Баяр наадмын босгон дээр Хөдөлмөрийн баатар цол хүртсэн уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн өрмийн машинч Батхүүгийн Батбаярыг “Хоймор”- тоо урилаа. Шинэхэн Хөдөлмөрийн баатрыг зорьж ирсэн гийчид, эрх бяцхан зээгээс нь түр “оргуулж” байж ярилцсан юм. Анд нөхдийн баяр хүргэсэн мэндчилгээ, ахан дүүсийн амжилт хүссэн ерөөл бялхсан энэ өдрүүдэд тэрбээр ээлжийн амралттай байж таарчээ. “Наймдугаар сарын эхээр ажилдаа орно” гэсэн Б.Батбаяр баатар 35 дахь жилдээ ээлжинд гарч буй гэнэ лээ.
-Эрдэнэтийнхэн эх орны өнцөг булан бүрээс цуглаж, хот, үйлдвэрээ өөрсдийн гараар босгосон. Та аль нутгийн хүн бэ?
-Би Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул. Увсад Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан гэж халх гурван сум бий. 1700-гаад оны үед тувачууд Хөхий нуруунд нэлэнхүйд нь цөмөрч орж ирээд байсан тул тэднийг түрэн гаргаж, халхын баруун хойд хаяаг эзэгнэн манах үүрэг хүлээлгэж, элжигэн халхуудыг Ханхөхийд суурьшуулсан. Манай өвөг дээдэс Архангайн Туулант гэдэг газраас ноёны зарлигаар тийшээ нүүсэн гэдэг.
Хаяа манасны тэмдэг болгон хар хөх хаяавч, үүдээр ялгардаг байсан элжигэн халхууд 1920- 1930-аад оны үед Хантайшир аймгийн Ханхөхий уулын хошуунд харьяалагдаж байгаад хожим аймаг дахин хуваагдахад тэр үеийн Дөрвөд, өнөөгийн Увс аймаг руу орсон юм гэдэг. Би Ханхөхийн Зүүн Хөхийд төрсөн. Зүүнхангайнхаа бага сургууль, Баруунтурууны арван жилийг төгсөөд 1981 онд зохион байгуулалттай элсэлтээр наашаа ирсэн.
-Зохион байгуулалттай элсэлт гэдэг нь эвлэлийн илгээлтээс өөр үү?
-Илгээлт биш. “Эрдэнэт үйлдвэр” боловсон хүчнээ бэлтгэдэг сургалтын төвтэй байлаа. Үйлдвэрийн ажилчдыг бэлтгэхийн тулд сургалтын төвийн багш нар аймгуудад очиж хүүхэд элсүүлж авч байсан. Манай аймгаас 30 шахам хүүхэд ирсэн юм даг.
-Яагаад өөр сургуульд орохгүй ийшээ орсон юм бэ?
-Би уг нь “Белаз”-ын жолооч болно гэж бодож ирсэн юм. Эрэгтэй хүүхэд болсон хойно машин техникт дуртай байж. Тэр үеийн хөдөөгийн хүүхдүүдэд ерөнхийдөө тийм байсан уу, надад л лав жолооч гэдэг хамгийн сайхан ажил шиг санагддаг байлаа.
-Одоо “Белаз”-ын жолооч биш, өрмийн машинч юм байна шүү дээ.
-Ирээд “Белаз”-ын жолооч болохоор шалгуултал өндрөөрөө тэнцээгүй. “Белаз” маш том техник. Түүнийг жолоодох хүн нь бас өндөр байх ёстой юм байж. Хүсэж, зорьсон мэргэжилдээ бие жижгээсээ болж “гологдчихоод” гонсгордуухан байсан ч ямар нутаг буцалтай биш, өрмийн машинчийн ангид орсон. Ингээд сургалтын төвөө онц төгссөн. Багш нар намайг техникум, Политехникийн дээд сургуулийн эчнээ ангид сур гэдэг байсан ч би яваагүй юм.
-Дээд сургуульд сурвал илүү боломж нээгдэнэ гэж бодоогүй хэрэг үү?
-Манайх зургаан хүү, хоёр охинтой айл. Би дээрээсээ хоёр дахь нь. Аав, ээж минь зуны цагт сүү, тосны заводод ажиллана. Аав цөцгий цохино. Ээж үнээ саана. Үнээ ивэлгэх ээлжтэй нэгнийг нь ээж үүр хаяарангуут дуудна. Зуны шөнийн богиныг хэлэх үү, үүр хаяарахад 04.00 цаг ч болоогүй байдаг сан. Нойрондоо дийлдээд босохгүй бол нөмөрсөн тэрлэгийг нь хуу татаад сэрээнэ дээ. Үүргэлээд л тугал татна. Өдөр нь гишүүнд явна. Зуны гурван сар хөл нүцгэн гүйнэ. Намар хичээлд ороход хөлийн ул шир шиг хатуураад, зузаарчихсан, хэр баргийн өргөс нэвтлэхээргүй болчихсон байдаг сан.
Хязгаар нутагт улирлын чанартай ажилтай, олон хүүхэдтэй айлын амьдрал яаж хангалуун байх билээ. Зургаан эрэгтэй хүүхдийн идэж уух, өмсөж зүүх дийлдэхгүй шүү дээ. 70 кг-ын том шуудайтай гурил хоёрыг авахад сардаа дуусна. Өнжөөд л боорцог хайрна. Намар хичээл эхлэхэд бөх бат, хэдэн хоногийн эдэлгээ даахыг нь бодож гуулин хадаастай бакаал авч өгнө. Бид бакаалнаас өөр гутал өмсөж үзэлгүй аравдугаар анги төгссөн. Томынхоо багадсан хувцсыг бага нь өмсөнө. Ээж минь “Хиргүй л байвал хуучирч муудсан нь яах вэ” гээд уранхай цоорхойг нь нөхөж суух. Ийм л амьдрал дунд өслөө. Том болж ухаан суугаад аав, ээжийгээ их өрөвддөг, тэдэндээ тус нэмэр болно, ачийг нь хариулна гэж боддог болсон. Тэгээд л наашаа ирсэн. Тийм учраас ажлаа л хийе гэж бодсон.
-Таныг ирэх үед Эрдэнэт орчин үеийн хотын өнгө төрхөө олчихсон байв уу?
-Аймгийн төв ч орж үзээгүй хүү сумаас шууд ирж байлаа. Ямар сайндаа Булганы нэг сангийн аж ахуйн төвд хоолонд орохдоо орос тогоочийн өгсөн украин улаан шөлийг хараад “Ийм улаан өнгөтэй хоол байдаг аа” хэмээн гайхаж суух вэ дээ. Энд ирэхэд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байлаа.
Тухайн үед миний үзсэн хамгийн том, хамгийн хөл хөдөлгөөнтэй газар Эрдэнэт байв. “Энд социалист Эрдэнэт хотыг байгуулж байна” гэсэн том самбар хаанаас ч нүдэнд тусна. Дандаа залуус шижгэнэж, шөнө, өдөргүй машин тэрэг цувж, гагнуурын оч үсрээд мөн ч өрнүүн байсан шүү. Оросууд олонтой. Хэл мэдэхгүйгээсээ болж нэлээд “факталдаг” байж билээ.
-Яаж “факталж” байв?
-Хэл мэдэхгүй хэрнээ орос дэлгүүр рүү их орно. Монгол-Орос толь халаасалчихаад тууж явна. Уурхайн уулан дээр орос худалдагчтай дэлгүүр байлаа. Тийшээ ороод дараалалд зогсож, зогсож худалдагчийн өмнө очтол үгээ мартчихдаг байгаа. Ард олон хүн зогсчихсон, худалдагч нь ширүүн ааштай орос хүүхэн “Юу авахаа хурдан хэл” гэж байгаа бололтой загнаад байв. Халаасандаа тольтой хэрнээ тэрүүхэндээ нэрэлхсэн юм уу, гадаа гарч толио харчихаад дахин дугаарлаж билээ. Тал талаас цугларсан хөдөөний голдуу хүүхдүүдэд юм бүр л сонин, содон байж дээ.
-Төр нүдтэй, Хөдөлмөрийн баатар цолыг зүгээр ч нэг хүнд өгчихгүй. Үүний ард асар их хөдөлмөр, хичээл зүтгэл байдаг. Та хэрхэн хөдөлмөрлөж байж энэ цолонд хүрэв?
-Би энд ирээд АИХ-ын депутат, хотын дөрвөн удаагийн хөдөлмөрийн аварга Данзангийн Жаргалсайхан даргатай Өрмийн нэгдүгээр бригадад, Өлзийн Даваа гэдэг хүний шавиар хуваарилагдаж байлаа. Ө.Даваа багш минь орос хэлэнд ус, цас шиг, өндөр мэдлэг, чадвартай, мундаг хүн байсан. Ажлын арвин туршлагатай, өндөр чадвартай, нэр төртэй хүний бригадад, сайн багшийн шавь болж, сайхан хүмүүсийн дунд ажилласан учраас ажил хөдөлмөрт хандах хандлага эхнээсээ зөв тогтсон болов уу.
Тэр мундаг хүмүүсийн байгаа байдал, үйл хөдлөл залуу хүнд нөлөөлнө шүү дээ. Ийм сайхан хамт олны дунд орсон учраас жилийн дараа гэхэд ажилдаа гаршиж эхэлсэн. Социализмын үед хүмүүсийг их урамшуулж, алдаршуулдаг, хийж бүтээх сэдэл өгдөг байлаа. Байсхийгээд л уралдаан зарлана. Энэ бүхэн сайн ажиллаж болох юм байна гэсэн итгэл үнэмшил суулгасан болов уу.
Түүнээс гадна цэргийн алба надад их нөлөөлсөн шүү. Уурхайд хоёр жил ажиллаад, цэрэгт татагдаж, гурван жил армийн алба хаасан. Эр хүн иймэрхүү байх ёстой, эх орон гэдэг чинь ийм юм гэдгийг тэгэхэд илүү бодитойгоор ойлгосон гэх үү дээ. Одоо бодоход армийн гурван жилийг би овоо үр дүнтэй өнгөрөөсөн шиг санагддаг. НАХЯ-ны харьяа Цагдан сэргийлэх тусгай батальонд бага дарга байлаа.
Сонс эргэлтээр дээд амжилт тогтоон, 10 хоногийн орон нутгийн чөлөөгөөр шагнуулж, НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд С.Дамдинсүрэн генералаас цагдаагийн “Онц сэргийлэгч” цол гардаж явлаа. 1986 онд Хилийн ба Дотоодын цэргийн бүх анги, нэгтгэлийн дунд сонсны том тэмцээн болсон юм. Тэгэхэд би 210 эргэсэн.
Цэрэгт байхдаа конкурсдээд Орос хэлний багшийн дээд сургуулийн хэл утга зохиолын анги авсан юм. Нагац өвөөгөөсөө асуухад чулуу татаж, эрхи тасалж үзээд “Чи орос хэлний багш болоод хоол олж идэхгүй. Эрдэнэт рүүгээ яв. Тэнд л миний хүүгийн амьдрал байна” гэсэн. Ингээд цэргийн албанаас халагдаад шууд наашаа ирж, өнөө хүртэл хаашаа ч гуйвж, дайвалгүй ажиллаж байна.
Багадаа тарчигдуухан амьдрал үзсэний хувьд сайн ажиллая, сайхан амьдаръя л гэж бодсоноос биш шагналын төлөө зүтгэж явсангүй. Цэргээс халагдаж ирээд 1990 он хүртэл туслах машинчаар ажилласан. Манайхан зэргийн шалгалт өгч, зургадугаар зэрэг авч байж машинчийн эрх авдаг юм. Би 1989 оны арваннэгдүгээр сард зэргээ авсан. Ардчилал ч эхэлсэн, би ч машинч болсон.
-Таныг өрөмдлөгөөрөө хэд хэдэн дээд амжилт тогтоосон гэж сонссон. Тэр тухайгаа яриач?
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн анхны Хөдөлмөрийн баатар өрмийн хэсгээс, тэр дундаа манай бригадаас төрсөн юм. Миний анхны бригадын дарга Д.Жаргалсайхан багш маань 1988 онд 64 мянган уртааш метр өрөмдөн дээд амжилт тогтоож, Хөдөлмөрийн баатар болсон. Түүнээс хойш 30 жилийн дараа би багшийнхаа цолонд хүрлээ. Өнгөрсөн хугацаанд бусад цех, тасгуудаас дөрвөн Хөдөлмөрийн баатар төрсөн. Яг өрмийн мэргэжлийн хувьд би багшийнхаа араас хоёр дахь нь, үйлдвэрийнхээ зургаа дахь нь болж байгаа юм.
Ажлын амжилт бүтээлийн хувьд, манай бригад таван удаа дээд амжилт тогтоогоод байна. 2000 онд манайх өрмийн шинэ машин авсан юм. Техникийн шинэчлэл бүрэн хийгдээгүй, өмнө ашиглаж байсан нь хуучирсан үе тул ганц шинэ машиндаа илүү ачаалал өгч, ажлаа хийлгэнэ шүү дээ. Тэнд бид ажлын нэлээдийг нугалсан. 2002- 2005 онд гурван дээд амжилт тогтоосон. 2002 онд 78 мянга, дараа жилүүдэд нь 84, 88 мянган уртааш метр өрөмдсөн.
Дараа нь 2014 онд 92, 2015 онд 93.1 мянган уртааш метр тэсэлгээний цооног өрөмдөж, өмнөх амжилтуудаа ахиулсан. Манай уурхай ОХУ-ын СБШ-250 МНА-32 өрмийн суурь машин ашигладаг. Уг машиныг ашигладаг ОХУ болон бусад улсад одоогоор ийм хэмжээний өрөмдлөг хийсэн гэж бүртгэгдээгүй байгаа. Зөвхөн Монголд, Эрдэнэтэд, 22 дугаар өрмийн бригадынхан үүнийг хийсэн хэрэг. Хамт олны л ажил шүү дээ.
Энэ шагнал бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн 6000 ажилчинд өгсөн төр, түмний үнэлгээ гэж би бодож байгаа. Үйлдвэрийг төлөөлүүлж л надад зүүж өгсөн болохоос энэ бол манай хамт олны шагнал. Бид ээлж солилцох бүрт наред авдаг. Ажилчид авсан даалгавраа хэр сайн биелүүлэхээс үйлдвэрийн ажил ямар байх нь шалтгаалдаг. Эцсийн бүтээгдэхүүнд бүх хүний хөдөлмөр шингэдэг.
-Уурхайчдын хувьд хэтэрхий инээдэмтэй асуулт байж магадгүй. Уншигчид эргэлзэж мэдэх учраас тодруулж байгаа юм шүү. 92, 93 мянган уртааш метр гэдэг тоог хэрхэн гаргаад байна вэ?
-Уулын чулуулгийг бутлахын тулд тэсэлгээ хийдэг дээ. Нэг блокыг тэслэхийн тулд 17-18 метрийн гүнтэй, эгнээ хоорондоо 7-8 метрийн зайтай цооног өрөмдөөд, тэнд нь тэсэлгээний бодис хийж тэсэлдэг. Тэсэлж буталсан хүдрийг энэ том машинууд баяжуулах үйлдвэрт хүргэж өгнө.
(Өрмийнхөн уулын ажлын хамгийн эхний дамжлага дээр байдаг гэдгийг ойлгуулахын тулд мэдээжийн мэт боловч мэргэжлийн бус хүмүүс анзаардаггүй тул бичих нь зөв гэж үзэв) 17-18 метрийн цооногуудаа хооронд нь нэмсээр жилийн эцэст ийм дүн гарсан гэсэн үг. Бид сард 6000, жилд 72 мянга орчим метр өрөмдөх төлөвлөгөөтэй. Үүнийгээ давуулж, 80-90 мянга хүргээд байгаа хэрэг.
-Уулын ажлын хамгийн эхний дамжлагыг та нар гүйцэтгэдэг юм байна. Үүнээс цаашдын ажил нь хамаардаг гэвэл “Эрдэнэт үйлдвэр” ямар үр ашигтай ажиллах нь та нараас шалтгаална гэж ойлгож болох уу?
-Тэгж хэлж болно. Өрөмдлөг сайн, тэсэлгээ чанартай болж байж баяжуулах үйлдвэрт стандарт нормдоо нийцсэн хүдэр очно. Энэ нь үйлдвэр үр ашигтай, сайн ажиллах үндэс болно шүү дээ. Өрмийн машинч нарын өөр нэг чухал үүрэг бол өрөмдөж байх явцдаа агуулгын дээж авдаг. Түүнийг маань геологичид шинжилж, уг талбайд ямар агуулгатай хүдэр байгааг тодорхойлоод, хэзээ, аль хэсгийн хүдэртэй хольж баяжуулах үйлдвэрт оруулах тооцоог гаргана. Тэгэхээр өрмийнхний ажил хариуцлагатай байгаа биз.
-Өрөмдлөгөөс шалтгаалж тэсэлгээ чанаргүй болох тохиолдол байх уу?
-Байлгүй яах вэ. Өрөмдлөг, тэсэлгээ хоёр шууд хамааралтай. 17 метрийн гүнтэй цооног өрөмдөх ёстой газарт 18 метр өрөмдчихвөл тэнд хийх тэсэлгээний бодисын хэмжээ ихэснэ. Үргүй зардал гарна. Эгнээ хоорондын зайг алдвал чулуулгын бутлалтын стандарт зөрчигдөнө.
-Та бас зардал хэмнэх санаачилга гаргаж, эдийн засгийн нэлээд хэмнэлт хийсэн гэл үү?
-Өрмийн хошуу гурван шарошкитой. Үүний хоёр нь гацвал ашиглалтаас гардаг. Ажиллагаа хэвийн нэг шарошки хаягддаг гэсэн үг. Гагнуурчин Н.Чулуунгэрэл бид хоёр үүнийг авч, хооронд нь гагнаад ашиглах санаачилга гаргаж, амжилттай хэрэгжүүлсэн. Ийм сэргээсэн хошуугаар 25- 26 мянган уртааш метр өрөмдсөн байдаг юм. Энэ нь тухайн үеийн (2000-аад оны) өрмийн хошууны үнэлгээгээр 60 орчим мянган ам.доллар болж байсан.
Үүнийг хийсэн ажлын үр дүнгээр тооцоход бүр их тоо гарсан гэсэн. Манай үйлдвэр, техникийн товчооныхон тооцоо хийснээ хэлж байсан. Би түүнийг нь мартаж орхиж. Түүнээс гадна штанг, тросс, шатах, тослох материал гээд зөндөө хэмнэсэн. Тухайн үед хэмнэлт хийвэл тодорхой хэмжээгээр урамшуулдаг байлаа. Шагнал авах гэж биш, амьдрах гээд л явсан хэрэг шүү дээ.
Сайн ажиллаж, сайхан амьдаръя л гэж бодож явснаас баатар болоод ингээд сууж байна гэж зүүдлээ ч үгүй. Цолоо авсны дараа одоо хүртэл итгэж өгөхгүй, заримдаа зүүд бил үү, юу билээ ч гэж бодох шиг. Одоо л итгэж, дасаж байна. Байлдагчийн халаасанд генералын мөрдэс байдаг бол уурхайчны халаасанд Төрийн алтан соёмбо байдаг л юм байна. Сайхан байна. Энэ цолыг дааж явах гэж том үүрэг бий. Одоо жил гаруй ажиллаад тэтгэвэрт сууна. Тэр хүртлээ чадлаараа зүтгэнэ дээ.
-Хөдөлмөрийн баатар цол хүртэх болсноо хэзээ, хэрхэн мэдэв. Хожим дурсахад дурсамжтай, сайхан мөч байх даа?
-Долдугаар сарын 8-ны 11.40 цагийн үед тагтан дээр зогсож байтал утас дуугарлаа. Автал нэг эмэгтэй байна. Мэнд, ус мэдээд “Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна. Та Хөдөлмөрийн баатар цол хүртжээ” гэсэн. Би хариуд нь юм хэлж чадсан уу, үгүй юү мэдэхгүй. Таг болчихсон л санагдаж байна. Зангираад л явчихсан. Нуух юм байхгүй уйлсан. Хань минь гарч ирээд, тэврэлдэж аваад уйлсан. (Ийн ярихдаа ч нулимсаа барьж чадсангүй) Тэр тухай бодоход одоо ч нулимс гараад байна. Нулимсаа үзүүлсэнд уучлаарай. Чи Хөдөлмөрийн баатрыг уйлуулаад...
-Баярын нулимс, баярласан сэтгэлийг тань хуваалцахад сайхан байна. Шагналын мэдээ танд маш гэнэтийн байжээ. Ийм том шагналд тодорхойлсныг өмнө нь мэдэж байв уу?
-Ямар ч байсан нэг шагналд тодорхойлж явуулсан гэдгийг нь сонссон. Үнэнийг хэлэхэд би гавьяат л болов уу гэж бодож байлаа. Уурхайчин гэдэг тодорхойлолтынхоо өмнө гавьяат гэдэг эрхэм цолыг зүүчихвэл сайхан л юм даа гэж бодсон ч хамаагүй найдаж болохгүй гэж өөртөө сануулаад байсан. 40 жилийн ой учраас олон хүн тодорхойлсон байж таарна. Тэднээс хэн нь хэзээ ямар шагнал авах, хэн нь авахгүй үлдэхийг бид мэдэхгүй шүү дээ. Нэг их итгэлгүй байтал гэнэт тэгж дуулаад бөглөрөх шахсан.
-Тэр үед юу бодогдов?
-Олон зүйл бодогдсон доо. Өнгөрсөн жилүүдийн үзсэн туулсан зүйлс нүдний өмнүүр гүйгээд л өнгөрдөг юм билээ. 1982 онд “ЗиЛ 130” машины тэвшин дээр модон хайрцаг тавьчихсан, түүндээ ээжийн өгсөн хэдэн ааруул, варений шилтэй өрөмнөөс өөр юмгүй шахам, аавынхаа хуучин хөвөнтэй дээлийг нөмөрч суугаад ирж байсан үе хамгийн түрүүнд санагдсан.
Аав, ээж минь энэ өдрийг үзэж чадаагүйд харамссан. Тэднийхээ ачийг хариулж, жаргаана гэж бодож явсан ч чадаагүй. Аав минь намайг дөнгөж ажил дээрээ жигдэрч байхад 1992 онд өнгөрсөн. Ээж минь харин надтай хамт байж байгаад 2012 онд бурхан болсон. Ямартай ч намайг гайгүй ажиллаж, сайн явааг ээж минь зах зухаас нь үзсэн. Манай дарга нар ээжид намайг магтаж, “Хүү чинь юм дуулгана аа” гэхээр их баярладаг байж билээ.
Ээж Эрдэнэтийн овооны зүгт байнга цай, сүүнийхээ дээжийг өргөнө. Яагаад ийш нь өргөдөг юм бэ, төрсөн нутаг усныхаа зүгт өргөдөггүй юм уу гэхээр “Хүүгийнхээ замыг зөөллөж байна. Хүүтэй минь ажилладаг бусад хүүхдийг ч саадгүй сайхан ажиллаасай гэж залбирдаг” гэдэг сэн. Ээжийн минь сүүгээр зөөллөсөн зам ивээлээ гэж бодсон.
Ээж, аав, нутаг усаа, энд ирсэн өдрүүдээ нэг бодож аваад, эхнэртэйгээ тэврэлдэж хэсэг уйлаад овоо онгойсон. Тэгээд л дээл хувцас гээд бужигнаад эхэлсэн дээ. Эхнэр гэрт байсан торгоо бариад оёдолчин руу гүйсэн.
-Төрийн ордонд өмнө нь орж байв уу?
-Анх удаагаа орж үзэж байгаа нь тэр. Өмнө нь Алтангадас хүртэхэд энд гардуулсан юм.
-Ямар санагдсан бэ?
-Монгол Төрийн ордон шүү дээ. Хүндэлж, биширмээр санагдсан. Шагнал гардуулах ёслол чинь яасан ч нарийн дэгтэй юм бэ. “Энэ хивсний яг тэнд зогсоно шүү” гээд шагнал авах гэж байгаа хүмүүст хаана зогсохыг нь хүртэл зааж өгсөн. “Зарлиг уншаад нэрийг чинь хэлэхэд Ерөнхийлөгч рүү алхаарай. Очоод жаахан зайтай зогсоно, гар барина, юм ярьж болохгүй. Шагналаа аваад буцахдаа сайд, УИХ-ын гишүүдтэй гар барихгүй, шууд нөгөө газраа очиж зогсоорой” гэж хоёр, гурав дахин хэлсэн.
Би баруун талын хамгийн дээр зогссон юм. Зарлиг уншаад “Батхүүгийн Батбаярыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор” гэтэл хоолой өөд нэг юм хөөрөөд явчихлаа. Сандраад цамцныхаа захыг суллах санаатай оролдож байгаад дээлийнхээ энгэрийг нааш нь татчихсан байна билээ. Зурган дээр дээлийн энгэр зах онгойчихсон байгаа биз. Нэр дуудахаар явах ёстой хүн чинь захтайгаа ноцолдож хугацаа алдаад, тэгсэн араас нэг хүн “Яваарай” гээд түлхэж байсан.
Гүнзгий амьсгаа аваад алхаад очтол Ерөнхийлөгч “Баяр хүргэе. Хэдэн жил ажиллаж байна” гэж байна. Ерөнхийлөгчтэй юм ярьж болохгүй гэж дахин дахин хэлээд байсан гэж бодовч Төрийн тэргүүн юм асууж байхад дуугарахгүй байж болохгүй байх гээд “Баярлалаа. 34 жил ажиллаж байна” гэлээ. “Өрмийн машинчаар уу” гэхээр нь “Яг тийм” гэсэн. Шагнал гардуулах ёслолын төгсгөлд Ерөнхийлөгч үг хэлэхдээ миний нэрийг онцолж дурдахад нь бас л огшоод явчихсан. Эрэгтэй хүн нулимс ховортой гэдэг. Тэр дундаа би залуудаа тун нулимс ховортой, хүмүүсийг яагаад уйлдаг юм бол гэж гайхдаг байлаа. Гэтэл нас ахихаар нулимс ойрхон болдог юм байна. Амьдралыг ойлгоод ирэхээр уян болдог бололтой.
Төрийн ордонд орсных, есөн хөлт цагаан тугандаа нэг сайн залбирч авлаа. Манайх Тугчин удмын хүмүүс. Төрийн есөн хөлт цагаан тугийг харж хамгаалдаг, тахилгын зан үйлийг нь эрхлэн гүйцэтгэдэг тусгай хүмүүс байсан бөгөөд тэд үе удам дамжин энэхүү албыг эрхэлсээр ирсэн байдаг. Ардын хувьсгал хүртэл манай өвөг эцэг Цамба Увс аймгийн Өндөрхангай суманд цагаан сүлдийг хадгалж байсан юм билээ. Цамбын хүү Энхтайваны охин нь манай буурал ээж. Тиймээс цагаан сүлдэндээ их бишрэлтэйгээр залбирлаа. Амьгүй, эзэнгүй, учиргүй зүйл нэг ч байхгүй гэдэгт би итгэдэг. Өнөөдөр бид хоёрын уулзаж, ярилцаж суугаа минь ч хувь ерөөл шүү дээ.
-Та удахгүй тэтгэвэрт гарна гэлээ. Өөрөө хүсвэл үлдэж ажиллаж болно биз дээ?
-Хэвийн бус нөхцөлд ажилласан хүн 55 нас хүрээд тэтгэвэрт суух эрх нь нээгддэг. Өөрөө хүсвэл 60 хүртэл ажиллаж болно. Гэвч би хийхээ хийж, чамгүй олон жил ажиллалаа. Уулынхаа буяныг ч олон жил хүртлээ. Одоо миний оронд нэг ч гэсэн залуу ажилтай болог, амьдрал ахуйгаа дээшлүүлэг л дээ. 34-35 жил хэвийн бус нөхцөлд ажиллана гэдэг амар зүйл биш. Байнгын чичиргээ, доргилт яаж сайн байх вэ. Хамт ажиллаж байсан олон нөхөр маань хөнгөн ажилд шилжсэн.
Хэвийн бус нөхцөлд ийм олон жил ажиллахад хөдөлмөрийн болон эрүүл мэндийн сахилга бат, зөв хооллож, амрах ёстой цагтаа амрах, эмчилгээ сувилгаа тогтмол хийлгэх гээд олон зүйл нөлөөлдөг. Миний энэ зэрэгтэй байгаа нь сайн ханийн буян. Гэргий маань эмнэлгийн хүн. Эрүүл мэндэд минь байнга анхаарал тавина. Гэсэн хэдий ч ний нуугүй хэлэхэд ах нь цоо эрүүл биш. Нуруу хөших, гар хөл өвдөх нь энгийн зүйл болчихдог юм байна.
-Тэтгэвэрт гарлаа гэхэд таныг залгамжлаад явах хойч үеэ бэлтгэчихсэн үү. Шавь нараас тань сайн өрмийн машинч төрж байна уу?
-Үйлдвэртээ мэргэжлийнхээ дагуу гайгүй хэдэн өрмийн машинч бэлтгээд өгөх юм сан гэж боддог. Чамлахааргүй олон хүн сургасан. Тэд маань ч сайн ажиллах ирээдүйтэй залуус. Түрүүч нь бригад ахлаад явж байна. Сараа, Отгонжаргал хоёрын маань ажлын үзүүлэлт сайн байгаад баярлаж суугаа. Гэхдээ аливаа зүйлийн жинхэнэ шалгуур цаг хугацаа байдаг юм. Шавь нарын маань хэн нь тодорч гарч ирэхийг цаг хугацаа харуулна.