Гуйх, гувших, сэнхрүүлж, ятгах гээд ямар нэгэн арга хэрэглээд өөрт хэрэгтэй зүйлээ бусдаас “салгаж” дөнгөдөг зальжин хүн байдаг. Тэд эргэж хараад л нүүрээ буруулж, харилцагчаа хохироох нь элбэг. Зарга мэдүүлээд ч тэднийг ялна гэж байхгүй. Цэвэрхэн, тухтай орчинд амьдрах нөхцөл иргэдэд бүрдүүлэх үүрэг хүлээсэн сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-дын ихэнхийнх нь үйл ажиллагаа яг тийм заль, мэхтэй хүнтэй төстэй болоод удлаа.
Гоё, сайхан зүйл хийнэ гэж оршин суугчдын чихэн дээр цэцэг ургуулдаг нэг хэсэг байхад “Та нарыг тав тухтай байлгахын тулд бид ийм ажил хийж байна. Төчнөөн төгрөг өг” гэж шахаж шаарддаг нь ч бий. Тэгвэл хэмжээгүй эрхт СӨХ-дод орчны газрыг ямар ч хяналтгүй эзэмшүүлж буй нь тэдний бусармаг үйлдлийг гааруулах хөшүүрэг болох шинжтэй болоод явчихлаа. Миний сонссоноор цэвэрлэгээ, үйлчилгээний хөлс байтугай нохой, муурнаас татвар авахдаа амандаа орсон тоогоо хэлдэг СӨХ цөөнгүй байдаг юм билээ. Аахар, шаахар энэ мэт зөрчлийг нь өдий болтол шийдвэрлэж чадаагүй байж газар эзэмших эрх олгох нь цагаа олоогүй шийдэл биш үү.
Энэ оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” хэмээн зарласны хүрээнд нийслэлийн Газрын албаныхан “Нийтийн эзэмшил-нийгмийн хариуцлага” аян өрнүүлж, орон сууцны барилгуудын ойр тойрмын газрыг судлан, СӨХ-нд нь эзэмшүүлэх болсон. Үүнийгээ тэд “Газрын тухай хуулийн дагуу хийж байгаа ажил” хэмээн тайлбарлан, иргэд, оршин суугчдыг хот тохижилтын ажилд татан оруулах үр дүнтэй хэмээж байгаа.
Өдгөө нийслэлийн төвийн зургаан дүүрэгт сууц өмчлөгчдийн 1050 холбоо үйл ажиллагаа явуулж буй. Гэвч тэдэнд нэгдсэн бодлого, зорилт, иргэдээс төлбөр, хураамж авах тогтсон жишиг, тариф гэж байхгүй. Үүний улмаас иргэдээс хэт өндөр төлбөр авч, зориулалтын бусаар зарцуулан, хэл ам татлах нь элбэг. Хэрэв нэхэснийг нь өгөхгүй бол айл өрхийн цахилгаан, хэрэглээний усыг хязгаарлаж, дарамтална.
Үүнээс гадна хонгилын давхарт хууль бус үйл ажиллагаа эрхэлж, түүнийхээ хэрэглээний төлбөрийг “Дундын өмчид зарцуулсан зардал” гэгчдээ шингээж, оршин суугчдаас гаргуулах нь ч түгээмэл. Замын наана, цаана байрлах хоёр байрны СӨХ хол зөрүүтэй төлбөр авдаг баримт цөөнгүй бий. Үүнийг СӨХ-ны дээд зөвлөлийнхөн нь үгүйсгээгүй. Үүсээд буй бэрхшээлийг шийдэхийн тулд нэгдсэн бодлого гаргах шаардлагатай гэдгийг ч хэлнэ лээ. Үүнээс дүгнэхэд дээд зөвлөл нь ч СӨХ-доо захирч чадахгүйд хүрсэн шинжтэй. Ийм байхад иргэдийн амьдрах орчныг сайжруулах нэрээр СӨХ-дод газар эзэмшүүлэх нь ёстой л чононд хонио хадгалуулна гэдэг болох биз. Өнгөрсөн хугацаанд гарч байсан зөрчлүүд ч үүнийг нотолно. Цөөн жишээ дурдъя.
2014 оны зургадугаар сар. Баянгол дүүргийн IV хорооны нутаг дахь 18 дугаар байрны оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлж маргаан дэгдээж байв. Тус байрны гаднах нийтийн эзэмшлийн талбайн газраас худалдаж авсан гэх иргэн Б.А барилгын ажил эхлүүлэхээр завдсан учраас ийм хэрэг гарсан. Хууль бусаар наймаалцсан эл газарт тус байрны “Мандах” сууц өмчлөгчдийн холбоо оршин суугчдын өмнөөс дур мэдэн барилга барих зөвшөөрөл олгосон нь нотлогдсон байдаг.
2015 оны тавдугаар сар. Баянгол дүүргийн XII хороо, 27 дугаар байрны оршин суугчид нь давхар нэмж барихыг эсэргүүцэв. Тус байрны “Мөнхдөл” СӨХ-ны удирдлага барилгын давхрыг нэмэх зөвшөөрөл дур мэдэн олгосныг ШӨХТГ-ын ажилтнууд илрүүлсэн.
2016 оны гуравдугаар сар. Сонгинохайрхан дүүргийн XIX дүгээр хорооны хэсэг иргэн мөн л “но” илрүүлж, шуугиан дэгдээсэн. Тэд СӨХ хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэх нэрээр гарааш бариулах гэж байсныг эсэргүүцсэн ажээ. Энэ мэтээр СӨХ-д өөрсдийн эрх мэдлээс хэтэрсэн үйл ажиллагаа явуулж, газар наймаалцахаар санаархаж байсан зөрчил мундахгүй. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сараас нийтийн эзэмшил газрыг СӨХ-нд эзэмшүүлэх болсон сургаар тэдний үйлдэл улам ширүүсчээ.
Газар эзэмших эрхээ албан ёсоор баталгаажуулаагүй атлаа ийм зөрчил гаргасан СӨХ-д нийтийн эзэмшлийн талбайд хүнсний мухлаг бариулахад ядах юм байхгүй биз. Сансрын тунелийг жишиг тохижилттой болгох үеэр “дүрвэсэн” ТҮЦ-үүд орон сууцны ойр орчимд нүүж очсон гэнэ. Энэ талаар Баянзүрх дүүргийн VII хорооны иргэн Л.Хандсүрэн “Уг нь замыг засаад аятайхан болгосон юм. Харамсалтай нь, нүүлгэсэн ТҮЦ-үүд байрны булангуудад үйлчилгээ үзүүлж байна. “СӨХ-ынхон зөвшөөрсөн” л гэх юм билээ” гэв. Ийм асуудал зөвхөн тус дүүрэгт гараад байгаа юм биш. Баянгол дүүргийн нутаг, III, IV хороолол орчмын бараг л орон сууц бүр гаднаа ТҮЦ-тэй.
Зөвшөөрлөө хаанаас авсныг нь 20 орчим хүнээс лавлахад бараг тал нь СӨХ-ноос гэж хариулав. Тус дүүргийн иргэн Б.Удвал “Манайх VI бичил хороололд байдаг. Тэндхийн СӨХ-д нь том толгойтой гэж жигтэйхэн. Өргөтгөл барих зөвшөөрөл хүртэл өгчихсөн байдаг. ТҮЦ тавиулах бол энүүхэнд. Түрээс авдаг гэсэн. Саяхнаас эзэмшил газраа хашаалж байгаа сураг гарсан. Авто зогсоолыг хашчихаад машин оруулахгүй байхаас авхуулаад зөрчил олон гаргадаг СӨХ-дын өнөөгийн чадавхыг сайжруулаагүй байж газар эзэмшүүлэх нь үнэхээр буруу” гэж ярив.
Сүхбаатар дүүрэг дэх албаны эх сурвалж “СӨХ-д орчныхоо газрыг өдий хүртэл дур мэдэн хувийн зориулалтаар ашиглаж ирсэн тохиолдол цөөнгүй. Бид энэ дутагдлыг засахаар цөөнгүй ажил хэрэгжүүлж байгаа. СӨХ-д хийсэн буруу үйлдэлдээ хариуцлага хүлээх эрх зүйн чадамжгүй. Тиймээс үйл ажиллагааг нь сайн хянаж байх хэрэгтэй. Манай дүүрэгт л гэхэд “Гэгээ-9” гэдэг СӨХ эзэмшил газартаа чингэлэгт тавиулж, мөнгө аваад, маш олон хүнийг хохироосон. Хэрэг нь одоо ч шийдэгдээгүй байгаа шүү дээ” гэсэн юм.
Мэргэжлийн хүмүүс газар эзэмшүүлэхээсээ урьтаад СӨХ-дыг чадавхжуулах шаардлагатай байгааг хэлж байна. Уг холбоодын захирлууд голдуу тэтгэврийн насныхан байдаг бөгөөд мэргэшсэн нягтлан бодогч ч ажиллуулдаггүй зэрэг дутагдал олон. Гэсэн атлаа эзэмшил газраа хашаалж, бусдынхаа явах замд саад болохоор завдах нь ч олшроод буй. Хамгийн сүүлийн жишээ нь, ХСҮТ-ийн дэргэдэх “Шинэ зуун” хотхоны СӨХ болов. Эмнэлэг, СӨХ хоёрын дунд сараалжин хашааг буулгана, буулгахгүй гэсэн “дайн” өрнөж байна. Хэрэв тухайн СӨХ эзэмшил газраа баталгаажуулаад авчихвал эмнэлгийнхэн ялагдаж, гарцаа таглуулах нь дамжиггүй.
СӨХ-дын гаргадаг хууль бус үйлдлийг тоочоод барахгүй. Дээд зөвлөл нь ч тэднийг хяналтаасаа хэдийнэ алдчихсан. Хотын удирдлага ч тэдний бусармаг үйлдлийг болиулж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Нөхцөл байдал ийм байхад тэдэнд нийтийн эзэмшлийн газрыг даатгаж болох, эсэхийг ядаж оршин суугчдаас асуух нь зүйтэй баймаар. Оршин суугчдын нэрсийг жагсааж, хуурамч баримт үйлдэн, гарын үсэг зурдаг СӨХ-д Газрын албаныхны хэлсэнчлэн иргэдээс санал аваагүй нь мэдээж. Тус албанд өдгөө 400 орчим СӨХ орчныхоо газрыг эзэмших хүсэлт гаргаад байгаа юм билээ. Хэрэв сууц өмчлөгчдийн 1050 холбоо цөмөөрөө эзэмшил газартай болчихвол тус бүртээ Вант улс болох нь нууц биш. Тэр цагт Газрын албаны мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын байцаагчид ч арга хэмжээ авч чадахгүйд хүрэх нь гарцаагүй.
Бэлтгэсэн: Г.Цэцэг