-Газар хатсаны дараа бохирдсон талбайг халдваргүйжүүлнэ-
“Бороо орно” гэхээс л зүрхшээмээр нөхцөл орон нутаг төдийгүй Улаанбаатар хотод үүсээд хэд хонолоо. Томоохон гол, нуурууд үерлэхийн зэрэгцээ усархаг аадар үе үе орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буй. Хэд хоног үргэлжлэн орсон борооны улмаас улсын хэмжээнд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирч, 100 орчим км авто зам эвдэрч сүйдэн, цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унаж, эрчим хүч тасарч, олон мянган айл орон гэргүй болж, хэд хэдэн хүний амь эрсэдлээ.
Үерийн улмаас хамгийн их хохирол амссан Баян-Өлгий аймгийн Өлгий суманд найман багийн 530 айлын 2500 гаруй иргэн гамшигт нэрвэгдэж, гурван хүн гэмтсэн. Төв аймгийн Борнуур суманд үер бууж, авто зам эвдэрч, Шавартайн бетонон гүүрийн тулгуур баганад суулт үүсэж, сургууль, цэцэрлэгийн хашаа нурж, лаг шаварт дарагдан, 12 айлын гэр болон цагдаагийн байр, дэлгүүр усанд автсан байна. Мөн тус аймгийн Зуунмод суманд аадар бороо орсны улмаас уруйн үер бууж, ус зайлуулах суваг задарч, гүүр эвдэрч, 24 айл орох оронгүй болжээ.
Завхан аймгийн Загастайн болон Ганцын давааны зам хагарч, ан цав гарсан бол Ховд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ч үер буусан байна. Учирсан гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох, орон гэргүй болсон иргэдийг түр хоргодох байраар ханган, сэтгэл зүйн болон эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлж, газрыг халдваргүйтгэх, авто замыг засаж, лаг шаврыг зайлуулж буй талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян ярьсан.
Аадар борооны улмаас Өвөрхангай, Булган чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын долоо, Архангай аймгийн Хотонт, Хашаат суманд 35 кВт-ын 20, нийт 27 тулгуур багана унаж, 65 сумын цахилгаан тасарсан. Цахилгааны гэмтлийг өнгөрсөн бямба гарагт бүрэн засварлаж, хэвийн ажиллагаанд оруулсан гэнэ. Урьдчилсан байдлаар 175 сая төгрөгийн хохирол учирчээ. Орон нутагт нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн бол нийслэлд мөн ялгаагүй хэд хэдэн дүүргийн нутаг дэвсгэрт үер бууж, авто зам эвдэрч, цахилгаан дамжуулах шугам гэмтэж, цөөнгүй айл, аж ахуйн нэгж усанд автсан.
2016 онд Баян-Өлгий аймаг мөн гамшигт нэрвэгдэж, 2.2 тэрбум төгрөгийн хохирол амссан. Гэтэл энэ удаа түүнээс бараг тав дахин их буюу 10 тэрбум төгрөгийн хохирол хүлээгээд байгаа аж. Тухайн үед үерээс хамгаалах далан, суваг байгуулах талаар ярьж байсан ч хоёр жил болоход ганц ч далан, суваг шуудуу нэмж бариагүй байх юм. Энэ нь бороо орохоор дулаахан сайхан байшин барина гээд нар гарангуут л залхуураад больчихдог сармагчин, яст мэлхий хоёрын үлгэртэй адил санагдана.
Тус аймагт далан, шуудуу барихаар энэ жилийн төсөвт 570 гаруй сая төгрөг баталж, ирэх жилийн төсөвт таван тэрбум төгрөг суулгахаар болсон гэж Г.Ариунбуян генерал хэлнэ лээ. Одоогийн байдлаар орон нутгийн зүгээс далангийн зураг төслийг л гаргаад байгаа аж. Баян-Өлгий аймгийн энэ байдлаас Улаанбаатарынхан сургамж авч, хэлж ирдэггүй гамшигт бэлэн байх шаардлагатай. Улсын нийслэл бүхэлдээ үерт автахад ч гайхах зүйлгүйг хэд хоног орсон бороо батлан харуулсан гэхэд хилсдэхгүй.
Азийн орнуудад үер усны гамшиг болох эрсдэл өндөр байгаа учраас бэлэн байдлаа хангаж ажиллахыг олон улсаас манайд сануулсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Онцгой комиссын хурал зарлан, үүрэг чиглэл өгөх үеэрээ “Монгол Улс гай зовлон гамшиг осолд үргэлж бэлэн байх ёстой” гэсэн. Гэвч саяын орсон аадар гамшигт бэлэн, эсэхийг шалгахад бид хангалтгүй дүн авлаа. Г.Ариунбуян генерал гамшгийн бэлтгэл, бэлэн байдлыг үе шаттай хангана гэж ярьж буй ч үерийн үед барьц алдсан явдал байгалийн гамшигт үзэгдлээс харьцангуй хол амьдардаг бидэнд сургамж болж байна.
Үерийн аюул хамгийн ойр гэр хороололд нийслэлчүүдийн олонх нь амьдарч буй. Нүхэн жорлон, муу усны бохир үерийн устай холилдон гудамж, талбайгаар урсаж, зам харгуй бохирлогдсон энэ үед халдварт өвчин гарах эрсдэл хамгийн их нэмэгддэгийг эрүүл мэндийн байгууллагынхан хэлж буй. “Гэдэсний халдварт өвчин дэгддэг энэ улиралд үер усны улмаас үүссэн бохир нэрмээс болж байна. Энэ сарын 18-нд ХӨСҮТ-д 105 хүн хандсаны 57 нь ямар нэгэн халдварт өвчинтэй болох нь тогтоогдсон. Үүний 36 нь гэдэсний халдвараар өвчилсөн” гэж ХӨСҮТ-ийн эмч Н.Сувдмаа хэлэв.
Үер болсон газрыг шуурхай халдваргүйтгэх нь чухал. Гэвч газар хатсаны дараа л ариутгах боломжтой гэнэ. Энэ талаар нийслэлийн Онцгой комиссын үер ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай хэсгийн дарга, хурандаа Т.Гантөмөрөөс лавлахад “Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхийн судалгаа гарган, нүүлгэх, гудамж, талбайд хуримтлагдсан лаг шавар, бохир, хогийг бүрэн цэвэрлэж, орчны бохирдлыг арилгах үүрэг өгсөн. Тухайн дүүргийн Засаг дарга нөөц хөрөнгөнөөсөө халдваргүйтгэлийн ажлыг хийнэ” гэв.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Дарь-Эх, Шархад, Монель, Амгалан дулааны станцын орчим үер бууж, 1200 орчим айл өрх усанд автаад байгаа юм. Мөн Сүхбаатар дүүргийн зарим газар байдал хүндэрчээ. Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүүгээс халдваргүйтгэх ажил хийж буй, эсэхийг тодруулахад “Зам, талбай хатаагүй байгаа учраас халдваргүйжүүлэх ажлыг эхлээгүй. Лаг, шаврыг зайлуулж, цэвэрлэж байна.
Хэчнээн хэмжээний талбайг ариутгах талаар дүүргийн Засаг даргын захирамж гарсны дараа тусгай зөвшөөрөл бүхий компани гүйцэтгэх юм. Хэр бохирдсоноос шалтгаалж ямар төрлийн бодисоор ариутгах нь тодорхой болно” гэлээ. Баян-Өлгий аймгийн хувьд 70 орчим га газрыг халдваргүйжүүлэх шаардлагатай ч газар нь нойтон, зарим хэсэгт усан бүрхүүл тогтсон учраас энэ ажил саатаад байгаа аж.
Үерт сүйдсэн олон улсын болон улсын чанартай авто замыг сэргээн засварлахад 1.3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгааг ЗТХЯ-наас гаргасан. Цаашид аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй учраас хохирлын хэмжээ өсөх магадлалтай. Үүний зэрэгцээ Буянт-Ухаа, Яармаг, Нисэх орчим, Төв аймгийг эрчим хүчээр хангадаг цахилгаан дамжуулах агаарын шугамын хоёр тулгуур багана нурах эрсдэлтэй байна.
Сонсголонгийн гүүрийн баруун дор байрлах тус шугамыг унах эрсдэлээс хамгаалж арга хэмжээ авсан ч тулгуур багана суурилуулсан эрэг нь усанд идэгдсээр байгаа аж. Анх дэд бүтэц барих газар олдоогүй учраас голын дунд байрлуулсан нь ийнхүү асуудал дагуулжээ. Эргэн тойронд нь хувийн хэвшлийн компаниуд аялал жуулчлалын зориулалтаар газар авсан ч одоо эзэмшигч нь тодорхойгүй байгаа гэнэ. Тус тулгуур багана элэгдэж нурвал зэргэлдээх цахилгаан дамжуулах шугамд нөлөөлж, маш олон айл эрчим хүчгүй болох эрсдэлтэй учраас холбогдсон утаснуудыг салгажээ.
Ингэж хот, хөдөөгүй гал унтраах арга хэмжээ авсаар. Газар хөдлөх, үер ус гээд гамшиг хэтэрхий хол мэт санаж, амар тайван амьдарч буй монголчууд бид дор бүрнээ бэлэн байдлаа ханган, зам тавих, барилга барих зэрэг бүхий л ажлыг анхнаас нь гамшигт тэсвэртэй байхаар байгуулахгүй бол аюулд нэрвэгдэхийг үгүйсгэх аргагүй болжээ. Энэ нь муу амлалт биш, бодит байдал гэдгийг цаг агаарын гамшигт үзэгдлүүд харуулсаар байна.