“Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг тэргүүтэй хэсэг нөхөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Монголын Засгийн газрын эзэмшлийн 51 хувийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл аваад, түүнээ төлөөгүйгээс “саалийн үнээ”-г маань битүүмжилж хураах шийдвэр Лондоны Арбитрын шүүхээс гарчээ” гэсэн мэдээлэл энэ сарын эхээр монголчуудыг цочирдуулсан. Энэ мэдээллийн үнэн, худлыг тодруулах гэж хэвлэл мэдээллийнхэн тал тал тийшээ гүйж, “Арай ч битүүмжилчихгүй байлгүй, тухайн үед албан ёсоор батлан даагаагүй, Ш.Батхүү хуурамч гарын үсэг бүрдүүлсэн юм гэнэ билээ, 100 гаруй сая ам.доллар төлөх нь, үгүй ээ 51 сая гэнэ” гэсэн албан ёсны бус, таамаг төдий шахам мэдээлэлтэй өнөөг хүрсэн юм.
Үүнтэй холбоотой бүх мэдээллийг ил тод болгох зорилгоор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Энхболд, Ж.Энхбаяр нар Ерөнхий сайдад асуулга тавьсан бөгөөд Засгийн газраас асуулгын хариуг нь өгчээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувьд юу тохиолдоод буй талаар албан ёсны бөгөөд харьцангуй нээлттэй мэдээлэл энд байгаа тул асуулгын хариуг товчлон хүргэж байна.
Асуулгын хариуд “2009 оны долдугаар сарын 8-нд “Жаст групп” ХХК “Стандарт” банктай 36 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2011 оны арванхоёрдугаар сарын 30-нд нэмэлт гэрээ байгуулан, зээлийн хэмжээг 75 сая ам.доллар болгож өсгөсөн. 2010 оны наймдугаар сарын 5-нд “Жаст групп” дахин 27 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2011 оны арванхоёрдугаар сарын 20-нд нэмэлт гэрээ байгуулан, зээлийн хэмжээг 34 сая ам.доллар болгож нэмэгдүүлсэн. Дээрхийг нэгтгэвэл, 2009- 2010 онд “Жаст групп” ХХК “Стандарт” банкнаас нийт 109 сая ам.долларын зээл авчээ. Зээл авсан үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явсан, эсэхийг АТГ шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа хараахан дуусаагүй байна.
Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагаас зөвшөөрөл өгөөгүй байхад “Жаст групп” ХХК хуурамч баримт бичиг бүрдүүлж, зээл авсан талаар тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон Төрийн өмчийн хорооны удирдлагууд мэдүүлжээ. Энэ асуудлаар иргэн Ш.Батхүү нарт холбогдуулан Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд 2015 оноос АТГ-т шилжүүлэн мөрдөж байна.
Лондоны Арбитрын шүүхээс 2009 оны үндсэн зээлийн гэрээний талаар гаргасан шийдвэрт “Стандарт” банк нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дагаж мөрддөг хууль, эрх зүйн баримт бичгийн хүрээнд гэрээнд оролцох чадамжтай, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзориг тухайн гэрээнүүдэд гарын үсэг зурах эрх мэдэлтэй байсан” гэсэн бол 2010 оны үндсэн зээлийн гэрээний талаар гаргасан шийдвэрт “Тус зээлийн гэрээнээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК ашиг хүртэх боломжтой байсан.
Зээлийн гэрээнд холбогдох урьдач нөхцөл бүхий баримт бичигт Г.Амарбат, Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан. Зээлийн гэрээтэй холбоотой барьцаа, гэрээний эрх шилжүүлэх тухай мэдэгдлийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас дамжуулснаар эрх шилжүүлэлт хүчин төгөлдөр болсон. Зээлийн гэрээтэй холбоотой санхүүгийн баримт бичгүүдэд “Жаст групп” ХХК-ийн захирал Л.Бадамцэцэгийн цуглуулсан гарын үсгүүд байсан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал, Г.Галбаатар нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон” гэсэн байна.
Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас олгосон зээл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дансанд орсон, эсэх, түүнийг хэрхэн зарцуулсан талаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас ирүүлсэн мэдээллээс үзвэл 2010-2013 онд “Стандарт” банкнаас нийт 213.3 сая ам.долларын орлогын гүйлгээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд орсон байна. Энэ мөнгө нь “Меркентал хаус”, “Миллфорд глобал” корпорацаас төлсөн борлуулалтын орлого гэж бүртгэгджээ. Уг орлогоос УБТЗ ХНН-т тээврийн хөлсний төлбөрт 55.6, “Жаст” компаниас нийлүүлсэн түлш, шатахууны төлбөрт 41.2 сая ам.доллар зэргийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас шилжүүлсэн байна.
“Жаст групп” ХХК зээлээ хугацаанд нь төлөөгүйтэй холбогдуулан “Стандарт” банк 2013 оны долдугаар сард Лондоны Арбитрын шүүхэд хандаж, 109 000 000 ам.долларын зээлийн гэрээнд хамаарах 86 950 000 ам.долларыг баталгаа гаргасан гэсэн үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр”-ээс нэхэмжилжээ.
Лондоны Арбитрын шүүх 2016 оны тавдугаар сард шүүх хуралдаан явуулж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Жаст групп”-д баталгаа гаргасан гэж үзэн, 50 988 425 ам.долларын төлбөрийг “Стандарт” банкинд төлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч, Английн Хатан хааны дэргэдэх Худалдааны дээд шүүхэд давж заалдах гомдол гаргах зөвшөөрөл хүссэн боловч тус шүүх өнгөрсөн оны тавдугаар сарын 22-нд шийдвэр гарган, 14 хоногийн дотор 50 988 425 ам.долларыг шүүхэд байршуулснаар давж заалдах зөвшөөрөл олгох нөхцөл заасан байна.
Тухайн үед дээрх нөхцөлийг биелүүлэх боломжгүй байсан тул “Эрдэнэт үйлдвэр” Английн давж заалдах шатны шүүхэд уг захирамжийг давах хүсэлт гаргасныг энэ оны нэгдүгээр сарын 10-нд татгалзаж, эцэслэн шийдвэрлэсэн.
Арбитрын шүүх өөрийнх нь талд шийдвэр гаргасны дараа “Стандарт” банк үндсэн зээлийн хүү, шүүх ажиллагаанд зарцуулсан зардлаа гаргуулахаар Лондоны Арбитрын шүүхэд хандсан бөгөөд өнгөрсөн оны долдугаар сарын 27-нд уг асуудлыг хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 14 438 164 ам.долларын зардал, 26 782 381 ам.долларын үндсэн зээлийн хүү, өнгөрсөн оны наймдугаар сарын 22-ныг хүртэл тооцсон хүү 3 142 063 ам.доллар, нийт 44 362 608 ам.долларыг гаргуулан “Стандарт” банкинд олгохоор шийдвэрлэсэн. Хүү, зардалтай холбоотой уг маргаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК давж заалдсан бөгөөд хэргийн ажиллагаа үргэлжилж байна.
Түүнчлэн “Стандарт” банк Английн Худалдааны дээд шүүхэд өнгөрсөн оны есдүгээр сарын 25-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг хураах, битүүмжлүүлэх захирамж гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-нд хэлэлцээд, хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.
Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 31-ний хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох Арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл сонссон бөгөөд үндсэн зээлийн төлбөрийг тохирч барагдуулах, мөн хүүгийн нэмэлт төлбөрийг зогсоох асуудлаар “Стандарт” банктай нэн даруй хэлцэл хийхийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгоод байна” гэжээ.