Бэлтгэсэн: Ж.Эрдэнэцэцэг, Ж.Сувдмаа, Ж.Уранмандал
Английн зохион бүтээгч Александр Паркс 1855 онд целлулоид буюу өөрийнх нь нэрлэснээр паркезин хэмээх материал гарган авснаа 1862 онд Лондон болсон Олон улсын их яармагийн үеэр танилцуулжээ. Энэ нь хуванцар материал хийх гол суурь болсон аж. Өдгөө цагт хүн төрөлхтний хамгийн өргөн хэрэглээ болсон хуванцрыг гарган авахдаа 111 жилийн тэртээд Америкийн химич, гэрэл зургийн хальс бүтээгч Лео Хендрик Бакеланд хожмын хор хөнөөлийг нь төсөөлөөгүй нь мэдээж.
Өнөөдөр дэлхийн иргэд хуванцрын хоол болж байна гэдгийг олон орны эрдэмтэн, судлаачид сануулж байна. Зүгээр сануулах бус, харанга дэлдэж буй. Гялгар уутнаас эхлээд гоёл чимэглэл, гар утас, хүүхдийн тоглоом, тэр ч бүү хэл агаар, сансрын хөлгийн сэлбэгийг ч хуванцраар хийдэг болсон. Байгальд хамгийн хөнөөлтэй гэж адалдаг хэрнээ бид хуванцар хэрэглээнээсээ салж чадахгүй байсаар.
Америкийн Санта-Барбарагийн их сургуулийн эрдэмтэд гурван жилийн өмнө хүн төрөлхтнийг цочирдуулам статистик зарласан. Түүнд дурдсанаар, сүүлийн 50 гаруй жилд дэлхий нийтээрээ найман тэрбум гаруй тонн буюу нэг тэрбум зааны жинтэй дүйцэх хэмжээний хуванцар сав, баглаа боодол үйлдвэрлэжээ. Үүнийхээ “ачаар” өнөөдөр өсвөр насныхны цуснаас бисфенол А илэрлээ хэмээн уулга алдаж сууна.
Хуванцар материалын найрлагад химийн 4000 гаруй бодис ордгийн нэг нь бисфенол А юм. Хиймэл шүд, хуванцар сав, хүүхдийн тоглоом гээд бүгдэд нь эл бодис бий. Эмэгтэйчүүдийн эстроген даавар, эрчүүдийн бэлгийн эс, хүний уураг тархины эд, эсийн бүтцэд сөрөг нөлөөтэй учраас 2008 онд Канад улс хүүхдийн тэжээлийг хуванцарт савлахыг хориглосон бол 2010 онд бисфенол А-г аюултай бодисын жагсаалтад багтаасан байдаг. Америкийн Коннектикут, Массачусетс, Вашингтон, Нью-Иорк, Орегон мужид үүнийг хэрэглэхийг хориглосон хуультай.
Хуванцрыг уян хатан болгоход фталат хэмээх бодис ашигладаг бөгөөд энэ нь хүний дотоод шүүрлийн булчирхайн хэвийн ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Эрчүүдийн дааварт нөлөөлдөг, аажмаар үргүйдэлд хүргэдгийг Шведийн химичид баталсан. Тэд мөн “Хүмүүс хуванцар савнаас усыг нь ч, хуванцрыг нь ч уудаг” гэж мэдээлсэн.
Далай, тэнгис дэх хог хаягдлын талаар судалдаг, Нидерландын Утрехтийн их сургуулийн судлаач Эрик ван Себил “Хүн төрөлхтөн хуванцрын цунамид нэрвэгдэж эхэлсэн. Яаралтай арга хэмжээ авч, хуванцрын хэрэглээг бүр мөсөн хориглохгүй бол ойрын 30-50 жилд бид “живнэ” гэж анхааруулжээ.
Дэлхийн эрдэмтэн, судлаачдын санал бодлоор бол байгальд хэдэн арваас хэдэн зууныг дамжин амь бөх оршдог хуванцрыг олон дахин боловсруулж, өнө удаан жил хэрэглэх боломжийг хайх ёстой. Гэтэл үнэндээ тийм боломж, технологи нь одоогоор алга. Тиймээс өдгөөгийн нөхцөлд хуванцар хэрэглээнээс татгалзах нь хамгийн зөв шийдэл гэдгийг англи судлаачид онцолж, Засгийн газар, албан байгууллага, бизнесийн хүрээнийхэнтэйгээ хамтран чухал шийдвэрт хүрлээ. Үүний нэг илрэл нь Британийн 900 гаруй худалдааны төв, дэлгүүр хуванцар сав, баглаа боодлоос татгалзаж эхлэв.
Ингэснээр ийм алхам хийсэн анхны улс болжээ. Тэдний мэдээлснээр, эхний ээлжинд нэг удаагийн хэрэглээг халах бөгөөд ойрын таван жилийн дотор бүх баглаа боодлыг цаас, шил зэрэг эко бүтээгдэхүүнээр орлуулахаас гадна нийлүүлэгчдэдээ ч ийм шаардлага тавьсан байна. Хувьсгал хийхдээ буюу баглаа боодлыг шинэчлэх нэрээр аливаа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүй нэмэхгүй гэдгээ ч зарласан байна. Ийм өргөн хүрээтэй арга хэмжээ авахад хүргэсэн хамгийн чухал түлхэц нь хэрэглэгчдийн санал, гомдол байсан гэдгийг тэд мэдээлэв.
Тэгэхээр монголчууд бид хойч үеэ бодож өнөөдрөөс хуванцар хэрэглээнээсээ өөрийн боломжоор татгалзъя. Ядаж л эхний ээлжинд нэг удаагийн хуванцар сав, эд хэрэгслийг гэр орноосоо гаргаж хаяхаас эхэлье. Ялангуяа хоол хүнс хийдэг савнуудаа эко болгоё. Үүний зэрэгцээ нийтийн хоолны газрууд бүтээгдэхүүнээ гялгар уут, хуванцар саванд хийж, богино долгионы зууханд халаадгийг нийтээрээ шаардаж болиулах тал дээр санаагаа нэгтгэвэл ямар вэ. Дэлгүүрээс хуванцар савтай ус авч байхаар гэртээ буцалгаад, шилэнд савлаж, авч явдаг болъё. Энэ мэтээр санаж, санаачилбал багадахгүй буй за.
Британид “Water UK” байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хаягдал хуванцар савыг цэвэр усаар солих аян өрнүүлжээ. 2021 он хүртэл хэрэгжүүлэх төслийн багийнхны мэдээлснээр томоохон худалдааны төвүүдэд тусгай цэг нээсэн бөгөөд тэдгээрийн байршлын талаарх мэдээллийг иргэд гар утсаараа болон гудамжин дахь тэмдэг, тэмдэглэгээгээр мэдэх боломжтой юм байна. Ийм арга хэмжээний үр дүнд жилд багадаа хуванцар савны хэрэглээг 10 саяар бууруулж чадна гэж тооцоолжээ. Манайд ч ийм арга хэмжээ эхлүүлж болмоор.
Хуванцраас ангижрах том ажлыг олон улсад өрнүүлээд буйн өөр нэг жишээ бол Олон улсын сансрын станц дахь нисэгчдийн хоол хүнсний баглаа боодлыг шинэчлэх асуудал гэдгийг Оросын мэргэжилтнүүд онцлоод тугалган цаасаар хийсэн бүтээгдэхүүнийг туршиж буйгаа ч мэдээллээ. Хоол хүнсийг хуванцар сав, баглаа боодлоос салгах зайлшгүй шаардлагатай гэсэн Европын холбооны эрдэмтэд “Ийм хэрэглээ хүний биеийн эд, эсэд сөргөөр нөлөөлж, хорт хавдар үүсэх эрсдэлийг 90 хүртэл хувь нэмэгдүүлдэг” гэж мэдээлэв.
Үргүйдэл, таргалалт, чихрийн шижин гэхчилэн өнөөдөр хүн төрөлхтний сэтгэлийг зовоосон олон өвчин хуванцар хэрэглээтэй шууд холбоотойг тэд анхааруулжээ. Бисфенол А хүүхдүүдийн цусанд нэвчсэн нь жинхэнэ аюул гэж Британийн эрдэмтэд саяхан мэдээлсэн. Хүний эрүүл эсийн бүтцийг өөрчилж, хувьсалд оруулдаг химийн бодисуудын нийлбэр болсон хуванцар дэлхийн иргэд орших, эс оршихыг шийдэх бодит аюул нүүрлэснийг тэд сануулжээ.
Цаас, шил зэрэг экологи, хүнд ээлтэй сав баглаа боодлын үнэ хуванцрынхаас 3-4 дахин үнэтэй тусдаг учраас шинэчлэл хийхийг бизнесийн хүрээнийхэн хүсэхгүй нь мэдээж. Гэхдээ өнөөдрийн мөнгө, ашгаас илүүтэй хүн төрөлхтний ирээдүй чухал учраас дэлхий нийтээрээ хуванцрыг халах аянд нэгдэхийг Европын холбооны судлаачид уриалсныг дуулгая.
Германы зарим сүлжээ дэлгүүр хүнсний ногоог хуванцар саванд хийхээ хэдийнэ больсон. Тус улсын эрдэмтэд өдгөө ургамлын тос, эрдэнэшишийн цардуул зэргийг ашиглан био “хуванцар” гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Монгол хүний ухаан ямар ч зүйлд сийрэг дээ. Бид ч энэ төрлийн судалгаа эхлүүлж, хүн, байгальд хөнөөлгүй шинэ технологийн эрэлд гарвал ямар вэ.
Оросын нийслэл, түүний харьяа хот, суурин газруудад нэг удаагийн хуванцар сав хэрэглэхийг хориглосон акц хэрэгжүүлж эхэлсэн талаар холбогдох яамны сайд нь мэдээлсэн байна. Кыргызийн парламент хуванцар хэрэглээг хориглох хуультай болохоор хоёр дахь удаагаа хэлэлцэж байна. Их Британийн Зочид буудлын холбооны харьяа 60 байгууллага хуванцар соруулаас татгалзлаа. Ийм гэгээтэй мэдээ хөвөрсөөр.
Хүмүүс цоргоны уснаас илүү савласан нь цэвэр, эрүүл мэндэд аюулгүй гэж боддог нь туйлын буруу гэж “Applied еnvironmental еducation & сommunication” сэтгүүлд бичжээ. Тэрхүү нийтлэлийн эзэн, нийгмийн сэтгэл судлаачийн мэдээлснээр зарим хүн савласан ус уухаас айдаг гэнэ. Учир нь хуванцар савны айдас хэмээх ойлголт сүүлийн үед хүмүүсийн дунд газар авсан аж. Тэгэхээр дэлхийн олон газарт хуванцрыг халах санал санаачилга ийнхүү айдастай хамт “босож” ирсэн энэ үед бид ч аюулаас өөрсдийгөө болон ирээдүйгээ аврах үйлсэд нэгдэх ёстой.
Энэ оны эхний сард ОХУ-ын Москва хотод олон улсын эрдэмтэн, судлаачид чуулж, хуванцар сав, баглаа боодлын хэрэглээний талаар хэлэлцэж, дэвшилт технологи боловсруулахыг чухалчилжээ. Энэ бол хүн төрөлхтөн хуванцарт идүүлэхээс өмнө санаж сэдэж буйн бас нэг илрэл юм.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Бидон авснаас үхсэн нь дээр үү
Бидний өдөр тутмын хэрэглээ хуванцар саванд бисфенол А зэрэг олон хорт бодис бий. Манай ЭМЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шаардлага хангахгүй хуванцар сав хэрэглэхгүй байхыг анхааруулдаг ч иргэд нүдэнд харагдахгүй хорыг цаг тутам идэж, уусаар л байна. Дэлгүүрийн лангуунд өрсөн ундаа, шүүс, талх, боорцог, сүү, сүүн бүтээгдэхүүн бүгд л хуванцар савлагаатай. Орон нутгаас авчирч худалддаг сүү, сүүн бүтээгдэхүүнийг нэг удаагийн хуванцар саванд хийж худалдах тохиолдол түгээмэл.
Зах, худалдааны төвийнхөн, ялангуяа задгайгаар сүү, цагаан идээ борлуулдаг хүмүүстэй уулзаж саналыг нь сонсов. Улаанбаатар төмөр замын төв буудлын ойролцоо байрлах “Тоса” худалдааны төвд айраг, сүү, тараг, ааруул зэрэг цагаан идээ төрөл бүрээрээ байна. Бүгдийг нь том, жижиг хуванцар саванд хийсэн харагдана. Хуванцар сав хортойг худалдагчид сануулахад “Хуванцар сав хориглох шаардлагыг холбогдох байгууллагынхан тавьдаг. Гэхдээ бид ихэвчлэн хүнсний зориулалттай, РР буюу тав дугаартайг нь хэрэглэдэг.
Нэг хэсэг барилгын материалын хуванцар савыг дахин ашиглаж, сүү, цагаан идээ хийдэг байсан нь үнэн. Гэсэн ч бүгдийг нь нэг дор солих боломжгүй” гэлээ. Хөх, цагаан өнгөтэй, том, жижгээр нь эгнүүлэн өрсөн хуванцар сав дунд 40 литрийн ганцхан бидон байв. “Энэ олон савыг бидоноор сольж болдоггүй юм уу гэхэд хажууд байсан худалдагч нар ам уралдан “Үнэтэй шүү дээ. 40 литрийн ганцхан бидон 120 мянган төгрөг. Бид өдөрт 600-700 литр, зарим өдөр тонн айраг, сүү эргэлтэд оруулдаг. Бүгдийг нь бидонд хийвэл хэчнээн төгрөг зарцуулах бол” гэв.
Тэд лангуун дээрээ тав, хоёр литрийн ус, ундааны саванд хөлдөөсөн айраг, сүү тавьжээ. Мөн хуванцар сагсанд ааруул, ээзгий хийжээ. Лангууны урдуур хөх өнгөтэй, 100 литрийн савтай айраг, сүү байна. Сүү, айраг юүлэх “багаж” нь хүртэл хуванцар аж. Залуухан худалдагч бүсгүй “Таныг алхаад явж байхад хэн нэгэн “алхах муу, машин уна” гээд шууд өгөхгүйтэй адил шүү дээ. ХХААХҮЯ-наас төслийн бидон тараадаг сураг сонсогдсон. Бидэнд тэр нь олдох биш” гэлээ.
Хуванцар сав нь хүний дааврын үйл ажиллагаанд нөлөөлж, хөхний хорт хавдар үүсгэх, мөн чихрийн шижин, үргүйдэл, арьсны өвчин, мэдрэлийн согог зэрэг өвчний эх үүсвэр болдог талаар тэндээс сүү авч байсан хэд хэдэн хүнд хэлж, энэ талаар сонссон, эсэхийг лавлахад олонх нь “Мэднэ” хэмээсэн. Гэсэн ч төдийлөн тооддоггүй, эсвэл хэрэглэхгүй байх боломжгүй гэх тайлбар хэлсэн.
“Бөмбөгөр” худалдааны төвийн цагаан идээний лангуунуудад ч хуванцар сав эгнүүлэн тавьжээ. Иргэд “Хуванцар биед муу гэж сонссон ч яг яаж нөлөөлдгийг мэдэхгүй”, “Мэддэг гээд яах билээ, хэрэглэхээс өөр аргагүй. Бүгд л хуванцар савтай байдаг” гэв. Худалдагч нар нь “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас долоо хоногт 2-3 удаа шалгадаг. Байнга л “Саваа соль” гэсэн шаардлага тавьдаг юм. Стандартад нийцсэн сав орос дэлгүүрүүдэд 60, 70 мянган төгрөг. Бид хуванцар савыг халах нь байтугай өдрийн хоолоо арай ядан залгуулж байгаа шүү дээ” гэсэн юм. “Мөнгө үрснээс хор идэж, уусан нь дээр” гэж үзэж байгаа бололтой монголчууд.
ИНФОГРАФИК
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
С.ӨНӨРСАЙХАН: Хөдөөгийн хүүхдүүдийн цуснаас хор илүү их илэрсэн
ДЭМБ-ын Химийн аюулгүй байдлын төслийн зөвлөх, ЭМЯ-ны Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, химийн ухааны доктор, дэд профессор С.Өнөрсайхантай ярилцлаа.
-Мэргэжлийн байгууллагаас хийсэн хуванцар савны хор хөнөөлийг үнэлэх судалгаанд оролцогсдын 82 хувь нь ийм бүтээгдэхүүн ямар урхагтайг мэднэ гэж хариулсан ч 51.8 хувь нь хуванцар дээрх тэмдэг, тэмдэглэгээг тайлж уншиж чадахгүй гэжээ.
Энэ аюул тээгчийн талаар монголчууд хэр бодитой мэдээлэлтэй байна вэ?
-Хуванцрын хэрэглээ олон янз байдаг. Хуванцар үйлдвэрлэгчдийн холбоо 1995 онд эл материалыг долоон төрөлд ангилсныг одоо хүртэл мөрддөг. Төрлөөсөө хамаараад зориулалт нь өөр учраас ангилан ялгасан юм. Нэг үеэ бодоход иргэд хуванцрын ангиллыг сайн мэддэг болсон ч хэрэглээнээсээ халж чадахгүй л байна. Үүний тод жишээ нь, зөвхөн химийн бодис, бэлдэц зөөж, тээвэрлэх зориулалттай хуванцар сав, канистрыг монголчууд өргөн хэрэглэж усны, тосных гэх мэтээр хамаатуулах боллоо.
Уг нь тийм саваар химийн бодис зөөсний дараа шууд устгах ёстой. Гэтэл Монголд тэгдэггүй. Энэ төрлийн сав нь бисфенол А буюу хавдар үүсгэгч бодис ялгаруулдаг. Эмч, мэргэжилтнүүд ч хуванцраас үүдэлтэй эмгэг газар авсныг анхааруулж, сэрэмжлүүлж буй ч хэрэглээ улам бүр нэмэгдсээр байгаа нь иргэдийн эрүүл мэнд, ахуйн боловсролыг дээшлүүлэх шаардлагатайн илрэл.
Бид “Ганц өдөрт хордоод үхчихгүй” гэсэн тоомжиргүй байдлаар хандаж болохгүй. Өнөөдөр, маргааш биш юм гэхэд, 10, 20 жилийн дараа уршиг нь илэрнэ. Хуванцар нь удаан хугацаанд хүнийг хордуулдаг учир судлаачид архаг хордлого гэж нэрлэдэг.
-Хуванцрын хор хөнөөлийг орон нутгийнхан, ялангуяа малчид илүү амсдаг гэсэн. Энэ талаар дэлгэрүүлнэ үү?
-Гепатит болон гэдэсний халдварт өвчний тархалт 2008 онд эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор НЭМҮТ-ийнхөн ус түгээдэг байгууллагуудыг шалгахад асуудал байгаагүй. Юунаас болов гээд лавшруулан судалтал ус тээвэрлэж, хадгалдаг хуванцар савнаас энэ бүхэн үүдэлтэй байсан.
Энэ судалгааны үр дүнд хуванцар савтай холбоотой аюул нийгмийн анхаарлын төвд орсон юм. Дараа нь МХЕГ-аас судалж, айраг, тараг зэрэг хүчиллэг бүтээгдэхүүнийг ийм саванд агуулахад илүү хэмжээний хор ялгаруулдгийг тогтоосон. Гэтэл хөдөөгийнхөн айраг цагаагаа голдуу хуванцар саванд хийж, хадгалж байна.
Монгол хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж 16 мкг/дл байгааг бид судалгаагаар тогтоосон. Хачирхалтай нь, биднээс хавь илүү эрүүл орчинд амьдардаг хөдөөгийн хүүхдүүдийн цусанд тэр хор хотынхноос ч өндөр байлаа. Хүүхдүүд ийн хордсонд өөр олон зүйл нөлөөлсөн байж мэдэх ч хуванцар сав гол нөлөөтэй гэж үздэг.
2016 онд ДЭМБ-ын санхүүжилтээр Хор судлаачдын нийгэмлэгээс хийсэн судалгаа ч үүнийг баталсан. Манай улсын нэг өрхөд дунджаар гурван ширхэг хуванцар сав ногддог. Нарийвчилбал, хөдөөд хуванцрын хэрэглээ хамаагүй их.
-Иргэдийн эрүүл мэнд, аминд заналхийлж буй эл хортой манай улс хэрхэн тэмцэж байна вэ?
-Судлаачид, төрийн захиргааны байгууллагаас эхлээд хувийн хэвшлийнхэн хуванцрыг хэрэглээнээс халахад анхаарч байна. Тухайлбал, “Сүү” хувьцаат компанийнхан бүтээгдэхүүн нийлүүлдэг бүх аж ахуйн нэгжээ төмөр бидоноор хангасан жишиг байна. 2015 онд баталсан “Хүнсний сав, баглаа боодлын аюулгүй байдал” дэд хөтөлбөрийн хүрээнд холбогдох байгууллагууд шат дараатай ажил хийж буй. Нэг өрхөд ногдох хуванцар савыг 2020 он гэхэд ядаж хоёр ширхэг болгох зорилт дэвшүүлсэн.
Хуванцрыг хэрэглээнээс халахын тулд нэн түрүүнд орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, хөгжүүлэх хэрэгтэй. Ийм зорилготой олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг ч үр дүн гардаггүй. Шалтгаан нь үнийн хэт зөрүүтэй байдал. Иргэд халаасан дахь мөнгөндөө захирагдаад аль хямдыг нь сонгодог. Тиймээс энэ зөрүүг улсаас зохицуулах шаардлага тулгараад байна. Мөн иргэдэд мэдээлэл, сурталчилгаа сайн түгээвэл зөв сонголт хийхэд нь нэмэртэй.
Бид хүнсний бус гялгар уутыг хэрэглээнээс халах, хориглох хууль батлуулсан ч хэрэгжээгүй, 2017 онд хүчингүй болгочихсон. Хууль, журмыг нь бий болгосон атлаа хэрэгжүүлэх чиглэлд анхаараагүй. “Хүнсний сав, баглаа боодлын аюулгүй байдал” дэд хөтөлбөр үүн шиг замхарчих вий гэж санаа зовдог.
Хуванцрыг үрлэн хэлбэрээр импортлоод, давтаж үлээгээд, дотоодын зах зээлд нийлүүлдэг байгууллага ч бий. Гэтэл тэр хуванцрын бэлдмэлийг нь ямар зориулалтынх гэдгийг тодорхойлдог, хянадаг лаборатори гааль дээр алга. Зарим аж ахуйн нэгж үүнийг далимдуулаад зориулалтыг нь өөрчлөөд, дурын тэмдэглэгээ тавьчихдаг. Үүнийг хянаж, цэгцлэх шаардлагатай. Меламин тодорхойлдог стандартыг МХЕГ бий болгосон. Стандартчилал, хэмжил зүйн газар хуванцар таньдаг IR аргыг стандарт болгочихсон. Энэ бүхнийг ашиглах ёстой.
БАЙР СУУРЬ
Хуванцар савны хэрэглээний талаар холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийн байр суурийг сонирхлоо.