Голын эрэг дээр, салхины хурд багахан ширүүсвэл ус хүрч, богино холболт үүсэж мэдэхээр зайд разетка байрлуулсан бичлэг долоо хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд тавигдав. Амрагчид түүнийг харж, холбогдох албанд мэдээлж аюулгүй болгуулсан. Түүний дараа нэгэн орон сууцны барилгын гадна цахилгааны утас хайлж, утаа савсаж буй мэдээлэл түгсэн юм. Цагдаагийн албан хаагчид тэр утсыг аюулгүй болгосноо хэлсэн.
Энэ мэтээр аливаа стандартыг мөрддөггүй, хариуцлагагүйн улмаас он гарсаар гурван хүүхэд золгүй байдлаар амиа алдаад буй. Гэсэн хэдий ч иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд үүнд үл анхаарч, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн стандартыг мөрдүүлж эхлээгүй байсаар. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхны мэдээлж буйгаар хүн унаж, бэртэх, цаашлаад амиа алдаж мэдэх, таггүй траншей хотын төвд 98 байгаа гэсэн. Олонх нь хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн орчинд байрладаг гэнэ. Мөн хүүхдэд аюултай, элдэв сэртгэр төмөртэй тоглоомын талбай 100 гаруйг тоолжээ.
Барьж буй барилгаас л төмөр, тоосго унадаг байсан бол өдгөө сурталчилгааны самбарууд ийм аюул учруулахад ойрхон байгаа гэнэ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчид “Сүүлийн жилүүдэд сурталчилгааны самбарыг хэнбугай ч хүссэн газартаа байрлуулах боллоо. Уг нь үүнд зориулсан стандарт бий. Нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан зөрчлийг арилгуулж, арга хэмжээ авах ёстой.
Гэтэл хүний дээрээс унаж, амийг нь хөнөөж мэдэх сурталчилгааны самбар олширлоо. Энэ сарын эхэнд хийсэн шалгалтын үеэр бид ноцтой аюул учруулж болзошгүй 26 самбар илрүүлсэн. Хотын бүх гудамж, талбайг самнавал үүнээс олон бий” гэсэн юм. Тиймээс нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь аюулгүй байдлыг хэрхэн сахиулах талаар хэлэлцлээ.
САР БҮРИЙН 9-НИЙГ “ИРГЭДИЙН АМЬДРАХ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨДӨР” БОЛГОВ
Холбогдох албаныхан ирэх есдүгээр сард нийслэлийн 152 хорооны 470 000 хүүхдээс амьдарч буй орчных нь аюулгүй байдал хэр байгааг асуухаар төлөвлөжээ. Гэвч санал асууж, түүнийгээ танилцуулаад, арга хэмжээ авахыг хүлээх хугацаа хомс тул нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид ийнхүү хуралджээ. Учир нь, энэ оны эхний хагаст хүүхдийн түргэн тусламжийн 108 утсанд 2017 оныхтой тэнцэхүйц дуудлага ирсэн байна.
Түүнчлэн 38 хүүхэд амиа алдаж, 800 гаруй хүүхэд бэртжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Мөн нийслэлийн Цагдаагийн газарт хүүхэд алга болсон гэх дуудлага өдөрт 10-15 удаа ирдэг аж. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан хуралдааны үеэр “Хариуцлага, сахилга батыг ярих цаг боллоо. Иргэддээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх нь төрийн байгууллагын үүрэг. Гэтэл төр, төрийн албан хаагчид үүнийгээ биелүүлэхгүй байна. Хоорондын уялдаа холбоо нь алдагдаж, ажлаа цалгардуулдаг. Цаг бусаар амиа алдсан хүүхдүүдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Бид иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах зайлшгүй шаардлагатай тулгарлаа” гэсэн юм.
Хуралдааны үеэр тэргүүлэгчид сар бүрийн 9-нийг “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр” болгох шийдвэр гаргасан юм. Эзэнгүй траншей, цахилгааны утас, эвдэрхий тоглоомын талбай зэрэг хүний амь нас, эрүүл мэндэд өдөр бүр заналхийлж буй зүйлсийг хариуцсан байгууллагууд нь эл өдөр шалгаж, засаж байх юм. Тодруулж хэлбэл, эрсдэлийг арилгах чиглэлийн ажлыг шат дараатай хэрэгжүүлэх үүргийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд өгсөн гэсэн үг. Үүнийг гүйцэтгэхээс татгалзаж, элдэв шалтаг тоочин, ажлаас хойш суусан ажилтан, албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэнэ.
НИЙСЛЭЛ СТАНДАРТТАЙ БОЛОХ НЬ
Дээрх шийдвэр хэрэгжиж эхэлснээр нийслэл даяар нийтийн аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг албан ёсоор хэрэгжүүлэх ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, оршин суугчид нэг нэгэндээ асуудлыг даатгаж орхидог биш, бүгдээрээ гар бие оролцдог болно гэсэн үг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид “Нийслэлийн стандарт” боловсруулахаар ажиллаж буйгаа хуралдааны үеэр хэлсэн юм. Ингэснээр эзэнгүй зүйл үгүй болж, аливаа зөрчил, алдаа бүр хариуцах хүнтэй болох ажээ.
Мөн сар бүрийн нэг өдрийг аюулгүй байдлын өдөр болгож, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн байгууллага хамаарахгүйгээр нийтээрээ дагаж мөрдөх журам баталж хэрэгжүүлэх юм. Гаргасан журмыг дагаж мөрдөх нь хамгийн чухал. Аюулгүй өдөр гэж тунхаг төдий зарлаад өнгөрүүлэх бус, энэ өдөр хийсэн ажлаа тайлагнаж, хэрэгжүүлэхийгээ төлөвлөж, хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй байна. Энд тэнд ил задгай хөглөрч байдаг цахилгааны утас аюулын хэмжээнд хүрснийг амиараа сануулаад буцсан бяцхан хүүхдүүдийг бид мартах ёсгүй. Тэд нийслэлийн стандарт гээчийг бий болгох шаардлагатайг дэндүү өндөр үнээр бидэнд ойлгуулсан. Харин уг стандартыг мөрдүүлэх, дагах л үлдлээ.
Бэлтгэсэн: Г.Цэцэг