Үндэсний баяр наадмын өмнөхөн Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаалгасан Т.Борхүү гуайг “Өнөөдөр”-ийн зочноор урилаа. 1967 оноос Улсын хүүхэд, залуучуудын театрт ажиллаж, тайз, дэлгэцийн олон уран бүтээлд дүрээ мөнхөлсөн түүнийг уншигчид андахгүй биз ээ.
-Гавьяат жүжигчин болсон талаараа хэрхэн сонсов. Баярт мэдээгээ хэнтэй анх хуваалцсан бэ?
-Өмнөх орой нь утсаар хэлдэг юм билээ. Улаанбаатар хотоос 2200 гаруй км зайтай Ховд аймгийн Үенч суманд найруулагч Ж.Жамъянсүрэнгийн “Хөхөө” кинонд зургаа авхуулчихаад дөнгөж ирээд байлаа. Тэр орой Ардын жүжигчин А.Энхтайвантай дараагийн уран бүтээлийнхээ тухай ярилцаж суутал утас нь дуугардаг юм байна. Нэг хүнтэй их л чухал зүйл ярьж байх шиг байна. Утсаа тасалчихаад нэлээд байж байснаа “За, таныг маргааш өглөө 11.00 цагт Төрийн ордонд ирээрэй” гэж байна гэлээ. Гайхаад учрыг нь асуутал “Гавьяат жүжигчин болжээ, Та” гэсэн.
-Хүндтэй цолоор шагнуулан, нэрээ дуудуулж зогсоход юу бодогдов?
-Манай урлагийнхнаас дөрвөн хүн Гавьяат жүжигчин, Г.Равдан Ардын жүжигчин цол хүртлээ. Баяртай байлгүй яах вэ.
-Олон хүн таныг эл шагналыг аль эрт хүртэх ёстой байсан гэдэг юм билээ. Нууцхан хүлээж байв уу?
-Хэлж мэдэхгүй юм. Гурван ч удаа миний тодорхойлолтыг гаргаж өгч байсан гэсэн. Өмнө нь Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байлаа. Урлагийн тогоонд 50 гаруй жил “чанагдсан”-ыг минь үнэлсэнд баярлаж байна.
-Таныг Говь-Алтай аймгийн Халиун сумын хүн гэж сонссон. Хөдөөний охин хэрхэн урлагт дурласан юм бол?
-Бурхан буудай уулын ард орших Хар азаргын нуруунд өссөн хүн дээ. Ээж, аав минь эгэл сайхан малчин байлаа. Тэднийхээ гар дээр, мал маллаж л хүн болсон. Би эцэг, эхээс дөрвүүлээ. Хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй. Ах, эгч минь өөд болсон, хөөрхий. Дүү минь гэр бүлийнхний хамт Булган аймагт амьдардаг юм.
Урлагийн хүн болно гэж төсөөлж ч байсангүй. Эмч болно л гэдэг байлаа. Эмнэлэг, эмийн сан руу орохоороо нүдэнд харагдсан эмнүүдийн нэрийг бичиж аваад, цээжилнэ. Яах вэ, юм юм сонирхдог сониуч зан минь урлагт татагдахад нөлөөлсөн байх. Сурагч байхдаа спорт, урлаг, соёлын арга хэмжээнд их идэвхтэй оролцдог байв. Дуулж, бүжиглэнэ, шанз, мандолин тоглочихно. Тэр үед манай аймгийн Соёлын ордонд Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар ажиллахаар ирсэн юм. Түүний удирдлагад урлагийн арга хэмжээнүүдэд оролцдог байлаа.
-Тэр үедээ сонинд бичигдэж байсан гэдэг байх аа?
-1961 онд “Хөдөлмөр” сонинд “Авьяаслаг охин” гээд гарч байлаа. Тэр сониноо одоо ч хадгалдаг шүү. Дунд ангид байх үед манайх Говь-Алтайгаас Дорноговь руу нүүж, тэнд хоёр жил сурлаа. Дараа нь аравдугаар ангидаа Дундговь руу шилжиж, төгссөн юм. Ангийн маань багш Ш.Лувсандорж Ч.Сүхээ бид хоёрт Багшийн дээд сургуулийн кино драмын ангийн хуваарь өгчихсөн.
Одоогийнх шиг сонгох боломж байсангүй л дээ. Сургуулиас хуваарилсан л бол үгүй, солино гэх эрхгүй. Ингээд дунд сургуулийн найзтайгаа хамт 160 хүүхдээс шигшигдэж явсаар, тэнцэж, төгссөн дөө. Ч.Сүхээ маань манай ангиас төрсөн анхны Гавьяат. Ингэж л багш минь миний амьдралын замыг өөр тийш эргүүлсэн юм. Түүнд их талархаж явдаг. Гавьяат жүжигчин цол хүртсэний дараа багш минь баяр хүргэж, утсаар ярьсан.
-Урлагийн сургууль таны төсөөлснөөс хэр өөр байсан бэ?
-Улаанбаатар хотыг огт үзээгүй хөдөөний охин л ирж байлаа. Хамаатны ахтайгаа хамт хот руу гарсан юм. Гэтэл тус тусдаа машинд суух боллоо. Миний суусан машин арай түрүүлж ирээд, Тээврийн товчоон дээр буулгачихаад явчихав. Хоёр, гурван цаг хүлээлээ. Ахын суусан машин ирдэггүй ээ. Таньдаг хүн битгий хэл, хаана, юу байгааг нь ч мэдэхгүй болохоор гайхаад л суугаад байлаа. Тухайн үед Тээврийн товчоо хавьд гэр хороолол байсан шүү дээ.
Аргаа бараад хүмүүсээс Улсын багшийн дээд сургууль хаана байдгийг асууж, заалгаад, хувийн хэрэг, аттестатаа өвөртөлж явсных очиж бүртгүүллээ. Цаг ч нэлээд явлаа. Мөнгө байдаггүй. Ийш тийш харвал сургуулийн хашаан дотор манаачийнх бололтой гэр барьчихаж. Очоод учраа хэлээд, “Ганц хонуулаач гээд гуйя. Зөвшөөрөхгүй бол гэрийг нь бараадсхийгээд гадаа нь хоноё” гэж бодлоо. Тэгж байтал бүрий болсон хойно ах минь ашгүй ирж намайг авсан даа. Ингэж л хөглөж, хотын хүн болсон.
-Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийн хэд дэх төгсөлт байв?
-Хоёр дахь төгсөлт. Гавьяат жүжигчин Ч.Сүхээ, С.Дамдин, Д.Цэрэндарьзав, З.Жарантав, А.Янжмаа, Сэлэнгэ аймгийн Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагч асан Н.Балдан, Дорноговь аймгийн Хөгжимт драмын театрын дарга байсан Д.Болд бид нэг анги.
-Сургуулиа төгсөөд л Улсын хүүхэд, залуучуудын театрт хуваарилагдсан уу, та?
-Би сургууль төгсөхдөө дипломынхоо ажлыг Улсын драмын теарт хийж байлаа. Төгсөөд тэнд ажиллана гэж бодож байсан ч Улсын хүүхэд, залуучуудын театраас урилга ирж, намайг өрсөөд авчихсан юм. Танай төгсөлтөөс тэр, тэрийг авна гээд нэр цохсон юм билээ. Ингээд 1967 онд ангиасаа долуулаа тэнд очсон. Мөн ангийн маань багш, “Сүхбаатар” киноны Янжмаад тоглосон, Гавьяат жүжигчин Ө.Ренчинноров уран сайхны удирдагчаар, Н.Раднаа багш туслах найруулагчаар очиж ажилласан.
-Тайзан дээр анх ямар дүрээр гарч байв?
-Хоёрдугаар дамжаанд байхад Улсын драмын театрынхан орон нутгаар аялан тоглолт хийнэ, манай ангиас дөрвөн хүүхэд авна гэв. Ингээд З.Жарантав, А.Янжмаа, Д.Болд бид дөрөв сонгогдсон. Арай дээр гэж сонгосон нь тэр юм болов уу даа. Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт 45 хоног “Отелло”, “Хар санаа, хайр сэтгэл”, “Лир ван”, ”Тамирын бэр” жүжгийн туслах дүрд тоглож байлаа.
Г.Гомбосүрэн, Д.Ичинхорлоо, Б.Дашдаваа, Ц.Гантөмөр, Г.Мягмарнаран нарын мундаг жүжигчний дэргэд байсандаа олзуурхдаг юм. Улсын хүүхэд, залуучуудын театрт очоод анх “Ромео, Жульетта” жүжигт Ромеогийн ээж, хатагтай Монтекийн дүрд тоглосон. Арванхоёрдугаар сарын 31-нд жүжгээ тоглосон санагдана. Дараа нь Д.Маамхүү гуайн найруулсан “Залуу гварди” жүжигт тоглосон.
-Улсын хүүхэд, залуучуудын театрт та алтан үеийн олон сайхан жүжигчинтэй хамтран ажиллаж байсан. Тус театрыг татан буугдтал ажилласан уу?
-Би Ардын жүжигчин А.Очирбат, Гавьяат жүжигчин Б.Энхтуяа, М.Мягмар, Л.Жанчивдорж, Г.Дашхүү, Ч.Хүрэл гээд олон сайхан жүжигчинтэй ажиллаж байлаа. Урлагийн байгууллагууд дотроос хамгийн хамтач, амь нэгтэй нь байсан даа, бид. Манай театрыг Д.Маамхүү, С.Гэндэн, Б.Мушгиа, С.Сугар, Д.Лхасүрэн нарын олон мундаг найруулагч удирдаж явсан. 1995 онд театрын байдал эвгүйтээд эхлэхэд нь И.Нямгаваа найруулагчид “Тэтгэврээ тогтоолгочихоод ажиллая” гэсэн юм. Гэтэл найруулагч “Жүжигтээ тоглоно шүү. Бас зохион байгуулах ангийн дарга болгомоор байна” гэлээ. Ингэж хэдэн жил ажиллаад, больсон доо.
-Тэгээд л чөлөөт уран бүтээлч болсон уу?
-Үндэсний цирк, Дуурийн театрт зохион байгуулагчаар хэсэг ажилласан.
-Театрын тайзнаа та хэчнээн жүжгийн дүрээр “амьдарсан” байдаг бол?
-Надаас илүү унхиатай хүн бол жагсаалт гаргаад, тэмдэглэл хөтлөөд явах байсан биз. Надад даанч тийм бодол байсангүй. Уг нь жагсаавал нэлээд л тоо гарна даа.
-“Шувуу бүхэн жаргалтай” жүжигт бүтээсэн дүр тань үзэгчдийн сэтгэлд хоногшсон байдаг юм билээ.
-Би ихэвчлэн ээжийн дүрд тоглосон байдаг юм. Тэдгээрээс хамгийн хоногшсон нь энэ жүжгийн дүр л дээ. Амьдралд нухлуулсан, нөхөртөө дээрэлхүүлдэг эмэгтэй. Жүжигчин Ч.Хүрэлтэй ээж, хүү болж тоглодог байлаа. Ч.Хүрэл маань даруухан, тоглосон дүр бүхэн нь хүнд их хүрдэг. Их бодож байж гүйцэтгэдэг хүн л дээ. Чимээгүй суугаад, дүрээ бодож байдаг сан. Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун багшийн “Хайр” жүжигт Г.Дашхүүгийн ээжийн дүрд тоглож байлаа. Э.Оюун багш “Овоо шүү, Борхүү” гэж билээ. Багш барагтай бол тэгж магтдаггүй хүн байсан.
-Та олон жүжгийн гол дүр бүтээсэн хэрнээ дэлгэцэд залуу насаа мөнхөлж үлдээгээгүй юм билээ.
-Залуудаа киноны гол дүрд тоглоогүй. Хувь дутсан байх. “Өглөө” киног бүтээх үед Жигжид найруулагч намайг Янжмаагийн дүрд шалгуул гэсэн. Тухайн үед Янжмаа гуайг сайн мэддэг хүн ирж киноны багийнхантай хамт шалгасан юм. Тэр хүн “Янжмаа яг л ийм хүн байсан” гээд л, найруулагч магтаад л, би бараг тэнцчихлээ. Сүхбаатар жанжинд Ц.Дашнамжил тоглох болов. Гэтэл Ц.Дашнамжилын хажууд миний нуруу хэт намдаад болдоггүй.
Аргаа бараад Д.Жигжид найруулагч монгол гутлан дотроо өсгийтэй гутал өмсөөд үз гэж хэлж байх вэ дээ. Ингээд намхан нуруунаасаа болж эл дүрийг алдаж, оронд нь онцгой хэлтсийн дарга Дамирангийн эхнэр Хандын дүрд тоглосон доо. Нээрэн, Ц.Дашнамжил хоёрдугаар дамжаа төгсөтлөө манай ангид сурсан юм шүү дээ. Гуравдугаар дамжаанаас дуурийн дуулаачийн анги руу шилжсэн.
-Ийм явдал “Талын цуурай” кинонд бас давтагдсан гэдэг.
-Харин тийм. Би гол дүрд тоглох гээд л урдуураа таслуулчихаад байдаг юм. Гэхдээ үүнд гутарч, гунидаггүй ээ. Харин ч гол дүрийг тодруулахад би зохих үүргээ гүйцэтгэдэг гэж боддог. Ер нь жүжиг ч тэр, кино ч тэр гол дүрээр амь ордоггүй шүү дээ. Гол дүрийг туслах дүрүүд тодруулдаг. “Талын цуурай” кинонд гол дүр болох Түвдэнгийн Борт шалгуулаад бас л тэнцсэн юм.
Гэтэл Соёлын яамнаас Москвад кино урлагийн дээд сургуульд сурч буй Л.Тунгалагийг Борын дүрд тоглуулж, дипломын ажлыг нь хамгаалуул гэсэн шийдвэр ирж, би ухуулагч хүүхэн Дулмаад тоглосон доо. Бас нэг харамсалтай тохиолдол байдаг юм. Найруулагч Б.Нагнайдоржийн “Хүний сайхан сэтгэл” кинонд тоглох байсан ч хань минь явуулаагүй. Тэр үед “Хөхнөөсөө гараагүй хоёрын хоёр жаахан хүүхэдтэй байж яаж явах гэсэн юм” гээд хориглочихсон. Ихэр хүүхэд минь дөнгөж ой гарантай байсан болохоор арга буюу татгалзсан даа.
-Таны хань ямар мэргэжилтэй хүн байв. Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Хань минь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас гаралтай О.Алтангэрэл гэж хүн байсан. Хошууч цолтой, цэргийн хүн байлаа. Дорноговь аймагт Зүүнбаянд аялан тоглолтоор явж байхдаа танилцаж билээ. Манайх таван хүүхэдтэй. Том нь охин, дунд хоёр нь хүү, хоёр бага нь ихэр охин.
-Ихрийн удамтай байх нь.
-Миний ээжийн тал ихрийн удамтай юм.
-Бэлтгэл сургуулилалт, аялан тоглолт гээд нойр, хоолоо хасан гүйдэг байсан байх. Ажил, ар гэрээ авч явах яггүй хэцүү байв уу?
-Хэцүү үе байлгүй яах вэ. Би чинь тоглолтоор хөдөө их явна, нөхөр цэргийн хүн учраас гэрийн бараа харахгүй. Манай хүн намайг завтай үед гэрийн ажилд огт оролцохгүй, тэгсэн атлаа аялан тоглолтоор явах үед минь хүүхдүүдээ ёстой мундаг асарна. Хоёр ээж минь манай хүүхдүүдийг өсгөж өгсөн дөө. Би хүүхэдгүй хүн шиг явдаг байлаа.
-Том охин тань мөн урлагийн мэргэжил эзэмшсэн гэв үү?
-Миний нөлөө байсан байх. Би хүүхдүүдээ янз бүрийн уралдаан, тэмцээнд оролцуулдаг, хамт бэлддэг байлаа. Тэд минь ч авьяастай. Том охиныг аравдугаар ангид байхад Гавьяат жүжигчин Ё.Цог “Эцсийн тушаал” теле жүжиг хийсэн юм. Тэр жүжгийн гол дүрд миний охин, би охиныхоо өтөл насны дүрд тоглож байлаа. Том охин, хүргэн хоёр минь СУИС-ийг төгссөн. Одоо охин минь ГОК-ийн Соёлын төвд менежер, хүргэн Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын даргаар ажиллаж байна. Нэлээд олон кинонд тоглосон.
-Хэчнээн ач, зээтэй болов?
-Долоон ач, зээтэй, дөрвөн гучтай. Гучаа үзчихсэн эмээ шүү дээ, би.
-Сүүлийн жилүүдэд Та БНХАУ, ӨМӨЗО-ы гэхчлэн гадаадын кинонд түлхүү тоглоод байна уу даа?
-2009 онд Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий намайг ӨМӨЗО-д хийх кинонд зуучилж өгснөөр гаднын уран бүтээлд ажиллаж эхэлсэн дээ. Түүнээс хойш нэлээд олон кинонд ажиллалаа. Өнгөрсөн жил адал явдалт, тулаант төрлийн кинонд тоглож, Бээжинд таван сар гаруй хугацаанд байсан. Энэ сарын 23-нд Бээжинд нээлтийн ёслол нь болно. Өмнө нь Өвөрмонголын телевизийн 22 ангит кинонд мөн тоглосон. Одоо найруулагч Ж.Жамъянсүрэнгийн бүтээж, миний гол дүрд нь тоглож буй “Хөхөө” киног мөн л ӨМӨЗО-д гаргах юм билээ. Олон улсын кино наадмуудад сойх зорилготой гэсэн.
-Ингэж хүний нутаг удаан ажиллахаар хүүхдүүсээ гадна юуг хамгийн их үгүйлдэг вэ?
-Гэрээ их санах юм аа. Шороотой ч гэсэн Улаанбаатараа бодоод байдаг юм. Өвөрмонголд байж болоод байдаг юм. Бээжинд удвал хэцүүдэх янзтай. Цаг агаар нь ч хэцүү. Сар болоод л Замын-Үд рүү очиж визээ сунгуулаад буцдаг юм. Тэр өдрийг хоног тоолоод л хүлээнэ шүү дээ.
-Ажиллах нөхцөл, болзол нь манайхаас их ялгаатай байна уу?
-Ялгаатай шүү. Ажиллах газар, үнэлгээ, хамтран ажиллаж буй хүмүүсийн харилцаа, техник гээд ярих зүйлгүй. Манайд кино урлаг хөгжиж л байна. Гэхдээ тэндхийн хэмжээнд хүрэх бас л болоогүй байна. Мэргэжлийн жүжигчин, хөдөө өссөн, мал маллаж байсан болохоор тэндхийн уран бүтээлд тоглоход их дөхөм байна. Сүүлд тоглосон адал явдалт кинонд нисэж хүртэл үзлээ.
Найруулагч нь “Та хоёр байшингийн хооронд бэхэлгээтэйгээр үсэрч чадах уу. Зүрх, даралт тань хэвийн үү” гэж асуусан. Би ч үзээд алдахаар шийдсэн. Үгүй гэвэл наанадаж миний, цаашилбал монгол жүжигчин гэсэн нэр гарна шүү дээ. Тулалдах, үсрэх, харайх зэргээр нэлээд хэцүү зургууд авахуулсан. Гэхдээ насандаа баймгүй зориг гаргасан. Ажил минь надад улам л амттай санагдаад байгаа.
-“Ээжийн нислэгийн талбай” кинонд бүтээсэн дүрээрээ та “Забайкальсий” олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн. Энэ жил дахин гадаадын кинонд тоглох уу?
-Тэр киноны үйл явдал хачин гоё. Амьдралын хатуу бүхнийг туулж байгаа ээжийн тухай өгүүлдэг юм. Хүмүүс ч ам сайтай байсан. Харамсалтай нь, шагнал гардуулах ёслолынх нь үеэр өөр киноны ажил давхцаад оролцож чадаагүй.
-Нас ахих тусам туулсан амьдралаа эргэн харж, дүгнэдэг байх. Тэр үед тэгэх ёстой байж дээ гэж халагладаг зүйл танд бий юү?
-1990-ээд онд зах зээлд шилжих үед хэн, хүнгүй л хэцүүдсэн шүү дээ. Тэр үед ханьтайгаа ярилцаад, хоёр өрөө байраа зарж, хүүхдүүдээ тусад нь гарган, өөрсдөө саалийн хэдэн үнээ авч, Гачууртын цаахна руу нүүсэн дээ. Эхэндээ самгардсан. Сүүлдээ хашаандаа мод, бут тарьж тохижуулаад сайхан амьдарсан. Одоо бол бүр ч сайхан байна. Зовлон үзсэн хүн анхиатай, түшигтэй, хөдөлмөрч болдог гэж би боддог юм. Хүүхдүүддээ ч ингэж захидаг.
Би туулсан амьдралдаа харамсдаггүй. Театрт хүссэн ажлаа хийж байлаа. Хүүхдүүд минь сайхан өсөж, амьдарч байна. Одоо ч би хөгширсөн гэлтгүй мэргэжлийн ажлаа хийж байна. Юунд харамсах билээ дээ. 13 улсын уран бүтээлчдийн хамтарсан “Асура” гэж кинонд тоглосон юм. Киноны зураг авхуулахын тулд очих, ирэхдээ зургаан онгоц дамжин ниссэн. Онгоцноос буух бүрт хүмүүс тосож, үйлчлээд л. Би Ерөнхийлөгч, сайд, бүр байг гэхэд даргын охин ч биш шүү дээ. Гэтэл урлагийн буянаар би энэ олон жил ийм сайхан хүндлэл хүлээж явна.