“Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт” Монгол Улсад анх удаа 2018 оны зургадугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд болж байна.
Энэ удаагийн уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох бусад албаныхан зэрэг 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байна.
Олон улсын хурлын зочид, төлөөлөгчид “Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” сэдвийн дор таван өдрийн турш чуулах бөгөөд даян дэлхийн түвшинд, Берлиний ногоон долоо хоног болон НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн 23 дугаар их хурлаар тодорхойлсон зорилтуудыг хэрэгжүүлэхэд ДДМААХ-ийн оруулах хувь нэмрийн талаар хэлэлцэнэ. Бүс нутгийн болон үндэсний түвшинд, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад бэлчээрийн мал аж ахуйн оруулах хувь нэмэр, ач холбогдол, байгаль орчинд ээлтэй, өрсөлдөх чадвартай мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрнэ. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж буй энэ цаг үед нүүдлийн болон бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд тулгарч буй сорилт, түүнийг даван туулах арга замын талаар нухацтай авч үзнэ.
Уулзалтыг Монгол Улсад зохион байгуулснаар нүүдлийн мал аж ахуйн онцлог, уламжлалт ёс заншлаа олон улсад сурталчлан таниулах, мал аж ахуйн салбарт баримталж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдийнхөө талаар гадны төлөөлөгчид танилцуулж, улмаар хөрөнгө оруулалт татах боломж бүрдэх юм. Товчхондоо, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмрийг Монгол Улсаар төлөөлүүлэн дэлхий нийтэд харуулна гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.