“Бид бол Чингисийн монголчууд, дээд тэнгэрээс заяатай” хэмээн цээжээ дэлддэг XXI зууны монголчуудын бахархал, үнэт зүйл яг юу юм бэ. Ардчилсан, эрх чөлөөт нийгэмд хөл тавиад 27 жил болж буй бид чухам юу хүсэж мөрөөддөг, үүнийхээ төлөө хэрхэн тэмцэж чаддаг ард түмэн юм бол. Монголчуудад нэгдмэл зорилго, алсын хараа байна уу. “National identity” буюу (үндэстнийг ижилсүүлдэг, бусдаас ялгаатай хэл, соёл, уламжлал зэрэг зүйлсийг хэлнэ) монгол хүний бусдаас ялгарах онцлог юу вэ.
Эдгээр асуултад тодорхой хариулт олдохгүй байна уу. Учир нь өнгөрсөн 27 жилийн турш бид яг хэн юм бэ гэдгээ мартан хүнээ байж, ойд төөрсөн сармагчин лугаа адил ийш тийш харайсаар өөрийгөө гээчихэж. Бид өөр үндэстэн, бусдын тухай ам уралдан ярьдаг атлаа өөрсдийнхөө сэтгэл зүрх, оюун тархин доторх сүйрэл, үгүйрэл хоосролыг анзаарахаа больжээ.
Эцэстээ ёс суртахууны доройтол хаа сайгүй газар авч, Монгол Улсын хөгжилд хамгийн том тээг садаа болж буйг эрдэмтэн мэргэд сануулсаар байна. Тиймээс цаг хугацаа өнгөрөх тусам биднээс улам бүр алсарч буй үндэсний ижилсэл, онцлог хэмээх үнэт зүйлийн эрэлд “Өнөөдөр” сонин гарч, “Бид хэн бэ” цуврал нийтлэл эхлүүлээд буй.
Монголчууд бид “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна” гэж 1992 оны шинэ Үндсэн хуульдаа томъёолсон боловч түүнийгээ улс төр, философи, социологи, эдийн засгийн үүднээс тодорхойлж, хамгаалж чадаагүйг олон хүн шүүмжилдэг. Жишээ нь, эдийн засгийн хувьд социализмаас ямар үнэт зүйлийг нь, капитализмаас юуг нь авч, тэр хоёрыгоо яаж нийлүүлж, дундаас нь хөгжил дэвшлийн шинэ гарц хэрхэн бий болгох вэ гэдгээ ул суурьтай бодолцсон сон бол жинхэнэ хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулахад ойртох байж.
1970-аад онд Америкийн нэрт социологич Тоффлер “Ирээдүйн цочроо” номдоо “Хүн төрөлхтөнд гуравдагч зам хэрэгтэй” гэж бичиж асан тэрхүү оньсого шиг гуравдагч замыг дээрхээс 20 орчим жилийн дараа талын монголчууд Үндсэн хуулиараа томъёолон гаргасан хэмээн “онгирдог” юм билээ, уг нь. Гэтэл яасан билээ, “алгасаад явчихна” хэмээн хэдэн арван жилийн турш тархиа угаалгаж байсан капитализм руугаа халтираад орчихсон. Амьдарч буй нийгмийнхээ мөн чанарыг таниагүй, таниулаагүйн хар гайгаар өдгөө манайхан юун хүн төрөлхтний хөгжлийн гуравдагч замыг заах нь байтугай, өөрсдөө салхинд хийссэн хамхуул шиг юуг ч сохроор даган дуурайхад бэлэн яваа.
Тиймээс л бид ямар нийгэм байгуулж буйгаа эргэн харж, монголчууд ямар нийгмийн үнэт зүйлийг бүрдүүлж байгаагаа тодорхойлох хэрэгтэйг, үүнээс их зүйл шалтгаална гэдгийг эрдэмтэн мэргэд сануулдаг. Өөрөөр хэлбэл, зорих чиглэх “барианы зурхай”-гүй уралдааны замд монголчууд хөөрцөглөн гарахдаа уяа сойлгыг нь тааруулаагүй зүсэн зүйлийн “морьдоос” дур дурандаа сонгон авч, тус тусын зүг галгиулжээ.
Өөрсдийгөө хэн гэдгийг “мартсан”, хаашаа явж буйгаа мэдэхгүй, хаана хүрэхээ тодорхойлоогүй жижиг үндэстнүүдийг ямар ирээдүй хүлээж буйг “Бид хэн бэ” цувралын явцад олон хүн хэлж, сэрэмжлүүлсэн. Салбар салбарын томоохон эрдэмтэн, судлаачдыг цуглуулаад, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах гэж зорьсон 28 жилд ямар үр дүнд хүрэв, юун дээр алдав, яаж үүнийгээ залруулах вэ гэдгээ дүгнэж, хэлэлцээд, үндэсний хэмжээний хөгжлийн цогц хөтөлбөр гаргах шаардлагатай байгааг уулзсан хүн бүр анхааруулж байв.
Хаврын чуулганаар хэлэлцэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлын тухайд ч хэлбэр төдий жижиг сажиг зүйлээр оролдох бус, нийгмийг гийгүүлж, гэрэлтүүлэх учиртай тэр үзэл санаанаас нь эхлэх ёстой гэдгийг ч тэд онцолсон билээ. Сайн ч, муу ч бидний найдах гол зүйл нь Монголын төр, засаг учраас бодлого, шийдвэр нь оновчтой мэргэн байгаасай гэсэн үүднээс хүмүүсийн хэлсэн зарим эшлэлийг хүргэе.