Сонгинохайрхан дүүргийн төрийн байгууллагууд өчигдөр 06.30 цагт ажлаа эхлэв. Тодруулбал, тус дүүргийн XV хороонд байрлах “Соёмбо” кино театрын хажууд “Өглөөний гудамж” үйл ажиллагаа явуулсан юм. Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар өчигдрөөс эл гудамжид тус дүүрэг дэх төрийн байгууллагууд иргэдэд үйлчлэх юм. Тэрбээр “Амжилтад хүрсэн хүмүүс эрт босохын ид шидийн талаар их ярьдаг.
Гэтэл манай хотод 06.00 цагт онгойдог үйлчилгээний газар маш ховор. Бид иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, ажлын цагаар авч амжихгүй байгаа үйлчилгээгээ ажилдаа явах замдаа өглөө эрт амжуулах боломж бүрдүүлэх зорилгоор “Өглөөний гудамж”-ийг нээлээ. Өдөр бүр 06.00-09.00 цагт нээлттэй байх уг гудамжнаас хүссэн үйлчилгээгээ авахаас гадна зохион байгуулах олон төрлийн арга хэмжээнд оролцох, хамрагдах боломжтой” гэсэн юм.
“Өглөөний гудамж”-нд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн болон Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын, Газрын алба, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Спорт хороо зэрэг байгууллагынхан иргэдэд үйлчилж байна. Тухайлбал, энд байрласан тус дүүргийн Улсын бүртгэлийг хэлтэс шилжилт хөдөлгөөний бүртгэл, төрсний, гэрлэсний, нас барсны гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх олгох, гэрлэлтийн, гэрлэлт цуцалсны, сэргээсний бүртгэл, иргэний үнэмлэхний зурагтай дэлгэрэнгүй лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, шинээр хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа олгож, шуурхай үйлчилж байв.
Эл арга хэмжээний нээлтийн үеэр тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хүнс үйлдвэрлэгчид хөнгөлөлттэй үнээр бүтээгдэхүүнээ борлуулан, “Соёмбо” кино театр өглөөний эхний үзвэрээ иргэдэд үнэ төлбөргүй үзүүлсэн юм. Иргэд ажлын цагаар авч амждаггүй үйлчилгээ, мэдээллээ ажилдаа явах замдаа дараалалгүйгээр авах боломж олдсонд баяртай байв. Иргэний үнэмлэхээ захиалах, газрын асуудлаа шийдэх, цахилгааны мөнгөө төлөх, лавлагаа авах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, нээлттэй ажлын байранд бүртгүүлэх, төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл авах гээд бүхий л үйлчилгээг энд үзүүлж байгаа нь иргэдэд таалагдаж байсан юм. Түүнчлэн арилжааны банкууд болон үүрэн холбооны операторууд ч үйлчилгээ үзүүлж байна.
“Өглөөний гудамж”-нд зочилсноор үйлчилгээ авахаас гадна шатар, даам тоглох, морин хуур, гитар хөгжмийн сургалтад хамрагдаж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх дасгал хөдөлгөөн хийх, алдартай хүмүүсийн амжилтын нууцаас хуваалцах сонирхолтой лекц сонсож, дүүргийн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, санал бодлоо солилцох ч боломжтой. Эртэч хэн бүхэнд зориулсан “Өглөөний гудамж” ирэх есдүгээр сар хүртэл нээлттэй бөгөөд амралтын болон нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдрүүдэд амрах юм байна.