Хэд хоногийн өмнө урд хожид үзээгүйгээрээ их ичсэнээ мартаж чадахгүй нь. Хатгал тосгонд НҮБ-ын нэг төлөөлөгчтэй явж байх үед тус аймгийн удирдлага “Далай явах замд чинь музей үзүүлнэ” гэх нь тэр. Яаруу ажил, шахуу цагтай бид Хөвсгөл нуурын талаар сонирхолтой зүйл мэдэх нь хэмээн баярлан түүний саналыг зөвшөөрсөн. Ингээд биднийг “Жуулчдын мэдээллийн төв” гэх хаягтай хашаа руу чиглүүлэв. Замчилж явсан настан хашаан дахь нэг давхар, зүүн болон баруун талдаа хаалгатай хуучны барилгыг зааж музей болохыг хэлж өгсөн юм. Баруун хаалгыг нь тогшиж нэгэн эмэгтэйг дуудаад, урд хаалгыг нь нээлгэлээ. Тэр хаалгаар өнөөх “супер” музейд орлоо. Урам хугарав.
Жавар хургасан жижиг өрөөний хананд арав хүрэхтэй, үгүй загасны зураг өлгөжээ. Бодвол Хөвсгөл нууранд ийм загас байдгийг таниулах гэсэн бололтой. Хамт явсан гадаад эр ёжтой гэгч жуумалзаад “Гайхалтай” гэхээс өөр зүйл хэлэлгүй шалавхан гарсан. Тэр үед нүүр минь жаварт хайрагдахааргүй халууцсаныг нуух юун. Бас болоогүй ээ, эл музейг үзэхэд 2000-5000 төгрөг төлдөг юм билээ.
Уг нь музейг “Хүнийг гэрээрүүлж, оюуны хэрэгцээг нь хангахын зэрэгцээ нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэхүйц амьдрах орчны бодит гэрч болох зүйлсийг цугцуулж хадгалан, судлаад дэлгэн үзүүлдэг, олон нийтэд нээлттэй, байнгын үйл ажиллагаатай ашгийн бус байгууллага” хэмээн тодорхойлсон байдаг. Гэтэл үүнийг мөрддөг нь манай улсад тун цөөн. Үнэндээ музейг өв, соёлоо таниулж, сурталчлах бус, ашиг олох зорилгоор ажиллуулдаг гэхэд гүтгэсэн болохгүй нь лавтай. Дээрх шиг музей Монголд цөөнгүй бий.
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Монголд улс, орон нутгийн 31 музейд 281 000 гаруй үзмэр хадгалагдаж буй. Гэвч музейн 95 хувь нь үзмэрийг найдвартай хамгаалах сан хөмрөггүй, 63 хувийнх нь барилга нийтэд үйлчлэх шаардлага хангахгүй хэмжээнд байгаа гэнэ. Энэ нь манай улсад музейн барилгын стандарт байхгүйтэй холбоотой. Түүхийг гэрчлэх, эртний үнэт олдворуудыг байршуулах барилгын тусгайлсан стандарт байхгүй учир Барилгын норм, дүрмээр л зохицуулдаг гэдгийг Стандартчилал, хэмжилзүйн газрынхан ч хүлээн зөвшөөрсөн.
Агааржуулалт, гэрэлтүүлэг муутайн дээр зарим музейд ороход хөгц, чийг үнэртдэг нь үүний нотолгоо. “Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг музейнүүдийн 79 хувь нь агааржуулалтын системгүй. Олонх нь сан хөмрөгийн өрөөгүй, байгаа зарим нь барилгынхаа хамгаалалт хамгийн муутай хэсэгтээ үзмэрээ хадгалдаг, тийшээ нь хулгайч орох магадлал өндөртэй байдаг гээд зовлон олон бий. Ер нь нийт музейн барилгад их засвар хийж, сайжруулах шаардлага бий” гэж нийслэлийн МХГ-ын Эрүүл мэнд, соёлын хяналтын хэлтсийнхэн ярив.
Мэргэжлийн хяналтын байгууллагынхны хэлсэн нь үнэн гэдгийг нотлох баримт цөөнгүй. Тухайлбал, сүүлийн найман жилд Хөвсгөл аймгийн музейгээс 47 үзмэр ор сураггүй алга болсныг өнөө хэр нь олоогүй байна. Ор сураггүй гэдэг нь тэднийг хэзээ, хэн авч явсныг таамаглах боломж байхгүй гэсэн үг. Номин хөөрөг, Энх-Амгалан хаан болон Богд лам бурхан, хэт хутганы иж бүрдэл, толгойн гоёл гээд үнэ бүхий олдвор тэр дунд бий. Шашны түүх дурсгалын гэрч болох бөөгийн хувцас дунд нь байсныг Хөвсгөл аймгийн цагдаа нар олсон. Үзэсгэлэнд тавих зорилгоор музейгээс түр авсан хүн бусдад худалдсан байжээ.
Дархан-Уул аймгийн музейгээс шүрэн толгойтой гартаам болон чүнчигноров хөөрөг, Увсынхаас хүний дунд чөмгөн сийлбэр, Өмнөговийнхоос сийлбэр бүхий шүрэн хөөрөг, Ямандаг, Очирваань бурхан, Архангай аймгаас алтан шармал Дарь-Эх бурхан алдагдсан нь өдгөө мартагдахад хүрчээ. Гадаадын улс руу үзэсгэлэнд оролцуулахаар илгээсэн үзмэрүүд ч тэндээ “харласан” тухай энд дурдах илүүц биз. Харин байгаагаа тордолгүй, зөвхөн ашиг олох зорилго, хүйтэн сэтгэлээр хандах хандлагыг өөрчлөх нь хоолойд тулаад буй юм.
Гадаадын улсууд үзмэрүүддээ хэт ягаан туяанд л харагдах, хэчнээн зүлгэж, шатаасан ч арилахгүй шошго нааж, хулгайд алдахаас сэргийлдэг юм байна. Мөн музейгээ хамгаалах нэгдсэн холбоо байгуулж, үзмэрүүдээ цахим санд бүртгэж хамгаалдаг гэх. Гэтэл манайд Соёлын өвийн төвөөс өөр анхаарлаа хандуулж буй байгууллага бараг л алга. Музейн удирдлага эрвийх дэрвийхээрээ зүтгэж буй ч дэлхийн биш юм гэхэд өөрсдийн MNS5624:2006 шаардлагыг биелүүлж чадахгүй, тэгэх боломж ч байхгүй аж.
Гар урлал болон урлагийн зүйлс, музейн үйл ажиллагаанд тавих эл стандартад нэлээд чухал шаардлага тусгажээ. Музейн үйл ажиллагааг агааржуулалт сайтай, галын аюулгүй орчинд эрхлэхийн зэрэгцээ зөвхөн чиглэлийн дагуух үзмэрийг дэлгэх ёстой болон ажилчдын ур чадвар ямар байх шаардлагатайг заажээ. Гэтэл хөрөнгө мөнгөгүй учраас энэ бүгдийг биелүүлж чаддаггүй хэмээн музейн удирдлага зовлон тоочсон юм. Хуримтлуулсан орлогыг улс, орон нутгийн төсөвт авчихаад, тордож, сайжруулахаа мартчихдаг хэрэг л дээ.
Тийм учраас зарим нэг нь музей дотроо гал түлэн, орсон хүнийг угаартуулах дөхдөг аж. Хаалгаа бариад таван жил болсон Байгалийн түүхийн музейн 11 000 гаруй үзмэр хайрцагт “унтаж” буй нь Монголд соёлын өв, дурсгал хэр хэмжээнд үнэлэгддэгийн нотолгоо. Наад зах нь цөөнгүй музей чиглэлдээ огт хамаагүй үзмэр байршуулсан байдгаас стандартыг мөрдөж буй, эсэхийг бэлхнээ мэдэж болох юм.
Өнгөрсөн оны хагас жилд нийт музейгээр гадаад, дотоодын 534 000 гаруй хүн үйлчлүүлсэн статистик байна. Тэдний 60 орчим хувь нь сонирхолтой зүйл үзнэ гэсэн итгэлээр өндөр төлбөр төлж ороод, сэтгэл ханамжгүй гарч ирсэнийг нь судлаачид тогтоожээ. Ажилтнуудынх нь ур чадвар, музейн доторх орчин тэднийг гонсойлгосон аж. Багагүй мөнгө төлчихөөд, бөгс эргэх зайгүй өрөөнд шавааралдаж, хэдхэн зураг, баримал үзэх тааламжтай санагдахгүй нь ойлгомжтой. Уг нь музейн барилгыг засаж тордоод, ажилчдынх нь ур чадварыг дээшлүүлбэл төсөвт төвлөрүүлэх орлого нь дориун нэмэгдэнэ.
Дэлхийн музейн нийгэмлэгийнхэн “202 улсад 55 000 гаруй музей үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн жуулчдын тоо жилд 3.3 хувиар өсөж буй өнөө үед аялал жуулчлалыг хөгжүүлэх гол хөшүүрэг нь түүх, соёлын өв. Жуулчид соёлын өв баялаг оронд татагдаж байгааг судалгаагаар баталлаа” хэмээжээ. Бид музейгээ үл ойшоож, хөлдүүс болсон барилгад үзмэрээ дэлгэж, зорьж очсон цөөн хүнээ гонсойлгосоор байвал гадаадынхан байтугай дотоодын жуулчдыг ч үргээх нь дамжиггүй.
Сахиул уу, сахиус уу гэдэг музейн барилга өв соёл, үүх түүх таниулдаг өргөө юм уу, үе үе цоожийг нь мулталдаг оромж юм уу.