Дээд айлд адуу мал хашаа юу гэлтэй пижгэнээд хоёр хонов. Хүүхдүүд тоглоод, гүйгээд байгаа юм. Өндөр настай хөгшний даралт ихсээд бууж өгөхгүй байсан ч, багачууд хөл гараа хөдөлгөж л байг гэж ярилцаад аяар нь байгаад байлаа. Гэтэл сүүлдээ дэвхцээд, тааз нураах нь уу гэлтэй болоход тэвчээр алдаж, орлоо. Хаалгыг нь тогшиход эмэгтэй хүн “За, тэр хэлээгүй юу. Яв яв, өөрсдөө очиж онгойлго” гэх нь сонсогдов.
Нэлээд удсаны эцэст арав орчим насны охин хаалга онгойлголоо. Гэрт ойролцоо насны хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүүхэд байх аж. Компьютерын өмнө 30-аад насны бүсгүй сууна. Мэнд мэдээд “Хүүхдүүд яаж тоглохоороо ийм их чимээ шуугиан гаргадаг байна аа” гэхэд бүсгүй “Харин тийм ээ. Би хэлээд дийлэхгүй байгаа юм. Бага нь манай охин. Энэ хоёр нь дүүгийн хүүхдүүд. Манайд хэд хонохоор ирээд байгаа нь энэ. Компьютер шагайж суудаг хүүхдүүд нэг өдөр ч болов өөрөөр тоглог гэж бодоод хааяа сануулчихаад хорихгүй байгаа юм. Тэгсэн дэвхцээд байх юм” гэлээ.
Жаалуудад “Та нар том болсон хүүхдүүд байна. Доор айл байдаг, дээрээс нь хэрээс хэтэртэл пижгэнэж болохгүй гэж мэдэх ёстой. Өндөр настай эмээгийн бие муу байгаа юм. Дахиж ингэж болохгүй” гэхэд дуугарсангүй. Тэд эвгүй харцгааж байв. Өнөө хүүхэн ч “Ямар сүртэй юм” гэх шиг харна.
Гэртээ ороод удаагүй байтал бас л хөөцөлдөж эхлэв. Бүр хашхиралдаж гарлаа. Үдээс хойш гайгүй байсан ч орой дахиж орохоос аргагүйд хүрэв. Эмээ нь хаалга онгойлгоод “За, миний дүү энэ хэдийг сайн загнаад өг. Охин бид хоёрын үгэнд орохгүй юм. Эрэгтэй хүн байхад ингэхгүй л дээ” гэдэг юм байна. Тэгэхээр нь том өрөөнийх нь голд зогсож байгаад “Яг ямар үйлдэл хийхэд ийм их чимээ гаргадаг юм бэ, харуул даа” гэхэд хүү том охиныг зааж “Энэ намайг зүгээр байлгахгүй байгаа юм” гэлээ.
Охин доошоо харсан хэвээр “Битгий худлаа яриад байгаарай” гэнэ. Тэрбээр гаран гартал толгойгоо өргөөгүй. Бага охин өнөө хоёроо ховлоно. “Дахиж орж ирэхгүй, тааз нураах гээд байх юм бол цагдаа дуудаж өгнө шүү” гээд гарсан. Харин тэд шөнийн 12 цаг хүртэл шуугилдав. Түүнээс хойш лав долоо хоног таваргарсаар л байна. Хөгшний бие гайгүй болсон болохоор дахиж юм хэлээгүй.
Өнгөрсөн оны сүүлээр, хөгжмийн сургалтад явдаг, ээжийгээ “Хувийн сургуульд явуулахыг чинь харна аа” гэж загнадаг охины тухай бичсэн билээ. Жишээ зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй эргэн тойронд олон байна. Хүүхдээ эрхлүүлж, эрх чөлөөтэй өсгөж байгаа нь энэ гэж аманд нь орох шахсан эцэг, эх захаасаа авахуулаад байна. Соёлтой, боловсролтой аав, ээжийн хүүхдүүд гэхийн аргагүй элдэв гаж үйлдэл хийж, нууж хаах ч үгүй ил цагаандаа гарсан нь ч байна.
Арваад настай гурван хүүхэд дийлэхгүй суугаа эмээ, ээж хоёрыг яах вэ. Хөрш нь орж ирж шаардлага тавихад тохуурхах мэт гарангуут хашхиралдах тэр хүүхдүүдийг яах вэ. Айлын хүүхдийг аргадах уу, гуйх уу, зодох уу. Алганы амт үзүүлбэл яах бол. Хүчирхийлэгч болох уу. Дээхнэ болохгүй хүүхдэд “таван салаа боов” өгөөд л зүгшрүүлээд авдаг байсан. Хөршийн хүүхдүүдийн дарамтад орсон хүн ер нь ямар арга хэмжээ авбал зохилтойг мэдэхээр Цагдаагийн 102 дугаар руу залгалаа.
-Лавлаж, зөвлөгөө авах гэсэн юм. Дээд айлын хүүхдүүд өдөр шөнөгүй пижгэнээд тав тух алдуулж байгаад гомдолтой байна. Хаана хандах вэ?
-Манайд ханддаг. Та зөв залгажээ. Хаягаа хэлнэ үү. Хаана тийм юм болоод байна?
-Хаана хандах ёстойг мэдэх гэсэн юм. Ойлголоо. Цагдаа дуудах нь хүүхэд хүчирхийлсэн хэрэг болох уу?
-Манайхаас очиж Зөрчлийн тухай хуулийн хүрээнд зохих арга хэмжээ авна. Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан гэж бүртгэж аваад, шаардлага тавьдаг.
-Бага насны хүүхдүүд айснаасаа болоод сэтгэл зүйн хувьд бага боловч гэмтэх болов уу?
-Хуулийн дагуу ийм л арга хэмжээ авдаг.
Ийм яриа боллоо. Хүүхдүүд эцэг, эх, эмээ, өвөөгийнхөө үгэнд яагаад орохгүй, бусдын үгийг бас яагаад юман чинээ тоохгүй байна вэ. “Чихгүй толгой” гэж ийм нөхдийг хэлдэг үү. Хүүхэд бүр ийм биш ч, эргэн тойрондоо түвэг удсан энэ мэт нь цөөнгүй юм. Томрохоороо болих байх гээд зөнгөөр нь орхих уу. Гэтэл буруу замаар будаа тээвэл яах вэ. Аав, ээжүүд хүүхдүүдээ хэзээнээс ингэж толгой дээрээ гаргадаг болов. Толгой дээр нь гарч авсан хүүхдүүд буух уу, бүр өөр тийш явах уу. “Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэж үг бий. Эцэг, эхээ үл ойшоож, өөрийгөө тоож өссөн хүүхэд тэр л янзаараа доголдолтой төлөвшиж, эцэст нь нийгэмд гай болдоггүй юм гэхэд ойр хавийнхандаа ад үзэгдсэн арчаагүй нэгэн болох биш үү.
Энэ тухай хүмүүстэй ярилцсан юм. Дөрвөн хүүхэдтэй ээж “Хүүхдэд ухаан орох үеэс нь болох, болохгүйг ойлгуулах хэрэгтэй. Амархан шүү дээ. Хөлд ороод удаагүй хүүхэд гал руу орчих гээд зовоогоод байвал хурууг нь халуун зууханд ойртуулж айлгах, эсвэл данхны халуун тагаар гарыг нь бага зэрэг дараад авах хэрэгтэй. Нэг удаа часхийж уйлна, дахиад хэзээ ч галд ойртохгүй.
Гурав, дөрөвтэйд нь хоол ундаа асгаж цутгаад байвал нь нэг өдөр хоолыг нь сойж байгаад цэвэрхэн идэж уухгүй бол хоол өгөхгүй гэж хашраахад дорхноо хичээгээд аятайхан сууж иддэг болдог. Үүнтэй адил томрох тусам нас насанд нь тохирсон арга хэмжээ аваад байх хэрэгтэй. Эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдээ хүмүүжүүлнэ үү гэхээс өөр хэнд даатгах юм” гэлээ. Өнөө цагт олон хүүхэдтэй гэж тооцогдох болсон туршлагатай ээж хүүхэд хүмүүжүүлдэг арга барилынхаа зах зухаас ийнхүү ярьсан юм.
Өнгөрсөн онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран Монголд анх удаа “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн” зохион байгуулсан. Эцэг, эхчүүд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлбэл зохих талаар дарга нар илтгэл тавьж, оролцогсод сонссон. Хөрөнгө мөнгө их зарж хийсэн энэ зөвлөгөөн ямар үр дүн өгсөн бол. Ийм арга хэмжээ болсныг дуулсан нэгэн уншигч “Шорон өргөтгөж, хоригдлуудын тав тухыг хангаж, хайрлаж халамжилж, өршөөл уучлал үзүүлэх, эсэх талаар ярихтайгаа зэрэгцээд хүүхдийн хүмүүжлийн асуудлыг бүхний дээр тавимаар байгаа юм. Энэ талын ажил их орхигдож, эзэнгүйдэж байна. Одоо байтлаа хүүхдэдээ шаардлага тавьсан эцэг, эхэд арга хэмжээ авах тухай ярих болж. Манайх ч юмыг ёстой нэг самрах юм даа, хүүхэд залуучуудынхаа хүмүүжилд анхаарахгүй бол хүүдийний амыг уруу нь харуулж сэгсрэхтэй адил шүү дээ” гэсэн байлаа.
Үнэн бол энэ. Хүүхэд хүмүүжүүлэх арга барил айл гэр бүл бүрт бий, байсан, байх ч ёстой. Тэрхүү уламжлалт арга ухаанд тулгуурласан бодлогыг хөхиүлэн төрийн бодлогын баримт бичигт албажуулна уу гэхээс, байсхийгээд “хийх юмаа олж ядсан” мэт гадаадуудын хуурамчхан, хэврэгхэн үлгэрийг загвар болгосон хууль, журам гаргаж эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчдийн толгой эргүүлээд, ёстой тэр хүний хэлснээр “самраад” байхын хэрэг байгаа ч юм уу.
Нийгэм тогтвортой байж, өсөж дэвжихийн эх үндэс нь бат бөх гэр бүл, түүний төлөвшил, хөгжил билээ. Эцэг, эх нь эцэг, эх шиг байж, хүүхэд нь хүүхэд шиг байж ирсэн уламжлал бол хүмүүжил, төлөвшлийн суурь юм. Гэр бүл, эцэг, эх бүр хүнээр хүн хийх монгол ухаанаа дээдэлж хүүхдэдээ хэлэхдээ хэлж, хэрэг гарвал “шилбүүрдэж” байсан нь хожих буй за.