Наадмын дараа намар гэж зүгээр ч нэг толгой холбоод хэлчихээгүй нь лав. Усан бороо цутгаж эхэллээ. Яалт ч үгүй намрын уур амьсгал оржээ. Ойрын хэдэн өдөрт дуу цахилгаантай, аадар бороо орно, үер усны аюулаас сэрэмжил гэж онцгой байдлын албаныхан байнга анхааруулж буй.
Энэ үеэр гол, нуурын ус үерлэхээс гадна нийслэлийн зам, талбай усанд автаж “цөөрмүүд” үүсдэг. Манай хотын зам нулимс шиг жаахан бороонд ч усан далай болдгийг бүгд мэднэ. Жил бүр 7-8 дугаар сард бид уртын харайлтын спортоор хамгийн их “хичээллэдэг” шүү дээ. Хүссэн, хүсээгүй харайдаг болохоос аргагүй байдалд хүрдэг талаар зөвхөн борооны улиралд яриад, дараа жилийн наадам дуусахаас нааш бараг л мартдаг. Техник, технологи хөгжсөн өнөө үед улсынхаа нийслэлийг усанд автуулчихаад, ганган өсгийт, богино банзалтай бүсгүйчүүдээ өндөр болон уртад харайлгахаасаа зовохгүй юм уу, эрх бүхий албан тушаалтнууд аа.
Бид жилийн дөрвөн улирал бүрт ярьж, бичиж, хэрэлдэж, шуугидаг хэдэн сэдэвтэй. Тэдгээрийн нэг нь ус зайлуулах шугамгүй Улаанбаатарын зам. Энэ талаар албаныхнаас асуухаар нэг л зүйл ярьдаг.
“Зам засах, шугам хоолой барьж байгуулахад өчнөөн төгрөг төсөвлөсөн. Ажил одоо тэдэн хувьтай явж байна. Энэ жил хур бороо ихтэй байлаа. Дараа жилээс яг сайхан болно шүү” л гэдэг юм. Гэсэн ч бид жил болгоны өдийд замын хажуугаар явахдаа шавар шавхай цацуулж, уртын зайд харайсаар л.
Уг нь нийслэлийн удирдлага 2013 оноос хойш тавигдсан бүх замд ус зайлуулах хоолой заавал хийх шаардлагыг гүйцэтгэгч компаниудад тавьж, гэрээ байгуулах болсон аж. Гэвч гүйцэтгэгч компаниуд хотын хүн ам 700 мянга байх үед хийгдсэн зураг төслөөр ус зайлуулах хоолойгоо тавьдаг гэнэ.
Өнөөдөр (өчигдөр) өглөө зуслангаас ажил руугаа явахдаа жинхэнэ “туулай” болов. Зам тэр чигтээ усанд автаж, Дарь-Эх орчимд явган хүн байтугай жижиг тэрэг явахад бэрх болсон байлаа. Тэр хэсгийн замыг хэдхэн жилийн өмнө зунжин хааж байгаад л сүр дуулиантай зассан юм даг. Одоо том том нүх үүсээд, гэр хорооллын гудамжны хог шороо, зарим газарт айлуудын жорлонгийн бохир борооны устай “сүлэлдэн” урсаад авто замын голд овоорчихсон байна лээ. Ус тогтсоноос болж замд үүссэн нүхнүүдийг жолооч нар мэдэлгүй дайрч, дугуйгаа хагалж, доод эд ангиа тасхийтэл цохиод өнгөрөх нь ч энүүхэнд байв. Автобусны буудал дээр тогтсон ус руу зарим хорлонтой жолооч шахаж ирээд хаазаа нэмж нийтийн тээвэр хүлээн зогсох хүмүүсийг шавартай усаар шүршиж, “зугаацаад” явахыг ч харсан.
Дарь-Эхийн зам дагуу байрлах найман нэрийн хүнсний дэлгүүрт орж, худалдагчаас нь зарим зүйл тодруулсан юм. “Шарга” дэлгүүрийг ажиллуулдаг Г.Ганцэцэг “Манай энэ хавь жаахан л бороо ороход тэр чигтээ усанд автдаг. Замын хажуугаар яваа хүмүүс усны гутал өмсөөд, шүхрээ хажуудаа бариад, хувцас руугаа ус цацуулахаас сэргийлж байгаа харагддаг. Ус тогтохоор л замын түгжрэл нь дийлдэхээ болино. Хэдхэн жилийн өмнө засаад сайхан боллоо гэсэн юм, уг нь. Өмнөхөөсөө ялгаагүй болсон доо. Хамгийн хэцүү нь уулан дээрх айлуудын хог, жорлонгийн бохир урсаж ирдгээс болж л элдэв халдварт өвчин үүсэх эрсдэлтэй шүү дээ. Энэ хавийн зам хоёр эгнээгээр явахад хэтэрхий өргөн. 3-4 эгнээгээр явдаг. Тэгж байхаар замыг нь арай нарийн болгоод хажуу талаар нь жалга ч болтугай ухаад, далан хийж болдоггүй юм болов уу. Ус зайлуулах шугам, хоолой тавина гэвэл мөнгө алга л гэх байлгүй” гэв.
Машины эд ангиа гэмтээх, хувцсаа “шавардуулах” нь ч дүүрч. Улсын төсвөөс олон тэрбумыг зарцуулж байж зассан замд ус тогтсоноос үүдэлтэй нүхнээс болж осол гарч, нөхөж болшгүй гарз гарвал яах вэ.
Өнгөрсөн наадмын хоёр дахь өдөр буюу долдугаар сарын 12-нд төв талбайдаа үзүүр, түрүүний бөхчүүдээ алдаршуулж явсан хүмүүс шагайгаараа татсан ус туучиж байв. Төв талбайд нь тийм ус тогтож байхад хотын захад цөөрөм үүсэх нь ч аргагүй биз.
Нарны зам дагуу Замын цагдаагийн уулзвараас холгүй нүхэн гарцаар “Баян Монгол” хороолол руу ордог хэсэгт ус тогтоод жолооч нарыг багагүй сандаргасан. Суудлын автомашины хамар дээгүүр ус давж, хэд хэдэн тээврийн хэрэгсэл унтарсан талаар олон хүн ярьж байна лээ. Мөн III, IV, X, XI, XIII хороололд оршин суудаг хүмүүс яг л арал дээр амьдардаг мэт байдаг талаараа гомдоллодог. Ялангуяа XIII хорооллын 84 дүгээр сургуулийн орчимд ус их тогтдог. Тус сургуулийн урд хэсэгт байрлах гараашууд зуны улиралд ашиглах аргагүй болдог гэсэн.
Нийслэлийг тойрсон 700 гаруй километр зам байдгаас ердөө 13 хувьд нь, үүнээс төв хэсгийн 300 орчим километр замын 27 хувь нь ус зайлуулах хоолойтой гэсэн судалгааг 2015 онд хийсэн байна. Мөн нийслэлийн нийт авто замын 80 хувьд нь ус зайлуулах шугам сүлжээ дутагдалтай гэсэн тооцоо ч бий. Одоо ашиглаж буй ус зайлуулах хоолой нэгдсэн нэг магистраль шугамаар баруун тийш “Хархорин” захын хажууд байрлах усан шахуургын станцад бохироо шахдаг гэнэ. Станцад очсон уснаас том хогийг нь шүүгээд усыг нь шууд Туул гол руу цутгадаг аж. Тэгэхээр ганцхан гол шугам хотын бүх усыг зайлуулж яаж дийлэх билээ. Уг нь ийм станцыг хотын зүүн, баруун, төв хэсэгт барихаар төлөвлөж, 2015 онд нийслэлийн төсвийн 200 гаруй сая төгрөгөөр зураг төслийг нь гаргуулсан гэдэг. Гэвч энэ ажил өнөөг хүртэл биеллээ олоогүй л байна.
Хатуу хучилттай гол замын 57 хувь нь ус зайлуулах шугам сүлжээтэй бол орон сууц, гэр хорооллын дундах замуудад борооны ус зайлуулах байгууламж, шугам сүлжээ бараг л байхгүй. Орон сууцны хорооллуудын дундах засаж, сэлбэсэн шинэ замуудын ихэнх нь одоо том том нүхтэй болсон байна лээ.
Одоогоос хоёр жилийн өмнө “И-март” сүлжээ дэлгүүр “Чингис” зочид буудлын хойно шинээр нээгдэж, тус худалдааны төвөөр үйлчлүүлэгчид урт дараалал үүсгэсэн. Гэвч нээлтээ хийсэн өдөр нь 20-30 минут үргэлжилсэн аадар орж, дэлгүүрийг нь урсгаад явах дөхсөн билээ. Агуулахад нь байсан бараа тэр чигтээ усанд автаж, шинэ дэлгүүртэй танилцахаар очсон хүмүүс гарч чадахгүй, гарсан нь холдож чадахгүй тэр хавьдаа “хөвцгөөж” байв. Өндөрлөг газарт амьдардаг монголчуудын хувьд тэнд бараг “цунами” үүссэн дээ.
Том оврын автобус явж өнгөрөхөөр л усны хаялгад нь жижиг тэрэгнүүд мөргөлдөж, бөөрөөрөө наалдсан машинууд тэнд нэлээд хэд байсан. Тэгвэл саяхан тэр хэсгийн ус зайлуулах шугамыг шинэчилж, наадмын өмнө ашиглалтад оруулав. Нийслэлийн зам байгууламж хариуцсан албаны дарга нар сүртэй нь аргагүй очиж ажлынх нь явцтай танилцаж байна лээ. Тэр хүмүүсийн хэлж буйгаар нийслэлд ус хамгийн их тогтдог 10 газрын шугам сүлжээг эхний ээлжинд барьж дуусгахаар төлөвлөсөн гэсэн. Гэхдээ тийм газруудыг хувийн нэг байгууллага тэргүүлж буй нь харамсалтай.
Дарь-Эхээс уруудаад тус дэлгүүрийн хажуугаар өнгөрөхөд дусал ч ус тогтоогүй байсан. Энэ нь үнэхээр сайн. Гэвч юунд үндэслэж, яагаад заавал тэр хэсгийг хамгийн түрүүнд зассан юм бол. Албаны хүмүүсийн хэлснээр тэр хэсгийн замын ус зайлуулах шугам 1984 оны байгууламжид зориулагдсан болохоор одоо ачааллаа дийлэхээ байж, насжилт нь дууссан тул эхний ээлжинд зассан гэсэн. Гэтэл тийм насжилтгүй, ийм ачаалал “үүрээгүй” зам нийслэлд байхгүй л болов уу. Цаана чинь гэр хорооллын жорлонгийн бохир урсаад халдварт өвчин үүсэх нөхцөл бүрдүүлчихээд байна. Хэдэн мянган айл амьдардаг орон сууцны хорооллын оршин суугчид “арал”-ынх болчихоод байна. Хотын төвөөр явган зорчигчид түнхээ мултартал харайж явна. Гэтэл албаныхан энэ талаар мэдэхгүй байгаа юм уу.
Энэ онд нийслэлийн Автозамын санд төвлөрсөн 36.86 тэрбум төгрөгийг зам засвар, арчлалт, шинэчлэлтэд зарцуулах юм гэсэн. Түүнээс 1.5 тэрбумыг нь замын ус зайлуулах шугам, худгийн өргөтгөлд зарцуулах аж. Өнгөрсөн онд яг энэ ажилд нэг тэрбум төгрөг зарцуулсан байх юм. Гэсэн хэдий ч ноднин жилийнхээс дээрдсэн зүйлгүй байгааг та, бид харж л байна шүү дээ. Ирэх жил хоёр тэрбум төгрөг гэх мэтээр нүглийн нүдийг гурилаар хуурсан ажил хийсээр байх уу.
Гэрээнийхээ дагуу ажлаа гүйцэтгэдэггүй компаниудын толгойг илж, улсын мөнгийг тэрбум тэрбумаар нь цацахаа одоо боль л доо. 2014 онд яг өнөө жилийнхтэй адил ус их тогтдог 15 байршилд шугам хоолой барьсан. Тодруулбал, Баянзүрх дүүрэг, XIII хорооллын 21 дүгээр байрыг тойрсон автозам, Баянгол дүүргийн III хороо, Төмөр замын Замын цагдаагийн тасаг, “Ган зам” зочид буудал орчимд гэхчилэн ус зайлуулах шугам барина л гээд байсан. Миний мэдэхээр XIII хорооллын 21 дүгээр байрны зам борооны дараа бараг л өвдөг хүрсэн устай байдаг.
Яагаад аливаа ажлыг нэг биш, заавал 2-3, заримдаа түүнээс ч олон хийгээд байдгийг нь гайхаад баршгүй. Нэг ажлыг олон хийх нь захиалагч болон гүйцэтгэгчдэд ашигтай байдаг талаар зарим хүн хэлэх юм билээ. Хэрэв тийм бол олон жил ус зайлуулах шугам барих ажил хийлээ. Олон ч тэрбумыг үрлээ, идлээ. Одоо боль, тэгэх үү. Ганц удаа л чанартайхан шиг хийчихээч.
Бэлтгэсэн: А.Сүлд