Нийслэлчүүд аливаа бүтээн байгуулалтад хэр ханддаг вэ гэдгийг Хан-Уул дүүргийн нутаг дахь эрэмдэг болсон баримлууд харуулав. Хөл, чихээ хугалуулсан бяцхан бөжин “ёолон уйлж”, далавч, хошуугаа тас цохиулсан ангир, галуу, мандир уранхажин аврал эрэн “гунганана”. Зарим амьтан нь ор сураггүй алга болжээ. Энэ бол Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дахь “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнгийн бодит байдал. Эко дүүрэг болох зорилт дэвшүүлсэн тус газрынхан 40 гаруй төрлийн 200 амьтны барималтай цэцэрлэгт хүрээлэнгээ 10 гаруй хоногийн өмнө хүлээн авсан. Гэтэл Үндэсний их баяр наадмын өдрүүдэд гэмт этгээдүүд 20 гаруй амьтныг нь зэрэмдэглээд, заримыг нь “цааш харуулчихжээ”.
Тус дүүргийн удирдлага “Иргэдийн амарч зугаалах гудамж, талбайн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 49 сая төгрөгөөр ийм ажил хийлгэлээ” гэж цэцэрлэгт хүрээлэнг нээх үеэр ярьсан. Иргэд ч “Улаанбаатарт өнгө нэмсэн сайхан санаачилга” хэмээн цахим сүлжээнд энэ тухай мэдээлэл түгээж, хөөрөн баясаж байсан. Харин одоо эвдэрч, хэмхэрсэн баримлын зураг, улаанбаатарчууд хөшөө, барималд ямар халтай, хорон болохыг гайхширсан сэтгэгдэл олон нийтийн сүлжээнд хөвөрч байна.
Нийслэлчүүдэд эерэг энерги, амьд байгалийг мэдрүүлэхээр “ирсэн” тэдгээр амьтныг хэн ингэж “тамласан” нь одоо хүртэл тогтоогдоогүй аж. Тухайн хэсгийг хариуцдаг ТҮК-ийн ажилчин бүсгүй “Цэцэрлэгт хүрээлэнг хүлээж авсан эхний өдрүүдэд бид баримлуудаа манаж хонодог байсан. Наадмын өмнө хорооныхон нь өөрсдөө хариуцна гээд хүлээж авсан. Орчныг нь цэвэр байлгахад л анхаарч байна. Бидэнд хамаагүй” гэв. Бид тус хороог зорилоо. Бас л эзэн олдсонгүй. Гэмтэж, бэртсэн амьтдын эвэр, хошуу, чих зэргийг цонхон дээрээ тавьсан хорооны ажилтнууд “Ёстой сонин шүү, манайхан” хэмээн хэлэх үгээ олохгүй шогшров. Хорооны Засаг дарга Л.Баярдалай “Уг нь бид ахмадуудыг сайн дураар эргүүлд гаргаж, тэр хавийг хянуулж байгаа ч нэмэр болсонгүй. Зарим нь бүр эргүүлүүдийг элдвээр хэлж, зодолдохдоо тулдаг гэсэн” хэмээв.
“Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр очиход ан амьтдын барималтай хэсгүүдийг тусгаарлаж, “Хашлага давж орохыг хориглоно” гэсэн самбар байрлуулсан байлаа. Үлдсэн амьтдынхаа баримлыг хамгаалахын тулд хорооноос ийм арга хэмжээ авчээ. Тус хороонд оршин суудаг өндөр настан А.Гэрэлмаа “Ингээд ч болов хамгаалах хэрэгтэй. Туулай, тогоруу зэрэг “амьтад”-ыг сүйтгэсэн тухай мэдээлэл фэйсбүүкээс хараад, нүдээр үзэхээр ирлээ. “Ийм хөөрхөн амьтныг өвтгөж болохгүй, холоос л хардаг юм” гээд хоёр ачдаа хэлж байна. Наадмаар хүүхэд байтугай томчууд хүртэл дээр нь сууж зураг авхуулж байгаа харагдсан” гэлээ.
Нийлэг хуванцарыг давирхайтай хольж, амьтдын баримлыг бүтээжээ. Ийм материал нэлээд бат бөх учраас тийм ч амар эвдэрч, хэмхэрдэггүй гэнэ. Зарим нь “Хүүхдүүд сониучирхаж байгаад л эвдчихээ биз” хэмээн хаацайлж буй нь хэтийдсэн дүгнэлт мэт санагдлаа. Гар хүрэх, дээр нь суух төдийд хугарч, сүйдэх эд биш гэдгийг бодитоор харж, мэдэрлээ. Эл ажлыг хийсэн “Дайрхад чулуу” компанийнхан “Санаатай хорлон сүйтгэсэн байж болзошгүй. Зарим нь авч явах гэсэн бололтой баримлын суурийг ухсан байна лээ” гэсэн юм.
49 сая төгрөг гэдэг бага мөнгө биш. Тэр тусмаа хороо хэмээх тарчиг төсөвтэй нэгжид. Нэгэнт ийм хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж хийсэн юм чинь түүнийг бүрэн бүтэн байлгахад ч анхаарах хэрэгтэй болов уу. Бусдын хөдөлмөрийг үнэгүйдүүлдэг, нийтийн эзэмшлийн эд зүйлсийг эвдэлж сүйтгэдэг муухай дутагдлыг өөрчлөхийн тулд “амьтад”-ыг хоморголон хядсан харгис хүмүүсийг олж, хариуцлага хүлээлгэх ёстой. Хорооны ажилтан бүсгүй “Манай нутаг дэвсгэрт байгаа учраас л бидэнд хамааруулсан хэрэг. Албан ёсоор бид заавал хариуцна гэсэн юм байхгүй” хэмээв. Угтаа бол байгаагаа тордож, хайрлан хамгаалах нь байхгүйг бий болгохоос ч үнэ цэнэтэй чанар билээ. Тиймээс бүтээн байгуулахаас гадна нийтийн эзэмшилд тавих хараа хяналтаа сайжруулахад анхаарч, бусдадаа үлгэрлээсэй.