Туул, Сэлбийн бэлчир хөндийд 240 орчим жил суурьшиж буй Улаанбаатар хотыг хүрээлж, байгалийн эрч хүчээр нийслэлчүүдийг хангадаг дөрвөн сайхан хайрхны нэг Богдхан уул хэдэн талаасаа сэндийчүүлж, эзлэгдсээр сүйдэж дуусах нь. Түүхэн тахилгат, дархан цаазат уул хэмээн хүндэтгэн сүсэлдэг тус газрыг нэг талаас нь ашигт малтмал олборлогчид сүйтгэж, нөгөө талаас нь барилга, худалдаа, үйлчилгээний салбарынхан эзэрхийлсээр ийм байдалд хүргэсэн нь нууц биш. Ялангуяа Богдхан уулын нэгэн салаа мөчир болсон Зайсангийн ам “халдлага”-д хамгийн их өртсөн. Хаанахын, хэнийх нь тодорхойгүй барилга, байгууламжууд нэг л мэдэхэд “босчихсон” байдаг гэхэд хилсдэхгүй. Энэ болгонд иргэд хэл ам хийж, олон нийтэд мэдээлдэг ч тэгсхийгээд л намждаг “хуультай”.
Саяхан гэхэд Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай бүс, Зайсан толгойн ард байрлалтай “Зайсан хилл” цогцолборын дэргэд үл мэдэгдэх нэг компани автомашины зогсоол барьж буй тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Тусгай хамгаалалттай, хотын А зэрэглэлд багтах бүсэд хэн гэгч эрхэм автомашины зогсоол барьж буй, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, эсэхийг тодруулж, газар дээр нь танилцахаар Зайсангийн амыг зорилоо.
Бурхантай хөшөөний хашаан дотор хууль бусаар барилга барьсан хэмээн “донгодуулж”, БОАЖЯ, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай нэлээд “үзэлцэж”, шүүх, цагдаадаа тулсан иргэн Б.Дайчинхүүгийн эзэмшдэг гэх өнөөх газраас хэдхэн алхмын зайд эл зогсоол байх аж. Тэмдэг, тэмдэглэгээ, тохижилтоос бусад ажил нь бараг дуусчээ. Баримжаалбал, 200-300 машин багтахаар харагдав. Ийм том ил зогсоол Улаанбаатарт ховор.
Тэндхийг хариуцаж буй манаачтай цөөн үг солиход “Ямар ч хууль бус юм байхгүй. Энэ бол “Зайсан хилл”-ийн харьяа, тусгай зөвшөөрөлтэй талбай. Хүмүүс манай хажууханд байгаа Л.Гүндалайгийн газартай эндүүрээд, элдэв юм яриад байх шиг. Бүрэн тохижуулж дуусаагүй учраас одоо туршилтын байдлаар ажиллуулж байна” хэмээв. Шинэ талбайн хажууханд газар шорооны ажил хийж байсан гурван залуу ч эл зогсоолыг “Зайсан хилл”-ийнх гэж манаачийн ярьсныг баталлаа.
Иргэдийн яриа баттай, эсэхийг шалгахаар БОАЖЯ, нийслэлийн Газрын алба, Хан-Уул дүүргийн ЗДТГ, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг холбогдох хэд хэдэн байгууллагад хандлаа. Бүгд л “Зайсан хилл”-ийн талбай мөн” гэсэн нийтлэг хариулт хэлэв. Нэгэн байгууллагын мэргэжилтэн залуу “Их ажлын дундуур түвэг удлаа. Үүнээс өөр асуудал байдаггүй юм уу гээд дээрээс зандраад байна” хэмээн цааргалав. Дархан цаазат уул, тусгай хамгаалалттай бүстэй холбоотой асуудал хөндөгдөж байхад төрийн албаныхан ийм хайнга, сэтгэлгүй байж боломгүй.
Харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан дээрх байгууллагынхнаас арай тодорхой мэдээлэл өгөв. Бурхантай хөшөөний зүүн талд автомашины зогсоол байгуулсан талбай нь “Собт трейд” компанийн эзэмшил гэдгийг тэд хэллээ. Тус компани тэнд 1.3 га талбайтай бөгөөд газар эзэмших А-287 тоот зөвшөөрлийг 2007 онд авсан гэнэ. Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Банди “Тэднийх зөвшөөрөл аваад удаж байгаа. Өөрийнх нь талбай мөн” гээд хиймэл дагуулын зураг дээр тодорхой зааж харуулав.
Судалж үзэхэд, “Собт трейд” хэмээх дархан эрхтэй тус компани Зайсангийн аманд эзэмшдэг газар үүгээр хязгаарлагдахгүй гэнэ. Авто зогсоолоос холгүй “Зайсан хилл” цогцолборын талбай болон ойролцоох хэд хэдэн газар ч тэдний мэдлийнх гэсэн мэдээлэл байна. Тус компани тэнд нэлээд хэдэн газар лицензтэйг ч хамгаалалтын захиргааныхан хэллээ. Гэхдээ мэргэжилтнүүд энэ тухай тодорхой зүйл ярьж, харуулахаас татгалзсан юм.
Богдхан уулын нэг аманд нэжгээд газар эзэмшдэг “Собт трейд” компани “Оюуны ундраа”-гаар овоглодог, НИТХ-ын дарга С.Амарсайханых гэсэн мэдээллийг эрлийн явцад оллоо. Өдгөө “Зайсан хилл” цогцолбор байрлаж буй бүс болон түүний ойролцоох хэд хэдэн газар түүний гэр бүл, хамаатан садны нэр дээр байдаг гэнэ. Эрхэм даргыг “Зайсан хилл” цогцолборын тодорхой хувийг эзэмшдэг гэсэн мэдээлэл нэгэн үе “шуурч” байсан нь үнэний ортой бололтой.
Нэгэн хэвлэлд энэ тухай “2002 оноос хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын газрын тухай хуулиар бол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагууд нээлттэй дуудлага худалдаагаар үнэ хаялцан авах заалттай. Харин тэгэхэд С.Амарсайханы гэр бүлийн мэдэлд байдаг гэх “Собт трейд” компани Зайсангийн аманд байрлалтай 4.41 га газрыг ямар нэг дуудлага худалдаагүйгээр авсан нь гайхаш төрүүлж байна” хэмээн бичжээ. Энд өгүүлж буй 4.41 га газар бол “Зайсан хилл” цогцолбор байрлах талбай юм. Харин автомашины зогсоол байгуулсан өнөөх 1.3 га газар эндээс холгүй буй.
“Монгол Улсын иргэн хаана ч газар эзэмших эрхтэй. Тусгай зөвшөөрөлтэй юм чинь яагаад үйл ажиллагаа явуулж болохгүй гэж” хэмээн уншигч та бодож байж магадгүй. Энд нэг л зүйл сэтгэл эмзэглүүлж, хариулт эрж байна. Төр, засгийн шийдвэрээр дархлан тахиж, төрийн бодлогоор тусгай хамгаалалтад авсан энэ газарт төрийн албан хаагч ийм олон газар эзэмшихээр улайран буйн цаад зорилго юу вэ. Уг нь тэрбээр нийслэл хэмээх их “айл”-ын жаргал, зовлонг хэн бүхнээс илүү мэддэг хүний хувьд Зайсангийн аманд эзэн суухаар “шунагчид”-тай тэмцэх ёстой баймаар. Гэтэл түүгээр овоглодог барилга, байгууламж, бүтээн байгуулалтууд улам л нэмэгдэж, өргөжсөөр байгаа нь хачирхалтай, бас харамсалтай.
Соёл, амралтын гэх тодотголтой “Зайсан хилл” хэмээх эл байгууламжийн гадна автомашин байрлуулах гурван эгнээ зогсоол бий. Ийм байтал дахин өөр газарт зогсоол байгуулах ямар шаардлагатай гэж. Ингэж гайхшаа барж, хариу эрсний дүнд магадгүй тус компани олны хэл амнаас халгаасандаа эзэмшил газраа ийн “тамгалж”, дараагийн барилгынхаа суурийг тавьсан байж болзошгүй гэсэн хардлага төрөв. Магадгүй нэг өдөр Бурхантай хөшөөний дэргэдэх авто зогсоол дээр барилга босгочихвол би лав гайхахгүй.