Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж оюутан залуусыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилдаг. Өнгөрсөн хугацаанд тус төв 40000 гаруй залуусыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилжээ. Урин дулаан цаг болж байгаа учраас ажлын байрны тоо ч эрс нэмэгдэж байна. Одоогийн байдлаар амталгаа сурталчилгаа, борлуулалт, цагийн шууданч, цагийн зөөгч, барилгын дараах цэвэрлэгээ, судалгаа, цагийн багш зэрэг цагийн ажлын захиалга их байгаа юм.
Мөн сүүлийн жилүүдэд албан байгууллагууд найдвартай цагийн ажилтанг ажлуулах сонирхол их болсон. Тиймээс цагийн ажил хайгч залууст зориулан “Би Ажилтай Монгол Залуу” чиглүүлэх сургалтыг долоо хоног бүрийн пүрэв гарагт явуулдаг байна. Ингэснээр цагийн ажилтны дэвтэртэй болж ажлын туршлага хуримлуулах боломжтой аж.
Дашрамд дурдахад, манай улсад цагийн ажлын дундаж хөлс цагийн 2000-5000, хагас өдрийн 10 000-15 000, бүтэн өдрийн 20 000-25 000 төгрөг хооронд байдаг. Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж тодорхой хэмжээний хуримтлалтай болж, туршлага хуримтлуулах сонирхолтой залуус Залуучуудын хөдөлмөрийн төв биржид хандах боломжтой юм байна.