Баянзүрх дүүргийн V, ХХII хорооны нутаг, Монелын хэсгийг Дарь-Эхтэй холбосон, үерийн далан, гэрэлтүүлэг бүхий иж бүрэн тохижилттой долоон метр өргөн, хоёр эгнээ, гурван км авто замыг барьж дуусгаад, өчигдөр нээлээ.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг сааруулахын тулд хороолол доторх замуудын сүлжээг сайжруулж, өргөтгөх шаардлагатайг эрдэмтэн, судлаачид хэлдэг. Тиймээс нийслэлийн удирлага хотыг хэрсэн тойруу зам тавих ажил эхлүүлсний нэг нь энэ. Ашиглалтад оруулсан эл бүтээн байгуулалт нь нийслэлийн мастер төлөвлөгөөнд тусгасан Гадна тойруугийн замын эхлэл юм. Өөрөөр хэлбэл, Цагаан даваа, Дарь-Эх, цаашлаад Хайлааст, Таван шар хүртэлх замын бүтээн байгуулалт үүгээр эхэлсэн гэсэн үг.
Түүнээс гадна уг замыг тавьснаар иргэд автобус дамжин суух шаардлагагүй болж буй. Энэ талаар иргэд “Өмнө нь үүгээр явах гэж их зүдэрдэг байсан. Автобус хагас тойргоор эргэдэг байсан бол өдгөө эцэс хүртэл явах боллоо. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч хоёр жил гаруй хөөцөлдсөний үр дүнд бидний амьдрах орчин сайжирлаа” гэв.
Уг бүтээн байгуулалтын үр өгөөжийн талаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Баярмөнх “Монел орчимд суурьших иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Гэтэл энэ хавь байнга усанд автдаг, нийтийн тээвэр хүрэлцээгүй зэрэг ачаалал ихтэй. Харин шинэ зам тавьснаар ийм бэрхшээл ариллаа гэж болно. Мөн Зуун айл, Сансар орчмын хөдөлгөөний ачаалал ч буурна” гэлээ.
Бэлтгэсэн: Г.Сарнай