бүү хэл гэгээн цагаан өдрөөр явахад ч аюултай аж.
Мөн “Монгени” сургуулийн урд, далангийн ард шинэ барилга барьж байгаа юм билээ. “Ариун-Очир” компани тус барилгыг өнгөрсөн хавраас барьж эхэлсэн бөгөөд мөн л бичиг баримт бүрэн, стандартын шаардлага хангасан. Гэвч тэд далангийн хазгай газар барьж буй учир шороо асгаж тэгшилсэн харагдана. Тус үерийн далангийн хойд хэсэг, өөрөөр хэлбэл, IV хорооллоос X хороолол руу явах зам огцом уруу, барилга барихдаа газрыг нь ухаж, тэгшлэх шаардлагатай аж.
Гадна талаар татсан хашааны доорх хөрс нь борооны усанд урсаж, нурж байсан юм. Хашаа хатгах төдийд нурж буй хөрс зургаан давхар барилгыг “өргөж” дийлэх нь юу л бол. Тус барилгын талбайн инженер Ган-Эрдэнээс энэ талаар тодруулахад “Шороо асгаж тэгшилсэн хөрсөнд шууд барилга барина гэж байхгүй. Тодорхой хэмжээгээр хүчитгэх шаардлагатай. Бид мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөлтэй уг барилгыг барьж байгаа” хэмээн зөвшөөрлийн бичиг үзүүллээ. Үнэхээр бүхэл бүтэн улсын стандартын шаардлага хангаад, бичиг баримт нь бүрэн байхад тэд ийнхүү том дуугарах нь аргагүй. Энэ мэт стандартын шаардлага “хангасан” барилгуудын цуваа үргэлжилсээр бүхэл бүтэн хороолол бий болоход ойрхон харагдана.
Энэ жилийн орсон бороонд стандартын шаардлага хангасан гэх авто замууд хууларч, улсын комисс “асуудалгүй” хэмээн хүлээж авсан барилгын автомашины зогсоол үерээр дүүрч, иргэн болон улс их хэмжээний хохирол амссан. Цаашид үүнээс ч илүү зүйл болохыг үгүйсгэхгүй. Аливаа нэг байгалийн гамшиг тохиолдсоны дараа бороо оруулсан тэнгэрийн буруу болж дуусах бололтой. Үүнд урьд жилүүдийнхээс арай ахиухан орсон борооны буруутай юу, эсвэл нэгхэн зуны байгалын шалгуур давахгүй байгаа стандартын балаг уу?