Одоогоос бараг таван сарын өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг дэвшүүлж байв. Төрийн тэргүүний саналыг УИХ хэлэлцэж эхлэхтэй хамт нэлээд шүүмжлэл өрнөж, улмаар Р.Бурмаагийн нэрийг эгүүлэн татсан. Харин үүнээс хойш Ерөнхийлөгч таг чиг. Бүрэн эрхийн зургаан жилээ хэдийнэ хэтрүүлсэн хоёр хүн Үндсэн хуулийн цэцэд хадаатай хэвээр. Тэд бол Цэцийн гишүүн Н.Жанцан, Д.Наранчимэг нар. Хэн хэнийг нь Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшүүлж, 2011 оны тавдугаар сарын 5-нд УИХ-аас Цэцийн гишүүнээр томилсон байдаг.
Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнийг гурав гурваар нь Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс санал болгосны дагуу зургаан жилийн хугацаатайгаар томилдог.
Ерөнхийлөгчийн санал болгосноор Цэцийн гишүүн болсон гурав дахь хүн нь Т.Лхагваа. Түүнийг 2012 оны тавдугаар сарын 9-нд томилсон бөгөөд сар гаруйн дараа мөн л бүрэн эрхийнх нь хугацаа дуусна. Т.Лхагваатай нэг өдөр томилогдсон хүн бас бий. Тэр нь Цэцийн гишүүн Д.Сугар. Түүнийг УИХ-аас нэр дэвшүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Цэцийн есөн гишүүний хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дуусаж, нөгөө хоёрынх нь үндсэндээ дуусах гэж байна. Цэцийн гишүүдийг томилох эрхтэй УИХ-ын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-нд хуралдаж эхэлнэ.
Хаврын чуулганы эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөл, гүйцэтгэл, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан зэргийг хэлэлцэн батлах хуультай тул Цэцийн дээрх гишүүдийг чөлөөлөх, томилохтой холбоотой асуудлыг тавдугаар сард багтаан ярилцаж амжвал зол биз. Тэднийг томилох, чөлөөлөхтэй холбоотой саналыг ээлжит бус чуулган зарлан хэлэлцэх магадлал бараг үгүй.
Энд дурдсан дөрвөн хүний гурвыг нь Төрийн тэргүүний санал болгосны дагуу хэлэлцэн томилох учиртай. Харин өөрийнх нь нэр дэвшүүлэх учиртай хоёр ч гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусчихаад байхад Ерөнхийлөгч Х.Баттулга Р.Бурмаагийн нэрийг УИХ-д оруулж ирэхдээ Н.Жанцан, Д.Наранчимэг нарын чухам хэнийх нь оронд томилуулах гэсэн нь бас тодорхойгүй байв. Энэ нь Х.Баттулга Ерөнхийлөгч Цэцийн гишүүдийг томилуулах саналаа УИХ-д хэзээ оруулж ирэх бол, хэр шуурхай ажиллах вэ гэсэн эргэлзээтэй хүлээлт үүсгэж буй юм.
...Гэвч хэдэн ч удаа, хэд ч хүртлээ Цэцийн гишүүнээр ажиллаж болох эрх нэг талаар нээлттэй, бас “хаалттай” байна. Манай нөхцөлд үүнийг ёстой л аль нам эрх барьж буйгаас шалтгаалан, тухай тухайн үеийн нөхцөл байдалд нийцүүлэн шийдэх хардлага төрүүлж буй юм. Хэдэн ч удаа, хэд ч хүртлээ Цэцийн гишүүнээр ажиллаж болох эрх нээлттэй ч зургаан жил тутам тэднийг шинээр томилох хуультайг Ерөнхийлөгчид дахин сануулъя. Т.Лхагваа, Д.Сугар нарын араас Д.Ганзориг, Д.Солонго, Ш.Цогтоо нарынх 2019 онд дуусгавар болохоор байна. Энэ тоолонд ингэж олон сараар сунжирч дараагийн хүнийг томилохгүй байх гэж найдъя...
Үндсэн хуулийн цэцэд үеэ өнгөрөөсөн улстөрчдийг томилдог, АН, МАН гэлтгүй аль эрх барьж буй нь өөрийн хүнээ тэнд тавьдаг гэх ойлголт хэдийнэ бий болсон тул одоогийн Ерөнхийлөгч өөрт “ногдсон” гурван суудлаа юу бодож, хэнд хадгалаад байгаа юм бол гэж хардаж сууна. Юутай ч Цэцэд тасралтгүй 26 жил суусан Н.Жанцан бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тохиолдолд дахин ажиллах бодолгүй буйгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна лээ.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд зааснаар бүрэлдэхүүнд нь шинээр буюу нөхөн томилсон гишүүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхэлж, дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болох ёстой. Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон хугацаагаар томилогддог тэднийг сэлгэж, Цэцэд агаар, салхи оруулах чиглэлд Ерөнхийлөгч Х.Баттулга хайхрамжгүй хандаж, хариуцлагаа умартаж байна. Төрийн тэргүүн маань тэднийг томилуулах санал өргөн барих ёстойгоо мартчихаагүй байлтай.
Нөгөө талаас Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу албан тушаалаасаа чөлөөлөгдөж болохоор хуульчилсан байдаг. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн алба хаах насны дээд хязгаар 65. Энэ үүднээс харвал гишүүн Н.Жанцан, Т.Лхагваа нар дээрх хязгаарыг давсан тул Цэцийн бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх нөхцөл бүрдсэн гэж хэлж болно. Гэвч төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөж болно гэсэн нь чөлөөлөгдөхгүй байж ч болно гэсэн үг.
Өнгөрөгч парламентын үед гишүүн Х.Тэмүүжин Цэцийн гишүүдийн насны хязгаар болон бусад цөөнгүй асуудал хөндсөн хуулийн төсөл санаачлан батлуулсан нь анхаарал татаж байв. Түүний эсрэг Цэц “Одоогийн гишүүдийг явуулж, өөрсдийнхөө хүнийг оруулж ирэх гэсэн улс төр өрнөж байна” гэх байр суурь илэрхийлж, энэ нь явсаар хууль санаачлагч Х.Тэмүүжин, тухайн үед Цэцийн даргаар ажиллаж байсан Ж.Амарсанаа гэсэн хувь хүмүүсийн хоорондын зөрчил, цаашлаад АН, МАН-ын дунд өнхрөх “хэрүүлийн алим” болсныг санаж буй биз ээ.
Гэвч багагүй тэмцэл, шүүмжлэл дундуур туучин байж Х.Тэмүүжин гишүүний батлуулсан хуулийнх нь гол гол заалтыг Цэц хүчингүй болгосон юм. Ингэснээр Цэцийн гишүүнийг дахин томилоход ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй байхад түүнийг нэг удаа улируулан томилж болох, хууль зөрчсөнийг шүүхээр тогтоосон бол эгүүлэн татахаар зохицуулсан байсныг “эрх бүхий байгууллага” хууль зөрчсөн гэж үзсэн тохиолдолд эгүүлэн татах боломжтой хэмээн өөрчилсөн нь хүчингүй болсон билээ.
Тухайн үед, магадгүй түүнээс ч өмнө Х.Тэмүүжин гишүүн “Үндсэн хуулийн цэц үеэ өнгөрөөсөн улстөрчдийн морг болсон” гэж үглэн, шүүмжлүүлэн байж оруулсан “Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно” гэсэн заалтыг хүчингүй болгосноор Цэцийн гишүүнээр хэдэн ч удаа томилогдон ажиллаж болох нөхцөл эргэн ирсэн. Одоогийн гишүүдээс Н.Жанцан дөрөв, Д.Наранчимэг 2005 оноос хойш хоёр удаа улиран томилогдож буй. Х.Тэмүүжингийн оруулсан дээрх заалт өдгөө “амьд” байсан бол тэд Цэцийн хаалгыг үүрд хаах байв. Үндсэндээ улиран сонгогдох хийгээд насны хязгаарыг хослуулсан хязгаарлалт амь бөхтэй оршсон бол Цэцийн одоогийн гишүүдээс нэлээд хэдэд нь “Баяртай” гэж хэлэх нь.
Гэвч хэдэн ч удаа, хэд ч хүртлээ Цэцийн гишүүнээр ажиллаж болох эрх нэг талаар нээлттэй, бас “хаалттай” байна. Манай нөхцөлд үүнийг ёстой л аль нам эрх барьж буйгаас шалтгаалан, тухай тухайн үеийн нөхцөл байдалд нийцүүлэн шийдэх хардлага төрүүлж буй юм. Хэдэн ч удаа, хэд ч хүртлээ Цэцийн гишүүнээр ажиллаж болох эрх нээлттэй ч зургаан жил тутам тэднийг шинээр томилох хуультайг Ерөнхийлөгчид дахин сануулъя. Т.Лхагваа, Д.Сугар нарын араас Д.Ганзориг, Д.Солонго, Ш.Цогтоо нарынх 2019 онд дуусгавар болохоор байна. Энэ тоолонд ингэж олон сараар сунжирч дараагийн хүнийг томилохгүй байх гэж найдъя.