Өдгөө зуун нас зооглож буй Монгол Улсын баатар Пунцагийн Шагдарсүрэн гэх эрхэм хүмүүн 1939 оны Халхын голын болон 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож байсан гавьяатан. Мөн тэрбээр 1955-1956 онд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсад, 1956-1958 онд Энэтхэгт Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байгаад 1958 онд эх орондоо эргэн ирж, 1963 он хүртэл Монгол Улсын Ерөнхий сайд Юмжаагийн Цэдэнбалын Засгийн газарт Гадаад хэргийн сайдын алба хашсан түүхтэй. Төрийн албанд олон жил зүтгэсэн энэ хөдөлмөрөө 2017 онд үнэлүүлэн “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр ч шагнуулжээ. Гэвч бид энэ удаа Шагдарсүрэн гуайтай өөрийнх нь талаар бус, түүний эрхэм найз, миний өвөө Цэндийн Намсрайг дурсаж ярилцсан юм. Ярилцлагыг өвөөгийн маань “цэрэг” Д.Дорждулам гуай авч, би буулгах үүрэг хүлээв.
-Намсрай гуай, та хоёр их эртнээс ажлын, гэр бүлийн найзууд биз дээ.
-Бид хоёр нэг үеийн улс аа, нэг насны л зөрүүтэй. 1939 онд Цэдэнбалыг Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон их хурлын үеэр Намсрайтай танилцсан (1940-1984 онд БНМАУ-ыг удирдаж байсан Юмжаагийн Цэдэнбал). Тэгээд л нас барах хүртэл нь бид ажил, амьдрал гээд бүхий л талаар сайхан харилцаатай, дотно нөхөрлөсөн. Их хүндэтгэж явдаг анд нөхөр минь байлаа. Намсрай Цэдэнбалыг мэддэг, бас их дотнын хүн нь байсан учраас бид өдөр тутам уулздаг болж дотноссон хэрэг.
Намсрай бол их оюунлаг, ялангуяа нийгмийн ухаан, монгол, орос хэлний мэдлэг сайтай. Тухайн үеийн боловсролтой, тэргүүний хүмүүсийн нэг. 1940 оны Х их хурлын үеэр Намсрай найз Цэдэнбалын баримт бичгүүдийг боловсруулахад их идэвхтэй оролцож, тэдгээр материалыг нь Цэдэнбал маршал Чойбалсанд (БНМАУ-ын маршал, Улсын баатар, Ерөнхий сайд асан Хорлоогийн Чойбалсан) үзүүлэхээр үлдээсэн.
Хожим Намсрай маань нам, төрийн даалгасан өндөр хариуцлагатай ажил хийж, төрийн зүтгэлтэн, Их хурлын депутат болж байлаа. Сүүлд нь “Үнэн” сонинд их олон жил ажиллаж, манай намын үзэл баримтлалыг ард түмэндээ дэлгэрэнгүй тайлбарлан, мэдлэг олгох эрхэм үүрэг хүлээсэн. Намсрай оюуны, хэл бичгийн их чадвартай учраас Сталины номыг орчуулж байсан, мундаг соён гэгээрүүлэгч хүн. Ер нь нийгмийн шинэ байгууллын талаар ард түмэндээ ойлголт өгөхийн төлөө өөрийгөө дайчилж, их бүтээлч ажил хийж чадсан. Түүний туулж ирсэн хөдөлмөрийн замнал бол их тунгалаг. Тэр намдаа, ард түмэндээ үнэнч, их шударга хүн байсан юм аа.
Маш нөхөрсөг. Найзын хувьд миний сэтгэлд их сайхан дурсамжууд үлдсэн байдаг. Бид Төв хороонд хамт ажиллаж байлаа, Гадаад хэргийн яаманд түр ажилласан, НҮБ-ын чуулганд оролцоход Намсрай маань тэр бүрэлдэхүүнд багтаж явж байсан. Хожим нас нь өндөр болоод Германд Элчин сайдаар томилогдож байлаа. Намсрай Монголын хэвлэл мэдээллийн хөгжилд их үнэтэй хувь нэмэр оруулсан хүн.
Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагад олон удаа сонгогдож, тэдний хурал зөвлөгөөнд улс эх орноо төлөөлөн оролцож байлаа (Олон улсын сэтгүүлчдийн нэгдсэн хурал). Олон улсад нэртэй хүн. Намайг БНАСАУ-д Элчин сайд байх үед хоёр Солонгосын дайн дуусаж, Панмүнжомын хэлэлцээрт (1953 оны долдугаар сарын 27-нд АНУ, БНАСАУ, БНСУ, БНХАУ болон НҮБ-ын зурсан гал зогсоох хэлэлцээр) гарын үсэг зурах болоод бид дайн болж байгаа тэр улсад уулзсан. Хэдэн цаг ч болсон юм, тэр үе санаанаас гардаггүй юм. Хоёр Солонгосын хооронд байгуулсан тэр хэлэлцээрийн үеэр Намсрай өөрийн хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлж очоод байсан. Энэ бол түүхэнд чухал санагддаг. Өнөөдөр амьд байсан бол Панмүнжомын хэлэлцээр гэж юу юм бэ гэдгийг биеэрээ үзсэн цөөн хүний нэг нь Намсрай байх байлаа.
-Гэр бүлийнх нь хувьд?
-За, гэр бүлийн хувьд ч бид их дотно байсан. Зусланд их ойрхон гарна. Янз бүрийн юм тоглоно. Нөхрийн хувьд бол их төв, нөхөрсөг, хүнд их тусч, сайхан хүн байсан юм аа. Ингэж л товчхон дурсъя. Өнөөдөр 100 насны ойг нь үр хүүхэд, улс анхааран өргөн тэмдэглэх болсонд их баяртай байна. Энэ ажил нь бүтэмжтэй, сайхан болоосой гэж ерөөе.
-Нийгэм солигдож, Ардчилсан хувьсгал гарах үед та хоёр энэ тухай ярилцаж байв уу?
-Бид тэр үед тэтгэвэртээ сууж байлаа шүү дээ. Их л харамсаж байсан, ийм юм болно гэж бодоогүй. Ямарваа нэг зүйл цаг үетэйгээ холбоотой байдаг юм. Нэгэнт болсон үйл явдлыг юу гэх вэ.
-Та хоёр хөзөр тоглодог байв уу?
-Тоглолгүй яах вэ. Шатар, биллиард ч тоглоно. Гар бөмбөг бас тоглоно. Цэдэнбалыг гэрлээгүй байхад бид амралтын өдрүүдээр нь хань болж “Нүхт”-ийн аманд хамт тоглодог байлаа.
-Цэдэнбал гуай, Намсрай гуай та гурав их ойрын найзууд байжээ, хамт авхуулсан зураг байгаа юу?
-Байхгүй ээ. Их ойрхон байсан хэрнээ хамтдаа авхуулсан нэг ч зураг байдаггүй. Тэгээд ч Намсрай бид хоёр зураг их авхуулдаг ажил хийдэг хүмүүс биш. Арын албаныхан шүү дээ. Ялалтын баяраар Цэдэнбалын бичсэн баярын бичгийг Намсрай бид Чойбалсанд аваачиж үзүүлээд гарын үсэг зуруулаад явуулсан. Тэр бичгээ явуулчихаад Сангийн яамны дээд давхарт Намсрай, Цэдэнбал, н.Шарав, Д.Цэдэв (1965-1971 онд хотын захирагчаар ажиллаж байв) бид хэд ялалтын баяр тэмдэглэсэн. Сангийн яамны байранд чинь Цэдэнбал амьдарч байсан байхгүй юу. Гэрт нь тэмдэглэж байгаа нь тэр.
-Хожим Цэдэнбал гуай хойно “хорионд” байхад Намсрай гуай та хоёр юу ярьдаг байв аа?
-Өрөвдөж суухаас өөр яах билээ. Дээрээс л шийдэж байсан юм чинь. Монголд авгайтайгаа ирэхэд нь би уулзаж байсан. Ярьсан юмаа давтаж яриад л, ухаан нь муудсан байсан. Бодвол Намсрай тэр үед бас уулзсан л байх. Цэдэнбалыг орос авгайтай суулгасны бурууг бид ч бас үүрэлцэх ёстой. Аятайхан монгол охинтой танилцуулж чадаагүйдээ харамсдаг.
-Намсрай гуайг уурлаж байхыг үзсэн үү?
-Уурлаж, цухалдаж байхыг нь ерөөсөө үзээгүй. Их тайван хүн. Тамхи л их татна. “Энэ тамхинаас ухаан чинь ундардаг юм уу” гэж би тоглож хэлдэг байсан. Нэгийг унтраагаад нөгөөгөө асаана.
-Та хоёр зуу татдаг байсан биз дээ?
-Уулгүй яах вэ. Их тайван, элдэв ааш зангүй ууна. Бид хоёр хөдөө гадаа нэг л машинтай явна.
-Монгол НҮБ-д элссэн анхны хуралд Намсрай эрхлэгч оролцсон гэсэн.
-Би тэр үед сайд хийгээд хуралд оролцогчдыг даргалж явсан юм. Хэлсэн үгийнх нь найруулгыг Намсрай засаж өгсөн.
-Анхны хуралд оролцоход сэтгэгдэл тань их өндөр байсан биз?
-Анхны албан ёсны төлөөлөгчид очиж байгаа учраас их өргөн бүрэлдэхүүнтэй явсан. НҮБ-д элссэний ачаар АНУ-ыг нэг үзээд л ирсэн.
-Бусад орны төлөөлөгчид та нарыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Тэр үед чинь яг хоёр хуваагдчихсан байсан учраас АНУ-ын талыг баригчид “харж марахгүй” шүү дээ. Социалист лагерийн орнууд л бие биедээ баяр хүргэж байсан.
-Манай Намсрай эрхлэгч ховор хүн байсан. Их хөдөлмөрч, оюуны чадвар сайтай.
-Их хөдөлмөрч. Чи өөрөө бичсэн байсан шүү дээ. “Үнэн” сонины ажил гэдэг амаргүй. Олон түмэнд хүргэх юмыг чиглүүлж удирдана гэдэг чинь. Өнөөдрийнхийгөө дуусгаад маргаашийнхыг хийнэ. Ар араас нь яаж амжуулдаг байсан юм. Сонин яг л үйлдвэр шиг ажиллаж байсан байх.
-Тийм. Бид өчигдрийнхөө сониныг өглөө нь ярина. Алдаа гарвал бөөн юм болно. Манай Намсрай эрхлэгч хүн загнана гэж байхгүй. Их дургүй нь хүрэхээр “хөлсний хятад шиг” л гэж хэлнэ. Ул суурийг нь олж байж юм хэлнэ, ер нь загнахгүй шүү. Үнэхээр нөмөр нөөлөгтэй хүн байсан даа.
-Бид 1940 оноос хойш Цагаан сараа тэмдэглэж эхэлсэн шүү дээ. Тэгээд нэг удаа бид С.Лувсангийнд (Дэлхийн II дайны үед Х.Чойбалсангийн туслах байсан Элчин сайд асан) уригдлаа. Тэр үед Б.Ширэндэв (Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн анхны ерөнхийлөгч) эхнэргүй ирсэн юм. Ширэндэв чинь жаахан ширүүн, агсам хүн шүү дээ. Тэгээд Намсрайтай маргаад “Дэлдэн чихт, битгий олон юм яриад бай” гэхэд Намсрай зөрүүлээд “Чи мурий хамарт” гэж хэлээд, мөчөөгөө өгөлгүй маргалдсаар найр тарааж байсан юм. Өөрийгөө хамгаалах үедээ бас хамгаална.
-Та хоёрын зураг бий юү?
-Маршалын тухай баримтат кинонд Намсрай дуу оруулах гэж Москвад очсон юм. Тэр үед би оюутан байсан, хэд хоног бид их сайхан явсан шүү. Хийх зүйлээ хийгээд л надаас Маршалын тухай асуух юмаа тодруулаад л. Их сайхан дурсамж. Тухайн үед бид хоёрын “Метрополь” зочид буудалд авхуулсан зураг бий.
-Намсрай гуай өөрөө кинонд дуу оруулсан юм уу?
-Тийм. Бүр дуу оруул гэж томилогдож очсон байх шүү. Бүх тайлбарыг нь хүртэл хийсэн хүн байхгүй юу.
-Бидэнд сонирхолтой түүх ярьж өгсөн Танд баярлалаа. Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.
-Баярлалаа, та нарт ч гэсэн.