- Сургуулийн цахилгааны гэмтэлтэй утас, самбар хүүхдүүдийн амийг авахаар анаж байна –
Цахилгааны утас нь ил гарсан гэрэлтүүлгийн шонгийн эрэлд нийслэл даяараа гараад буй. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д тоглож явсан хүүхэд цахилгаанд цохиулсан учир холбогдох албаныхан галтай утас ил байлгахгүй гээд ийм ажил санаачилсан. Тэгвэл өнгөрсөн баасан гарагаас суурь нь ялзарч, хэзээ мөдгүй унах магадлалтай тулгуур шонг тоолж, бэхлэхээр болов. Налайх дүүргийн VI хорооны нутаг дахь унасан шонгийн цахилгаан дамжуулах утсанд долоон настай охин цохиулж, амиа алдсан учраас тэр.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн харьяанд байсан, гурван жилийн өмнө хувьчилсан “Болор” гэх амралтын газрын хашаанд уг осол гарчээ. Ажилчдынхаа байр руу цахилгаан хүргэхээр татсан тулгуур 15 шонгийн найм дахь нь унасан байсан гэнэ. Дуудлагын дагуу холбогдох албаныхан очиход найм дахь тулгуур хазайж, хүчдэл нь газардуулгагүй байсан аж. Тодруулж хэлбэл, аюулгүй ажиллагааны горим алдагдсан байжээ.
Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарын мэдээлснээр осол гарсан өдөр буюу энэ сарын 5-ны 14.00-16.00 цагт аадар орж, салхины хүч ширүүсэн, зарим газарт үер буусан аж. Ялангуяа осол гарсан Тэрэлжийн Зүүнсалаа гэх газар салхи нэлээд ширүүссэн тул тулгуур шон унасан бололтой. Хэргийн талаарх мэдээлэл Налайх дүүргийн Цахилгаан түгээх төвд 17.45 цагт ирсэн гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар охин тухайн өдрийн 17.30 цагийн орчимд дугуй унаж яваад цахилгааны утсанд орооцолдож, цохиулж нас баржээ.
Гэтэл тухайн амралтын газрынханд цахилгааны утас татах зөвшөөрөл хэн өгсөн, тулгуурын аюулгүй байдлыг хамгийн сүүлд хэзээ шалгасныг мэдэх хүн алга. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийнхан “Хувийн тулгуур шон унасан. Цагдаагийн байгууллага шалгаж буй учраас бид мэдээлэл өгч болохгүй. Өгөхийг ч хориглосон” гэв. Эрчим хүчний яамныхан ч үүнтэй адил хариулт хэлсэн. Босоо удирдлагатай хэмээн дор бүрнээ “том толгойлдог” албан хаагчидтай эрчим хүчний салбар эзэнгүйдэж, хариуцлага, хяналтын тогтолцоо тэнд үгүй болсныг сүүлийн үеийн ноцтой үйл явдлуудаас харж болохоор.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун Засаг даргын дэргэдэх шуурхай хуралдааны үеэр “Манайх “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанид өнгөрсөн нэгдүгээр сард цахилгаан эрчим хүчээр хангах дүрмийг баримталж ажиллах шаардлагатай байгааг сануулж, мэдэгдэл хүргүүлсэн. Өдий болтол хариуг нь ирүүлээгүй байна. Энэ оны дөрөвдүгээр сард төлөвлөгөөт шалгалт хийж, нэлээд зөрчил илрүүлсэн. Улмаар бид энэ сарын 2-нд дахин мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл тус байгууллагынхан ажилдаа тун хариуцлагагүй хандаж байна. Удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн байхад арга хэмжээ огт авдаггүй. Түүнийх нь уршгаар осол гарахад хариуцах эзэнгүй болж байна” гэсэн юм. Түүний хэлснийг нотлох баримт ч олон.
Өдгөө Улаанбаатарт хэзээ мөдгүй унах магадлалтай, яйжийсан тулгуур шон, хөл дор хөглөрөх, гал авалцуулж, олон арван хүний аминд хүрэх эрсдэлтэй, нэгээс нөгөө рүү аалзны тор мэт хэрсэн цахилгааны утас хэдэн зуугаараа бий. Нэг шонгоос арван айл цахилгаан авч байгаа. Холбогдох албаныхан хотын захын гэр хороололд очоод үзээрэй. Ингэж хууль бусаар холбож чадаагүй 5000 гаруй өрх аль нэг шонгоос цахилгаан авахаар зэхэж суугаа.
Харин тэдэнд цахилгаан зарж, шон түрээсэлдэг, хууль бусаар холбож өгдөг хүмүүсийн олонх нь эрчим хүчний салбарын ажилчид байдаг гэх. Сурагч хүү сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд амиа алдсаны дараа холбогдох албаныхан нийслэлийн 142 сургууль, 206 цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг шалгаж, 776 зөрчил илрүүлсэн. Гэтэл 224 нь цахилгааны самбар, шугам сүлжээний аюулгүй байдалтай холбоотой зөрчил байх жишээтэй.
Хичээлдээ явахаар гарсан бас нэг хүүхэд гэртээ хэзээ ч буцаж очихооргүй болох эрсдэл өндөр байгааг энүүхнээс мэдэж болно. Цахилгааны гэмтэлтэй утас, самбар тэднийг “шарахаар” анаж байгаагаас өөрцгүй. Улаанбаатар хотын зүүн болон баруун түгээх сүлжээ төвийн орчимд хазайсан, суурь нь суларсан шон олон бийг эх сурвалж хэлсэн. Гэтэл дүүргүүд дэх дэд төвүүдийн дарга нар нь шууд томилгоогоор ирж, буцдаг тул үүнд нэг их анхаардаггүй гэнэ лээ. Загас толгойноосоо эхэлж мууддаг гэдэг үг бийг санахад илүүдэхгүй биз.
Өнөөдөр нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдаж, эрчим хүчний салбарынхны асуудлаар ярилцах юм гэсэн. Уг нь бетон биш юм аа гэхэд, газарт булах хэсгийг нь чийг авч муутгахгүй зориулалтын хамгаалах будагтай гуалингаар тулгуур хийх ёстой гэсэн стандарт Монгол Улсад бий. Нөхцөл байдал ийм байхад эрчим хүчний салбарынхан таг дуугүй суух нь хүний ёсонд, ажлын хариуцлагад нийцэхгүй байлтай.
Ямар ч хяналт, шалгалт хийдэггүй хэрнээ осол гарахаар “Бидний буруу биш. Хувийн эзэмшлийн шон, утас” гэж өөрсдийгөө өмөөрөхөө хэзээ болих вэ. Сүүлийн үед гарч буй осол, зөрчлүүд эрчим хүчний дүрэм журам, зааврыг зөрчсөнөөс үүдэлтэй тул та бүхэн оролцож, эрсдэлийг багасгах үүрэгтэй. Бусдад бурууг нялзааж суухаа хэзээ болих вэ, эрчим хүчний салбарынхаан.
Бэлтгэсэн: Г.Цэцэг