Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татан, байцаалтад албадан ирүүлэхээр болоод буй. Түүнийг бүр цагдан хорих санал ч гаргасан юм билээ. Юутай ч энэ парламентын хамгийн залуу гишүүний садар самуун явдал, шалиг, завхай зан нь нэг юм дуулгах нь бололтой. Улмаар Д.Гантулгын орон гарсан суудалд зарлах нөхөн сонгуульд хэн хэн өрсөлдөх талаарх таамаг хэдийнэ хөврөөд эхэлчихлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарын гал гарч, хор буцалгах өрсөлдөөн Хэнтийд болох нь гэх зэрэг элдэв яриа гарч байна. Харин энэ бүхэн хэзээ бодитой өрнөж, үнэн, эсэх нь тодрох бол.
УИХ-ын тухай хуульд гишүүнийг эгүүлэн татах хоёр л үндэслэл бий. Тодруулбал, Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан, эсвэл гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан нөхцөлд нөхөн сонгуулийн талаар ярьж болно. Өдгөө гишүүн Д.Гантулга нь бусдыг хүчирхийлсэн, эсэхийг холбогдох байгууллагууд тогтоохоор ажиллаж буй. Энэ төрлийн хэрэг хянан шийдвэрлэж ирсэн жишиг, хуульд заасан хугацаа зэргийг харгалзан тооцвол түүний буруутай, эсэхийг дэнслэх эцсийн шийдвэрийг бараг жилийн дараа гаргах юм. Харин тэр үед 2019 он гарчихсан, 2020 оны сонгуулийн солиорол хэдийнэ эхэлчихсэн байна гэсэн үг.
Ингээд түүнийг буруутай гэж үзвэл эгүүлэн татаж, нөхөн сонгууль товлон зарлахаас авахуулаад санал хурааж, маргаангүй дүн сонсох хүртэл дор хаяж гурван сар барна. Учир нь УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг ээлжит сонгуулийн нэгэн адил зохион байгуулалт, цаг хугацааны хуваарьтайгаар явуулах ёстой. Тэр үед түүнийг эгүүлэн татсан ч яалаа, байсан ч яалаа. Тэгж зардал, мөнгө гарздах хэрэггүй юм, үнэндээ. Дараагийн хүн нь “дадлагажиж” ч амжихгүй юм байна.
Нөгөө үндэслэлийн тухайд түүнийг эгүүлэн татахтай холбоотой ямар нэг мэдээлэл одоогоор Цэцэд ирүүлээгүй байна. Д.Гантулгын ёс зүйгүй үйлдэл нь Үндсэн хуулийн аль нэг заалт, зарчимтай харшилдаж буй талаар даацтай үндэслэл гарган, Цэцэд хандахаар зэхэж буй нэгэн байхыг үгүйсгэх аргагүй. Тухайлбал, хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба нар хуралдаа суудаггүй Б.Наранхүү гишүүнтэй холбоотойгоор Цэцэд хандахдаа, “Үндсэн хуульд УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлахаар тусгасан байдаг.
Гэтэл Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хангалттай суухгүй байгаа нь энэ үүргээ гүйцэтгэж чадаж буй, эсэхэд эргэлзэхэд хүргэлээ” хэмээн үндэслэл болгосон. Ийнхүү хэн нэгэн Д.Гантулгыг эгүүлэн татах талаар Цэцэд хандсан тохиолдолд өргөдөл, мэдээллийг хүлээн авсан гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийж, маргаан үүсгэх, эсэхийг өөрийн санаачилгаар шийдвэрлэхээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан байна. Улмаар маргаан үүсгэсэн тохиолдолд хуралдаанд 30 хоногийн дотор бэлтгэж, шаардлагатай бол Цэцийн дарга үүнийг 30 хүртэл хоногоор сунгаж болно.
Өөрөөр хэлбэл, Цэц гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудлаар маргаан үүсгэхэд хамгийн ихдээ гурван сар хүрэхгүй хугацаа зарцуулах нь. Ингээд Цэц түүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргавал УИХ эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. УИХ Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхэд ч хуулийн хугацаа бий. Тодруулбал, Цэцийн дүгнэлтийг УИХ чуулганы үеэр хүлээн авсан бол долоо, чуулганы чөлөөт цагт бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш тав хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой. Улмаар тус байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж оролцсон гишүүдийн олонхын, нууц саналаар шийдвэрлэх юм.
Үндсэндээ гишүүн Д.Гантулгыг эртхэн шиг эгүүлэн татъя гэвэл шүүхийн шийдвэр хүлээх бус, Цэцэд хандсан нь илүү цаг хожих магадлалтай. Тэгээд ч нэгэнт Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй аливаа асуудлаар Цэцэд хандах эрх нь иргэдэд нээлттэй тул үүнийгээ эдэлж яагаад болохгүй гэж.
Үүнээс гадна гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Д.Гантулга өөрөө гаргах боломжтой. Ингэвэл асуудлыг бүр ч богино хугацаанд шийдвэрлэнэ. Уг нь энэ боломжийг тэрбээр эл асуудал дуулиан төдий байхад нь ашиглаж болох байсан. Нэгэнт нялх гишүүн эл арга замыг анхнаасаа сонгоогүй учраас одоо чөлөөлөгдөх хүсэлт гаргах нь юу л бол. Гэхдээ үнэмлэхүй олонхтой парламент, эрх баригч намын түвшинд Д.Гантулгын “хэрэг”-ийг одоо найман сарын өмнөхөөс арай өөрөөр шийдэх уур амьсгал давамгайлж буй бололтой.
Тиймээс ч тэдний амнаас улстөрчдөөс хариуцлага нэхнэ, гишүүдийн ёс зүйн асуудлыг эргэж харна гэх өнгө аястай үгс гарах боллоо. Сая намрын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга М.Энхболд “Төрд түмнээ төлөөлөн сууж буй гишүүдийн сахилга хариуцлага, ёс зүйн асуудлыг хөндөлгүй орхиж болохгүй. Та бид итгэж сонгосон сонгогчдоо төлөөлөн төр барилцаж, тэдний өмнө үүрэг, хариуцлага хүлээж байгаа гэдгээ огтхон ч умартах учиргүй. Сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлж, ёс зүйгээ огоорох эрх бидэнд байхгүй. Төрийн түшээ, УИХ-ын гишүүний нэр хүнд нь бүхнээс дээгүүр, дархан торгон байдал биш гэдгийг ойлговол зохино.
Хуулиар олгосон эрх хэдий байвч, үүрэг, хариуцлага илүү чухал гэдгийг сануулж хэлье. Хууль хэрэгждэг, ёс зүйг эрхэмлэдэг улс оронд ийм үйлдэлд нэр холбогдсон бол аль хэдийнэ огцорсон байгаа даа гэж иргэдийн ярилцаж байгааг сонсоогүй мэт өнгөрөөж болохгүй. Ёс зүйн хариуцлага хүлээх нь хувь хүний өөрийн санаачилгаас ихэнхдээ эхлэлтэй байдаг. Ийм улс төрийн соёлыг бий болгоход улс төрийн намууд ч анхаарах хэрэгтэй” хэмээсэн бол эрх баригч намын дарга У.Хүрэлсүх гишүүддээ хариуцлага тооцож, хатуу гараар ажиллахаа алхам тутамдаа хэлж буй. 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа гэр бүлийн хүнийхээ эрүүл мэндийн байдлаас болж чөлөөлөгдсөн түүх түүнд бий.
Шадар сайдын суудлаас ч сайн дураараа татгалзаж явсан нэгэн. Тэгэхээр түүнээс Д.Гантулгад өгөх намын даргын тушаал, нутгийн ахын зөвлөгөөний аль аль нь “Чөлөөлөгдөх хүсэлтээ өг” гэх мессеж байхад гайхах зүйлгүй. Намын нэр хүндээ бодож Д.Гантулгаар туг тахих нь гэлцэж буй ч өнөөгийн нөхцөлд үнэндээ үүнээс өөр гарц үгүй ээ. Энэ нь нас залуу Д.Гантулгын цаашдын амьдралд нэмэр л болох сонголт. Бусдад ч жишиг болог, Д.Гантулга гишүүн ээ.