Саяхан доорх зургийг олж үзээд сэтгэл тун ч их хөдөлж, гараад таарсан хүнээ танихгүй ч хамаагүй тэвэрмээр санагдаж билээ. Баглаа дүүрэн цэцэг гартаа барин гудамжинд зөрөн өнгөрөх бүхэндээ цэцэг өгч буй энэ хүний нүүрэнд тодрох мишээлээс "Өгөхийн жаргал"-ыг мэдрэх шиг.
Шинэ жил, наадам, цагаан сар, төрсөн өдөр гээд баяр болгон л өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй, эргэн дурсах зүйлтэй сайхан байдаг. Харин хүмүүсийн хамгийн ач холбогдол бага өгч, бүр үл тоомсорлоод өнгөрдөг баяр "Эр цэргийн баяр" юм байна гэж эрхгүй бодогдлоо. Эмэгтэйчүүд баяраараа муугүй баярладаг мөртлөө зөрөөд эрэгтэйчүүдэд "Чи ер нь цэргийн алба хаасан ч биш" гэж түүртэлгүй хэлж байхыг хэдэнтэй сонсож байснаа санаж байна.
Бодоод байх нь ээ цэргийн баяр гээд гэртээ амраад хэвтэж байдаг залуу ер нь бараг байдаггүй юм байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бүх нийтээр албан ёсоор амардаг бол эр цэргийн баяраар албан ёсны амралт байхгүйн дээр өнөөдөр бүтэнсайн өдөр гэлтгүй ажиллаж буй олон эрчүүдийн төлөөлөл таван залуутай хөөрөлдөж, хэрхэн баярлах гэж буй талаар нь ярилцлаа.
Хар хоргүй сэтгэлийг бэлгэдэж цагаан өнгийн цэцгийг сониныхоо шинэхэн дугаараар баглан, бага сага идэх юм бэлдэн гарахдаа хэрхэн хүлээж авах бол гэдэг бодол баахан санаа зовоож байв. "Залуусд цэцэг дэмий дээ. Эрэгтэйчүүд цэцэг өгдөг болохоос хэзээ авч байлаа " гэж найз минь надад зөвлөсөн боловч харин ч үргэлж өгдөг бэлгээ өөрөө авах мэдрэмж ямар байдгийг үзэж болох шүү дээ гэж зөрөн зөрөн өгсөн минь алдсан уу оносон уу бүү мэд.
Миний таарсан эхний хүн ганга, эмийн ургамал зардаг ах байлаа. Баярын мэнд хүргээд үнэн учраа хэлэхэд инээмсэглэлээр угтсан бөгөөд надад зарж буй эмийн ургамалуудынхаа ашиг тусыг тайлбарлан өгч, харин би 13 төрлийн өвчинд тустай бөгөөд үсэнд нэн тустай ганганаас нэг торыг авлаа.
Харин дараагийн таарсан хүн бол гудамжинд нүдний шил зардаг ах байлаа. Өнөөдөр тэрээр гурван шил зарсан гэнэ. Яаж баярлах вэ гэсэн асуултад хариад гэрийнхэн минь хүлээж байгаа. Ханийнхаа хийсэн цуйванг идээд, хүүхдүүдийгээ цангинасан дууг сонсох чинь л бэлэг шүү дээ гэж хэлэн инээмсэглэн хэлсэн юм.
Гутал тосолдог догь ах "Өнөөдөр орлого их орсон урамтай өдөр байна" гэсэн гэгээлэг мэдээгээр угтсан юм. Тэрээр өдөрт 12000-15000 төгрөгний орлого олдог бол миний өгсөн багахан мөнгөтэй нийлээд өнөөдөр 20000 төгрөг олсон гэнэ. Түүний гар нь хар ч гэлээ олсон мөнгөний үнэ цэнэ нь өгсөн цэцэгний минь өнгөтэй адил хиргүй байх даа гэж бодон явлаа.
Сэтгүүл аваарай, сэтгүүл аваарай гэж гудамжаар нэг орилон явдаг энэ ахтай өмнө нь ч олон удаа таарч байж билээ. Сэтгүүлээ зардаг өөрийн гэсэн арга барилтай энэ хүн байнга явдаг газруудаараа олны танил гэмээр шүү. Өөрийг нь тоохгүй болохоор "хөөш авчих л даа" гээд долоовор хуруугаараа түлхээд байдаг нь анх харахад бага зэрэг түвэгтэй санагддаг байсан бол өнөөдөр сэтгүүлээс нь нэгийг аваад хэсэг хөөрөлдөхөд гэм хоргүй хүн шиг санагдлаа. Өнөөдөр түүний ч бас баяр шүү дээ.
Ингээд бодоход уулзсан хүн бүр минь (нэг хүнийг эс тооцвол ) намайг элгэмсэг угтаж, инээдээр үджээ.
Эмэгтэйчүүд минь цэргийн баярыг зөвхөн цэргийн алба хаасан хүмүүстэй л холбож ойлгодог сэтгэлгээгээ халж эрэгтэй бие засах газраар үйлчлүүлдэг хүн бүрийг энэ өдөр баярлуулж байгаасай гэж хүсэн уриалах байна.