Өвлийн адаг сар шувтарч, хаврын эхэн сар гарсан өдрүүдэд Баянхонгор аймгийн говийн сумдад ажиллаад ирлээ. Баянхонгор аймаг өнгөрсөн жил зуншлага муу, сумдын 28.6 хувь гандуу, 61.9 хувь нь гантай байсан бөгөөд бэлчээрийн даац нутаг дэвсгэрийн 30 хувьд 1-3, 10 хувьд 3-5, 30 хувьд таваас олон дахин хэтэрсэн гэсэн үнэлгээг мэргэжлийн байгууллага хийсэн, маш эрсдэлтэй бүс нутаг юм.
АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 30 МЯНГА ГАРУЙ ТОЛГОЙ МАЛ ХОРОГДООД БАЙНА
Он гарсаар нийт нутгаар хүйтэрч, Заг, Байдрагийн сав газраар -43 градуст хүрсэн. Нутгийн 86.4 хувьд цасан бүрхүүлтэй, цасны зузаан тал газартаа 0-8, уул, гуу жалгандаа 15-40 см хүрсэн гэсэн мэдээллийг албаны хүмүүс өгч байгаа. Аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 4.6 сая толгой мал тоолуулсан бөгөөд зуншлага тааруу байсан, бэлчээрийн даац хэтэрсэн, цаг агаарын байдал зэргээс өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд буй. Өөр аймгийн нутагт 296 өрхийн 100 мянга гаруй, өөрийн аймгийн бусад суманд 661 өрхийн 235 мянган мал өвөлжиж буй бөгөөд аймаг, сум дамжин нутаг сэлгэх нүүдэл үргэлжилсээр байгаа аж. Гэвч ойрын хэдэн зуун км дотор отор хийх газаргүй болсон тухай малчид хэлж байна.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Баттөр “Одоогийн байдлаар 30 гаруй мянган толгой мал зүй бусаар хорогдоод буй. Үүнд нэг настай мал болон үхэр зонхилж байгаа. -40 хэм давсан хүйтэнд турж эцсэн, өлгүй мал осгож хорогдох нь их байна. Одоогоор 14 суманд өвөлжилт, хаваржилт хүндэвтэр, дахиад жаахан цас ороход л малын хорогдол огцом нэмэгдэхээр тун эмзэг байгаа. Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларч, цас нэмж ороогүй болохоор малын бэлчээрт идээшлэх хугацаа бага боловч уртассан. Энэ чигээрээ байвал харьцангуй хохирол багатай өвөл, хаврыг давах найдлага бий. Гэвч хүнд үеийг давлаа гэж ярихад бүтэн хоёр сарын зай байна. Хавар бол хамгийн эрсдэлтэй үе” гэв.
МАЛЫН ХОШУУ УРАН, ГАЗАР ҮНЭРЛЭЖ Л БАЙВАЛ УЧИРТАЙ
Баянцагаан, Бууцагаан, Баацагаан, Хүрээмарал сумын нутгаар явахад өвөлжилт хүндхэн байгаа ч бас яадгаа алдтал зуд болчихоогүй байна. Байгалийн эрхшээл, цаг агаарын ааш, хэдэн малын аясыг дагаж амьдардаг малчдын азаар энэ өвөл харьцангуй цас бага унажээ. Зун гантай байсны балгаар хоёр хуруу цас ороход л цухуйх өвсгүй болсон гэнэ.
“Малын хошуу уран, газар үнэрлэж л байвал учиртай. Харгана, шавагнаас өөр хамар хатгах өвсгүй нүцгэн газар ч мал хошуугаараа цас ярж, хөлөөрөө ухаж явсаар өл залгачихдаг. Цадталаа идэхгүй ч ам нь хөдөлж л байвал учиртай. Өдөрт бага боловч өвс идэж хивлэг авчихаад байхад онд орчихно. Харин энэ жил тун хүйтэн, заримдаа мал бэлчээрлэх аргагүй хүчтэй шуурч байгаа нь байдлыг улам дордуулж байна” гэж малчид ярьсан. Биднийг Баянцагаан суманд очих үед хүйтэн ид тачигнаж, хүчтэй шуурч байсан учраас хоёр хоног малаа бэлчээрт гаргаагүй гэж байв. Ойрын хэдэн жилд тохиогоогүй их хүйтэрсэн нь малын тарга тэвээрэг, хүч тамирыг хуу соржээ. Турж, эцсэн мал ганц өдрийн өл алдахад л өнхрөөд өгнө. Хивлэг аваагүй мал хүйтэнд амархан осгодог аж. Тиймээс малчид хуруу хумсаа хугалах шахан, намрын хамаг орлогоо шавхан худалдаж авсан өвсөө тавьж өгсөөр энэ хүйтэн өдрүүдийн ард гарч байна.
МАЛЧДЫН ХАНДЛАГА ӨӨРЧЛӨГДЖЭЭ
Малчдыг тооны араас хөөцөлдлөө, чанаргүй мал өсгөлөө гэж шүүмжлэх хүн олон. Үнэний ор бий. Шагнал урамшуулалд тодорхойлох, банкнаас зээл авахад малынх нь тоо толгойг хардаг нь амьдрал дээр ч, цаасан дээр ч малын тоо өсөх гол хөшүүрэг болдог. Гэхдээ малчид тоонд биш, чанарт анхаарах ёстойгоо хэдийнэ ойлгож, энэ зүг рүү хандаад эхэлжээ. Уулзсан малчин бүр малынхаа ашиг шим, үүлдэр угсааг сайжруулах арга хэмжээг өөрийнхөө хэмжээнд авч буй тухайгаа ярьж байна. Тэглээ гээд яах учраа нэг л сайн олохгүй байх шиг. Хажуу зэргэлдээ нутгаасаа хуц, ухна, Сүхбаатараас азарга авчирч тавьсан гэнэ. Малын чанар муудаж, давжаараад байгаа учраас малаа жил бүр бус, өнжөөд нэг төллүүлдэг болсон байна. Зун цай сүлж, тараг бүрэх сүүтэй суухын тулд хээлтэгч малаа хоёр хувааж, жил, жилээр ээлжлэн төллүүлэх аж. Сувай өнжөөсөн мал тарга тэвээрэг сайн авч, тэр хэрээрээ дараа жил нь жилбэтэй төрж, төл нь том товир, амьдрах чадвар сайтай, өсгөлүүн сэргэлэн байдаг гэнэ.
Энэ бүх ажил нь үнэхээр малынх нь чанарт нөлөөлж байгаа, эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, баттай хэлээд өгөх мэргэжлийн хүн байхгүй учраас малчид өөрсдийн мэдрэмждээ л найддаг. Малын эмч, зоотехникч гэдэг мэргэжилтний бараа сураг хөдөөд байхгүй болсон учраас малын чанар сайжруулах, ашиг шимийг нь дээшлүүлэх ажлаа малчид өөрсдөө л хар ухаанаараа хийж буй нь энэ.
“Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж Үндсэн хуульд заасан хэрнээ төрөөс мал аж ахуйн салбарт тавьж буй анхаарал халамж нь баталгаагүй вакцин шахах төдийгөөр хязгаарлагдаж, тэр нь тус болохоосоо гай тарих нь илүү байж, вакцины бизнес эрхлэгчид мал, амьтны халдварт өвчин зориуд тараадаг талаар ч дуулдах болсонд малчид шүүмжлэлтэй хандаж байна. Уг нь малаа өвчлүүлж, гадаадаас вакцин зөөж баяжсанаас эрүүл малынхаа махыг гадаад руу зөөж баяжвал үр хойч, улс оронд хэрэгтэй, идээдүйтэй гэдгийг тэр хүмүүст дамжуулж өгөөрэй гэснийг уламжилъя.
ТЭДЭНД ТУСЛАМЖ ХЭРЭГГҮЙ
Орон нутагт ажиллаад ирэхэд малчдад туслах хөдөлгөөн нийслэлд өрнөж, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс саван, угаалгын нунтаг, лаа, шүдэнз цуглуулж буй нь олон нийтийн сүлжээнд малчдыг амны зугаа болгож байгаа харагдана. Тэднийг заваан, залхаг, ажилгүй, анхиагүйгээр дуудан, адалж байна. Зун ган болбол цас орсон, ороогүй өвөл хүндхэн өнгөрдгийг малчин түмэн хэдэн зууны туршлагаараа мэддэг. Тийм болохоор малчид чадлаараа өвөлд бэлтгэж, боломжтой бүх л арга хэмжээ авсан гэдэгт нь би хувьдаа газар дээр нь ажиллаж байхдаа итгэсэн. Малчид хэдэн малаараа шороо бордохгүйн тулд намар тарга тэвээргэтэй дээр нь нядалж, мах, арьс ширийг нь борлуулсан мөнгө, ноосны урамшуулал гээд бүх л орлогоо өвс, тэжээл авахад зориулсан тухайгаа ярьж байна билээ. Хүн бүлтэй зарим нь баруун хязгаар Ховд, зүүн хязгаар Дорнод хүртэл явж, нутгийн иргэдэд хөөгдөж, туугдан байж өвс хадлан бэлтгэсэн гэсэн.
Хотынхны адалж, харлуулаад байгаа шиг гараа хумхин суугаад, бэлэн юм нэхэж, хандив, тусламж гуйж байгаа хүн тэнд таараагүй. Бүгд л эрвийх дэрвийхээрээ хичээж, хэдэн малаа онд оруулахын тулд хүйтэн салхи, хөр цасыг үл ажран зүтгэж байна. Хэдэн үеэрээ мал дагаж ирсэн тэдэнд үүнээс өөр хийж чадах ажил, ажлын байр, амин зуулгын эх үүсвэр байхгүй учраас ингэхээс ч аргагүй. Тэд хүний төлөө биш, өөрсдийнхөө төлөө явж буйгаа хэнээр ч заалгахгүй мэднэ. Тиймээс онгож харшсан царайтай, хотын танхил охид, хөвгүүдэд хэдэн зууны өмнөөс ирсэн мэт харагдах тэр хүмүүс хэнээс ч тусламж гуйхгүй зүтгэсээр, хувиа борлуулсаар яваа.
Харин лаа, шүдэнз, саван цуглуулах нь сайн дурын ажил шүү дээ. Үнэндээ хотын хэдэн сургуулиас цуглуулсан саван, лаа хэдэн зуун км-ийн цаана, малынхаа бэлчээрийг дагаад хүний хөл хүрэхэд бэрх буйд зэлүүдэд ганц нэгээрээ нутаглан буй малчдад очоо ч уу, үгүй ч үү. Очлоо ч сүржигнэж, дөвийлгөн, хариу нэхэхээр их тус нэмэр мөн үү дээ.